Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 2017/ШЦТ/171

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж

 

Улсын яллагч Л.О

Шүүгдэгч О.Ш, О.М, Д.З

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бүжин нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1.д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Заяа, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2.т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Ш, О.М нарт холбогдох эрүүгийн 201714000170 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол улсын иргэн, О.Ш

 

Биеийн байцаалт: Монгол улсын иргэн, О.М

 

Биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Д.З

 

Шүүгдэгч О.М, О.Ш нар нь бүлэглэн 2017 оны 03 сарын 08-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах “Казино” баарны нойлын өрөөнд Б.Г, Э.Н нарыг маргалдаж байхад нь Э.Н өмөөрч Б.Г-г бүлэглэн зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан, шүүгдэгч Д.З 2017 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах “Казино” баарны гадна найз Б.Г г өмөөрч О.Мягмарсүрэнг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүгдэгч О.Ш-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Гүнчинсүрэнтэй уулзаж уучлалт гуйсан. Хохирогч хохирол нэхэмжлээгүй. Архи бага зэрэг уусан. Болсон асуудлаа мэдэж байгаа. Хийсэн хэргээ ойлгож гэмшиж байна гэсэн мэдүүлэг,

 

-Шүүгдэгч О.М-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Хохирогчоос уучлалт гуйсан. Хохирол нэхэмжлээгүй. Зүйл ангийн хувьд маргахгүй. Би тэр үед архи уугаагүй жирэмсэн байсан гэсэн мэдүүлэг,

 

-Шүүгдэгч Д.З-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Мягмарсүрэнгийн биед хөнгөн гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрнө. Урьд нь үнэн зөв мэдүүлсэн. Би 2 шил пиво уусан. Нэг их согтоогүй болсон асуудлаа мэдэж байгаа. Миний буруу гэсэн мэдүүлэг,

 

-Хохирогч О.М-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Миний хувьд хохирол нэхэмжлээгүй. Нэхэмжлэх зүйлгүй. Бид дөрвүүлээ уулзаад уучлалт гуйж эвлэрсэн гэсэн мэдүүлэг,

 

-Хохирогч Б.Г-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2017 оны 03 дугаар сарын 08-ны орой найз Сүлдээ, /Сүлд-Од/, Заяа, Хулан нарын хамт Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах Казино бааранд орж мартын 8- ны байр тэмдэглэсэн. ...Тэр үед Сүлдээ надаас түрүүлээд баарнаас гараад явсан. Надтай хамт явж байсан охидууд бүгдээрээ гараад явчихсан би ганцаараа үлдчихсэн байсан. Намуунаа миний гарнаас бариад намайг баарны дотор талын нойлын өрөө рүү татаад оруулаад чи битгий уурлаарай, зүгээр чамтай юм ярьмаар байна гэхээр нь би уурлаагүй, дараа нь хоёулаа эрүүл байхдаа юм ярих уу гэхэд гаднаас Намуунаатай хамт явж байсан 3 охин орж ирсэн. Хулан гэдэг нэртэй охин над руу хараад энийг хаана харлаа, үхээгүй байгаа байхдаа, нэр нь орж ирдэггүй гэхээр нь би уурлаад намайг Гүнчээ гэдэг гэж хэлэхэд Мягмарсүрэн намайг арван жилийн хүүхэд байхаас нь мэднэ гэхээр нь би чи дуугуй байгаарай гэхэд дуугуй байхгүй бол яах юм бэ гээд Мягмарсүрэн гэдэг охин миний хүзүүнээс гараараа боогоод авсан. Би Мягмарсүрэнг салгахад хумсаараа миний хүзүүг урчихсан, Мягмарсүрэн дахиад миний хүзүүг боогоод байхад Шүрэнцэцэг гэдэг эмэгтэй хажуу талаас толгой руу гараараа цохиод байсан. Мөн баруун бөөр рүү цохиод байсан. Яг юугаар цохисон эсэхийг хараагүй, Тэр үед Мягмарсүрэн намайг боогоод зогсож байхаар нь би Мягмарсүрэнг зүгээр байгаарай гэж хэлээд гарыг нь салгахад Мягмарсүрэн миний үснээс зулгаагаад доош нь дарчихаар нь би Мягмарсүрэнгийн гарыг салгаад толгойгоо дээшээ болгох гэхэд Мягмарсүрэнгийн нүүрийг нь мөргөсөн. Мягмарсүрэн намайг түлхээд булан руу оруулахад Шүрэнцэцэг миний хүзүү рүү гараараа цохисон. ...Баарны 1 хамгаалагч орж ирээд бид нарыг салгах гэхэд дийлэхгүй байсан. Араас нь 2 хамгаалагч орж ирээд Шүрэнцэцэг аваад гарсан. Бид нар баарнаас гарах гэхэд нөгөө охидууд гадаа гараад ална, хүлээж байгаарай гээд байсан. Яг хэн нь тэгж хэлснийг мэдэхгүй байна. Бид нар гадаа зогсож байхад хэсэг хугацааны дараа Намуунаа, Мягмарсүрэн, Шүрэнцэцэг нар гарч ирсэн. ...Мягмарсүрэн баарны гадаа хаана байна гээд хашгирахад Заяа Мягмарсүрэн дээр очоод татаж унагаагаад өшиглөсөн. Тэр үед баарны хамгаалагч гарч ирээд бид нарыг салгаад явуулсан гэсэн мэдүүлэг /хх 19 ху/,

