Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 80

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                           

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж,

улсын яллагч Л.Цэндсүрэн,

нарийн бичгийн дарга В.Орхон,

шүүгдэгч Д.Ганчимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Долгорын Ганчимэгт холбогдох эрүүгийн 201626030831 дугаартай хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1978 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод төрсөн, 38 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эх Ч.Долгорын хамт Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо 32 дугаар байрны 146 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай Боржигон овогт Долгорын Ганчимэг /РД:ШВ78050364/,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Д.Ганчимэг нь согтуугаар 2016 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 20 цагийн орчим Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо 32 дугаар байрны 146 тоотод буюу өөрийн гэртээ ээж Ч.Долгортой хувийн таарамжгүй харьцаа буюу “ариун цэврийн өрөөний крантыг үсээ хийгээд бөглөсөн” гэсний улмаас хоорондоо маргалдаж, түүний зүүн гаран тус газарт гараараа цохисны улмаас биед нь зүүн богтос ясны далд хугарал буюу хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.       

 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлаж, хэргийг хянан хэлэлцэв. Үүнд:

 

1. Шүүгдэгч Д.Ганчимэгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

 

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэг өгөхгүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Тухайн өдөр намайг гэртээ орж ирэхэд “00-ын өрөөний угаалтуур бөглөрсөн байна, слесарь авчирч засуулахад үс гарч ирсэн, чи ямар үс хийсэн юм, бөглөөс гаргахад 80.000 төгрөг болсон, мөнгө олж өгөх хэрэгтэй байна” гэж хэлээд уурлаад загнасан. Мөн элдэв янзаар хэлээд байхаар нь би уурлаад ээжийн хажуугаар зөрж өнгөрөхдөө гараараа нэг удаа санамсаргүй байдлаар цохиод гэрээсээ гараад явсан юм. Тухайн өдөр найзындаа 2 шил пиво уусан байсан.

Маргааш өглөө нь гэртээ ирээд ээжийн гарыг хугарсан байна гэдгийг мэдсэн. Ээжийн гарыг эмчлэхэд 300.000-400.000 төгрөг зарцуулсан. Одоо биеийн байдал нь сайн байгаа, гипсээ авхуулсан. Гэхдээ эмч 2 сарын хугацаанд хөдөлгөөнгүй байлгаарай гэсэн. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Миний буруу, гэм буруугаа ойлгож байгаа. Цаашид ээжийгээ асран хамгаалах болно.” гэсэн мэдүүлэг,

 

Эрүүгийн 201626030831 дугаартай хэргээс:

 

1. Хохирогч Ч.Долгорын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

“...2016 оны 06 сарын 04-ний орой 20:00 цагийн орчим намайг гэртээ байхад гаднаас миний охин болох Ганчимэг орж ирэхээр нь би “00-ын өрөөний угаалтуур бөглөрсөн байна лээ слесарь авчиран бөглөөсийг гаргахад үс гарч ирсэн, чи ямар үс хийсэн юм, бөглөөс гаргахад 80.000 төгрөг болсон, мөнгө олж өгөх хэрэгтэй байна” гэж хэлэхэд уурлаад Ганчимэг миний хажуугаар зөрөхдөө миний зүүн гарт хүрэх шиг болоод гэрээс гараад явсан. Ганчимэгийг гараад явсны дараа миний зүүн гар янгинаад өвдөөд байхаар нь би гэрээс гараад эмнэлэгт үзүүлсэн чинь зүүн гарыг хугарсан байна гэж хэлсэн.

Ганчимэг бид хоёрын дунд өр авлага, өс хонзонгийн асуудал байхгүй. Надад Ганчимэгээс нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй...” гэсэн мэдүүлэг /хэргийн 12-14х/,

 

2. Гэрч Э.Оюунтуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

“...2016 оны 06 сарын 04-ний өдөр үдээс хойш манай гэрт Ганчимэг хүрч ирээд бид хоёр хоорондоо яриад сууж байгаад гэрээс гараад гэрийн хажуу талын дэлгүүрээс 4 лааз пиво аваад, тэрийгээ уугаад ойр зуурын юм ярьж байгаад Ганчимэг ...гэртээ харилаа гээд явсан. Тэрний дараагаар бас л манайхаар ирсэн. Ер нь бол Ганчимэг байнга л манайхаар орж гараад явдаг, ирэхгүй хэд хонох юм бол гадаа байрны гадна тааралдаад өнгөрч л байдаг.

...Ганчимэг нь зан байдлын хувьд хүнд тусархаг, байрны хүмүүсийн хүүхдүүдийг харж хандаад явж байдаг. Тийм айхтар муухай ааш араншин байдаггүй. Ганчимэг нь гэр бүлгүй. Одоо ээж Долгорынхоо хамтаар хоёулаа амьдардаг, ээж нь үглэж загнаж харагддаг. Ганчимэгт гаж буруу зуршил гэхээр зүйл байхгүй. Урьд нь ямар нэгэн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хэргийн 15х/,

 

3. Гэрч Б.Хоролсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

"...Би Ганчимэгтэй оёдлын үйлдвэрт ажилд ороод танилцаж байсан. Ганчимэг нь архи согтууруулах ундааны зүйл их хэмжээгээр хэрэглэдэггүй. Ганчимэг нь заримдаа тэмдэглэлт өдөр болон найзуудын төрсөн өдрөөр л бага зэрэг хэрэглэдэг. Гэхдээ архи уусан үедээ ямар нэг агсан согтуу тавих зан байдаггүй. Ганчимэг нь эх Долгороо төрүүлж өсгөсөн эх шигээ боддог. Харин эх Долгор нь байнга загнаж ажил хийсэнгүй гэж үглэж байдаг. Эх Долгор нь гэрийнх нь нэг юм болохоо больчих юм бол Ганчимэгийг эвдэлсэн гэж гүтгэж уурлаж загнадаг. Ганчимэгийг эх Долгор нь өргөмөл хүүхэд гэсэн янзаар харьцаж гэрээсээ хөөдөг байсан. Тэр болгонд нь Ганчимэг буруу санаж янз бүрийн юм санадаггүй. Ганчимэгт буруу гаж зуршил гэхээр зүйл байхгүй. Урьд нь ямар нэгэн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хэргийн 16х/,

 

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн үзлэг хийсэн  2016 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 7996 тоот актын:

 

1. Долгорын биед зүүн богтос ясны далд хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо.

2.5. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 18х/,

 

5. Шинжээч эмч Ц.Оюун-Эрдэний мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

“...Долгорын биед учирсан богтос ясны далд хугарал гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх гэмтэл. Мохоо зүйл дотроо (гар болон хөлөөр өшиглөх, цохих) гэх мэт зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Энэ гэмтэл нь гараараа нэг удаагийн цохилтоор үүсэх боломжтой. Учир нь үзүүлэгч Долгор нь өөрөө 80 настай буюу өндөр настай хүн байсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 19-20х/,

 

6. Шүүгдэгч Д.Ганчимэгийн мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн:

 

“...Би эх Долгорын хамт Хан-Уул дүүргийн 3-р хороо 32-р байрны 146 тоотод оршин суудаг. 10 гаран жилийн өмнөөс ээж намайг ажил хийдэггүй, гэрээс гарч гадуур тэнэлээ, архи уулаа гэх шалтгаанаар загнаж, үглээд байдаг болсон. ...2016 оны 6 дугаар сарын 04-ний өглөө би найз нартайгаа уулзах гээд гэрээсээ гарсан. Намайг гэрээс гарахад ээж ганцаараа үлдсэн. Би гэрээсээ гараад Хан-Уул дүүргийн 3-р хороо Нэхмэлийн 10-р байранд байдаг Туяа гэдэг найзындаа очсон. Намайг Туяагийн гэрт очиход Туяа гэртээ ганцаараа байсан.

Туяа бид хоёр Туяагийн гэрийн орчим байрлах хүнсний дэлгүүрээс Сэнгүр нэртэй 0,5 граммын 4 шил пиво худалдан аваад гэрт нь ороод, ...хоёр хоёр шилээр нь хувааж уусан. Тэгээд би Туяагийн гэрээс 17:00 цагийн үед гараад гэр рүүгээ явсан. ...Гэртээ ороод сандал дээр суусан чинь ээж надад “ариун цэврийн өрөөний крантыг чи үсээ хийгээд бөглөсөн гэж” хэлэхээр нь би “крантанд толгойгоо угаадаггүй ваннанд л толгойгоо угаадаг” гэж хэлсэн чинь “худлаа яриад, чи дандаа худлаа ярьдаг, үхэж байсан хүүр” гээд загнаад байхаар нь би өөдөөс нь “та дандаа над руу болсон болоогүй зүйл чихэж байх юм” гээд уурласан чинь ээж гэрт орныхоо хажууд чангаар “янхан Ганчимэг” гэж орилохоор нь би сандал дээрээсээ босоод ээж дээр очоод “янхан байгаач” гэж хэлээд би баруун гараараа ээжийн зүүн гар руу нэг удаа цохьчихоод гараад явсан.

Би ээжийн зүүн гар руу цохиход ээж баруун гараараа миний цохисон зүүн гарыг барьж байсан. Тэгээд би гэрээс гараад 3, 4 дүгээр хороололд байх найз Хулангийн гэрт очиж хоносон. Тэгээд би Хулангийн гэрт хоночихоод өглөө 11:00 цагийн орчим гэртээ ирэхэд ээж гэрт ганцаараа зүүн гарынх нь бугуй хэсэг нь хавдсан байхаар нь би ээжид “та эмнэлэгт очиж үзүүлсэн үү” гэж асуусан чинь “би эмнэлэгт үзүүлэхгүй, өөрийн явдаг сүмийн эмнэлэгт үзүүлнэ” гээд ээж гэрээс гараагүй.

Ээж, бид хоёр маргалдахад гэрт бид хоёр л байсан. Харин ээжтэй маргалдаад зүүн гар руу нэг удаа цохьчихоод гэрээс гараад Хулангийн гэрт очоод Хуланд энэ талаар хэлсэн. Маргаан болсны дараа 2016 оны 06 сарын 06-ны өдөр би өөрийн найз Туяатай уулзаад “ээжтэй маргалдаад зүүн гарыг нь цохисон чинь зүүн гар нь гэмтсэн байна” гэж хэлсэн. Ээжийн биед шинжээчийн дүгнэлтээр зүүн гар нь хугарсан, богтос ясны далд хугарал гэж байсан. Энэ гэмтлийг би учруулсан...” гэсэн мэдүүлэг  /хэргийн 28-29х, 31-32х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 33х/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 34х/,  Хан-Уул дүүргийн 3-р хорооны Засаг даргын тодорхойлолт /хэргийн 35х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан байх ба шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар болон хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журам зөрчөөгүй, шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээчийн 7996 тоот дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул шүүх хууль ёсны үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үнэлсэн болно.   

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судласан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

 

Шүүгдэгч Д.Ганчимэг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2016 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 20:00 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо 32 дугаар байрны 146 тоотод байх өөрийн гэртээ хувийн таарамжгүй харьцаа буюу “ариун цэврийн өрөөний крантыг үсээ хийгээд бөглөсөн” гэсний улмаас ээж Ч.Долгортой маргалдаж, түүний зүүн гаран тус газар гараараа цохисноос хохирогч Ч.Долгорын биед “зүүн богтос ясны далд хугарал” бүхий эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан, хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд болон шүүгдэгч Д.Ганчимэгийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ч.Долгорын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

Иймд Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Д.Ганчимэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул түүнийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн энэ зүйл, хэсэгт заасан ял хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.  

 

Хохирогч Ч.Долгор нь хавтаст хэрэгт баримтаар нэхэмжилсэн зүйлгүй ба цаашид гаргах гомдол саналгүй тухайгаа хохирогчоор байцаагдахдаа мэдүүлсэн /хэргийн 12-14х/ байх тул шүүгдэгчийн хувьд гэмт хэрэг үйлдэж учруулсан хохиролд тооцож гаргуулах хохирол, төлбөргүй гэж шүүх дүгнэв.    

 

Шүүх, шүүгдэгч Д.Ганчимэгт ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа ойлгон ухамсарласан зэрэг нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.9 дэх хэсэгт заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцон үзэв.    

 

Шүүгдэгч Д.Ганчимэг нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчтэй холбоотой иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ч.Долгор нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус тогтоолд дурьдаж шийдвэрлэв.

  

Шүүгдэгч Д.Ганчимэгт ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг болон шүүгдэгч өндөр настай эх Ч.Долгорын хамт хоёулаа амьдардаг зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан албадан ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэснийг тэмдэглэв.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286 дугаар зүйлийн 286.1 дэх хэсэг, 290, 294, 297 дугаар зүйлийн 297.1 дэх хэсэг, 298, 299 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

                                                              ТОГТООХ нь:

 

1. Боржигон овогт Долгорын Ганчимэгийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар Д.Ганчимэгийг 255 /хоёр зуун тавин тав/ цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар ялтан Д.Ганчимэг нь албадан ажил хийлгэх ялаас санаатайгаар зайлсхийвэл түүний эдлээгүй үлдсэн ялын найман цагийн ажлыг нэг хоногийн баривчлах ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт Д.Ганчимэг нь цагдан хоригдоогүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч Ч.Долгор нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэснийг тус тус дурьдсугай.  

 

5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан Д.Ганчимэгт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.    

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                     С.БАЗАРХАНД