Шүүх | Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Батбаярын Оюун |
Хэргийн индекс | 116/2020/0012/З |
Дугаар | 15 |
Огноо | 2020-08-06 |
Маргааны төрөл | Бусад, |
Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 08 сарын 06 өдөр
Дугаар 15
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Оюун даргалж, шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: оршин суух, овогтой гийн *******,
овогт, ******* ******* нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын Улсын бүртгэгч *******ын д холбогдуулан гаргасан,
Нэхэмжлэлийн шаардлага: “Иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэлийг бүртгэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, шилжилт хөдөлгөөн бүртгэхийг даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.*******, П.******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******, хариуцагч Улсын бүртгэгч И., түүний өмгөөлөгч Ч.******* шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхнаран нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.*******, П.******* нар нь нэхэмжлэл гаргах үедээ Хөлөнбуйр сумын ******* ******* буюу 1 дүгээр багийн нутаг дэвсгэр дээр мал маллан амьдарч байсан. Энэ нь Хөлөнбуйр сумын Засаг даргын Тамгын газар болон Улсын бүртгэгчийн хариу тайлбараар ...нотлогдож байгаа. Нэхэмжлэлийн шаардлага гаргах болсон үндэслэл нь 2019 оны 11 дүгээр сард Хэнтий аймгийн Баянхутаг суманд өвөлжиж байсан Н.*******, П.******* нарын өвөлжилтийн байдал хүндрэлтэй ...байсан учир малынхаа эрхээр Хөлөнбуйр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт ирсэн. Ирэхээсээ өмнө буюу 2019 оны 11 дүгээр сард орон нутгийн Засаг захиргааны байгууллагад “...Дорнод аймгийн Хөлөнбуйр суманд төдий тооны малтай шилжин ирэх хүсэлтэй байгаа тул бүртгэж авна уу...” гэсэн өргөдөл гаргаж, өөрсдийн иргэний үнэмлэхний хуулбарыг хавсаргаж өгсөн. Улсын бүртгэгч И. дээрх өргөдөлд 2020 оны 05 сарын 05-ны өдрийг хүртэл ямар нэгэн хариу өгөөгүй. Энэ хугацаанд бүртгэл хийгдээгүй. Үүний улмаас эдгээр хүмүүсийг удаа дараа хөөж, нутаглахад үнэхээр хүндрэлтэй нөхцөл байдал бий болсон. Сумын Засаг дарга *******, Засаг даргын Тамгын газрын дарга нарын хувьд “...мал бүхий иргэдийг бүртгэхгүй...” гэж дээрх өргөдөлд амаар хариу өгч байсан. Н.*******, П.******* нар өөрсдөө малаа маллаж байсан учир тэдгээр хүмүүстэй хамтран мал малладаг гэж хүн сумын Засаг дарга *******, Засаг даргын Тамгын газрын дарга , Улсын бүртгэгч И. нартай уулзсан. Ингээд орон нутгийн Засаг захиргааны байгууллагатай ойлголцоход хүндрэлтэй байсан учир өмгөөлөгч З.д хандаж “...бидний өргөдөл хүсэлтийг бүртгүүлж, шилжилт хөдөлгөөнийг маань албан ёсны болгож өгөөч...” гэсэн саналыг тавьсны дагуу З. өмгөөлөгч сумын Засаг дарга болон Улсын бүртгэгчтэй уулзсан байдаг. Өргөдөл хүсэлтээ 2019 оны 11 сарын 14-ний өдөр өгсөн боловч түүнээс хойш 1 сарын хугацаанд албан ёсоор бичгээр хариу өгөөгүй. Ингээд малынхаа эрхээр 2019 оны 12 дугаар сард Хөлөнбуйр суманд оторлон нүүж ирсэн. Гэхдээ албан журмаар оторлон нүүж ирээгүй юм байна лээ. ...Н.*******, П.******* нар өөрсдөө хувиараа “...танай нутагт оршин сууж амьдаръя...” гэсэн хүсэлтийг гаргасан. Ингээд шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд Улсын бүртгэлийн байгууллагаас энэ хүмүүсийн өргөдөл хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн талаар хариу өгөөгүй. Албан ёсоор хариу өгсөн бол тухайн үедээ алдаа зөрчлөө арилгаад дахин хандах боломж энэ хүмүүст байсан. Ингээд арга буюу өөрсдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байна гэдэг байдлаар шүүхэд хандсан.