 

-Гэрч Б.Х-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2017 оны 03 сарын 08-ны орой Заяа, Гүнчинсүрэн, Сүлдээ бид нар мартын 8-ны байр тэмдэглэх гээд Уурхайчин багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Казино бааранд орж хүний нэг нэг пиво уусан. Орой 23 цагийн үед Заяа бид хоёр гэртэй харих гээд түрүүлээд баарнаас гараад таксинд суусан. Таксины жолоочтой мөнгөний талаар санал зөрөөд эргээд Казино баарны гадаа ирээд баар хааж байгаа, нөгөө хоёр чинь одоо гарч ирэх байх гээд сууж байхад Сүлдээ баарнаас гарч ирээд Гүнчинсүрэн нойлд хэдэн охидуудад зодуулаад байна гэж хэлсэн. Тэгээд Заяа, Сүлдээ бид 3 хамт баар луу ороод нойлын өрөөнд ороход Гүнчинсүрэн буланд газар суучихсан, зодуулчихсан байдалтай үс нь сэгсийчихсэн байсан. Гүнчинсүрэнг буланд 3 охин шахаад зогсож байсан. Бид нарыг нойлын өрөөнд ороход нэг охин зөрөөд гарсан. Тэр хоёр Гүнчинсүрэнг зодсон охидуудтай хамт явж байсан эсэхийг мэдэхгүй байна. Нойлын өрөөнд би юу болоод байгаа юм бэ гэхэд Шүрэнцэцэг гэдэг нэртэй охин миний үснээс зулгаагаад бид хоёр хоорондоо зууралцсан. Тэр үед Сүлдээ баарны хамгаалагч нарыг дуудаад бид нар салсан. Баарнаас Гүнчинсүрэн, Заяа, Сүлдээ бид нар гарах гэхэд нөгөө охидууд бид нарыг гадаа хүлээгээд зогсож байгаарай, гадаа гарч байгаад алалцнаа гээд хашиграад үлдсэн. Бид нар баарны гадаа зогсож байхад нөгөө охидууд гарч ирээд Заяатай нойлын өрөөнд маргалдаад байсан Мягмарсүрэн гэдэг охиныг Заяа үснээс нь зулгаагаад газар унагааж нүүр хэсэг рүү нь 1 удаа өшиглөсөн. Тэр үед дахиад баарны хамгаалагч нар гарч ирээд бид нарыг салгасан. ...Гүнчинсүрэнг нойлын өрөөнөөс гаргаж ирээд баарны гадаа зогсож байхад Мягмарсүрэн, Шүрэнцэцэг нарыг нойлын хана мөргүүлээд намайг зодлоо, хүзүүг хар гээд үзүүлж байсан. Заяа Гүнчинсүрэнг өмөөрөөд Мягмарсүрэнг зодсон. Бааранд бүжиглэж байхад Мягмарсүрэн гэдэг охин хөөе янхан минь, чамайг би мэдэх юм байна шүү гээд олон хүний дэргэд элдвээр хэлээд байсан гэсэн мэдүүлэг /хх 26 ху/,

 

-Гэрч Б.О-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2017 оны 03 сарын 08-ны орой найз Хулан, Гүнчинсүрэн, Заяа нарын хамт мартын 8-ны баяр тэмдэглэх гээд Казино бааранд ороод пиво уусан. Бид 3 Гүнчинсүрэнг хүлээгээд байхад гарч ирэхгүй байхаар нь эргээд баар луу ороод нойлын өрөөнд ороход Гүнчинсүрэн буланд суучихсан, Шүрэнцэцэг гэдэг нэртэй эмэгтэй Гүнчинсүрэнгийн үснээс нь татаад доошоо дарчихсан, хажуу талаас нь Мягмарсүрэн Гүнчинсүрэнгийн нүүр хэсэг рүү нь өшиглөж байсан. Миний араас нойлын өрөөнд Заяа, Хулан нар орж ирэхээр нь би баарны хамгаалагч дуудсан. Бид нар баарнаас гарах гэхэд Мягмарсүрэн гэдэг охин Заяаг хэл амаар доромжлоод байсан. Бид нар гадаа гарахад Гүнчинсүрэн гадуураа өмсөж байсан хувцас нь байхгүй болчихсон байсан. Намайг нойлын өрөөнд ороход Гүнчинсүрэнгийн хувцас, цүнх зэрэг нь газар уначихсан, Шүрэнцэцэг, Мягмарсүрэн нарт зодуулсан байдалтай байсан. Баарнаас Мягмарсүрэн, Намуунаа, Шүрэнцэцэг нар гарч ирээд Шүрэнцэцэг гэдэг нэртэй охин та нарыг ална, одоо үзчих үү гээд дайраад миний үснээс зулгаасан. Тэр үед баарны хамгаалагч нар гарч ирээд бид нарыг дахиад салгасан гэсэн мэдүүлэг /хх 29 ху/,

 

-Гэрч Э.М мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2017 оны 03 сарын 08-ны өдөр би Бамбай харуул хамгаалалтын албаны шуурхай бүлгийн хамгаалагчаар үүрэг гүйцэтгэж байсан. Тухайн орой 23 цаг өнгөрч байхад Казино баарны хамгаалагч Эрдэнэжаргалаас хүмүүс зодолдоод байна гэсэн дуудлагын дагуу очиход Казино баарны нойлын өрөөнд 7-8 орчим эмэгтэй хүмүүс хоорондоо маргалдаад нэг нэгийнхээ үсийг зулгаасан байдалтай байхаар нь салгаад 3-4 эмэгтэй хүмүүсийг баарнаас түрүүлж гаргасан. Үлдсэн 4 орчим эмэгтэйчүүдийг бааранд байлгаж байгаад хэсэг хугацааны дараа баарнаас гарсан. Яагаад гэвэл салгаж явуулах зорилготой байсан юм. Сүүлд баарнаас гаргасан охидуудыг гаргачихаад араас нь гарахад гадаа нөгөө охидууд дахиад хоорондоо маргалдаад нэгнийгээ унагааж өшиглөж байхаар нь салгахад тэр дундаас шар царайтай эмэгтэй нь хашгираад зодолдох гээд байсан. Хоёр хэсэг хуваагдсан охидууд байсан. Нэг нэгнийгээ хэл амаар доромжлоод байсан гэсэн мэдүүлэг /хх 33 ху/,

 

-Гэрч Г.Х-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2017 оны 03 сарын 08-ны өдөр найз Намуунаа, Мягмарсүрэн, Шүрэнцэцэг нартай уулзаад уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах Казино бааранд орой 21 цагийн үед орсон. Бид нар бааранд ороод 1 шил архи, хүний тоогоор пиво авч ууж бүжиглэсэн. Орой баар хаах үед бид нар хувцсаа өмсөөд гарах гэж байхад зүс таньдаг Гүнчинсүрэн Намуунаагийн хамт баарны нойл руу орсон. Тэр хоёрын араас Мягмарсүрэн, Шүрэнцэцэг бид 3 нойлын өрөөнд ороход Гүнчинсүрэн Мягмарсүрэн, Намуунаа нарыг та нартай хуучин тооцоо байгаа шүү гэхээр нь би ямар тооцоо байгаа юм бэ гэхэд Гүнчинсүрэн чамд хамаа байхгүй шүү гэхээр нь би хэн юм бэ гэхэд Шүрэнцэцэг намайг нойлын үүд рүү гаргасан, харин Мягмарсүрэн Гүнчинсүрэнг нойлын булангын зүг аваад явсан. Би нойлын өрөөнөөс гарсан, харин нойлд Шүрэнцэцэг, Мягмарсүрэн, Гүнчинсүрэн, Намуунаа нар үлдсэн. Тэр үед нойлын өрөөнд өөр танихгүй хүмүүс байсан. Би нойлын өрөөнөөс гараад шууд гэртээ харьсан. Тэрнээс хойш шөнийн 00 цаг өнгөрч байхад миний утас руу Мягмарсүрэн залгаад зодуулчихлаа, чи хайчсан юм бэ гэж ярьж байсан гэсэн мэдүүлэг /хх 35 ху/,

 

-Гэрч Б.Э-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2017 оны 03 сарын 08-ны орой 23 цаг өнгөрч байхад баарны сүүлийн 3 дуу явж дуусаад гэрлээ асааж хүмүүсээ гаргаж байхад Бамбай харуул хамгаалалтын шуурхайгийн 2 хамгаалагч ирсэн. Яг хэн гэдэг нэртэй хамгаалагч нар ирсэн талаар санахгүй байна. Намайг шуурхай бүлгийн хамгаалагч нартай уулзчихаад баар луу ороход нэг эмэгтэй нойлд зодоон болоод байна гэхээр нь би нойлын өрөөнд ороход 4-5 эмэгтэй нэг нэгнийхээ үснээс зулгаагаад маргалдаад байсан. Би тэр эмэгтэйчүүдийг салгах гэсэн боловч чадахгүй байхаар нь шуурхай бүлгийн хамгаалагч нарыг станцаар дуудсан. Шуурхай бүлгийн хамгаалагч нар орж ирэхэд нойлын өрөөнд урт ягаан өнгийн куртиктэй эмэгтэй хашгираад хамгийн цаад талын буланд нэг эмэгтэйг үсдээд дарчихсан байхаар нь хамгаалагч нар салгаад нойлын өрөөнөөс хүчээр гаргасан. Тэр эмэгтэй хамгийн ихээр хашгирч байсан. Нойлын өрөөнд үлдсэн эмэгтэйчүүдийг гаргахад урт ягаан өнгийн куртиктэй эмэгтэй текний урд талын сандлыг барьчихаад зодуулсан гээд байгаа хар өнгийн цамцтай, мөрөндөө шивээстэй эмэгтэй рүү шидэх гээд байхаар нь ягаан куртиктэй эмэгтэйгээ хамт явж байсан 3 эмэгтэйг бааран дотор үлдээгээр нойлын өрөөнд зодуулсан гэх эмэгтэйг найз нарыхан нь хамт түрүүлээд гарсан гэсэн мэдүүлэг /хх 36 ху/,

 

-Гэрч Э.Н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2017 оны 03 сарын 08-ны өдөр мартын 8-ны өдөр байсан болохоор найз Шүрэнцэцэг, Хулан, Мягмарсүрэн нарын хамт орой 21 цагийн үед Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах Казино бааранд ороод 0.5 литрийн Хар чингис гэсэн нэртэй архи, хүний тоогоор пиво авч ууж бүжиглэсэн. Уг бааранд арван жилд хамт нэг сургуульд сурдаг байсан Гүнчинсүрэн найз нарынхаа хамт байхаар нь би очиж уулзсан. Гүнчинсүрэн нь миний сууж байсан ширээний хойд талын ширээн дээр найзуудынхаа хамт сууж байсан. Би өөрөө найзуудынхаа хамт баарны нойлын өрөөний харалдаа ширээн дээр сууж байсан юм. Би Гүнчинсүрэнтэй МСҮТ-д сурч байхдаа болсон асуудал болох Гүнчинсүрэнгийн найзынхан нөхөртэй найзалж нөхөрлөдөг байсан талаар хоорондоо ярьсан. Тухайн үед ямар ч хэрүүл маргаан болоогүй. Баарны сүүлийн 3 дуу явж дуусаад хөгжим унтарч гэрэл асаад хүмүүс баарнаас гарч байсан. Би Гүнчинсүрэнгийн ширээн дээр очоод Гүнчинсүрэнтэй юм ярьж байсан шиг санагдаж байна. Тухайн үед би нилээн архи уучихсан байсан болохоор зарим зүйлийг санаад зарим хэсгийг нь санахгүй байна. Гүнчинсүрэнг баарнаас гарах гэхээр нь би дуудаад нойлын өрөө рүү дагуулаад ороход араас Мягмарсүрэн, Хулан, Шүрэнцэцэг нар орж ирээд Гүнчинсүрэн бид хоёрыг маргалдаад байна гэж Хулан бодсон юм шиг байсан. Хулан Гүнчинсүрэнг чи боль гээд маргалдаад байхаар нь би Гүнчинсүрэн, Хулан нарт ямар ч хэрүүл болоогүй гэж хэлсэн. Нойлын өрөөнд нэг мэдэхэд баахан охидууд ороод ирчихсэн нэг нэгийнхээ үснээс зулгаагаад хашгираад байхад гаднаас хамгаалагч орж ирээд салгаад бид нарыг нойлын өрөөнөөс гаргасан. Баарнаас Гүнчинсүрэнг найз нарынхаа хамт эхэлж гаргаад хэсэг хугацааны дараа манай найз нар баарнаас гарсан. Би араас нь баарнаас гарахад гадаа Мягмарсүрэнг Заяа гэдэг нэртэй охин газар унгаачихсан өшиглөж байхаар нь би Заяа гэдэг нэртэй охиныг болиочээ гэж хэлж байсан. Тэр үед хамгаалагч нар дахиад салгаад бид нар гэр гэртэй харьсан гэсэн мэдүүлэг /хх 40 ху/,

