Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 221/МА2014/0021

 

2014 оны 01 сарын 03 өдөр                    Дугаар 21                                      Улаанбаатар хот

 

 

 

“У” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны

хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Б.Мөнхтуяа, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Урангуа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, хариуцагч Н.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д нарыг оролцуулан хийж, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 368 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор “У” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Н.О, Ч.Э нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:“Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2010 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 251356 тоот акт, түүний хавсралт нэмэгдсэн өртгийн албан татварын баталгаажуулалтын актыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа "... Бид тухайн үед мөрдөгдөж байсан Монгол Улсын татварын ерөнхий хуулийн 10 дугаар зүйлийн 1 дүгээр заалт , Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн /шинэчлэн найруулсан/ холбогдох заалтуудыг тус тус үндэслэн 417961.6 мянган төгрөгийн зөрчилд 66538.1 мянган төгрөгийн төлбөр ногдуулсан.

Татварын өршөөл үзүүлэх тухай хуульд “У” ХХК нь хамрагдахгүй гэж үзэж байна. Тус хуульд татварын албаны баталгаажуулсан өрийн үлдэгдлээс төлөгдөөгүй байгаа өрийг хамруулахаар заасан байдаг" гэжээ.

Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 368 дугаар шийдвэрээр: “Татварын ерөнхий хуулийн /1992 оны/13 дугаар зүйлийн 1.3, Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн 17.2, Татварын өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д заасныг баримтлан “Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн улсын байцаагчийн 2010 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 251356 дугаар актыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэгч “У” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д давж заалдах гомдолдоо: "2007, 2008 онд хамаарах зөрчлийн тухайд: 1. Шүүх “татварын улсын байцаагч нар тус компанийг хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан зөрчил гаргасан гэж акт гаргаагүй байх тул 2007 оны төлбөрийг хүчингүй болгох үндэслэлгүй” гэжээ.

Татварын улсын байцаагч нар 251356 дугаар акт тогтоож, татварын хуулийн тодорхой, заалтуудыг зөрчсөн гэж тус компанид нөхөн төлбөр, хүү, торгууль, алданги тогтоож байгааг захиргааны шийтгэл гэж шүүх үзэхгүй байгааг хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэхгүй /хууль буруу хэрэглэж/ байна гэж үзэж байна.

Бид нэхэмжлэлдээ татварын хууль тогтоомжийн зөрчил гарснаас хойш хөөн хэлэлцэх хугацаа дууссан /368 дугаар шийдвэрийн 5 дугаар хуудас/ гэдгийг дурдаж байсан. Мөн 2007 оны зөрчлийн тухайд Татварын өршөөл үзүүлэх тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн татварын улсын байцаагчийн актын холбогдох хэсгийг хүчингүй болгох хүсэлт тавьсан.

Түүнчлэн 2007 оны зөрчлийг өршөөлийн хуульд хамруулж, хүчингүй болгосон буюу хүчингүй болгох үндэслэлтэй байхад шийдвэрлээгүй гэж үзэж хэргийг анхан шатанд буцааж байсан Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн 2011 оны 235, мөн шүүхийн 2011 оны 179, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 0124, мөн шүүхийн мөн оны 0233 дугаар тогтоолуудыг https://www.shuukh.mn/ цахим сан буюу интернэтээс татаж шүүхэд танилцуулсан билээ.

Сүхбаатар дүүргийн татварын улсын байцаагчийн 2010 оны 251356 дугаар актаар тогтоосон 2007 оны нөхөн төлбөр, хүү, торгууль, алданги нийт 8,141.4 мянган төгрөг, 2008 оны нөхөн төлбөр, хүү, торгууль, алданги нийт 26,098.9 мянган төгрөг, бүгд нийлээд 34,240.3 мянган төгрөгийг Татварын ерөнхий хуулийн 11.1-д: “татвар нөхөн ногдуулах, алданги, торгууль ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байна” гэж заасан үндэслэлээр хүчингүй болгох үндэслэлтэй байна.

