Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Бүрэнсэдийн Эрдэнэмөнх |
Хэргийн индекс | 149/2022/0052/Э |
Дугаар | 2022/ШЦТ/56 |
Огноо | 2022-04-22 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Г.Тунгалаг |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 04 сарын 22 өдөр
Дугаар 2022/ШЦТ/56
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж
Нарийн бичгийн дарга Д.Соёлзул
Улсын яллагч Г.Тунгалаг
Шүүгдэгч А.Намсрай нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Намсрайд холбогдох 21320000000068 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Сэргэлэн суманд 1991 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл-3, эхнэр хүүхдийн хамт, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар баг, Сансарын 17 тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, Хатгин овогт Алтангэрэлийн Намсрай/рд:ЖЗ91040510/
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч А.Намсрай нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 03 дугаар сарын 21-ээс 2022 оны 03 дугаар сарын 23-нд шилжих шөнө 02 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6 дугаар баг, Бар чулуут гэх газарт гар утас гаргаж өг чамаас өөр хэн авдаг юм гэх шалтгааны улмаас хохирогч Х.Гансүхийн нүүрэн тус газар нэг удаа өшиглөж, гараараа толгой хэсэгт 2-3 удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Намсрай мэдүүлэхдээ: …2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 11 цагийн орчим Гансүх, Энхбат нарыг гэр гэрээс нь аваад түлээний мод бэлтгэхээр уул явсан. Ингээд Бар чулуутын пост дээр очиход ээлж сольж байна гээд Цэндсүрэн ах байж байхаар нь бид нар нийлж 2-3 шил архи хувааж уусан. Ингээд би утсаа Гансүхээс асуухад мэдэхгүй гээд байхаар нь би Гансүхийн нүүр рүү нэг удаа өшиглөж, толгой руу нь 2-3 удаа алгадсан. Тэгээд дараа нь миний утас машины суудлын араас олдсон юм. ...гэх мэдүүлэг,
Эрүүгийн 2232000000068 тоот хавтаст хэргээс
Хохирогч Х.Гансүх мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: …2022 оны 03 дугаар сарын 21-ний өглөө намайг гэртээ унтаж байхад Намсрай ирээд модонд яваад өгөөч гэхээр нь би зөвшөөрөөд өдөр 11 цагийн орчим Намсрай Энхбат нартай хамт уул руу түлээний модонд явсан. Бар чулуутын пост дээр очиход Цэндсүрэн ах ээлж солилцож байна гэж хэлсэн. Тэгээд бид нар Ялбагаас очиж хоёр шил хараа 0.5 литрийн архи аваад буцаж Бар чулуутын пост дээр өдөр 15 цагийн орчим очсон. Тэгээд Цэндсүрэн Намсрай Энхбат бид нар хоёр шил архи хувааж уугаад хоол унд идээд тэндээ хоноод өглөө эрт модонд явахаар болсон. Тэгсэн Цэндсүрэн дахин шил архи авахаар манай машинтай Ялбаг руу явж нэг шил архи авч ирсэн. Тэгээд Цэндсүрэн ахын авч ирсэн архийг бид дөрөв хувааж уугаад байж байтал Намсрай миний гар утас алга болчихлоо гэхэд Цэндсүрэн ах бас миний гар утас алга болсон байна гээд надаас гар утсаа нэхээд байхаар нь би та хоёрын гар утсыг мэдэхгүй гэхэд Намсрай чи хоёр утас авсан гэж хэлээд миний ам руу хөлөөрөө нэг удаа өшиглөхөд миний амны баруун жавж хэсэг язарч миний амнаас цус гарч шалан дээр нь хаясан. Тэгээд дахин өшиглөх гэхээр нь би хөлийг нь гараараа хаахад Намсрай гараараа миний толгой руу цохиод миний гуй руу өшиглөөд байсан. Тэгсэн Энхбат алга болсон байхаар нь Намсрай бид хоёр Энхбатыг Бар чулуутын пост дээр хайсан боловч олдохгүй болохоор нь Намсрай бид хоёр Мандал суманд ирсэн. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 11-12 дугаар хуудас/
