Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 101

 

 

 

 

 

 

 

 

 

 

Т.Э-д холбогдох

  эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч М.Алдар, шүүгч Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Мөнгөншагай,

шүүгдэгч Т.Э, түүний өмгөөлөгч Ж.Бадамханд,

хохирогч Б.Баярбат,

нарийн бичгийн дарга Ц.Билгүүн нарыг оролцуулан,

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 905 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Б.Баярбатын гаргасан давж заалдах гомдлоор Т.Э-д холбогдох эрүүгийн 1803000010372 дугаартай хэргийг 2019 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

.................. овгийн ................... ............., 19.. оны ... дугаар сарын .....-ны өдөр Болгар Улсын Софи хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Санхүү эдийн засгийн их сургуулийн бизнесийн менежментийн .. дугаар курст сурдаг, ам бүл 2, эхийн хамт Баянгол дүүргийн ... дугаар хороо, .. дугаар байр, ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй /РД:......................../;

Т.Э нь 2018 оны 9 дүгээр сарын 23-ны орой 21 цаг 11 минутын орчим Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, Москва их дэлгүүрийн урд замд Мерседес бенз 230 маркийн 95 98 УБМ улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэснийг зөрчсөний улмаас явган зорчигч Б.Баярбатыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Т.Э-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “Т.Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Э-ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Т.Э торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Т.Э торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, Т.Э цагдан хоригдоогүй, гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол, хор уршигт төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, хохирогч Б.Баярбат нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн жолоочийн 865107 дугаартай үнэмлэх, 02006961 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэргийг Т.Э-д буцаан олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Т.Э-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Хохирогч Б.Баярбат гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2018 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн орой 21 цаг 11  минутын орчимд Баянгол дүүргийн 14 дүгээр хороо Москва их дэлгүүрийн урд замд Мерседес Бенз маркийн 95 98 УБМ улсын дугаартай автомашинд гарцаар гарч явахдаа мөргүүлсэн. Б.Баярбат би уг машинд мөргүүлсний улмаас зүүн дунд чөмөгний дунд хэсгийн хөндлөн далд хугарал, уруулд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэлтэй гэж тогтоогдсон. Хүндэвтэр зэрэгт хамаарагдаж байна. 2018 оны 9 дүгээр сарын 23-ны өдрөөс Гэмтэл согог судлалын үндэсний төвд 4 хоног хөлөндөө эмчилгээ хийлгэж байгаад 9 дүгээр сарын 27-ны өдөр хагалгаанд орсон. Би анхан шатны шүүх хуралдаанд биеийн байдлаас шалтгаалан оролцож чадаагүй. Ар гэрийнхэн маань намайг осолд орсноос хойш Солонгос Улс руу явсан бөгөөд одоогоор 90 гарч буй эмээтэйгээ цуг амьдардаг. Би өөрөө барилгын чиглэлээр ажилладаг. 2018 оны 9 дүгээр сараас хойш ажлаа хийж чадаагүй. Осолд орсноос хойш 1 жилийн дараа хугарсан яс бороолхоор дахин хагалгаанд орж төмрийг нь авна гэсэн. Хэрвээ хөл маань бороолоогүй байвал төмрийг нь авахгүй. Төмрийг авсны дараа дахин хэдэн сар ажилгүй явахаа мэдэхгүй байна. Миний зүгээс хэрэгт холбогдолтой материалыг гаргаж өгсөн ч Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тогтоолд тусгагдаагүй байна. Тус шүүх хуралд өөрийн биеэр оролцож эрүүл мэндийн шалтгаанаа тайлбарлаагүй байхад шүүх хурал хийж шүүгдэгч Т.Э-ийн мэдүүлгээр тогтоол гаргасныг эсэргүүцэж гомдол гаргаж байна. Өөрийн ажил хийгээгүй үеийн цалин хөлс, эрүүл мэндийн хохирлыг нэхэмжлэлд тусгасан хэмжээнд гаргаж өгөхийг хүсэж байна. Эрүүл мэндийн хохиролд 5.000.000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 2.000.000 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин нийлээд нийт 6.000.000 төгрөг нэхэмжилж байна.” гэв.

 

Шүүгдэгч Т.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Давж заалдах гомдолтой холбоотой хэлэх зүйл байхгүй. Одоогийн байдлаар нотлох баримттай 428.163 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан байгаа. Цаашдаа хохирогч Б.Баярбатын баримттай хохирлыг төлж барагдуулна гэсэн байр суурьтай байна.” гэв.

 

Шүүгдэгч Т.Э-ийн өмгөөлөгч Ж.Бадамханд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хохирогч Б.Баярбат хохиролтой холбоотойгоор давж заалдах гомдол гаргасан байна. Хэрвээ тухайн үед хохирогч Б.Баярбат нотлох баримтын хүрээнд хохирлын хэмжээг бүрэн тооцоолж гаргасан бол шүүгдэгч Т.Э төлөх байсан. Хохирогч Б.Баярбат сарын 900.000 төгрөгийн цалинтай ажил хийдэг байсан гэдэг нь эргэлзээтэй байсан. Яагаад гэвэл байгууллагын гэрчилгээ байхгүй, Жанчив гэдэг хүн байгууллагын захирал эсэх нь эргэлзээтэй, тодорхойгүй, тухайн байгууллагад ажилд орсон тушаал, хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын шимтгэл болон хүн амын орлогын албан татвар төлсөн баримт байхгүй байсан. Эмчилгээ болон эмнэлгийн зардлыг тухайн үед байсан баримтуудыг үндэслэж төлсөн. Хохирогч Т.Э цаашид хохирогч Б.Баярбатын эмчилгээнээс гарах хохирлыг төлнө гэдгээ илэрхийлсэн. Үүний дагуу анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарсан.” гэв.

