Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 182/ШШ2017/01693

 

 

 

 

 

 

2017 оны 09 сарын 08 өдөр

      Дугаар 182/ШШ2017/01693

                  Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Л.Г /РД:/-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: К.М.К ХХК /РД: -д холбогдох

 

Ажиллаж байсан хугацааны цалин хөлс болон ээлжийн амралтын олговорт 7,765,909.05 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билгүүн, түүний өмгөөлөгч Ш.Отгонбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Дүүрэнбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Огторгуй нар оролцов.          

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Л.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билгүүн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч нь “К.М.К” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 05/2014 тоот тушаалаар тус компанийн санхүүгийн шинжээчийн албан тушаалд томилогдсон бөгөөд мөн оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 01/2014 тоот хувь нийлүүлэгчдийн хурлын тогтоолоор “К.М.К” ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалд томилогдон ажиллах болсон ба 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр “Компанийн удирдлага, менежментийн гэрээ”-г хариуцагч талтай 3 жилийн хугацаатай байгуулсан.

“К.М.К” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 94 дүгээр тогтоолоор нэхэмжлэгч нь тус компанийн гүйцэтгэх захирлын албан тушаалаас чөлөөлөгдсөн.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2 дугаар зүйлийн 2.2-т Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу гүйцэтгэх захиралд жилийн ээлжийн амралт, амралтын цаг, бусад нөхцлийг эдлүүлнэ гэж заасан.

Нэхэмжлэгч нь “Компанийн удирдлага, менежментийн гэрээ”-ээр харилцан тохиролцсон нөхцлийн дагуу Хөдөлмөрийн тухай хуульд заасан ээлжийн амралтаа биеэр эдлэж чадаагүй тул нөхөн олговор олгохыг хүсэж удаа дараа Бишрэлт холдинг ХХК-ийн группийн удирдах зөвлөлийн даргад хүсэлт гаргасан боловч оны дараа болох, төсөв хөрөнгө байхгүй гэх шалтгаанаар 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хүртэлх хугацааны ээлжийн амралтын олговрыг олгоогүй байдаг.

Нэхэмжлэгч нь К.М.К ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалыг 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хүртэл эрхэлсэн боловч тус компанийн хувьцаа эзэмшигчид болон хариуцагч нь 2016 оны 01 дүгээр сараас хойш 8 дугаар сарын 22-ны өдөр хүртэлх хугацааны хөдөлмөрийн хөлс 6,800,000 төгрөг, мөн 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хүртэлх хугацааны ээлжийн амралтын олговор 965,909.05 төгрөг нийт 7,765,909.05 төгрөгийг олгоогүй тул хариуцагчаас гаргуулж өгнө үү” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Дүүрэнбилэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...”К.М.К” ХХК нь Санхүүгийн зохицуулах хорооны 2011 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн №118 тоот тогтоолоор Үнэт цаасны зах зээлд брокер, дилер, андррайтерийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.

Л.Г нь К.М.К ХХК-д 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн тус компанийн гүйцэтгэх захирлын 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн №05/2014 тоот тушаалаар санхүүгийн шинжээчийн албан тушаалд томилогдон ажилласан байдаг.

Ажиллаж байх хугацаандаа идэвхи зүтгэл гарган ажилласан тул компанийн хувь нийлүүлэгчдийн хурлын 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 01/2014 тоот тогтоолоор санхүүгийн шинжээчээр ажиллаж байсан Л.Гг тухайн өдрөөс эхлэн “К.М.К” ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэгт ажилд томилсон байдаг.

Үүнээс хойш ажиллах хугацаанд нь “К.М.К” ХХК-д Бишрэлт группийн Дотоод Аудитын газраас шалгалт хийсэн бөгөөд шалгалтаар буюу 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн “К.М.К” ХХК-д хийсэн шалгалтын акт танилцуулгаар зөрчил дутагдалтай ажилласан байдаг ба үүнийгээ гүйцэтгэх захирал Л.Г нь өөрөө хүлээн зөвшөөрдөг бөгөөд хувьдаа завшсан 500,000 төгрөгийг компанид тушаан хохиролгүй болгосон.

Шалгалтын акт болон гүйцэтгэх захирал Л.Ггийн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрсөн байдал зэргээс үндэслэн “К.М.К” ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн хурлын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01/2016 тоот тогтоолоор нэхэмжлэгчийг гүйцэтгэх захирлын үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.

