Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 19

 

“Мандахговь” ХХК-ны  нэхэмжлэлтэй, Р Д, Ч.Г-

 нарт холбогдох иргэний хэргийн талаар

 

226/2017/00019/И

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч Д.Байгалмаа, Я.Алтаннавч нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны “А” танхимд, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар  А.Цэрэндулам,

     Нэхэмжлэгчийн өмгөөлөгч  Ө.Э

     Хариуцагч Ч.Г, өмгөөлөгч Ц.А, Ц.Ж

     Хариуцагч Р Д-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Г нарыг  оролцуулан,

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 108 дугаар шийдвэртэй, “Мандахговь” ХХК-ны  нэхэмжлэлтэй, Р Д, Ч.Г- нарт холбогдох “худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт шатахууны үнэ 38 353 000 төгрөг, алданги 24 000 000 төгрөг, хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдон гарсан зардал 649 500 төгрөг, нийт 63 002 500 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагч Ч.Г-ын давж заалдах гомдлоор 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Я.Алтаннавчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч “Мандахговь” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Р Д, Ч.Г- нар нь өөрийнхөө уурхайд шатах тослох материалыг 2014 оны 2 сарын 05-ны өдрөөс 2015 оны 6 сарын 30-ны хооронд манай шатахуун түгээх станцаас худалдан авч, зарим үед аман хэлцэл байгуулан зээлээр авдаг байсан. Нийт 94.856.000 төгрөгний шатахуун аман хэлцэлээр  зээлээр худалдаж авсан. Энэ тооцооноос 2015 оны 5 сарын 06-ны өдрөөс өмнөх тооцоог хийж дуусгасан. 2015 оны 5 сарын 06-ны өдрөөс 2015 оны 6 сарын 28-ны өдрийг хүртэл хугацааны шатахууны тооцооны үлдэгдэл үндсэн төлбөр 49.853.000 төгрөг болсон. Р Д, Ч.Г-д зээлээр нийлүүлсэн түлш, бензинийг манай компани “Гүн зэгэстэй” ХХК-аас 2015 оны 1 сарын 01-ний өдөр байгуулсан 15-1 тоот зээлийн гэрээний дагуу өөрөө зээлээр авсан байсан. Рен Дэвэн, Г- нар нь биднээс авсан дизель түлш, бензины төлбөрийг төлөхгүй байсны улмаас манай компани “Гүн зэгэстэй” ХХК-д дээрх гэрээний 2.3-д заасны дагуу алданги төлөх ёстой болсон. Гүн зэгэстэй ХХК-аас удаа дараа үндсэн төлбөр болон түүний алдангийг нэхэмжилсэн тул бид нийт 24.000.000 төгрөгийн алдангийг тус компанид төлж барагдуулсан.  Г- нь 2016 оны 5 сард 11.500.000 төгрөг төлсөн. Р Д, Ч.Г- нарын аман хэлцлээр хамтран авсан шатахууны үнэ 38.353.000 төгрөг, хариуцагч хүлээсэн үүргээ хугацаанд нь зохих ёсоор биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгчид учирсан хохирол болох шатахуун нийлүүлэгч Гүн зэгэстэй ХХК-ийн өмнө хүлээсэн алданги 24.000.000 төгрөг, Дундговь аймгийн Хулд сумаас Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд ирж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан гарсан зардал 649.500 төгрөг нийт 63.002.500 төгрөгийг хариуцагч нараас гаргуулан өгч компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч байгууллагыг төлөөлж  захирал Б.Б шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Манай “Мандахговь” ХХК 40.000.000 гаруй төгрөгөөр ямар ч өр зээлгүй эргэлддэг. Манайх үндсэн хөрөнгө хүрэлцэхгүй байсны улмаас Гүн зэгэстэй ХХК-тай зээлийн гэрээ байгуулж Р Дгийн уурхайд түлш нийлүүлдэг байсан. Түлшийг Р Д-гийн бие төлөөлөгч Г болон түүний хамтран ажилчид очиж авдаг байсан. Сүүлдээ 20 гаруй сая төгрөгийн түлшний төлбөр хийгээгүй байсан учраас Г-д түлш өгөхөө больсон юм. Одоо Р Д, Ч. Г нараас 63 002 500 төгрөг гаргуулах хүсэлтэй  гэжээ.