 

-Яллагдагч О.Ш-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Гүнчинсүрэн Хулантай зодолдох гээд байхаар нь би салгахад нойлын өрөөнд найз нар нь орж ирсэн. Мягмарсүрэн, Гүнчинсүрэн нар хоорондоо нойлын өрөөнд зодолдсон. ...Би Гүнчинсүрэнг цохиж зодсон зүйл байхгүй. Уг зодоон нойлын өрөөнд Намуунаа Гүнчинсүрэнтэй орсоны дараа Хулан, Мягмарсүрэн бид 3 хамт ороход Намуунаа, Гүнчинсүрэн нар хоорондоо юм яриад зогсож байхад Хулан манай найзыг яагаад дээрэлхээд байгаа юм бэ гэж хэлснээс болж нэг нэгийгээ хэл амаар доромжлоод зодоон эхэлсэн гэсэн мэдүүлэг /хх 70 ху/,

 

-Яллагдагч О.М-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. ...Гүнчинсүрэн намайг баарны нойлын өрөөнд хэл амаар доромжлоод байхаар нь би үснээс нь зулгаасан. Цохиж зодоогүй, Шүрэнцэцэг Гүнчинсүрэнг цохиж зодсоныг хараагүй болохоор мэдэхгүй байна. ...Бүлэглэж Гүнчинсүрэнг зодож биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдлийг хүлээн зөвшөөрч байна гэсэн мэдүүлэг /хх 75 ху/,

 

-Яллагдагч Д.З-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Мягмарсүрэн, Шүрэнцэцэг гэдэг нэртэй охидууд Казино баарны дотор талын нойлын өрөөнд манай найз Гүнчинсүрэнг бүлэглэн зодсон. Мөн намайг хэл амаар доромжлоод байсан болохоор би уурандаа Мягмарсүрэнг газар унагаагаад өшиглөсөн юм. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Мөн түрхэн зуурын уураа барьж чадаагүйн улмаас ийм гэмт хэрэгт холбогдсондоо их харамсаж байна гэсэн мэдүүлэг /хх 79 ху/, 

 

-Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 268 дугаартай дүгнэлтэнд:

1. О.Мягмарсүрэнгийн биед нүүрний зүүн хэсэг, нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны салстад цус хуралт үүсчээ.

2. Дээрх гэмтлүүд нь хатуу зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах шинэ гэмтлүүд байна.

4. Гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.

5. Энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэл /хх 43 ху/,

 

-Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 277 дугаартай дүгнэлтэнд:

1. Б.Г-гийн биед тархи доргилт, хуйх, бүсэлхийд зөөлөн эдэд цус хуралт. хүзүү, цээжинд 3 тооны шалбархай зэрэг гэмтэл үүсчээ

2. Шалбархай нь үзүүр ирмэгтэй зүйлийн 3 удаагийн, бусад гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн цохих цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шинэ гэмтэл байна.

4. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна.

5. Тархи доргилт нь гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана, бусад гэмтэл нь гэмтлийн зэргийн зааврын 2.6-д заасны дапуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй.

6. Гоо сайхан болон хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх 48 ху/,

 

            -Эд мөрийн баримт хэрэгт хавсаргах тогтоол /хх 14 ху/

-О.Шийг сэжигтнээр тооцох тогтоол, сэжигтнээр байцаасан тэмдэглэл, яллагдагчаар татах тогтоол, яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх 67-70 ху/

-О.Мягмарсүрэнг сэжигтнээр тооцох тогтоол, сэжигтнээр байцаасан тэмдэглэл, яллагдагчаар татах тогтоол, яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх 71-75 ху/

-Д.Заяаг сэжигтнээр тооцох тогтоол, сэжигтнээр байцаасан тэмдэглэл, яллагдагчаар татах тогтоол, яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх 76-79 ху/