Гэтэл нэхэмжлэгч Л.Г нь 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдчихөөд 2016 оны 8 дугаар cap хүртэл ажилласан, ажилласан хугацааны хөдөлмөрийн хөлс, ээлжийн амралтын олговор зэргийг нэхэмжилж байгаа нь хууль ёсонд нийцэхгүй асуудал юм.

Иймд иргэн Л.Ггийн К.М.К ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Л.Г нь хариуцагч “К.М.К” ХХК холбогдуулан 2016 оны 01 дүгээр сараас 8 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл ажилласан хугацааны цалин, хөлс болох 6,800,000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх хугацааны ээлжийн амралтын олговорт 965,909.05 төгрөг, нийт 7,765,909.05 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан.

 

Хариуцагч нь Хөдөлмөрийн эрх зүйн маргааны хувьд хөөн хэлэлцэх хугацаа дууссан учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Нэг: 2016 оны 01 дүгээр сараас 8 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх хугацааны цалин, хөлс болох 6,800,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд

 

Нэхэмжлэгч Л.Г нь 2014 оны 12 дугаар сарын 09-нд “К.М.К” ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн хурлын 01/2014 тоот тогтоолоор “К.М.К” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдож, 2015 оны 01 дүгээр сарын 15-нд группийн удирдах зөвлөлийн дарга Х.Ариунболдтой “Компанийн удирдлага, менежментийн гэрээ”-г 3 жилийн хугацаатай /хх-ийн 5-7, 8 х/ байгуулжээ.

 

Талуудын хооронд байгуулсан гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-д Гүйцэтгэх захиралд олгох сарын хөдөлмөрийн хөлсний хэмжээ 1,500,000 төгрөг байна. Гар утасны лимит 50,000 төгрөг байна. ...бизнес төлөвлөгөөний биелэлт, санхүүгийн үр дүн, үйл ажиллагааны хэрэгжилтийг харгалзан жилийн тайланг хэлэлцсэний дараа тухайн жилийн сангууд байгуулагдсаны дараах цэвэр ашгийн 3 хүртэл хувийг урамшуулал болгон олгоно гэж тохиролцсон байх боловч Л.Г нь К.М.К ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалд гэрээнд заасны дагуу сарын 1,500,000 төгрөгийн бус 850,000 төгрөгийн цалин авч ажиллаж байсан талаар зохигч хэн аль нь маргаагүй болно.

 

2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр К.М.К ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 01/2016 тоот тогтоолоор гэрээг дуусгавар болгож, К.М.К ХХК-ийн гүйцэтгэх захирлаас чөлөөлөгдсөн гэж хариуцагч маргасан боловч тус компанийн Хувьцаа эзэмшигчдийн 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 02 дугаартай Өөрчлөлт бүртгүүлэх тухай тогтоолын 4 дэх заалтаар Лхагвасүрэнгийн Гантуяаг гүйцэтгэх захирлаас чөлөөлж, 5 дахь заалтаараа Магсаржавын Мэргэнбаатарыг гүйцэтгэх захирлаар томилж өөрчлөлтийг бүртгүүлжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.5, 25 дугаар зүйлийн 25.2.2, 107 дугаар зүйлийн 107.2, 107.3-т тус тус зааснаар зохигч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийн үйл баримт, гэм буруу болон шаардлага ба татгалзлаа нотлох үүрэгтэй болохыг тодорхойлсон байдаг ба хариуцагч нь нэхэмжлэгчийг 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс ажлаас чөлөөлөгдсөн талаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй болно.

 

Хэрэгт авагдсан Санхүүгийн зохицуулах хорооны Ажлын албаны 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 3/2070 тоот албан бичгийн хавсралт болох 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 02 дугаартай Өөрчлөлт бүргүүлэх тухай тогтоол, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв-ийн 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 01/1747 тоот албан бичиг түүний хавсралт болох “Бишрэлт холдинг” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 94 дугаартай “Өөрчлөлт бүртгүүлэх тухай” тогтоол, “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 1/455 тоот албан бичиг, “К.М.К” ХХК-ийн 2016 оны 4 дүгээр сарын 13 болон 16-ны өдрийн “Дилерийн даалгавар”, Хас банкны 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 44/406 дугаартай албан бичиг болон түүний хавсралт болох 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн “Үнэт цаасны арилжааны төлбөр хүлээн авах” хүсэлт, “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв”-ийн 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 01/1860 дугаартай албан бичгийн хавсралт болох 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 77-100099/787577/ дугаартай, 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 790181, 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 793003, 2016 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 866449, 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 841861 дугаартай “Иргэн төвлөрсөн хадгаламжинд данс нээлгэх гэрээ”-нүүд, Капитал банкны 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 1/2773 дугаартай албан бичгийн хавсралт болох №201606136008083867-0 дугаартай “Кассын орлогын баримт” зэрэг нотлох баримтаар нэхэмжлэгч Л.Г нь 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл “К.М.К” ХХК-д гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан болох нь тогтоогдлоо.