Түүнчлэн хичнээн тооны мал өвөлжиж байгаа талаар малыг нь тоолсон баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Н.*******ын малын тоо байгаа. Иймд түүний эрх, ашиг сонирхол хөндөгдсөн гэдэг нь харагдаж байна. П.*******тэй үнэхээр холбогдож чадахгүй байгаа. 2020 оны 07 дугаар сард худгийг нь битүүмжилсэн. Энэ худгийн тухайд Н.*******, П.******* нарын худаг биш. Нийтийн эзэмшлийн худаг байсан. Худаг битүүмжилсэн асуудлаар Цагдаагийн газарт гомдол гаргаснаар “...прокурорын зөвшөөрөлгүйгээр лацдаж битүүмжилсэн байна...” гэсэн асуудал яригдаж, тэр даруй лацыг нь авахуулсан байдаг. Дараа нь шүүх хуралдааны тов гарах үед хүн, мал ундаалж байсан тухайн худгийн хоолойг эвдэлснээр амьдрах аргагүй болсон, “...шүүхийн шийдвэр гартал нутагтаа байя...” гээд Баянхутаг сум руугаа явсан байгаа.
Нэхэмжлэгч нар хуульд нийцсэн нотлох баримтаа бүрдүүлж өгөөгүй учир өнөөдрийн хувьд шилжилт хөдөлгөөнийг бүртгэхийг даалгах гэсэн шаардлага эргэлзээтэй болж байна. Эхний шаардлагын тухайд хэрэгт авагдсан бүхий л нотлох баримтаар нотлогдож байгаа учир эс үйлдэхүй байгааг тогтоох боломжтой гэж үзэж байна. Учир нь Захиргааны хэргийн шүүхийн онцлог бол тухайн захиргааны байгууллагын гаргаж байгаа үйлдэл, эс үйлдэхүй нь нэхэмжлэгчийн ямар эрх, ашиг сонирхлыг хөндөж байна вэ гэдэг дээр тодорхой шийдвэр гаргадаг. Хамгийн гол нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.18-д заасан хүний үндсэн суурь эрх зөрчигдөж байна гэсэн асуудал яригдаж байна. Хариуцагчийн тухайд Хөлөнбуйр сумын Засаг даргын Тамгын газрын дарга нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэх үүрэг бүхий албан тушаалтан биш учир Хөлөнбуйр сум хариуцсан Улсын бүртгэгч И.ыг хариуцагчаар татсан. Энэ хүний хуулиар хүлээсэн үүрэг нь учир хариуцагч байх нь зөв. Иймд ...эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож өгнө үү гэв.
Хариуцагч Хөлөнбуйр сумын Улсын бүртгэгч И. шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын Улсын бүртгэгч И. миний бие нь Н.*******, П.******* гэх 2 иргэний өргөдлийг 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Дорнод аймгийн Өмгөөлөгчдийн холбооны гишүүн гэх иргэнээс хүлээн авсан. ...Өргөдөлтэй уншиж танилцаад, Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д заасан холбогдох баримт бичгийг бүрдүүлж ирэхийг тайлбарлаж зөвлөсөн. Тухайн үед өргөдлөөс өөр ямар нэгэн холбогдох баримт бичиг өгөөгүй. Шилжин ирэх хүсэлт гаргасан иргэд өөрийн биеэр ирээгүй, мөн оршин суух газрын хаягаа нотлох баримт бичиг байхгүй байсан. Иймд ...хууль журмыг танилцуулж, нотлох баримтуудаа авчрахыг, мөн шилжин ирэхийг хүссэн иргэд өөрийн биеэр ирэхийг зөвлөсөн боловч эргэж надтай огт холбоо бариагүй, холбогдох баримт бичиг бүрдүүлж ирээгүй юм. Н.*******, П.******* нарын үйлдэл нь өөрөө Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх заалт, Засгийн газрын 2018 оны 332 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Монгол улсын нутаг дэвсгэрт иргэн шилжин суурьших хөдөлгөөнийг бүртгэх, мэдээлэх журам”-ын 2.1, 2.2 дахь заалтыг зөрчсөн үйлдэл болж байна. Иймд ...Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.2, 19.4.3 дахь заалт, “Монгол улсын нутаг дэвсгэрт иргэн шилжин суурьших хөдөлгөөнийг бүртгэх, мэдээлэх журам”-ын 2.5.1 дэх заалтын дагуу тухайн иргэнийг бүртгэх үндэслэлгүй байсан.