              -Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 81, 85, 90 ху/

              -Гэрэл зургийн үзүүлэлт /хх 100 ху/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжилсэн нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгч О.М, О.Ш нар нь 2017 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах Казино баарны нойлын өрөөнд Б.Гг бүлэглэн зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан, шүүгдэгч Д.З2017 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах “Казино” баарны гадна О.Мягмарсүрэнг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн болон хохирогч нь шүүгдэгчтэй эвлэрсэн талаар өгсөн мэдүүлгүүд, мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Б.Ггийн “...Би Мягмарсүрэнг салгахад хумсаараа миний хүзүүг урчихсан, Мягмарсүрэн дахиад миний хүзүүг боогоод байхад Шүрэнцэцэг гэдэг эмэгтэй хажуу талаас толгой руу гараараа цохиод байсан. Мөн баруун бөөр рүү цохиод байсан. Яг юугаар цохисон эсэхийг хараагүй, Тэр үед Мягмарсүрэн намайг боогоод зогсож байхаар нь би Мягмарсүрэнг зүгээр байгаарай гэж хэлээд гарыг нь салгахад Мягмарсүрэн миний үснээс зулгаагаад доош нь дарчихаар нь би Мягмарсүрэнгийн гарыг салгаад толгойгоо дээшээ болгох гэхэд Мягмарсүрэнгийн нүүрийг нь мөргөсөн. Мягмарсүрэн намайг түлхээд булан руу оруулахад Шүрэнцэцэг миний хүзүү рүү гараараа цохисон. ...Бид нар гадаа зогсож байхад хэсэг хугацааны дараа Намуунаа, Мягмарсүрэн, Шүрэнцэцэг нар гарч ирсэн. ...Мягмарсүрэн баарны гадаа хаана байна гээд хашгирахад Заяа Мягмарсүрэн дээр очоод татаж унагаагаад өшиглөсөн” /хх 19 ху/, гэрч Б.Хулангийн “...Заяа, Сүлдээ бид 3 хамт баар луу ороод нойлын өрөөнд ороход Гүнчинсүрэн буланд газар суучихсан, зодуулчихсан байдалтай үс нь сэгсийчихсэн байсан. ...Бид нар баарны гадаа зогсож байхад нөгөө охидууд гарч ирээд Заяатай нойлын өрөөнд маргалдаад байсан Мягмарсүрэн гэдэг охиныг Заяа үснээс нь зулгаагаад газар унагааж нүүр хэсэг рүү нь 1 удаа өшиглөсөн. Тэр үед дахиад баарны хамгаалагч нар гарч ирээд бид нарыг салгасан. ...Заяа Гүнчинсүрэнг өмөөрөөд Мягмарсүрэнг зодсон. Бааранд бүжиглэж байхад Мягмарсүрэн гэдэг охин хөөе янхан минь, чамайг би мэдэх юм байна шүү гээд олон хүний дэргэд элдвээр хэлээд байсан” /хх 26 ху/, гэрч Б.Оюунсүлдийн “...Бид 3 Гүнчинсүрэнг хүлээгээд гарч ирэхгүй байхаар нь эргээд баар луу ороод нойлын өрөөнд ороход Гүнчинсүрэн буланд суучихсан, Шүрэнцэцэг гэдэг нэртэй эмэгтэй Гүнчинсүрэнгийн үснээс нь татаад доошоо дарчихсан, хажуу талаас нь Мягмарсүрэн Гүнчинсүрэнгийн нүүр хэсэг рүү нь өшиглөж байсан. Миний араас нойлын өрөөнд Заяа, Хулан нар орж ирэхээр нь би баарны хамгаалагч дуудсан. ...Намайг нойлын өрөөнд ороход Гүнчинсүрэнгийн хувцас, цүнх зэрэг нь газар уначихсан, Шүрэнцэцэг, Мягмарсүрэн нарт зодуулсан байдалтай байсан. Баарнаас Мягмарсүрэн, Намуунаа, Шүрэнцэцэг нар гарч ирээд Шүрэнцэцэг та нарыг ална, одоо үзчих үү гээд дайраад миний үснээс зулгаасан. Тэр үед баарны хамгаалагч нар гарч ирээд бид нарыг дахиад салгасан” /хх 29 ху/, гэрч Э.Мөнх-Эрдэнийн “...Казино баарны хамгаалагч Эрдэнэжаргалаас хүмүүс зодолдоод байна гэсэн дуудлагын дагуу очиход Казино баарны нойлын өрөөнд 7-8 орчим эмэгтэй хүмүүс хоорондоо маргалдаад нэг нэгийнхээ үсийг зулгаасан байдалтай байхаар нь салгаад 3-4 эмэгтэй хүмүүсийг баарнаас түрүүлж гаргасан. Үлдсэн 4 орчим эмэгтэйчүүдийг бааранд байлгаж байгаад хэсэг хугацааны дараа баарнаас гарсан. Яагаад гэвэл салгаж явуулах зорилготой байсан юм. Сүүлд баарнаас гаргасан охидуудыг гаргачихаад араас нь гарахад гадаа нөгөө охидууд дахиад хоорондоо маргалдаад нэгнийгээ унагааж өшиглөж байхаар нь салгахад тэр дундаас шар царайтай эмэгтэй нь хашгираад зодолдох гээд байсан. Хоёр хэсэг хуваагдсан охидууд байсан” /хх 33 ху/, гэрч Г.