Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Хувсааралын Дашдэчмаа |
Хэргийн индекс | 182/2017/01934/и |
Дугаар | 182/ШШ2017/02140 |
Огноо | 2017-11-09 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 11 сарын 09 өдөр
Дугаар 182/ШШ2017/02140
2017 оны 11 сарын 09 өдөр | Дугаар 182/ШШ2017/02140 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.С /РД:/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч:, “Т.Б” ХХК /РД:/-д холбогдох
Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Шаравнямбуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батгэрэл, Э.Жавхлан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Огторгуй нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.С шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч Б.С шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Шаравнямбуу шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “....Б.С нь 2012 оны 5 дугаар сарын 11-ний өдрөөс Т.Бинд Барс тооцооны төвийн захирлаар ажиллаж эхэлсэн.
Хөдөлмөрийн гэрээг шаардлагатай үед нь шинэчлэн байгуулж ажил үүргээ ямар нэгэн дутагдалгүй хариуцсан салбарын улирал бүрийн санхүүгийн зорилтот төлөвлөгөөг тогтмол ханган биелүүлж, сайн ажиллаж байсан.
2017 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн Т.Бны гүйцэтгэх захирлын гарын үсэг, тамгатай ажлаас чөлөөлж томилох тухай тушаалыг гаргасан. Дээрх ажлаас чөлөөлж, томилох тухай тушаал нь ажилтны бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэсэн гэдэг.
Гэтэл ажилтны ажил олгогчид ижил албан тушаалд цалин бууруулахгүйгээр шилжүүлж өгнө үү гэсэн асуудлыг мушгин гуйвуулж түр орон тооны албан тушаалд цалингийн шатлал бууруулж, эцсийн зорилго нь ажлаас үндэслэлгүйгээр халж буй нь үүгээр харагдаж байна.
Салбарын захирлаар ажилладаг байсан хүнийг хэлтсийн харилцааны менежерийн орон тоон дээр түр буюу хүүхдээ асрах чөлөөтэй байгаа хүний оронд ажил албан тушаал бууруулан томилсонд гомдолтой байна.
Иймд урьд эрхэлж байсан ажил буюу Барс тооцооны төвийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгаж, ажилгүй байсан хугацааны цалин 4,683,690 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү...” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч Б.С нь Т.Бны Барс тооцооны төвийн захирлаар ажиллаж байгаад 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Т.Бны гүйцэтгэх захиралд өргөдөл гаргасан байдаг.
Нэхэмжлэгч Б.С нь гар өргөдөлдөө “Бүрэнбаатарын Саша миний бие төв банкны газар, хэлтэст мэргэжилтнээр ажиллах саналтай байгааг минь хүлээн авч, цалинг хэвээр нь баталж өгнө үү” гэсний дагуу Т.Бны гүйцэтгэх захирал Б.Цэндсүрэн 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдөр Б/840 дугаар тушаал гарган Б.Сг Барс тооцооны төвийн захирлын үүрэгт ажлаас нь чөлөөлж байгууллагын банкны газрын харилцааны менежерээр томилж, үндсэн цалинг нь буюу 1,750,000 төгрөгийг олгохоор болсон. Энэ нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдоно.
Т.Бны гүйцэтгэх захирлын 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдөр Б/840 дугаар тушаал гарсантай холбогдуулан мөн өдөр Барс тооцооны төвийн захирлаар ажиллаж байсан Б.Сгийн ажлыг хүлээж авсан бөгөөд ажил хүлээлцэхдээ нэхэмжлэгч ямар нэгэн татгалзал гаргалгүй ажил хүлээлцсэн актад гарын үсэг зуран ажлаа хүлээлгэн өгсөн байдаг.
Мөн нэхэмжлэгч Б.С гар өргөдөлдөө их хэмжээний зээлтэй тул цалинг хэвээр баталж өгнө үү гэсний дагуу Т.Бны гүйцэтгэх захирал байгууллагын банкны газрын харилцааны хэлтсийн харилцааны менежерээр томилохдоо түүний урьд нь авч байсан сарын үндсэн цалинг хэвээр нь баталсан.