Би өөрийгөө хууль, журмаа барьж ажиллаж байгаа гэж бодож байгаа. З. өмгөөлөгч “Н.*******, П.******* гэж хоёр иргэн танай нутагт ирж байгаа юм” гээд над руу өргөдөл бариад орж ирсэн. Миний зүгээс хууль, журмаа танилцуулаад “эдгээр иргэд цэрэгт явсан бол цэргийн үүрэгтний үнэмлэх гэх мэт хуульд заасан бүх баримтыг бүрдүүлээд ир” гэж амаар зөвлөгөө өгсөн. Заавал бичгээр хариу өгнө гэсэн зүйл хуульд байхгүй. З. өмгөөлөгч тухайн үед “танайх ямар сонин амьдралд нийцэхгүй хууль гаргадаг юм. Хэзээ гарсан хууль юм” гэхэд нь миний зүгээс “амьдралаас ургаж бий болсон хууль юм. Би хууль санаачлагч, батлагч биш, хууль хэрэгжүүлэгч албан тушаалтан. Танд хуулийн энэ зүйл заалт таалагдахгүй байгаа бол хууль санаачлагч байгууллага болох Улсын Их Хуралд, эсхүл Үндсэн хуулийн цэцэд ханд” гэж хэлсэн. Өргөдөл гаргагч нар өөрсдийн биеэр ирээгүй. Мөн өргөдөл дээр өөрсдийнх нь гарын үсэг байхгүй гэх мэтчилэн шаардлагад нийцээгүй өргөдөл байсан. ...Намайг өргөдлийг нь хүлээж аваагүй байхад З. өмгөөлөгч өргөдлөө ширээн дээр орхиод гарсан байсан. Миний хувьд ойлгоод гарлаа гэж бодсон. Түүнээс хойш надтай дахин нэг ч удаа холбоо бариагүй. Ингээд Улсын бүртгэлийн ерөнхий газар гэх зэрэг бүхий л дээд байгууллагад өргөдөл гомдол гаргасан байсан. Дүгнэлт санал нь гарсан. Та бүхэн танилцсан байх гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч Ч.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэгдүгээрт, иргэний шилжилт хөдөлгөөнтэй холбоотой Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.9, 6.1.12, 6.1.13-т заасан гурван ойлголт байдаг. Үүнд нэхэмжлэгч нарын өргөдөл нь нийцээгүй байна гэж үзэж байгаа. Хоёрдугаарт, өргөдлийн агуулгаас харахад “Хөлөнбуйр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт нутаглуулж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасан байгаа юм. Хэрвээ шилжих биш ...түр оршин суух маягаар байгаль, цаг уурын хүнд нөхцөл байдлыг даван туулахтай холбоотой оторлох хүсэлт гаргаж байгаа бол үүнийг И. бие даан шийдвэрлэх боломжгүй. Түүнчлэн Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-т “Иргэний улсын бүртгэлд бүртгүүлэхэд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд заасан хураамжийг төлнө” гэж заасан байна. Үнэхээр шилжилт хөдөлгөөн хийлгэх хүсэлтэй байгаа бол энэ хураамжийг төлсөн баримт огт байхгүй, төлөөгүй байгаа юм. И. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.1-д ...заасны дагуу ажилласан. ...Хуульд заасны дагуу амаар хариу өгсөн. Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д ...заасан хугацаа нэгэнт өнгөрчихсөн. Мөн тус хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Иргэн иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгэлтэй хаягаас өөр хаягт шилжин 180 хоногоос дээш хугацаагаар оршин суухаар бүртгүүлэхийг байнга, ...гэнэ” гэж заасан. Гэтэл Н.*******, П.******* нар тухайн газарт хичнээн хоног оршин сууж байгааг юм бэ гэдгийг өнөөдөр төлөөлөгч, өмгөөлөгч нар нь нотолж чадахгүй байна. Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т “Иргэний улсын бүртгэлд бүртгэхээс зөвхөн хуульд заасан үндэслэлээр татгалзана” гэж байгаа юм. Гэтэл энэ хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-т заасан үйл баримт хангагдахгүй байгаа юм. Гуравдугаарт, ...Улсын бүртгэлийн ерөнхий хуульд зааснаар иргэн өргөдлөө өөрийн биеэр ирж өгөх үүрэгтэй. Хэрвээ төлөөллийн хэлбэрээр өөрийн эрх ашгийг хангуулах гэж байгаа бол Иргэний хуулийн 62, 64 дүгээр зүйлүүдэд зааснаар төлөөлүүлэх эрхээ нөгөө этгээдэд олгосон байх ёстой. Мөн өргөдөл дээрээ гарын үсгээ огт зураагүй. Өөрөөр хэлбэл, иргэн Н.*******, П.******* нарт шилжилт хөдөлгөөн хийлгэх хүсэл зориг байсан эсэх нь тодорхойгүй байна. ...Монгол Улсын Үндсэн хуульд заасан оршин суух газраа чөлөөтэй сонгох эрхээ эдэлж байгаа иргэний хүсэл зоригийн илэрхийлэл мөн үү, биш үү гэдгийг өнөөдөр Улсын бүртгэгч И. мэдэх боломжгүй. З. гэж хүн энэ хүмүүсийг гэрээгээр болон хуулиар төлөөлөх эрхтэй этгээд гэдэг нь тогтоогдохгүй байна. Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан төрийн албанд баримтлах зарчим болон мөн хуулийн 37 дугаар зүйлд заасан төрийн жинхэнэ албан хаагчийн хүлээх нийтлэг үүргийг миний үйлчлүүлэгч биелүүлсэн. ...Манай үйлчлүүлэгчийн хувьд хүсэл зоригоо илэрхийлэгч мөн эсэх дээр дүгнэлт өгөлгүй, өргөдлийг өөрийн гараар бичсэн З. гэж өмгөөлөгчийн хувийн байдалд итгээд тэр даруй тайлбараа өгөөд гаргасан. Энэ нь Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох үйлдэл биш юм. Бүртгүүлэхийг хүсэгч нь өөрөө хуульд заасан шаардлагыг хангаагүй бол бүртгэхээс татгалзах эрхээ хэрэгжүүлж байгааг нь эс үйлдэхүй гэж үзэхгүй.
Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.2-т заасан материалыг ...бүрдүүлээгүй байхад нь бүртгэчихвэл Улсын бүртгэгч өөрөө Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийг зөрчсөн, Төрийн албаны тухай хуульд заасан хоригловол зохих үйлдлийг хийсэн буруутай болно. Нэхэмжлэгч нар өнөөдөр миний үйлчлүүлэгчийг хууль бус үйлдэл хийхийг шаардсан нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь эс үйлдэхүйн асуудалтай хамааралгүй бөгөөд хууль зүйн үр дагавартай нийцэхгүй байна. Дараагийн нэг асуудал нь “малын хөлийн татвар авсан байна. Иймд эдгээр хүмүүсийг Хөлөнбуйр сум иргэнээрээ бүртгэх хүсэл зоригийг илэрхийлсэн” гэж байна. Өнөөдөр Монгол Улсад малын хөлийн татварын тухай хууль үйлчилж байгаа юу, үгүй юу гэдэг дээр анхаарах ёстой. ...Хөлөнбуйр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргасан тогтоолын дагуу тус сум бэлчээр ашигласны төлбөр гэж авдаг. Н.*******, П.******* нарын хүсэлт гаргаад байгаа тухайн багийн нутаг дэвсгэрт бэлчээрийн даац 1-5 дахин хэтэрсэн, сумын мал бүхий уугуул иргэдийг нөөц бэлчээр рүү байршуулахаас өөр аргагүй нөхцөл байдал үүссэн. Хэдийгээр нэхэмжлэгч “Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар оршин суух газраа чөлөөтэй сонгох эрхтэй” гэж байгаа боловч Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т зааснаар бусдын эрх ашгаар хязгаарлагддаг нөхцөл байдал байдаг. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4-т ямар тохиолдолд оруулж ирж болох талаар зохицуулсан. Монгол Улсын иргэн хуульд заасан үүргээ биелүүлээгүй, мөн бусад иргэдийн мал амьтанд эрсдэл учруулахуйц нөхцөл байдал байгаа тохиолдолд өргөдлийг хүлээж авахгүй байх боломжтой. Мөн атар газар болон бусад нийтийн эзэмшлийн газарт гүний худаг гаргахтай холбоотой харилцаа хуулиар зохицуулагдсан байдаг. Дур мэдэн худаг гаргасан үйлдэлтэй нь холбогдуулж сумын Байгаль орчны байцаагч болон сумын Засаг даргын Тамгын газраас “энэ үйлдлээ зогсоо” гэдэг шаардлагыг тавьж зогсоолгосон. Мөн булгийн эхэнд байршиж булаг ширгээсэн асуудал байгаа. Энэ үйлдэл нь бусад иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл болсон. Үүнтэй холбоотойгоор гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлж буй субъектүүдийн хувьд ...