Хариуцагч Ч.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Мандахговь ХХК-иас шатахуун авч байгаагүй, Р Д шатахуун авч байсан учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Рэн Дэвэн, Рэнцэнпүрэв нар нь олон жилийн өмнөөс бие биенээ мэддэг, хамтран ажилладаг, жонш наймаалцдаг түншүүд байсан. Энэ шугамаараа төрсөн эгч Ж.Оюунцэцэг, түүний нөхөр Б.Б-тай тохиролцож  Мандах говь ХХК-иас түлш авч уурхай ажиллуулсан. Р Д, Б.Б, Ж.О  нар нь хоорондоо тохиролцож  шатахууныг зээлээр авч төлбөрийг дараа нь төлөх нөхцөлтэйгөөр явдаг байсан. Заримдаа манай ажилчид шатахуун, түлш, тосол зэргийг авдаг байсан. Миний хувьд Мандах говь ХХК-тай ойр дотнын харилцаа байхгүй. Ямар нэг гэрээ хэлцэл байгуулаагүй. Мөн өөрийн биеэр нэг ч удаа түлш очиж авч байгаагүй  гэжээ.

Хариуцагч Рэн Дэвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Р Д Ч.Г нар нь Хулд сумын Түймэрт гэх газар жонш олборлохоор 50:50 хувиар хөрөнгө оруулж жонш олборлоё гэж Рэнцэнпүрэвийн бичил уурхайн газар дээр олборлолт хийхээр харилцан тохиролцсон. Ч.Г надтай харилцан тохиролцоогүй гэж ярьдаг хэдий ч гэсэн өмнө нь Мандах говь ХХК-ийн захирал Б.Б гомдол дээр эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан мөрдөн байцаалтад өгсөн тайлбар дээр хамтран ажиллаж байсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн тайлбар өгсөн байдаг. 2014 оны 4 сараас Р Д нийт 19 удаагийн 219 000 128 төгрөг, 2015 онд 27 удаагийн шилжүүлгээр 342 000 000 төгрөг нийт 561 128 000 төгрөг шилжүүлсэн. Мандах говь ХХК-ийн нэхэмжилж байгаа 2015 оны 5 сарын 6-ны өдрөөс 2015 оны 6 сарын 28-ны өдрийг хүртэлх хугацааны шатахууны зардлын төлбөрт Р Д 2015 оны 5 сарын 13-ны өдрөөс 2015 оны 6 сарын 24-ний өдрийг хүртэлх нийт 7 удаагийн шилжүүлгээр 100 000 000 төгрөгийг Ч.Г-ын данс руу шилжүүлсэн байдаг. Мөн 2015 оны 5 сард Ж.Оюунцэцэг Р Д руу таны шатахууны зардал 30 000 000 төгрөг болсон байна. Одоо яах юм бэ гэж утсаар ярьсан байдаг. Ингээд Р Д 2015 оны 5 сарын 16-аас 2015 оны 6 сарын 24-ний хооронд нийт 60 000 000 төгрөг шилжүүлсэн. Р Д хэдхэн хоногийн хооронд 60 000 000 төгрөг шилжүүлсэн байдаг. Ингээд нэхэмжлэгч Б.Баярсайхан Р Дд шатахууны төлбөрөө миний данс руу шилжүүлж болдоггүй юм уу гэж хэлэхэд Р Д Ч.Г-тай хамтран ажиллаж байгаа учраас Ч.Г-ын дансаар шилжүүлэх нь зүйтэй гэж байсан. Р Д мөнгө шилжүүлэх болгондоо Ч.Г-ын данс руу мөнгөн шилжүүлэг хийж байсан. Аудитын дүгнэлтэд Ч.Г- гэдэг хүн нийт 152 128 000 төгрөгийн шатахуун зарцуулсан гэсэн баримтыг Дундговь аймгийн цагдаагийн газарт гаргаж өгсөн байдаг. Үүнийг аудит задлаад үзэхээр Гүн зэгэстэй ХХК-ийн шатахуун түгээх станц, Мандах говь ХХК-ийн шатахуун түгээх станцаас шатахуун худалдаж авч байсан. Харин Зээгийн бүтээл ХХК-ийн шатахуун түгээх станцын шатахуун төлбөрийг иргэн Дашцэрэнгийн данс руу 23 619 000 төгрөгийг Ч. Г- шилжүүлсэн. Мөн Мандах говь ХХК-ийн шатахуун түгээх станцын төлбөрийг Б. Б гэдэг хүний данс руу 35 332 000 төгрөг шилжүүлсэн байна гэдэг нь 2017 оны 02 сарын 01-ний өдрийн 02 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тодорхой харагдаж байна. Энэ 152 128 000 төгрөгийн шатахуун зарцуулсан гэсэн мөртлөө яагаад Б.Б гэдэг хүний мөнгийг дундаас нь өгөхгүй өөр зориулалтын бусаар зарцуулсан юм. Түүнээс биш Р Д гэдэг хүн шатахууны зардлыг бүрэн гүйцэд төлсөн. Зээгийн бүтээл шатахуун түгээх станц Дорноговь аймгийн шүүхээс Ч.Г гэдэг хүнээс 5 000 000 төгрөгийн шатахууны төлбөрийг нэхэмжилсэн байдаг. Түүнийг нь шүүх хангаж шийдсэн байдаг. Үлдсэн төлбөр нь Б.Б буюу Мандах говь ХХК-ийн мөнгө гэж ойлгож байгаа. Тийм учраас Р Д нэхэмжлээд байгаа шатахууны төлбөрийг цаг хугацаанд нь Ч. Г- гэдэг хүний данс руу  төлсөн тул Р Д-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 108 дугаартай шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар хариуцагч Ч.Г-аас 63.002.500 /жаран гурван сая хоёр мянга таван зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Мандахговь” ХХК-нд олгож, хариуцагч Р Д-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 487215 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Ч.Г-аас 63.002.500 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 472963 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Мандахговь” ХХК-нд олгохоор  шийдвэрлэжээ.

Шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч Ч.Г давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх нь хэргийн хариуцагчийг буруу тодорхойлсон, гэрээний гол нөхцөл ба талуудын эрх зүйн байдалд зөв дүгнэлт хийгээгүй, Шүүх нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой, харилцан хамааралтай байх зарчмыг баримтлаагүй, бодитоор үнэлж чадаагүй нь шүүхийн шийдвэрийн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасангүй.

1-рт: Хэргийн хариуцагчийг буруу тодорхойлсон тухайд:

 Мандах говь ХХК нь анхны нэхэмжлэлдээ Р Д-ийг хариуцагчаар татаж, түүнийг  шатахууны төлбөрийг төлөх ёстой гэж бичсэн. Дараа нь шүүхээс Ч.Г-ыг хамтран хариуцагчаар татсан нь хууль зүйн үндэслэлгүй юм. Шүүх анхнаасаа хариуцагчийг зөв тогтоож чадаагүй. Ч.Г-ыг Мандахговь ХХК болон Р Д нарын хооронд байгуулсан Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан Худалдах, худалдан авах гэрээний тал гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

2-рт: Гэрээний гол нөхцол ба талуудын эрх зүйн байдалд зөв дүгнэлт хийгээгүй тухайд:

Худалдах, худалдан авах гэрээний хувьд 2 талын гэрээ бөгөөд ИХ-ийн 196.1.1-д зааснаар талуудын хүсэл зоригийн нэгдэл буюу гэрээний гол нөхцөл нь Мандахговь ХХК нь Р Дий жонш олборлох үйл ажиллагааг зогсолтгүй тасралтгүй явуулахад шаардагдах шатахууныг өгөх, Р Д хариу төлбөрийг төлөхөөр тохиролцож, шатахууныг шилжүүлсэн бөгөөд эндээс энэхүү гэрээ анх хэн хэний хооронд байгуулагдсан нь харагдаж байна.

Уг гэрээний дагуу гэрээний зүйл болох шатахуун нь Р Дий 2258 тн жоншийг олборлох үйл ажиллагаанд зориулагдсан нь тогтоогдсон. Гэрээний зохицуулалт нь талуудын үндсэн үүргийг тодорхойлж, хуулийн адил үнэлэгдэх зарчимтай.

Р Д нь шатахууны төлбөрийг төлөх зорилгоор Ч.Г руу мөнгө шилжүүлж байснаа хүлээн зөвшөөрч, баримтаар нотолж байгаа нь Р Д өөрөө гэрээний тал гэдгээ нотлоод байгаа хэрэг юм. Шатахууны төлбөрийг Ч.Г өөрөөсөө гаргаж өгдөг бус, харин төлбөрийн эх үүсвэр нь Р Дээс гардаг байсан нь тоггоогдсон. Энэ талаар талууд маргаагүй.

Р Дий хувьд хүнээр дамжуулж төлбөрийг өгч байсан нь Худалдах, худалдан авах гэрээний нэг тал байх буюу худалдан авагчийн үүрэг болон хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй. Энд гэрээний зарчим алдагдаж байна.

Мөн Ч.Г- нь Р Дд эксковатор, тоног төхөөрөмжөө түрээслүүлж, ажлыг нь гүйцэтгэж байсан нь Мандах говь ХХК болон Р Д нарын хооронд хийгдсэн Худалдах, худалдан авах гэрээний тал болох үндэслэл биш юм.