Гэрч Н.Энхбат мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...2022 оны 03 дугаар сарын 21-ний 11 цагийн орчим намайг Х.Гансүхийн гэрт байхад Намсрай уул руу түлээний модонд явъя гэж хэлээд Х.Гансүх, Намсрай бид гурав явсан. Бар чулуутын пост дээр очиход Цэндсүрэн ах ээлж солилцож байна гэж хэлсэн. Тэгээд бид нар Ялбагаас очиж хоёр шил хараа 0.5 литрийн архи аваад буцаж Бар чулуутын пост дээр 15 цагийн орчим очсон. Тэгээд Цэндсүрэн Намсрай, Х.Гансүх бид нар хоёр шил хараа архиа хувааж уугаад хоол унд идээд тэндээ хоноод өглөө эрт модонд явахаар болсон. Тэгсэн Цэндсүрэн ах дахин шил архи авч ирсэн. Тэгээд Цэндсүрэн ахын авч ирсэн архийг бид дөрөв хувааж уугаал байж байтал Намсрай миний гар утас алга болчихлоо гээд Х.Гансүх бид хоёр луу дайраад байсан. Тэгсэн Цэндсүрэн ах бас миний гар утас алга болсон байсан. Намсрай гар утас олж өгөхгүй бол та хоёрыг ална гэж заналхийлсэн. Намсрай чи гар утас олж өгөхгүй бол чамайг ална шүү гэхээр нь би айгаад Бар чулуутын постын урд байрлах жалга руу орж нуугдсан. Тэгсэн пост дотор Намсрай утас олж өг пизда минь гээд орилоод байсан. Тэгээд Намсрай постоос гарч ирээд Энхбатаа утас олж өг ална шүү пизда минь гэж постын гадаа орилоод байхаар нь би тэнд нар дээр очоогүй. Тэгээд Х.Гансүх Намсрай хоёр машинаа асаагаад Мандал сум руу явахаар нь би пост руу ороход постын шал гудас цус болсон байсан. Цэндсүрэн ах шалны алчуураар шал дээр цусаа угаагаад байсан. Тэгээд Цэндсүрэн ах надад хэлэхдээ ах нь нэлээд муудсан байна ах нь гар утсаа тэмдэглэлийн дэвтэртэй цуг шургуулгад хийсэн байна уучлаарай гар утсаа олсон гэж надад хэлсэн. Би постоос өглөө 11 цагийн орчим Мандал сум руу алхсан. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 13 дугаар хуудас/
Гэрч Л.Цэндсүрэн мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Тухайн өдөр би Мандал сум 6 дугаар багт байрлах Бар чулуутын пост дээр үүрэг гүйцэтгэхээр Сүрэнхүүтэй ээлж солилцоод байж байхад Намсрай өөр хоёр туслахын хамт ирсэн. Тэгээд Намсрай Гансүх нар нь Ялбаг орчхоод ирье гэж хэлээд яваад буцаж ирэхдээ нэг шил архитай ирээд тухайн архинаас уугаад сууж байхад Намсрай гар утас алга болчихлоо гэхээр нь бас гар утсаа хайсан боловч Намсрай бид хоёрын гар утас олдохгүй байсан. Намсрай гар утас алга болчихлоо гэж хэлээд Гансүхийн нүүрэн тус газар нь нэг удаа гараараа цохисон бас нэг удаа өшиглөхөөр нь би одоо боль та нарын зодолддог газар энэ биш гэж хэлсэн. ...Гансүхийг Зил-131 маркийн тээврийн хэрэгслийн жолооч Намсрай зодсон. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 16 дугаар хуудас/
Шүүгдэгч А.Намсрай мөрдөн байцаалтад яллагдагчаар мэдүүлэхдээ: ...Би Гансүх, Энхбат нарын хамт түлээний мод бэлтгэхээр өөрийн Зил-131 маркийн 04-38СБА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 13 цагийн орчим Бар чулуут гэх газар руу явсан. Бар чулуутын пост дээр ээлж солилцохтой таараад Бар чулуутын постод үүрэг гүйцэтгэх гэж ирсэн Цэндсүрэн ахтай нэг шил архи хувааж уугаад би пост дотор унтаад өгсөн. Гансүх Энхбат нар хоол ид гэж сэрээхэд орой болчихсон байсан Би түлээний мод бэлтгэх уул руу явахдаа миний гар утас байхгүй байхаар нь би гар утас гаргаж өг гэж хэлээд пост руу Гансүхтэй хамт орсон. Тэгээд Цэндсүрэн миний гар утас байхгүй байна гэхээр нь Гансүхийг гар утас гаргаж өг гэж хэлээд Гансүхийн толгой руу нь гараараа 2-3 удаа цохиход би гар утас аваагүй гээд байсан. Тэгээд би постын гадна Энхбатыг хайсан боловч олдохгүй байхаар нь Гансүхийг аваад Мандал сум руу ирсэн. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 28 дугаар хуудас/
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /Хх-ийн 6 дугаар хуудас/,
Хохирогч Х.Гансүхийн Цагдаагийн хэлтэст гаргасан гомдол/Хх-ийн 7 дугаар хуудас/
Яаралтай тусламжийн хуудас/Хх-ийн 21 дүгээр хуудас/
Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн №56 дугаартай дүгнэлт
Дүгнэлт хэсэгт:
1.Х.Гансүхийн биед дээд уруулын баруун буланд язарсан шарх, зүүн чихний гадна дэлбэн, зүүн нүдний зовхины дотор хэсэг, зүүн гарын бугалгын гадна хэсэгт цус хуралт, уруул, зүүн нүдний дээд доод зовхи, зүүн чихний гадна дэлбэн, зүүн гарын бугалгад зөөлөн эдийн гэмтэл тогтоогдсон.
