Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 2018/ШЦТ/130

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

             Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Сүхжаргал, улсын яллагч Д.Оюунгэрэл, шүүгдэгч У.Б, хохирогч Ц.Болд, шинжээч эмч Ц.Бадрал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

          Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У.Бд холбогдох эрүүгийн “1811000790085” дугаартай, 186/2018/0105/э индекстэй хэргийг 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч шүүг хэлэлцэв.

         Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн,1988 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Дорноговь аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Монполимет ХХК-нд жолооч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дорноговь аймаг Өргөн сум 4 дүгээр баг, Сэнж найрамдал 2 дугаар байрны 7-21 тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, У.Б,

          Холбогдсон хэргийн талаар У.Б нь 2017 оны 12 дугаар сарын 28-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 29-нд шилжих шөнө 04 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүрэг 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 1 дүгээр дэлгүүрийн орчим, иргэн Ц.Болдыг зодож, түүний биед дархи доргилт, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөг, хацар, уруулд зулгаралт, хүзүүнд цус хуралт бүхий гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:    

              Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нараас мэдүүлсэн мэдүүлэг:

       1.1. Шүүгдэгч У.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:.. 2017 оны 12 дугаар сарын 28-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 29-нд шилжих шөнө байгууллагынхаа шинэ жилээс гараад тусдаа өөр “Виктори” гэдэг газар орж үргэлжлүүлсэн. Ц.Болд хэт их архи уугаад тасраад унахаар нь гэрт нь хүргэж өгөх санаатай авч гараад машины хойно суугаад явж байтал ийм зүйл болсон гэв.

      1.2. Хохирогч Ц.Болд нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:..2017 оны 12 дугаар сарын 28-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 29-нд шилжих шөнө У.Бд зодуулаад хамартаа гэмтэл аваад хагалгаанд орсон. Би эмчилгээний зардал болох төлбөрөө авсан тохиолдолд ямар нэгэн гомдол саналгүй гэв.

      1.3. шинжээч эмч Ц.Бадрал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Ц.Болдын биед үзлэг хийж шүүх эмнэлгийн дүгнэлт гаргасан 857 тоот дүгнэлт. Тархи доргилт, зүүн нүдний зовхи унжсан хөхрөлт, зөөлөн эдийн няцралт, зүүн хөмсөг, хацар, уруулны зулгаралт, хүзүүнд цус хуралт тогтоогдлоо.

       Дээрх гэмтэл нь мохой зүйлийн олон удаагийн үйлчлэлийн улмаас үүссэн шинэ гэмтэл байх тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэв. Хоёр: Шүүгдэгч, хохирогч нар мэдүүлэг өгсний дараа талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

        2.1. Хохирогч Ц.Болд нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:..Би “Мон полимет групп” ХХК-ны охин компани болох “Мон цемент” үйлдвэрт төв удирдлагын опероторчноор ажилладаг. Манай компанийн шинэ жилийн арга хэмжээ 2017 оны 12 дугаар сарын 28-ны орой 18 цагт Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “МПМ” оффис дээр шинэ жилийн арга хэмжээ болсон. Шинэ жилийн арга хэмжээн дээр архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд нэлээд согтсон байсан. Арга хэмжээ орой 23 цагийн орчим дууссан. Тэндээс гараад манай компанийн Улаанбаатар фирмийн цехийн хамт олон үргэлжлүүлж баяраа тэмдэглэхээр болоод Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тэнгис кино театрын Yictoria төв дотор байдаг караоке бааранд орсон. Бааранд манай хамт олон дуулаад ууж идэж байгаад 2017 оны 12 дугаар сарын 29-ний шөнө 04 цагийн орчим тарсан. Би тухайн үед архи их уусан учраас нэлээд согтсон байж хэсэг хугацааны дараа сэргэсэн. Тэгээд л сэрэхэд баарны гадаа компаний жолооч Баярхүүтэй зууралдсан байдалтай зогсож байгаад Эрдэмбилэгийн машины ар талд нь суугаад хөдлөөд явж байхад хажууд сууж явсан Баярхүү намайг зодсон. Баярхүү тухайн үед яаж зодсон талаар мэдэхгүй байна. Ингээд явж байхад замд машинаа зогсоогоод Баярхүү дахиад машинаас татаж буулгаад газар унагааж байгаад нэмж зодсон. Ингээд би тэндээс такси бариад гэртээ харьсан гэх мэдүүлэг. /хх 8-9/,