Энэхүү Худалдах, худалдан авах гэрээний талууд нь Мандахговь ХХК болон Р Д нар байтал Гэрээний үндсэн тал буюу жинхэнэ хариуцагч Р.Д-ийг гэрээний үүргээс бүр чөлөөлж, Ч.Г-ыг гэрээний тал гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

3-рт: Шүүх нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой, харилцан хамааралтай байх зарчмыг баримтлаагүй, бодитоор үнэлж чадаагүй тухайд:

Шүүхийн шийдвэрийн “ҮНДЭСЛЭХ нь” хэсэгт “Хариуцагч Р Дий итпгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нотлох баримтаар гаргаж өгсөн Р Д-ээс Ч.Г-д шипжүүлсэн мөнгийг хэрхэн юунд зарцуулсан талаарх “Аудитын дүгнэлт”-ийг гаргажээ. Дээрх анхан шатны баримтгүйгээр зарцуулсан мөнгийг хэрхэн юунд зарцуулсанаа хариуцагч Ч.Г- нь нотолж чадаагүй нь Р Д-ий итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Г-ээс гаргасан “Р Дгээс гаргасан шатахууны төлбөрийг цаг хугацаанд нь Ч. Г- гэдэг хүний данс руу хийж төлсөн. Харин энэ хүн цаашаа Мандах говъ ХХК-д төлөөгүй асуудал байна” гэх тайлбар үндэслэлтэй байна гэж дүгнэлээ ” гэжээ.

Шүүх хэргийн хариуцагчийг тогтоох, гэрээний дагуу үүрэг, хариуцлага хүлээхэд огт хамааралгүй Аудитын дүгнэлтийг шийдвэрийнхээ үндэслэл болгож, намайг худалдах, худалдан авах гэрээний тал болгон хариуцлага хүлээлгэхээр шийдвэр гаргасан.

Гэтэл энэ Аудитын дүгнэлт бол Мандах говь ХХК болон Р Д нарын хооронд хийгдсэн Худалдах, худалдан авах гэрээ буюу түүний зарцуулалт, санхүүгийн тооцоотой холбоотой дүгнэлт биш юм.

Энэ Аудитын дүгнэлт бол зөвхөн Ч.Г-, Р Д нарын хоорондын төлбөр тооцоонд хийсэн дүгнэлт учраас “Мандахговь” ХХК болон Р Д нарын хооронд хийгдсэн Худалдах, худалдан авах гэрээнд огт хамааралгүй юм. Иймээс энэ хэрэгт ач холбогдолгүй аудитын дүгнэлтийг нотолгооны хэрэгсэл болгож, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь үндсээрээ буруу юм.

Шүүхэд үнэлэгдэхгүй орхигдох ямар ч нотлох баримт байх учиргүй. Гэтэл би өөрийн нотлох баримтыг үнэлүүлэх хүсэл зоригоо илэрхийлж, нотлох үүргээ хэрэгжүүлж шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтуудыг бодитой үнэлэлгүй орхисон нь зөвхөн  нэг талыг барьсан гэж үзэж байна.

Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларч буй аливаа нотлох баримтыг шүүх үнэлэх учиртай. Ямар ч нотлох баримтыг шүүх бусад нотлох баримтаас дээгүүр тавьж, илүү хүчин чадалтай гэж үзэж болохгүй байтал Аудитын дүгнэлтийг бусад нотлох баримтаас илүүд үзсэн.

Аудитын дүгнэлт нь нотлох баримтын бусад төрлийн адил хүчин чадалтай ба шүүх хэрэгт цугларсан бусад нотлох баримттай тал бүрээс нь бүрэн, бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр түүнийг үнэлэх ёстой.

Шүүх аливаа этгээдийн гаргаж ирсэн баримтад эргэлзэхгүйгээр итгэх, түүнийг үнэлэхгүйгээр шийдвэрийн үндэслэл болгох нь нэг талын ашиг сонирхолд хөтлөгдөж, шүүхийн хөндлөнгийн байр суурийг алдагдуулсан явдап юм.

Иймд шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

         

            Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөнөөс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

            Нэхэмжлэгчээс 2017 оны 6 сарын 13 ны өдөр шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хариуцагч Хятад улсын иргэн Р Д-д 2016 оны 06 сарын 16 нд гардуулахдаа түүнээс  монгол хэл мэдэх эсэхийг асууж тодруулалгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч этгээд монгол хэл мэдэхгүй бол  өөрийн эх хэл буюу мэддэг хэлээр тайлбар өгөх, үг хэлэх, нотлох баримт гаргаж өгөх эрхийг” түүнд тайлбарлан өгөөгүй, мөн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Г-т Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар 67.1.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг гардуулаагүй зэргээс үзэхэд хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн байна.  

           Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Хариуцагч Ч.Г-ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн   473000   төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 07 сарын 16 ны өдрийн 108 дугаар шийдвэрийг хүчингүй болгож,  дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч Ч.Г-ын  давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хуурамжинд төлсөн 473000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

           

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Б.ДЭНСМАА

 

      ШҮҮГЧИД                                          Д.БАЙГАЛМАА

 

                                                                                                       Я.АЛТАННАВЧ