2.Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ...гэх дүгнэлт/Хх-ийн 19-20 дугаар хуудас/
Хохирогч Х.Гансүхийн гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэх хүсэлт/Хх-ийн 43 дугаар хуудас/
Шүүгдэгч А.Намсрайн Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газарт гаргасан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, өөрийн холбогдсон хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт/Хх-ийн 44 дүгээр хуудас/зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас хэргийг нотлох чадвараа алдсан, шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэсэн үйл баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй болно.
Нэг.Шүүгдэгч А.Намсрайг гэм буруутайд тооцох талаар:
Шүүгдэгч А.Намсрай нь 2022 оны 03 дугаар сарын 22-ны шөнийн 02 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6 дугаар баг, Бар чулуут гэх газарт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Х.Гансүхийг гар утас авсан гэх шалтгаанаар эрх чөлөөнд халдаж, нүүр орчимд нь хөлөөрөө нэг удаа өшиглөж, толгой орчимд нь гараараа 2-3 удаа цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
...Хохирогч Х.Гансүхийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/Хх-ийн 11-12 дугаар хуудас/, Гэрч Н.Энхбатын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/Хх-ийн13 дугаар хуудас/,Гэрч Л.Цэндсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/Хх-ийн 17 дугаар хуудас/, шүүгдэгч А.Намсрай эрүүгийн хэрэгт яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг/Хх-ийн 28 дугаар хуудас/, Сэлэнгэ аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн №56 дугаартай дүгнэлт/Хх-ийн 19-20 дугаар хуудас/, шүүгдэгч А.Намсрайн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт/Хх-ийн 44 дүгээр хуудас/зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч А.Намсрай нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн болно.
Тиймээс Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч А.Намсрайд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч А.Намсрайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаалтай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Хоёр.Хохирол төлбөрийн талаар:
Хохирогч Х.Гансүхийн дээд уруулын баруун буланд язарсан шарх, зүүн чихний гадна дэлбэн, зүүн нүдний зовхины дотор хэсэг, зүүн гарын бугалгын гадна хэсэгт цус хуралт, уруул, зүүн нүдний дээд доод зовхи, зүүн чихний гадна дэлбэн, зүүн гарын бугалгад зөөлөн эдийн гэмтлийг гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт тооцож, хохирогч эрүүл мэндэд учирсан хохирлыг арилгах, эмчилгээний зардлын баримтыг гаргаж ирүүлээгүй, энэ тогтоолоор хэлэлцэгдэх төлбөргүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй байна
Гурав.Шүүгдэгч А.Намсрайд оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч А.Намсрай нь 2022 оны 03 дугаар сарын 22-ны шөнийн 02 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6 дугаар баг, Бар чулуут гэх газарт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Х.Гансүхийг гар утас авсан гэх шалтгаанаар эрх чөлөөнд халдаж, нүүр орчимд нь хөлөөрөө нэг удаа өшиглөж, толгой орчимд нь гараараа 2-3 удаа цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь шалтаг шалтгаангүйгээр архидан согтуурсан, үйл ялих зүйлээр шалтаглан бусдыг үл хүндэтгэсэн үйлдлээс болсон гэж дүгнэлээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Иймд шүүгдэгч А.Намсрайд эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч А.Намсрай нь өөрийн үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж улсын яллагчийн оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн ба улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж, торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчээр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч А.Намсрай нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг хууль зүйн шаардлагыг бүрэн хангасан, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч шүүх хуралдааны явцад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаагүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.
Шүүхээс шүүгдэгчийг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч шүүгдэгч өмгөөлөгч авахаас татгалзаж, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ шүүх хуралдаанд гаргасан, уг зүйл анги нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч А.Намсрай нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй ,хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Хатгин овогт Алтангэрэлийн Намсрайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Намсрайг 500/таван зуун ная/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун наян мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Намсрайд оногдуулсан 500000 төгрөгийн торгох ялыг 04/дөрөв/сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүгдэгч А.Намсрай нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч А.Намсрайд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Шүүгдэгч А.Намсрай нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, бусдад төлөх төлбөргүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Х.Гансүх гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйл, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9.Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд А.Намсрайд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭМӨНХ