Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 2018/ШЦТ/1670

 

2018.12.10

 

 

 

 

 

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга А.Уламбаяр,                           

улсын яллагч Ч.Алтансүх,

Хохирогч Э.Б

шүүгдэгч Д.Б түүний өмгөөлөгч Д.Тамир нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Хотгойд овогт Д.Бд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806028351817 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Хотгойд овогт Д.Б, 1976 оны 3 дугаар сарын 6-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 1, ганцаараа Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, ********** тоотод оршин суудаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд нь Баянзүрх дүүргийн шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 554 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих, 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар нийт 2 жилийн хорих ял оногдуулж, оногдуулсан 2 жилийн хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзаж шийдвэрлэсэн, хэрэг хариуцах чадвартай гэх,/регистрийн дугаар-**********/

 

Шүүгдэгч Д.Б нь согтуугаар 2018 оны 2 дугаар сарын 2-ны орой 20 цагийн орчим Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 18а байрны 60 тоотод найзтай маргалдлаа гэсэн шалтгаанаар иргэн Э.Бгийн нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг

Хохирогч Э.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: 2018 оны 2 дугаар сарын 1-ний орой хоол идээд архи уугаад Оргил ахын гэрт нь хоносон. Гэр нь Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 8а байрны 60 тоотод байдаг...орой 19 цагийн орчим байх Оргил ахын 3 найз нь ирсэн 1 эмэгтэй, 2 эрэгтэй. Авсан архи дуусаагүй байсан тухайн хүмүүстэй хувааж уусан...Бааска гэх найз нь эхнэрээ алгадаад цохиод өшиглөөд байхаар нь би боль гэж шаардлага тавьсан чинь Бааска нь намайг заамдаад авахаар нь би бас заамдаад авсан. Хамт явж байсан найз нь намайг цохих гэхээр нь би бултаад зөрүүлээд цохиод цааш унагаасан. Нилээн согтуу байсан тэр найз нь. Тэгтэл Оргил ах хажуунаас босч ирээд больцгоо гэж хэлээд миний зүүн эрүүний доод хэсэгт гараараа нэг удаа цохиход дотор буйлнаас цус гараад байсан...маргаашнаас нь эрүү хавдаад юм идэж болохгүй нилээд өвчтэй хөндүүр ам ангайхаа больсон. Өвчин намдахгүй байхаар нь 2018 оны 2 дугаар сарын 7-ны өдөр 1 дүгээр эмнэлгийн эрүү нүүрний тасагт очиж үзүүлэхэд зургаа авахуулаад ир гэхээр нь зургийн авахуулаад үзүүлэхэд миний эрүү зүүн доод 4 дүгээр шүдний орчим нэг хугарч нэг цуурсан байна гэж хэлсэн..." гэх мэдүүлэг /хх-ийн 11-16/

Гэрч Э.Отгонцэцэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: "...Батманлай надад Д.Б ах намайг цохисон гэсэн. Юу болсон гэхэд нэг ах хамт явж байсан эгчийг цохиход нь Батманлай өмөөрөөд тэгээд Д.Б ах найзыгаа өмөөрөөд цохисон гэсэн. Би Д.Б ахад та яагаад цохиж байгаа юм гэхэд ах нь сүртэй цохиогүй гэхэд Батманлай гайгүй гээд байсан...Батманлай орцонд шүлсээ хаятал цустай шүлс гарч байсан...Шөнөжин Батманлай ёолоод би хүйтэн жин тавьж хоносон. Өглөө нь зүүн хацар нь хавдчихсан байсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/

Гэрч С.Азжаргал мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: "...Д.Б ах пиво ууж байснаа босч ирээд больцгоо манай гэрт битгий хэрүүл шуугиан тариад бай гэж хэлээд Батманлайг нэг удаа алгадаад авахаар нь би найз хүүхэн Отгоотой гарсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 4285 дугаартай дүгнэлт

     1.Э.Бгийн биед доод эрүүний зүүн хэсгийн далд хугарал 34-р шүдний булгарал гэмтэл тогтоогдлоо.

     2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

     3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

     4.Цаашид энгийн хөдөлмөр чадвар алдалтанд тогтонги 5% нөлөөлнө /хх-27/, Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-38/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-39/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-40-42/  зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалсан болно.

 

Шүүгдэгч Д.Б нь согтуугаар 2018 оны 2 дугаар сарын 2-ны орой 20 цагийн орчим Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 18а байрны 60 тоотод найзтай маргалдлаа гэсэн шалтгаанаар иргэн Э.Бгийн нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Д.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Д.Быг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Хохирогч Э.Б нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хүндэвтэр гэмтлийг эмчлүүлэхэд гарсан зардал, гэм хорын хохиролд нийт 5.300.000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилсэн боловч хавтаст хэрэг ямар нэгэн хохирлын баримт ирүүлээгүй байна. Шүүгдэгч Д.Б нь өөрийн сайн дураар эмчилгээний зардалд нийт 1.800.000 төгрөгийг нөхөн төлсөн нь хохирогчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр нотлогдлоо.

Харин хохирогч Э.Б нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хүндэвтэр гэмтлийг эмчлүүлэхэд гарсан зардал, гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар гэм буруутай этгээдээс Иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдав.

 

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын  шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг  үйлдсэн нөхцөл  байдал, учруулсан хор уршиг, шүүгдэгчийн  хувийн  байдал  зэргийг тус тус харгалзан түүнд торгох ял оногдуулж, торгох ялын нэг нэгжийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хотгойд овогт Д.Быг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар Д.Быг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 1.800.000 төгрөг нөхөн төлсөн болохыг тус тус дурьдсугай.

4. Хохирогч Э.Б нь гэмт хэргийн улмаас учирсан гэмтлийг эмчлүүлэхэд гаргасан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн гэм буруутай этгээдээс иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Д.Бд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Т.ШИНЭБАЯР