Компанийн захирал гэнэт нас барсны улмаас энэ асуудлыг шийдвэрлүүлэхээр хуульд заасан эрхийн дагуу шууд удирддаг дарга, шүүх, маргаан таслах зөвлөл, захиргааны хэргийн шүүх гээд 3 дахь жилдээ хөөцөлдөж байна. Энэ хооронд хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. /Сүхбаатар дүүргийн татварын улсын байцаагчийн 2010 оны 251356 дугаар акт, анх нэхэмжлэлд хавсаргасан тооцоолол бүхий хүснэгтийг үзнэ үү.

  1.  зөрчил болон актын бүх хэсэгт хамаарах асуудлын тухайд:
  1. Шүүх шийдвэртээ цахим сангаас авч шүүхэд өгсөн тогтоолуудын талаар бичихдээ:"... тогтоолууд нь Шүүхийн тухай хуулийг дагаж мөрдөхөөс өмнө гарсан, хуулийг тайлбарлаагүй, албан ёсоор нийтлэгдээгүй тул албан ёсны тайлбар гэж үзэхээргүй байна” гэсэн байна.

Нэгдүгээрт, Шүүхийн тогтоол шийдвэрүүдийг интернэтэд тавьснаар хүн бүр үзэх боломжтой болж байгаа нь эрх зүйн мэдлэг, мэдээлэл, шударга ёсыг сурталчлахад чухал алхам болсон. Шүүхийн шийдвэр нэгэнт ийнхүү цахим хэлбэрээр хүн бүрийн хүртээл болж байгааг “албан ёсоор нийтлэгдээгүй” гэж үзэх боломжгүй гэж үзэж байна.

Хоёрдугаарт, бидний шүүхэд өгсөн тогтоолууд дээр шүүх хуулийн албан ёсны тайлбар гаргасан гэж үзэхгүй байж болно. Гэхдээ ямар нөхцөл байдлыг хэрхэн үнэлж, ямар шийдвэр гаргадаг вэ гэдэг асуултын хариулт буюу хуульчдын хэлдгээр шүүхийн жишиг-прецедент байдлаар хуульчид, шүүгчид, судлаачид, иргэд ашиглах боломж олгож байгаа тул зөв ажил гэж ойлгож байна. Ийнхүү нийтийн хүртээл болгож буйн зорилго ч тийм болох нь гарцаагүй. Нэгэнт албан ёсны тайлбар гэж үзэхгүй байгаа бол шүүхийн уг тогтоолууд Шүүхийн тухай хууль хүчин төгөлдөр болохоос өмнө буюу хойно гарсан гэдэг нь онц ач холбогдолгүй.

Харин миний үйлчлүүлэгч “У” ХХК-тай яг ижил зөрчил гаргасан өндөр ашигтай, томоохон, уул уурхайн компанийн өрийг 23 тэрбум төгрөгөөр бууруулж өрөөс чөлөөлөөд харин ажил хийж хүүгээ тэжээж байгаа ядмагхан иргэн хуульд заасан хүндэтгэх шалтгаанаа нотлоод хүсэлт тавьж байхад шүүх зайлшгүй харгалзан үзэх ёстой гэж үзэж байна. /09 дүгээр сарын 16-ны шүүх хуралдаан дээр миний өгсөн тайлбарын “Б”-ийн 2, 3-т заасан болон Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 128 дугаар тогтоолын 20 дугаар хуудсыг хариуцагчийн 09 дүгээр сарын 02-ны өдөр шүүхэд бичгээр өгсөн тайлбар, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 368 дугаар шийдвэрийн 4 дүгээр хуудсыг харьцуулан үзнэ үү. Зөрчил нь яг ижил байгаа.

Гуравдугаарт, Шүүх шийдвэртээ: “татварын улсын байцаагчийн актыг зөвхөн “эргэлзээтэй” гэж хүчингүй болгох үндэслэлгүй” гэжээ.