Хулангийн “...найз Намуунаа, Мягмарсүрэн, Шүрэнцэцэг нартай уулзаад Казино бааранд орой 21 цагийн үед орсон. ...Орой баар хаах үед бид нар хувцсаа өмсөөд гарах гэж байхад зүс таньдаг Гүнчинсүрэн Намуунаагийн хамт баарны нойл руу орсон. Тэр хоёрын араас Мягмарсүрэн, Шүрэнцэцэг бид 3 нойлын өрөөнд ороход Гүнчинсүрэн Мягмарсүрэн, Намуунаа нарыг та нартай хуучин тооцоо байгаа шүү гэхээр нь би ямар тооцоо байгаа юм бэ гэхэд Гүнчинсүрэн чамд хамаа байхгүй шүү гэхээр нь би хэн юм бэ гэхэд Шүрэнцэцэг намайг нойлын үүд рүү гаргасан. ...Тэр үед нойлын өрөөнд өөр танихгүй хүмүүс байсан. Би нойлын өрөөнөөс гараад шууд гэртээ харьсан. Тэрнээс хойш шөнийн 00 цаг өнгөрч байхад миний утас руу Мягмарсүрэн залгаад зодуулчихлаа, чи хайчсан юм бэ гэж ярьж байсан” /хх 35 ху/,  гэрч Б.Эрдэнэжаргалын “...Намайг шуурхай бүлгийн хамгаалагч нартай уулзчихаад баар луу ороход нэг эмэгтэй нойлд зодоон болоод байна гэхээр нь би нойлын өрөөнд ороход 4-5 эмэгтэй нэг нэгнийхээ үснээс зулгаагаад маргалдаад байсан. Би тэр эмэгтэйчүүдийг салгах гэсэн боловч чадахгүй байхаар нь шуурхай бүлгийн хамгаалагч нарыг станцаар дуудсан. Шуурхай бүлгийн хамгаалагч нар орж ирэхэд нойлын өрөөнд урт ягаан өнгийн куртиктэй эмэгтэй хашгираад хамгийн цаад талын буланд нэг эмэгтэйг үсдээд дарчихсан байхаар нь хамгаалагч нар салгаад нойлын өрөөнөөс хүчээр гаргасан” /хх 36 ху/, гэрч Э.Намуун-Эрдэнийн “...найз Шүрэнцэцэг, Хулан, Мягмарсүрэн нарын хамт орой 21 цагийн үед Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах Казино бааранд ороод 0.5 литрийн Хар чингис гэсэн нэртэй архи, хүний тоогоор пиво авч ууж бүжиглэсэн. ...Би Гүнчинсүрэнгийн ширээн дээр очоод Гүнчинсүрэнтэй юм ярьж байсан шиг санагдаж байна. Тухайн үед би нилээн архи уучихсан байсан болохоор зарим зүйлийг санаад зарим хэсгийг нь санахгүй байна. ...Нойлын өрөөнд нэг мэдэхэд баахан охидууд ороод ирчихсэн нэг нэгийнхээ үснээс зулгаагаад хашгираад байхад гаднаас хамгаалагч орж ирээд салгаад бид нарыг нойлын өрөөнөөс гаргасан. ...баарнаас гарахад гадаа Мягмарсүрэнг Заяа гэдэг нэртэй охин газар унгаачихсан өшиглөж байхаар нь би Заяа гэдэг нэртэй охиныг болиочээ гэж хэлж байсан. Тэр үед хамгаалагч нар дахиад салгаад бид нар гэр гэртээ харьсан” /хх 40 ху/, яллагдагч О.Шийн “...Гүнчинсүрэн Хулантай зодолдох гээд байхаар нь би салгахад нойлын өрөөнд найз нар нь орж ирсэн. Мягмарсүрэн, Гүнчинсүрэн нар хоорондоо нойлын өрөөнд зодолдсон. ...Би Гүнчинсүрэнг цохиж зодсон зүйл байхгүй. Уг зодоон нойлын өрөөнд Намуунаа Гүнчинсүрэнтэй орсоны дараа Хулан, Мягмарсүрэн бид 3 хамт ороход Намуунаа, Гүнчинсүрэн нар хоорондоо юм яриад зогсож байхад Хулан манай найзыг яагаад дээрэлхээд байгаа юм бэ гэж хэлснээс болж нэг нэгийгээ хэл амаар доромжлоод зодоон эхэлсэн” /хх 70 ху/, яллагдагч О.Мягмарсүрэнгийн “...Гүнчинсүрэн намайг баарны нойлын өрөөнд хэл амаар доромжлоод байхаар нь би үснээс нь зулгаасан. Цохиж зодоогүй, Шүрэнцэцэг Гүнчинсүрэнг цохиж зодсоныг хараагүй болохоор мэдэхгүй байна. ...Бүлэглэж Гүнчинсүрэнг зодож биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдлийг хүлээн зөвшөөрч байна” /хх 75 ху/, яллагдагч Д.Заяагийн “...