        2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.Эрдэнэбилэг гэрчээр мэдүүлэхдээ:.. 2017 оны 12 дугаар сарын 28-ны орой 19 цагийн үед “Мон полимет” группын шинэ жил болоод Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Авто замчдын гудамж 30 дугаар байранд байрлах компаний төв дээр шинэ жил тэмдэглэсэн миний хувьд орой 23 цагийн үед шинэ жилд очсон тэнд 1 цаг орчим болоод “Мон полимет” группын охин компани болох “Мон Цемент” ХХК-ний ажилчид 50-60 хүн Виктория центр дээр шөнө 24 цаг 30 минутын үед ирсэн. Болд 24 цаг 40 минутын үед надруу залгаад Виктория центрийн хаягийг асуугаад араас ганцаараа ирсэн. Виктория центр дээр ирэх үед Болд хэт их согтсон байсан хэдэн хундага архи уугаад унтаад өгсөн байсан тэгээд Виктория центр төвөөс 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 04 цагийн үед Болд Ухандоржийн Баярхүү бид нар гарсан, гараад гадаа нэг таксины жолооч гээд ахаар машинаа бариулаад Болдыг хүргэж өгөхөөр хөдөлсөн Баярхүү Болд нар арын суудал дээр сууж явсан миний санаж байгаагаар 5 дугаар сургуулийн уулзвар орчим очоод Болд Баярхүүг тохойгоороо толгой цээж орчимд нь цохиод агсам тавиад байсан, тэр үед Баярхүү уурлаад бие биетэйгээ заамдалцаад зууралдаад бие биенийгээ цохиод байсан хаана хаана хэдэн удаа цохисон талаар мэдэхгүй байна. Ямар ч гэсэн гараараа харилцан бие биенийгээ цохиж байсан би боль гэж хэлж байх үед миний машиныг барьж байсан жолооч буугаад хаалгаа онгорхой орхиод явахаар нь би буугаад жолооч талын хаалгыг хаахад Баярхүү Болд нар жолоочийн эсрэг талын хаалгаар зууралдаж буугаад машины зам дээр зууралдаад өнхрөөд хувцас нь урагдаад шавхай болсон байдалтай би салгах гээд байж байхад машинтай эмэгтэй эрэгтэй 2 цагдаа ирээд тэр хоёрыг салгаад Баярхүү, Болд нарыг эрэгтэй цагдаа нь машиндаа суулгаад Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр ирсэн араас нь эмэгтэй цагдаа нь миний машиныг бариад ирсэн. Тэгээд би дуудлагын жолооч дуудаад машинаа бариулаад Сансар орж байхад араас Баярхүү яриад хүлээж бай гээд такси бариад хүрээд ирсэн тэгээд бид хоёр хамт манайд очиж хоносон Болд яаж явсан талаар мэдэхгүй байна гэх мэдүүлэг. /хх 13-14/,