Гэр хийж зардаг бизнесийн хувьд түүхий эд буюу гэрийн модоо хагас боловсруулсан байдлаар хөдөөгийн иргэдээс авдаг байсныг эхний шүүх хурал дээр улсын байцаагч биднээс ч илүү сайн мэдэж, тайлбарласан. Хувь хүмүүс нь Нэмэгдсэн өртгийн албан татварын падан өгдөггүй, татвараа төлдөггүй, ямар ч падан баримт бичиж өгдөггүй зэргээс зардлууд нь бүрэн тусч чаддаггүй, үнэндээ ашиг олоход төвөгтэй байдаг гэж гэрийн бизнес хийдэг хүмүүс ярьдаг.

С.С-гийн хувьд тухайн үед гадаадад байсан бөгөөд тус компани хэнтэй гэрээ хийж, хэнээс юу авч байсан, зардал нь хэд болох, хэнээс ямар зардал хэзээ гарсан зэргийг мэдэхгүй, тайлбарлах боломжгүй байгаа. Татварын улсын байцаагчийн акт “эргэлзээтэй” гэдгийг бид хэлээд байгаа юм биш. Маргаан таслах зөвлөл дээр мэргэжлийн шинжээч нар нь тийм дүгнэлт хийсэн байгаа. Шүүх дээр асуудал эргэлзээтэй бол сул талынх нь ашиг сонирхлын тулд шийдвэр гаргадаг нь эрх зүйт төрийн нэг зарчим. Энэ тохиолдолд нэг талд нь Монгол Улсын төр буюу татварын алба нөгөө талд нь хүүгээ тэжээх гээд ажил хийж байгаа иргэн байна.

Дөрөвдүгээрт, Шүүх шийдвэртээ “Д.С актад гарын үсэг зурсан” гэдгийг дурдсан байна. Гарын үсэг зурсан хүн нь нас барсан, үлдсэн хүмүүс нь ийм өр төлбөр тавигдсан тухай хожим татварын албанаас утасдахад мэдсэн, бизнесийг нь үргэлжлүүлж чадахгүй байгаа, аль болох нэмж өр тавихгүйг хичээж байгаа, актаар гарсан өрийг төлөх чадваргүй байгаа учраа шүүхэд хангалттай танилцуулсан байгаа. Актад гарын үсэг зурсан нөхцөл байдлыг судлахад “Англид сурч байгаа охин С.С-г дуудаж ирүүл гэсэн шаардлагыг татварын албанаас удаа дараа талийгаачид тавьж байсан, сүүлд нь охиныг чинь эрэн сурвалжилж албадан ирүүлнэ” гэж шаардсаны дараа актад гарын үсэг зурсан гээд санаа зовнисон байдалтай нэг найздаа ярьсныг ар гэр нь хожим сонссон.

Энэ талаар акт тавьсан байцаагч нараас давж заалдах шатны шүүх асууж болно гэж үзэж байна. Ер нь Д.С-ийн зүрх нь өвддөг байсан, 2010 оны 06 дугаар сард актад /ийм дарамтын дор/ гарын үсэг зурсан, зун нь зүрх нь өвдөж эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн, 12 дугаар сард нь машинтайгаа хөдөө явж байгаад онхолдож элэг бяцарсан гэх оношоор “Ш” эмнэлэгт эмчлүүлж байсан, зүрх нь өвдөж 2011 оны цагаан сарын дараа эмнэлэгт хэвтэж эмчлүүлж эмчийн хяналтад байсан, 2011 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр зүрх нь гэнэт зогссон. Д.С охиноо гадаадад сурч байхад зээ болон эхнэрийнхээ хамт амьдарч байсан, татварын өр төлбөр, актынхаа тухай гэрийнхэндээ огт яриагүй зэрэг нь сэтгэл зүйн хувьд тун хэцүү үедээ нас барсан гэж ойлгогдож байгаа юм. /С-ийн өвчний талаарх баримтууд Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд хөөн хэлэлцэх хугацааг сэргээсэн тухай хэрэг дотор байгаа болно.