 

Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д "Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ" гэж заасан учраас нэхэмжлэгч Л.Г нь хариуцагчаас ажилласан хугацааныхаа буюу 2016 оны 01 дүгээр сараас 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх хөлсийг нэхэмжлэх эрхтэй байна.

 

            2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр талуудын хооронд байгуулагдсан “Компанийн удирдлага, менежментийн гэрээ” нь Хөлсөөр ажиллах гэрээ буюу Иргэний эрх зүйн харилцаа байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж маргасан үндэслэл энэ нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй болно.

 

Иймд 2016 оны 01 дүгээр сарын 01-нээс 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл 156 хоногийн цалин хөлсөнд нийт 6,027,248 /850,000 : 22 хоног = 38,636 төгрөг/ төгрөгийг хариуцагч “К.М.К” ХХК-иас гаргуулж, нэхэмжлэгч Л.Гд олгож дээрх шаардлагаас 772,752 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хоёр: Ээлжийн амралтын олговор 965,909.05 төгрөг гаргуулах шаардлагын тухайд

 

Талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Компанийн удирдлага, менежментийн гэрээ-ний 2 дугаар зүйлийн 2.2-т “Монгол улсын Хөдөлмөрийн хуулийн дагуу гүйцэтгэх захиралд жилийн ээлжийн амралт, амралтын цаг, бусад нөхцлийг эдлүүлнэ” гэж тохиролцсон байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д “Ажилтанд жил бүр ээлжийн амралт олгож биеэр эдлүүлнэ. Ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй ажилтанд мөнгөн урамшуулал олгож болно...” гэж заасан.

Нэхэмжлэгч Л.Г нь 2015 оны 01 дүгээр сарын 15-наас хойш 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд ээлжийн амралтаа эдлээгүй болох нь “К.М.К” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргын 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 45/2015 тоот шийдвэр, нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдсон.

 

Хариуцагч нь ээлжийн амралтын олговорт 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн “Капитал маркет корпораци” ҮЦК ХХК-д хийсэн шалгалтын актаар тогтоогдсон 500,000 төгрөгийн төлбөрт суутгаж тооцсон гэж тайлбарласан боловч хэрэгт авагдсан Капитал банкны 201707056206067883-0 дугаартай “Кассын орлогын баримт”-аар Л.Г нь 500,000 төгрөгийн төлбөрийг 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр төлсөн /хх-ийн 83 х/ байх тул хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна.

 

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д “Үүрэг гүйцэтгүүлэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй” гэж заасан,

 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Л.Г нь 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл бүтэн 1 жил 7 сарын хугацаанд “К.М.К” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилласан бөгөөд 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс ээлжийн амралт авах эрх нь үүсч энэхүү хугацааны ээлжийн амралтын олговрыг нэхэмжлэх эрхтэй байх тул 2015 оны 01 дүгээр сарын 15-наас 2016 оны 01 дүгээр сарын 15-ныг хүртэлх хугацааны ээлжийн амралтын 15 хоногийн  олговорт 579,540 /15 хоног х 38,636 төгрөг =579,450/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож нэхэмжлэлийн энэхүү шаардлагаас 386,369 төгрөгийг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.

 

Иймд хариуцагч “К.М.К” ХХК-иас ажилласан хугацааны хөлс болон ээлжийн амралтын олговорт нийт 6,606,780 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Гд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,159,121 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийн 118.5-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д тус тус зааснаар хариуцагч “К.М.К” ХХК-иас ажилласан хугацааны хөлс болон ээлжийн амралтын олговорт нийт 6,606,780 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Гд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,159,121 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар хариуцагч “К.М.К” ХХК-иас 120,658 төгрөгийг гаргуулж Л.Гд олгож, нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 139,210 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дугаар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шийдвэрийг гүйцэтгэх албанд даалгасугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гарган аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

            5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ                                             Х.ДАШДЭЧМАА