 

Прокурор Б.Мөнгөншагай тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Хохирол төлбөрийн хувьд хуульд заасан эрх хэмжээний хүрээнд хохирол, төлбөрийг тооцож гаргасан. Шүүгдэгч Т.Э-ийн хувьд хэлэхэд заавал нотлох баримттай хохирлыг төлнө гэдэг шаардлага тавьдаггүй. Боломжит нөхцөлөөр нь хохирол, төлбөрийг арилгах зохих ёсны шаардлагыг хуулийн хүрээнд хэргийн оролцогчдод тавьдаг. Баримтгүй боловч тодорхой хэмжээний зардлууд байгаа. Уг зардлыг төлөхөд шүүгдэгч Т.Э-ийн зүгээс татгалзах зүйлгүй байх шиг байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх гомдлыг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 

Т.Э нь 2018 оны 9 дүгээр сарын 23-ны орой 21 цаг 11 минутын орчим Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, Москва их дэлгүүрийн урд замд Мерседес бенз 230 загварын 95 98 УБМ улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэж заасныг зөрчсөний улмаас явган зорчигч Б.Баярбатыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь:

 

Хохирогч Б.Баярбатын “...2018 оны 9 дүгээр сарын 23-ны орой 21 цагийн үед 3, 4 дүгээр хороололд ажлын найзууд Болдбаатар, Өлзийбилэг, Батбаяр нарын хамт Москва их дэлгүүрийн урд явган хүний гарцаар зам хөндлөн гарч байсан. Тэгтэл 1 болон 2 дугаар эгнээнд явж байсан автомашинууд зогсож зам тавьж өгсөн. Тэгэхээр нь хурдан гарчихая гэж бодоод бараг гүйгээд зам гарч байтал 3 дугаар эгнээнд явж байсан автомашин зам тавьж өгөлгүй, хурдтай ирээд тоормозоо гишгээд автомашинаа зогсоож чадалгүй намайг нилээн хүчтэй мөргөсөн. Нэг мэдсэн чинь эмнэлэг, цагдаагийнхан ирчихсэн байсан. Тэгээд эмнэлэг дээр ирээд зургаа авхуулахад “дунд чөмөгний яс хугаралтай байна, шууд хагалгаанд орно гэрээсээ хүн дууд” гэсэн. Гэмтлийн эмнэлэгт хэвтэж байгаад 4 хоногийн дараа хагалгаанд орсон.” гэх мэдүүлэг /хх-22-23/, гэрч А.Батбаярын “...Москва хорооллын урд талын явган хүний гарцаар хойноосоо урагшаа зам хөндлөн гарч байсан. 1, 2 дугаар эгнээний машинууд зам тавьж өгсөн. Тэгтэл 3 дугаар эгнээний машин маш хурдан орж ирсэн. Би хараад өөрөө хойшоо болоод зогсчихсон. Баярбатыг араас нь татах гээд амьжаагүй. Тэрүүхэн хооронд Баярбат машин мөргүүлээд нилээн өндөр шидэгдээд газарт унасан. Баруун хөл нь нилээн эвгүй болчихсон харагдаж байсан.” гэх мэдүүлэг /хх-45/, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-5-7/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-11-12/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 11723 дугаартай дүгнэлт /хх-50/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогджээ.

 

          Анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасантай нийцсэн байна.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад нотлох баримтад тулгуурлан, шүүгдэгч Т.Э-ийг “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байх бөгөөд түүний энэ үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүхээс түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, төлбөр төлсөн байдал, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, гэм буруугийн хэлбэр зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулсан нь хууль зөрчөөгүй гэж үзэв.

 

Хохирогч Б.Баярбат нь “гэмтлийн улмаас хагалгаа хийлгэсэн, жилийн дараа дахин хагалгаанд орох шаардлагатай, эрүүл мэндийн хохиролд 5.000.000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 2.000.000 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин нийлээд нийт 6.000.000 төгрөг нэхэмжилж байна. Хохирлыг гаргуулж өгнө үү.” гэсэн давж заалдах гомдол гаргасан боловч гэмтлийн улмаас хагалгаанд орсон, цалин, орлогын талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул түүний гаргасан гомдлыг хангах боломжгүй юм.

 

Шийтгэх тогтоолд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн байна.

 

Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 905 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Б.Баярбатын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 905 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Б.Баярбатын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ,

                                    ШҮҮГЧ                                                        М.ПҮРЭВСҮРЭН

 

                                     ШҮҮГЧ                                                        М.АЛДАР

 

                                     ШҮҮГЧ                                                        Д.МЯГМАРЖАВ