Банкны зүгээс нэхэмжлэгч Б.Сгийн эрх зүйн байдлыг дордуулсан зүйлгүй бөгөөд нэхэмжлэгчийн өөрийнх нь бичгээр гаргасан өргөдөл, хүсэлтийн дагуу ажил олгогч ажилтныг ажлаас чөлөөлж, томилсон.
Тухайн үед Б.Сд банкны төв салбар ажиллах ажлын байр байхгүй байсан болохоор гүйцэтгэх захиралтай ярилцаж тохироод хүүхэд асрах чөлөөлтэй байгаа хүний оронд түр томилсон тушаал гарсан байдаг бөгөөд өөрийнх нь хүсч байгаа ажлын байр гарахаар жинхэлэн томилохоор амаар ярьсан зүйл байдаг юм билээ.
Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд Б.Сгийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.С нь “Баянгол дүүрэг” салбарын харьяа Барс тооцооны төвийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хүссэн нэхэмжлэлийг хариуцагч “Т.Б” ХХК-д холбогдуулан гаргажээ.
Хариуцагч нь Б.Сгийн өөрийнх нь гаргасан ажлаас чөлөөлөгдөж, өөр ажилд томилогдох хүсэлтийг үндэслэн “Баянгол дүүрэг” салбарын харьяа “Барс тооцоо”-ны төвийн захирлын ажлаас чөлөөлөгдөж, Төв банкны хэлтэс газарт мэргэжилтнээр хүсэлтээ гаргасаны дагуу банкны зүгээс түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Ажлаас үндэслэлгүй халагдсан тухай гомдлоо нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацааны дотор гаргасан тул шүүх гомдлыг үндэслэлтэй эсэхийг хянан хэлэлцэв.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч Б.С нь “Т.Б” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2013 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн Б385/0899 дугаартай тушаалаар Барс тооцооны төвийн захирлын албан тушаалд томилогдож, 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдөр 1169 дугаартай хөдөлмөрийн гэрээ байгуулж талуудын хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн болох нь Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, хөдөлмөрийн гэрээ, зохигч талуудын тайлбараар тогтоогдож байна. /хх-ийн 4-7, 13 х/
“Т.Б” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн Б/840 дугаар тушаалаар Б.Сг Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 37 дугаар зүйлийн 37.1.1, Хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.16.1, Хүний нөөцийн хорооны 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 39/01 дүгээр хурлын шийдвэрээр ажилтаны бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн түүнтэй байгуулсан “Баянгол дүүрэг” салбарын харьяа Барс тооцооны төвийн захирлын үүрэгт ажлаас чөлөөлөн, Байгууллагын банкны газрын Харилцааны хэлтсийн харилцааны менежерээр томилжээ.
Харин Хөдөлмөрийн гэрээг цуцлах санаачилгыг ажилтан, эсхүл ажил олгогч гаргаснаар гэрээ цуцлагдах журмыг Хөдөлмөрийн тухай хуулийн 38, 39, 40 дүгээр зүйлээр зохицуулсан байдаг бөгөөд ажилтан санаачилсан гэх үндэслэлд ажилтны өөрийн хүсэл зоригийн дагуу сайн дурын үндсэн дээр гаргасан өргөдөл, хүсэлт хамаардаг байна.
Сайн дурын үндсэн дээр гаргасан өргөдөл, хүсэлт гэдэгт хөдөлмөрийн гэрээ цуцлах саналыг анхлан гаргаж байгаа ажилтны өөрөөс шалтгаалсан нөхцөл байдалд тулгуурлан гаргасан түүний хүсэл зоригийн илэрхийллээс гадна ажил олгогч, ажилтан нарын хооронд хөдөлмөрийн гэрээг цуцлахтай холбоотой үүссэн тухайн нөхцөл байдалд тохируулан гаргасан хүсэл зориг мөн энд хамаарах үндэслэлтэй.
Манай тохиолдолд нэхэмжлэгч нь Т.Бны гүйцэтгэх захиралд “Бүрнээбаатарын Саша миний бие үүссэн нөхцөл байдлын улмаас Төв банкны хэлтэс газарт мэргэжилтнээр ажиллах саналтай байгааг минь хүлээн авч шийдвэрлэж өгнө үү. Эхнэр тодорхой ажилгүй их хэмжээний зээлтэй тул цалинг хэвээр нь байглгаж өгнө үү. Би өмнө нь Орон нутгийн тооцооны төв хариуцаж ажиллаж байсан туршлагатай тул Орон нутгийн банкны газарт ажиллахад чадна гэж бодож байна” гэсэн өргөдлийг гаргасан байх ба дээрх хүсэлтийг үндэслэн ажил олгогч нь 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, шинээр Байгууллагын банкны газрын Харилцааны хэлтсийн харилцааны менежерээр цалинг нь 1,750,000 төгрөгөөр олгох /хх-ийн 44 х/-оор хөдөлмөрийн гэрээг шинчлэн байгуулахаар тохиролцсон байх тул шүүх талуудын хооронд ажилтны санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах замаар хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгож, шинээр хөдөлмөрийн харилцаата холбоотой хэлцэл хийгдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал хүлээн авснаар хүчин төгөлдөр болох тул талууд ийнхүү тохиролцсоноор Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар хэлцэл хүчин төгөлдөр болжээ.
Хөдөлмөрийн харилцааны явцад ажил олгогч, ажилтан нарын хооронд хийгдсэн хөдөлмөрийн гэрээ, үүнээс бусад төрлийн гэрээ, хэлцэлд Иргэний хуулийн ерөнхий үндэслэл хэрэглэгддэг /ИХ-ийн 369.3/ тул хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгохтой холбоотой зохигч талуудын хооронд хийгдсэн хэлцлийг мөн хуулийн зохицуулалтад нийцүүлэн шийдвэрлэх нь зүйтэй.
Зохигч талууд ийнхүү хэн аль нь хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлсний хойно нэхэмжлэгч хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон үндэслэлийг хуульд нийцээгүй гэж маргаж, хэлцлээр тохирсноос өөр үндэслэлээр буюу Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалтаар хөдөлмөрийн гэрээг үргэлжлүүлэхээр шаардаж байгаа нь үндэслэлгүй байна.
Тодруулбал, зохигч талуудын хооронд ажилтны санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах замаар хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох зорилгоор хийсэн хэлцлээр хүлээсэн үүргээ хариуцагч биелүүлснээр Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-д заасны дагуу үүрэг дуусгавар болсон тул нэхэмжлэгч хэлцлээр хүлээсэн үүргээ мөн хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д зааснаар шударгаар гүйцэтгэх үүрэгтэйн хувьд одоо хөдөлмөрийн гэрээг үргэлжлүүлэхийг шаардах эрхгүй гэж үзнэ.
Ажил олгогч “Т.Б” ХХК нь зохигч талуудын хооронд байгуулагдсан хүсэл зоригийн илэрхийлэл болсон хэлцлийн үндсэн дээр Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 37 дугаар зүйлийн 37.1.1-д заасан үндэслэлээр ажилтан Б.Сг ажлаас чөлөөлж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, шинээр Байгууллагын банкны газрын Харилцааны хэлтсийн харилцааны менежерээр хөдөлиөрийн гэрээ байгуулахаар заасан нь мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.8-д заасанд нийцсэн байх тул шүүх нэхэмжлэгчийн ажлаас үндэслэлгүй халагдсан гэх шаардлагыг үндэслэлгүй байна гэж дүгнэв.
Иймд “Т.Б” ХХК-ийн “Баянгол дүүрэг” салбарын харьяа Барс тооцооны төвийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай Б.Сгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д “…гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэлийг тэмдэгтийн хураамжаас чөлөөлнө” гэж зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т зааснаар Б.Сгийн улсын тэмдэгтийн хураамжид 2017.09.22-ны өдөр төлсөн 102,700 төгрөгийг буцаан олгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйл, 160 дугаар зүйлийн 160.1.2-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар “Т.Б” ХХК-д холбогдох Баянгол дүүрэг” салбарын харьяа Барс тооцооны төвийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хүссэн Б.Сгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.С нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т зааснаар Б.Сгийн улсын тэмдэгтийн хураамжид 2017.09.22-ны өдөр төлсөн 102,700 төгрөгийг буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гарган аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Х.ДАШДЭЧМАА