хууль хэрэгжүүлэх үүднээс шаардлага тавьсан. Түүнээс биш ялгаварлан гадуурхах хүсэл зориг байгаагүй юм. Дараагийн нэг асуудал нь “өргөдөлд хариу өгөөгүй” гээд байна. Бодит байдал дээр өргөдлийг Н.*******, П.******* нар гаргаагүй. Иймд Улсын бүртгэгч И. эдгээр иргэдэд хариу өгөх үүргийг хүлээхгүй. Харин Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд зааснаар тухайн өргөдлийг гараараа бичиж авч ирсэн З. гэдэг иргэнд амаар хариу өгсөн. Ажлын байрны тодорхойлолтод зааснаар энэ өргөдлийг бүртгэж авах үүрэг И.д байхгүй. Н.*******, П.******* нар өөрийн биеэр ирэх үүргээ биелүүлээгүй учир тэдэнд ямар нэгэн байдлаар хариу хүргүүлэх үүргийг И. хүлээхгүй. Хууль мэдэхгүй байх нь хуулийг хэрэглэхгүй байх үндсэн шалтгаан болохгүй гэдгийг хуульчид бүгдээрээ мэднэ. Дээрх тайлбараар хийх ёстой үйлдлээ хийгээгүй гэдэг нь няцаагдаж байна. Хэрвээ иргэд хуульд заасан шаардлагын дагуу материалаа бүрдүүлээд, өөрсдийн биеэр ирж өргөдлөө өгсөн байхад бүртгэх үүргээсээ санаатай зайлсхийгээд байвал энэ нь эс үйлдэхүй болно. Түүнээс биш сум орон нутгийн бодлого улсын бүртгэлтэй огт хамааралгүй. Улсын бүртгэлийн байгууллага өөрөө босоо тогтолцоотой. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 10 сарын 31-ний өдрийн 332 дугаар тогтоолоор батлагдсан журмын 2.1-д “иргэн дараахь баримт бичгийг бүрдүүлж, ...өөрийн биеэр бүртгүүлнэ”, 2.1.2-т “арван зургаан нас хүрээгүй хүүхэдтэй бол хүүхдийн төрсний гэрчилгээ” гэж заасан. Гэтэл өргөдөл дээр “0-12 насны 5 хүүхэд” гэж байгаа боловч хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар байхгүй. Мөн журмын 2.1.3-т “оршин суух газрын хаягаа нотлох баримт бичиг” гэж байгаа боловч энэ талаар гэрчилгээ баримт байхгүй. Мөн 2.1.4-т “цэргийн үүрэгтний үнэмлэх” гэж заасан боловч мөн л байхгүй. Журмын 2.2-т “Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 19.1.3-т заасан оршин суух газрын хаягаа нотлох баримт бичиг” гэдэгт дараахь баримт бичиг хамаарна”, 2.2.1-д “эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ”, 2.2.2-т “газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ”, 2.2.3-т “нотариатаар гэрчлүүлсэн түрээсийн, захиалгын зэрэг гэрээ”, 2.2.4-т “үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эсхүл эзэмшигчийн бичгээр гаргасан оршин суулгах тухай зөвшөөрөл”, 2.3-т “Энэхүү журмын 2.1-д зааснаар иргэн өөрийн биеэр бүртгүүлэх боломжгүй тохиолдолд Иргэний хуулийн 62.3-т заасны дагуу итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан бүртгүүлж болно” гэж заасан. Энэхүү тогтоолын хэрэгжилтийг Улсын бүртгэгч И. хангуулж ажиллаж байгааг эс үйлдэхүй гэж үзэх хууль зүйн боломжгүй. Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар Монгол Улсын иргэн хууль дээдэлнэ. Хуулийг биелүүлэх нь иргэн хүний журамт үүрэг. Хууль биелүүлээгүй үйлдлээ төрийн албан хаагчийн чиг үүрэгтэй холбож тайлбарлаж байгаа нь 1-рт нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй, 2-рт нотлогдох боломжгүй, 3-рт И.ын үйлдэл нь хууль тогтоомжид нийцсэн байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “даалгах шаардлагаасаа татгалзлаа” гэж байна. Даалгахаасаа татгалзчихвал эс үйлдэхүй нь байхгүй болно. “Бүртгэхгүй байгаа нь эс үйлдэхүй” гэчихээд үр дагаврыг нь тогтоолгох шаардлагаасаа татгалзчихаар нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсан үр дагаварт хүргэж байна гэдгийг шүүх анхаарч үзнэ үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.*******, П.******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь тус шүүхэд “иргэний шилжилт хөдөлгөөнийг бүртгээгүй эс үйлдэхүйг тогтоолгож, шилжилт хөдөлгөөнийг бүртгэхийг даалгах” шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “шилжилт хөдөлгөөнийг бүртгэхгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох”[1] хэмээн тодруулж ...бүртгэхийг даалгах” шаардлагын хэсгээс татгалзсан[2] болно. Тэрээр шаардлагын үндэслэлээ: Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.18-д ...улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих, түр буюу байнга оршин суух газраа сонгох гэсэн эрхийг зөрчсөн иргэдийн энэ асуудлыг шийдвэрлэхгүй байгаа нь эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байна гэжээ.
Нэхэмжлэгч Н.*******, П.******* нарын шилжилт хөдөлгөөнийг бүртгүүлэхээр өмгөөлөгч З.Н нь Хөлөнбуйр сумын Улсын бүртгэгчид 2019.11.14-ний өдөр хандсан боловч ...хуульд заасан холбогдох нотлох баримтыг бүрдүүлж ирэх талаар тайлбарлан зөвлөж бүртгэхээс татгалзсан учир Улсын бүртгэлийн Ерөнхий газарт өргөдөл явуулсан, “...иргэн Н.*******, П.******* нарын шилжилт хөдөлгөөний бүртгэлийг улсын бүртгэлд бүртгэх үндэслэлгүй” байсан болохыг мэдэгдсэн байна.
Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.2. Улсын бүртгэлийн нэгдсэн тогтолцоо нь иргэний улсын бүртгэл, хуулийн этгээдийн улсын бүртгэл, эд хөрөнгийн эрхийн бүртгэлээс бүрдэнэ. Иргэний шилжилт хөдөлгөөн нь мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.13-т зааснаар иргэний улсын бүртгэлийн төрөлд хамаарагдах учир Иргэний Улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасны дагуу зохицуулагдах харилцаа юм. Үүнд: хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.1. “иргэний үнэмлэх”. 19.1.2. “16 нас хүрээгүй хүүхэдтэй иргэн оршин суух бол хүүхдийн төрсний гэрчилгээ”, 19.1.3. “оршин суух газрын хаягаа нотлох баримт бичиг”, 19.1.4. хуульд заасан бусад” ... хуулийн 5 дугаар зүйлийн 5.4. “ ...Улсын тэмдэгтийн хураамжийн хуульд заасан хураамж төлнө” баримтыг бүрдүүлэх бөгөөд, Монгол улсын Засгийн газрын 2018.10.31-ний өдрийн 332 дугаар тогтоол: ” Монгол улсын нутаг дэвсгэрт иргэн шилжин суурьших хөдөлгөөнийг бүртгэх, мэдээлэх журам”-ын 2 дугаар зүйлийн 2.2. Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 19.1.3-т заасан “оршин суух газрын хаягаа нотлох баримт бичиг”, 2.2.1. “эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ”, 2.2.2. “газар эзэмших ашиглах эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ”, 2.2.4. ”үл хөдлөх хөрөнгө өмчлөгч, эсхүл эзэмшигчийн бичгээр гаргасан оршин суулгах тухай зөвшөөрөл” зэргийг бүрдүүлэх зохицуулалттай. Гэтэл иргэн Н.*******, П.******* нарыг төлөөлөн бичсэн өргөдөл 1 ш, иргэний үнэмлэхийн хуулбар 2 хувь өөр баримтгүй байсан болох нь “ ...хуулийн дагуу холбогдох нотлох баримтыг ирүүлэх талаар төлөөлөн ирсэн өмгөөлөгч З.Н-д тайлбарлан зөвлөсөн боловч баримтыг бүрдүүлж ирүүлээгүй” гэх хариуцагчийн тайлбар[3], “нэхэмжлэгч нар хуульд нийцсэн нотлох баримтаа бүрдүүлж өгөөгүй учир ...шилжилт хөдөлгөөнийг бүртгэхийг даалгах гэсэн шаардлага эргэлзээтэй болж байна гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар[4], хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна. Тодруулбал: тус сумын Баян-Өлзийт багт П.******* нь ам бүл 4, бод, бог нийт 2029 , Н.******* нь ам бүл 5, 2220 толгой мал бүхий бүртгэл байгаагаас үзэхэд: дээрхи хууль, журамд заасны дагуу баримт бүрдүүлэхээс гадна, Засгийн газрын 2019 оны 43 дугаар тогтоол “Мал, амьтны шилжилт хөдөлгөөнийг зохицуулах ...журам хамааралтай байгааг дурьдах нь зүйтэй.
Түүнчлэн сум, хорооны Улсын бүртгэгч нь шилжилт хөдөлгөөнийг бүртгэхдээ: Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д заасан баримт бичгийг мэдээллийн сан дахь мэдээлэлтэй тулган шалгаад, дээрх журмын 2.1-д заасан баримт бичиг дутуу, ...2.2.5. энэ журмын 2.1-д заасан баримт бичиг зөрчилтэй бол шилжилт хөдөлгөөнийг бүртгэхгүй” гэж заасны дагуу Н.*******, П.******* нарын шилжилт хөдөлгөөнийг бүртгээгүй нь ...мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.3. “иргэний улсын бүртгэлээс зөвхөн хуульд заасан үндэслэлээр татгалзсан”-ыг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна. Нэхэмжлэгч нар нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.18-д ...улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих, түр буюу байнга оршин суух газраа сонгох, ...эрхтэй хэдий ч мөн хуулийн 17 дугаар зүйлийн 1-д заасны дагуу Үндсэн хууль болон бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх үндсэн үүрэгтэй юм.
Харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох” шаардлагаа дэмжиж, “...даалгах” шаардлагаас татгалзсаныг, хариуцагчийн өмгөөлөгч “...даалгахаасаа татгалзчихвал эс үйлдэхүй нь байхгүй болно” гэсний тухайд: ... даалгах нь үүрэг хүлээлгэх нэхэмжлэлийн төрөлд багтдаг бөгөөд захиргааны “эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох” болон “захиргааны акт гаргуулахыг даалгах” тус тусдаа нэхэмжлэлийн шаардлага гэж үзэхэд учир дутагдалтай хэдий ч “... бүртгэхийг даалгах” хэсэгчлэн татгалзсаныг, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас хэсэгчлэн татгалзсан тохиолдолд татгалзсан хэсгийг баталж, үлдсэн “...эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа ердийн журмаар явагдах боломжтой юм.
Иймд нэхэмжлэгч Н.*******, П.******* нарын шилжилт хөдөлгөөнийг бүртгээгүй “эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоох” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.4, 106. 3.14, 107 дугаар зүйлийн 107.1, 107.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3, 19 дүгээр зүйлийн 19.1,19.2 дахь хэсэгт заасныг баримтлан, Н.*******, П.******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******ын нэхэмжлэлтэй, Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын Улсын бүртгэгч И.д холбогдуулан гаргасан, “Иргэний шилжилт хөдөлгөөнийг бүртгэхгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3-д зааснаар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...бүртгэхийг даалгах” хэсэгчлэн татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 / далан мянга хоёр зуун/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ОЮУН