Татварын Ерөнхий хуулийн 17.1.2-т зааснаар татвар төлөгч нь татварын хууль тогтоомжид заасан хөнгөлөлт эдлэх, татвараас чөлөөлөгдөх эрхтэй гэж заасан. С.С өөрийгөө болон хүүгээ тэжээхээр монгол гэр үйлдвэрлэж чадахгүй учраас мэргэжлийн ажлаа хийж, улсад татвараа төлсөөр байгаа татвар төлөгч иргэн.

Актаар тогтоосон өр үүсэхэд С.С оролцоогүй. Иймд татвар төлөгчийн гэм буруугийн байдлыг харгалзан үзэж, татвар төлөгчийн эрх ашгийг хүндэтгэх зарчмыг баримтлан дээр дурдсан үндэслэлүүдээр актыг /2006 онд хамаарах хэсгийг маргаан таслах зөвлөл хүчингүй болгосон байгаа/ бүхэлд нь хүчингүй болгож, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 368 дугаар шийдвэрт зохих өөрчлөлт оруулан шийдвэрлэж өгнө үү“ гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэл болон Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3 дахь хэсэгт зааснаар захиргааны хэргийг бүхэлд нь хянан үзэхэд:

Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ч.О, Ч.Э нар “У” ХХК-ийн 2006-2009 оны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, 2010 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 251356 дугаар актаар 417,961.6 мянган төгрөгийн зөрчилд, 43,934.5 мянган төгрөгийн нөхөн татвар, 6,731.2 мянган төгрөгийн хүү, 9,514.5 мянган төгрөгийн торгууль, 6,358.0 мянган төгрөгийн алданги, бүгд 66,538.1 мянган төгрөгийн төлбөр ногдуулсан байна.

Нийслэлийн татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2012 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 09 дүгээр тогтоолоор Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 251356 дугаар актаар тогтоосон төлбөрөөс Татварын өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасны дагуу 2006 оны зөрчилд холбогдох өрийг хүчингүй болгосон бөгөөд нийт 20,331.1 мянган төгрөгийн төлбөрийг багасгасан байна.

  1. Татварын өршөөлд хамрагдах үндэстэй гэх гомдлын хувьд: “У” ХХК-ийн 2007 оны зөрчилд холбогдох төлбөрийг Татварын өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу хүчингүй болгох үндэслэлгүй байна хэмээн анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна. Учир нь 2007 онд хамаарах зөрчил нь Татварын өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан нөхцөл, хугацаанд хамаарахгүй байна.

Улсын Дээд шүүх Татварын өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу зарим компанийн 2007 оны өр төлбөрийг өршөөлийн хуульд хамруулж шийдвэрлэсэн гэх тогтоолууд нь нэхэмжлэгчийн тайлбарлаж буй шиг “татварын өршөөлийн хуулийн тайлбарласан” Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн дагуу тодорхой хэрэг маргааныг хянан шийдвэрлэх замаар гаргасан шийдвэр биш байна.

  1. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх гомдлын тухайд: Нэхэмжлэгч Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул хүчингүй болгох үндэстэй хэмээн маргаж байх боловч мөн хуулийн 11.1-д татвар “ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байх”-аар зохицуулсан бөгөөд тус компанийн 2006-2009 оны үйл ажиллагаанд татварын шалгалт 2010 онд хийгдэж, акт үйлдэгдсэн тул татвар ногдуулах хуулийн хугацаанд акт үйлдэгдсэн байна.

Нөгөөтээгүүр, Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-д зааснаар нэгэнт татвар ногдуулах хугацаанд тогтоогдсон “татварын өрийг төлөхөд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй" байх тул нэхэмжлэгчийн энэ гомдлыг хүлээж авах боломжгүй байна.