         2.4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад У.Б гэрчээр мэдүүлэхдээ:..Би монполимент ХХК-д жолоочоор ажилладаг. Манай компанийн шинэ жилийн арга хэмжээ 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах багшийн дээдийн орчим байдаг компанийн оффисын байранд шинэ жилээ хийж байгаад үйл ажиллагаа 23 цагийн орчим манай компанийн ажилчид болох Эрдэмбилэг, Буд, Кумар бид нар Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тэнгис кино” театрын хажууд Victoria центр төвийн пабад орсон. Пабад ороод тэмдэглээд дундаасаа мөнгө цуглуулаад архи пиво аваад ууж байхад манай инженер Болд нэмэгдээд ирсэн байсан. Тухайн үед Болд нэлээд их хэмжээний согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Болд бид хоёр, гурван ширээний наана цаана сууж байсан. Тухайн үед Эрдэмбилэгтэй утсаар ярьж байгаад ирсэн байсан. Ингээд бид нар 04 цагийн орчим гэр гэртээ харихаар болсон Тэгсэн чинь Болд пабад ганцаараа тасарсан урт сандал дээр ганцаараа унтаж байсан. Тэгээд би хотод очих айл байхгүй учраас Эрдэмбилэгийн гэрт хамт очиж хонох гэж байсан чинь Болдыг хоёр хүн сугадаад гаргаад ирсэн чинь Эрдэмбилэгийг манай машинд суулгасан. Ингээд тэндээс холдоогүй байтал Болд сэрээд миний куртикнээс татаад малгайг нь ураад миний бөөрлүү цохихоор нь куртик урчихлаа гэж хэлсэн. Тэгсэн чинь Болд чи яагаад уурлаад байгаа юм гээд дахиж татаад куртик ураад би Орос улсад сурч байсан мужик эр гээд байхаар нь дөхөөд суусан чинь миний хамарлуу тохойгоороо цохисон. Тэгээд дуудлагын жолоочийн араас татаад машинаа зогсоосон чинь жолооч нь буугаад яваад өгсөн. Ингээд зогссоны дараа машинаас бууж ирээд намайг цохиод авахаар нь би зууралдаад хоорондоо ноцолдож байгаад газар унасан. Энэ үед зам дээр зогсож байсан цагдаа ирээд бид хоёрыг салгаж аваад машиндаа суулгаад аваад явсан. Тэгэхэд бид хоёр найзууд байгаа юм ямар нэгэн асуудал байхгүй явлаа гээд явсан. Энэ үед цагдаа нь Эрдэмбилэгийн машиныг нь унаад цагдаагийн хэлтэс дээр ирсэн байсан. Тэнд бид хоёр салаад яваад өгсөн. Тэгээд би такси бариад Эрдэмбилэгтэй яриад хаана байгааг нь асуугаад Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах сансарын хаан банкны орчим очоод гэрт нь очиж хоносон гэх мэдүүлэг. /хх 17-19/,

        2.5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад С.Баасансүрэн гэрчээр мэдүүлэхдээ:..найз Ухнадоржийн Баярхүү нь 1988 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Дорноговь аймаг Сайншанд суманд төрсөн. Эцэг, эхээс хоёулаа айлын бага хүүхэд дээрээ нэг эгчтэй. Арван жилийн сургуулиа Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр арван жилийн дунд сургуулийг 1995-2005 он хүртэл суралцаж төгссөн. эхнэрийг нь Ариунжаргал гэдэг, манай 10 жилийн ангийн хүүхэд, би Баярхүүтэй 2009 оноос эхлэн гэр бүлээрээ найз нөхдийн холбоотой явж байна. Баярхүү бид хоёр Дорноговь аймгийн Өргөн суманд байдаг, Монцемент ХХК-д жолоочоор ажилладаг юм. Одоо Улаанбаатар хотод компанийн салбар үйлдвэр дээр томилолтоор хамт ирээд ажиллаж байгаа. Найз Баярхүү нь зан байдлын хувьд үг дуу цөөтэй, ширүүн догшин ааш зан байхгүй, байнга инээгээд явж байдаг. Найз нөхөдтэйгээ хамт байхдаа биеэ зөв авч явдаг. Архи дарсыг нь бол ёслолын үеэр тохируулаад хэрэглээд байдаг гэх мэдүүлэг. /хх 22-23/,