Мягмарсүрэн, Шүрэнцэцэг гэдэг нэртэй охидууд Казино баарны дотор талын нойлын өрөөнд манай найз Гүнчинсүрэнг бүлэглэн зодсон. Мөн намайг хэл амаар доромжлоод байсан болохоор би уурандаа Мягмарсүрэнг газар унагаагаад өшиглөсөн юм. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” /хх 79 ху/ гэсэн мэдүүлгүүд, хохирогч Б.Ггийн биед тархи доргилт, хуйх, бүсэлхийд зөөлөн эдэд цус хуралт. хүзүү, цээжинд 3 тооны шалбархай зэрэг гэмтэл үүссэнийг тогтоосон 277 дугаартай шинжээчийн дүгнэлт, хохирогч О.Мягмарсүрэнгийн биед нүүрний зүүн хэсэг, нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны салстад цус хуралт үүссэнийг тогтоосон 268 дугаартай шинжээчийн дүгнэлт, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч О.Ш нь мөрдөн байцаалтын шатанд  “...Гүнчинсүрэн Хулантай зодолдох гээд байхаар нь би салгахад нойлын өрөөнд найз нар нь орж ирсэн. Мягмарсүрэн, Гүнчинсүрэн нар хоорондоо нойлын өрөөнд зодолдсон. ...Би Гүнчинсүрэнг цохиж зодсон зүйл байхгүй” гэж мэдүүлж байсан боловч шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн өөрийнх нь “...мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Гүнчинсүрэнтэй уулзаж уучлалт гуйсан. Архи бага зэрэг уусан. Болсон асуудлаа мэдэж байгаа. Хийсэн хэргээ ойлгож гэмшиж байна” гэсэн мэдүүлэг болон шинжлэн судлагдсан дээрхи хохирогч, гэрчүүдийн мэдүүлгүүдээр түүнийг дээрхи гэмт хэрэгт бүлэглэн оролцсон гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч О.Ш, О.М, Д.З нарт холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс О.Ш, О.М нарыг бүлэглэн бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг, Д.Заяаг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч нар нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирол төлбөргүй, мөн уг хэргийн хохирогч нар нь шүүгдэгч нартай сайн дураараа эвлэрсэн болох нь тэдний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүдээр тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Заяад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, харин шүүгдэгч О.Мягмарсүрэн, О.Ш нарт ял шийтгэл оногдуулахдаа албадан ажил хийлгэх ялыг сонгон хэрэглэх нь зүйтэй.

 

Хохирогч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирол төлбөргүй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурьдав.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2., 283, 286, 294, 295, 296, 297, 298, 299 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

 

                                                                                                                                                  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч О.Ш, шүүгдэгч О.М нарыг бүлэглэн бусдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Д.З бусдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1., 208 дугаар зүйлийн 208.1.3.т зааснаар шүүгдэгч Д.З-д холбодох хэргийг хохирогч нь шүүгдэгчтэй эвлэрсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2.т зааснаар О.Ш, О.М нарыг тус бүрийг 251 /хоёр зуун тавин нэг/ цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.1., 50.3.т зааснаар шүүгдэгч О.Ш, О.М нар нь албадан ажил хийлгэх ялаас санаатайгаар зайлсхийвэл баривчлах ялаар солихыг анхааруулсугай.

 

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7.д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.

 

6. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Ш, О.М, Д.З нарт урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

   8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Ж.БАЙГАЛМАА