  1. Татвар төлөгчийн хүндэтгэн үзэх шалтгаан, гэм буруугийн байдлыг харгалзан үзэх тухай гомдлын хувьд: Сүхбаатар дүүргийн татварын улсын байцаагч нарын 251356 дугаар актын талаар тухайн үед гадаадад сурч байсан С.С мэдээгүй байх бөгөөд татварын шалгалт хийгдэх хугацаанд компанийг удирдаж, бүхий л шийдвэрийг гарган ажиллаж байсан Д.С нь 2011 оны 04 дүгээр сард нас барсны дараагаар мэдсэн, тэрээр тухайн үед актаар тогтоосон өрийг барагдуулах ямар нэгэн үйл ажиллагаа хийж байгаагүй, түүнийг нас барснаас хойш компанийн үйл ажиллагааг цаашид явуулахад хүндрэлтэй болж, зогсонги байдалд ороод байгаа талаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нарын тайлбар, мэдүүлгээр нотлогдож байна.

Мөн хариуцагч талаас “У” ХХК-ийн үйлдвэрлэж буй бүтээгдэхүүний түүхий эд болох модыг бэлтгэн боловсруулдаг хүмүүст өгсөн ажлын хөлснөөс хувь хүний орлогын албан татвар суутган аваагүй ба, хуулийн этгээдийн нягтлан бодох бүртгэлд цалин хөлсний зардал хэсэгт бүртгээгүй, мөн уулнаас буулгаж бэлэн болгож боловсруулсан модыг хувь хүмүүсээс худалдаж авсан баримт байхгүй байхад “бүтээгдэхүүн борлуулсны өртөгт оруулан хий бичилт хийж, татвар ногдох орлогоос хасагдах зардлын дүнд оруулан төсөвт төлөх албан татварыг бууруулсан” нь баримтаар нотлогдоогүй зардал хэмээн акт үйлдсэн боловч тухайн үед “У” ХХК нь өөрийн компанийн үйлдвэрлэдэг бүтээгдэхүүн болох гэрийг үйлдвэрлэхийн тулд “хүмүүсээр мод боловсруулалт хийлгэж тэднээс модыг нь худалдан авч” гэр үйлдвэрлэж буй нь “У” ХХК-аас тодорхой хэмжээний зардал гарна гэдгийг зөвшөөрч байна.

Иймд төрд төлөгдвөл зохих нөхөн (үндсэн) татварыг хөндөлгүйгээр, дээр дурдсан хэргийн нөхцөл байдал, хүндэтгэн үзэх шалтгаан болон цаг хугацааны хамаарлыг харгалзан Татварын ерөнхий хуулийн 9 дүгээр зүйл, мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.4-т заасан зарчмыг үндэслэл болгон “У” ХХК-аар төлүүлэхээр тогтоосон, нэхэмжлэгчийн шүүхэд хүчингүй болгуулахаар маргаж буй төлбөрөөс татвар төлөгчид хариуцлага болгон ногдуулсан “2,266.8 мянган төгрөгийн хүү, 8,208.7 мянган төгрөгийн торгууль, 5,078.3 мянган төгрөгийн алдангийн” хэмжээгээр багасган, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 09 дугаар сарын 16- ны өдрийн 368 дугаар шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтыг “Татварын ерөнхий хууль /1992 оны/-ийн 13 дугаар зүйлийн 1-ийн 3, Татварын ерөнхий хууль /2008 оны/-ийн 9 дүгээр зүйлийн 9.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2, Татварын өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 6 дугаар зүйлийн 6.1-т заасныг баримтлан Татварын улсын байцаагчдын 2010 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 251356 дугаар актаар тогтоосон төлбөрийн хэмжээг 15,553.8 мянган төгрөгөөр багасган, төлбөрийг 30,653.2 мянган төгрөгөөр тогтоож, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж түүнд олгосугай.

 


Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.