        2.6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ц.Болд гэрчээр мэдүүлэхдээ:.. 2017 оны 12 дугаар сарын 28-ны орой “Мон Цемент” ХХК-ний ажилчдын Арслантай гүүрнээс урд зүгт байрлах "МПМ" гэж манай компаний байрны 4 давхарт шинэ жилээ тэмдгэлсэн. Тэндээс 23 цагийн үед гараад Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Виктория центрийн үйлчилгээний газар тасгаараа орсон. Нийт 40-50 хүн орсон санагдаж байна. Архи, пиво зэрэг согтууруулах ундаа уусан хэр хэмжээгээр би ууснаа санахгүй байна миний хувьд Виктория центрт орсноо санаж байгаа тэгээд хэдэн цагт гарснаа санахгүй байна. Нэг сэргэхэд би ажлын газрын Эрдэмбилэг, Баярхүү нартай хамт гарсан тэгээд л би юу болсон талаар санахгүй байна. Ямар ч гэсэн таксинд дотор явж байсан тэгээд өглөө гэртээ сэрсэн. Тэгээд харсан чинь миний зүүн талын нүд овоож хавдаад хөхрөөд юм харахгүй болсон байсан. Хойлоо улайгаад зулгарсан байсан гэх мэдүүлэг. /хх-24/,

       2.7. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Бадам гэрчээр мэдүүлэхдээ:.. Миний төрсөн дүү Ц.Болд нь Монцемент ХХК-д ажилладаг Тухайн компани нь байгууллагаараа 2017 оны 12 дугаар сарын 28-ны орой 18 цагийн үед шинэ жил тэмдэглэнэ гээд манай дүү ганцаараа гараад явсан тэгээд шөнө гэртээ ирсэн байсан боловч би хэдэн цагийн үед орж ирсэн талаар мэдээгүй өглөө цагийн 09:00 цагийн үед босоод харсан чинь дүү Болд хувцас нь урагдсан шороо шавхай болсон байдалтай унтаж байхаар нь нүүрийг нь харсан чинь зүүн талын нүд нь хөхөрч хавдаад юм харахааргүй таг болчихсон байсан учраас юу болсон талаар асуухад бид нар шинэ жил тэмдэглээд Виктория центр орсон надтай хамт манай ажлын Эрдэмбилэг, Баярхүү нар байсан гэж хэлэхээр нь би Эрдэмбилэг гэж хүний 9978074 гэсэн дугаарлуу залгахад Эрдэмбилэг нь би гэртээ байна хамт зодолдсон хүн нь манай гэрт байна одоо би босгоод аваад очьё зодолдсон хүнийх нь нүүр ам нь авах юм алга гэхээр нь би офицерийн тэнд очиход Эрдэмбилэг нь Боса дэлгүүрийн үүдэнд Баярхүү гэдэг хүнтэйгээ хамт гарч ирсэн байсан. Эрдэмбилэг Баярхүү нар нь согтуу байсан ба юу болсон талаар асуухад Эрдэмбилэг нь Баярхүү Болд нар машины ард зууралдаад өнхрөөд байсан гэж ярьсны дараа танай дүү чинь салаад ганцаараа явсан явчихсан гэсэн. Мөн Эрдэмбилэг, Баярхүү нарыг харахад ямарч зодуулсан шарх сорви байгаагүй. Тэгэхээр Эрдэмбилэг, Баярхүү нар нийлж миний дүүг зодсон гэж үзэж байна. Би дүүгээ шүүх эмнэлэгт үзүүлсэн гэх мэдүүлэг. /хх-25/,

       2.8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 857 тоот актын: 1. Ц.Болдын биед тархи доргилт, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөг, хацар, урууланд зулгаралт, хүзүүнд цус хуралт, гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг учрал болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 4. Дээрх тархи доргилт, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад зулгаралт, цус хуралт гэмтэл нь дангаараа эрүүл мэндийг сарниулахгүй тул тус журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. шинжээч эмч Ц.Бадрал гэсэн дүгнэлт. /хх-27/,

        Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд       

        3.1. Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа /хх 32-34/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-33/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 857 дугаар дүгнэлт, эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын тодорхойлолт /хх-47/, хохирлын баримтууд зэргийг шинжлэн судлалаа. Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараахи үйл баримтыг тогтоов.

         Шүүгдэгч У.Б нь 2017 оны 12 дугаар сарын 28-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 29-нд шилжих шөнө 04 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 1 дүгээр дэлгүүрийн орчим, иргэн Ц.Болдыг зодож, түүний биед дархи доргилт, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөг, хацар, уруулд зулгаралт, хүзүүнд цус хуралт бүхий гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Ц.Болдын... Тэгээд л сэрэхэд баарны гадаа компаний жолооч Баярхүүтэй зууралдсан байдалтай зогсож байгаад Эрдэмбилэгийн машины ар талд нь суугаад хөдлөөд явж байхад хажууд сууж явсан Баярхүү намайг зодсон.... гэх мэдүүлэг. /хх 8-9/, гэрч Г.Эрдэнэбилэгийн....тэр үед Баярхүү уурлаад бие биетэйгээ заамдалцаад зууралдаад бие биенийгээ цохиод байсан хаана хаана хэдэн удаа цохисон талаар мэдэхгүй байна…ямар ч гэсэн гараараа харилцан бие биенийгээ цохиж байсан ....Баярхүү Болд нар жолоочийн эсрэг талын хаалгаар зууралдаж буугаад машины зам дээр зууралдаад өнхрөөд хувцас нь урагдаад шавхай болсон байдалтай би салгах гээд байж байхад машинтай эмэгтэй эрэгтэй 2 цагдаа ирээд тэр хоёрыг салгаад Баярхүү, Болд нарыг эрэгтэй цагдаа нь машиндаа суулгаад Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр ирсэн араас нь эмэгтэй цагдаа нь миний машиныг бариад ирсэн…гэх мэдүүлэг. /хх 13-14/, гэрч Б.Бадамын... 2017 оны 12 дугаар сарын 28-ны орой 18 цагийн үед шинэ жил тэмдэглэнэ гээд манай дүү ганцаараа гараад явсан тэгээд шөнө гэртээ ирсэн байсан боловч би хэдэн цагийн үед орж ирсэн талаар мэдээгүй өглөө цагийн 09:00 цагийн үед босоод харсан чинь дүү Болд хувцас нь урагдсан шороо шавхай болсон байдалтай унтаж байхаар нь нүүрийг нь харсан чинь зүүн талын нүд нь хөхөрч хавдаад юм харахааргүй таг болчихсон байсан учраас юу болсон талаар асуухад бид нар шинэ жил тэмдэглээд Виктория центр орсон надтай хамт манай ажлын Эрдэмбилэг, Баярхүү нар байсан гэж хэлэхээр нь би Эрдэмбилэг гэж хүний 9978074 гэсэн дугаарлуу залгахад Эрдэмбилэг нь би гэртээ байна хамт зодолдсон хүн нь манай гэрт байна одоо би босгоод аваад очьё зодолдсон хүнийх нь нүүр ам нь авах юм алга гэхээр нь би офицерийн тэнд очиход Эрдэмбилэг нь Боса дэлгүүрийн үүдэнд Баярхүү гэдэг хүнтэйгээ хамт гарч ирсэн байсан. Эрдэмбилэг Баярхүү нар нь согтуу байсан ба юу болсон талаар асуухад Эрдэмбилэг нь Баярхүү Болд нар машины ард зууралдаад өнхрөөд байсан гэж ярьсны дараа танай дүү чинь салаад ганцаараа явсан явчихсан гэсэн. Мөн Эрдэмбилэг, Баярхүү нарыг харахад ямарч зодуулсан шарх сорви байгаагүй гэх мэдүүлэг. /хх-25/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 857 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч У.Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна. Шүүгдэгч У.Бгээс хавтас хэрэгт авагдсан хохирогчийн эмчилгээ хийлгэсэн зардал болох 1.903.300 төгрөгийг хохирогч Ц.Болдод олгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй байна. Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, дахь хэсэгт тус тус зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял оногдуулж, торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо. Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, мөн шүүгчдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.

         Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                    ТОГТООХ нь:     

           1. Шүүгдэгч У.г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч У.Бг 500 (таван зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

       3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч У.Бд оногдуулсан 500000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

        4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

       5. Шүүгдэгч У.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

       6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Бгээс 1.903.300 /нэг сая есөн зуун гурван мянга гурван зуун/ төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Болдод олгосугай.

       7. Хохирогч Ц.Болд нь ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

     8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.Бд хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

      9. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           С.БАТЖАРГАЛ