Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 20

 

“Винкапитал” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Б.О-т холбогдох иргэний хэргийн талаар

 

226/2017/00023/И

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч Д.Байгалмаа, Я.Алтаннавч нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны “А” танхимд,  

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Цэрэндулам,  

Хариуцагч: Б.О- нарыг  оролцуулан,

          Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 113 дугаар шийдвэртэй Винкапитал ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.О-т холбогдох “2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн иргэн Н.Г-ээс иргэн И.Ч-т олгосон итгэмжлэлийг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах” тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Э-ны давж заалдах гомдлоор 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Я.Алтаннавчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч “Винкапитал” ХХК-ийн  захирал М.Н нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын тойргийн нотариатч Б.О нь 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр иргэн Н.Г-ээс иргэн И.Ч-т “Винкапитал” ХХК-ийн 25 хувийн хувьцаа эзэмшигч Н.Г-ийн нэрийн өмнөөс хувьцаатай холбоотой асуудлаар хуралд оролцож эдлэх эрх, үүргийг бүрэн хэрэгжүүлэх, тооцоо нийлэх, тодорхойлолт өгөх, үйлдвэр уурхайн үйл ажиллагаанд оролцох, санал өгөх, шийдвэр гаргах үйл ажиллагаанд бүрэн төлөөлөх, бусад холбогдох бичиг баримтад төлөөлж гарын үсэг зурах бүрэн эрхийг олгосон итгэмжлэлийг гэрчлэх нотариатын үйлдлийг хийхдээ Иргэний хуулийн 62, 63, 64 дүгээр зүйл, Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.6 дахь хэсгийн заалт, Компанийн тухай хуулийн 34 дүгээр зүйл, 62 дугаар зүйл, 68 дугаар зүйлийг тус тус зөрчсөний улмаас Компанийн тухай хуулиар хувьцаа эзэмшигчид олгогдоогүй эрхийг “Винкапитал” ХХК-ийн 25 хувийн хувьцаа эзэмшигч Н.Г-ийн төлөөлөгч гэх И.Ч-т олгож, улмаар энэ этгээд нь уг итгэмжлэлийг ашиглан Хэнтий аймгийн Дархан сумын нутаг Баргилт гэх газарт төмрийн хүдрийг хуурай аргаар баяжуулах үйл ажиллагаа явуулдаг “Винкапитал” ХХК-ийн үйлдвэрлэлийн өдөр тутмын үйл ажиллагаанд саад учруулж, улмаар тус компани нь 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс хойшхи хугацаанд олох ёстой байсан орлогоо алдаж “Винкапитал” ХХК-нд ихээхэн хэмжээний хохирол учраад байна. Иймээс Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын тойргийн нотариатч Б.О-т холбогдох Нотариатын үйлдлийн бүртгэлийн 177 дугаарт бүртгэгдсэн 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн иргэн Н.Г-ээс иргэн Н.Ч-т олгосон итгэмжлэлийг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгуулж өгнө үү” гэв.

Нэхэмжлэгч “Винкапитал” ХХК-ийн захирал М.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...И.Ч- гэдэг хүн ирээд үйл ажиллагаа явуулдаггүй. Энэ байдлыг цагдаагийн байгууллагад мэдээлсэн боловч энэ хүн Г-ийн итгэмжлэлээр танай үйл ажиллагаанд оролцох бүрэн эрхтэй юм байна. Та нар энэ байдлаа наад хүндээ бүрэн ойлгуулаад шүүхэд нэхэмжлэлээ гарга гэж цагдаагийн байгууллага зөвлөсөн. Тэгээд энэ хүнд ойлгуулах гээд өчнөөн ярьсан. Энэ тухай бичлэгийг шүүхэд өгсөн. Ч- ойлгож байгаа  шиг явдаг. Миний бие Бор-Өндөр сум руу болон Улаанбаатар хот руу яваад өгөхөөр нөгөө хүн эргэж очоод суудаг. Ингээд 2017 оны 05 сарын 01-нээс хойш манайх үйл ажиллагаа явуулаагүй. Харилцагч байгууллагын ажлыг хийж чадахгүй гэрээнийхээ үүргийг зөрчөөд алдагдалд ороод татвар төлөөсөө ч төлж чадахгүй, ажилчидаа цалинжуулж чадахгүй ийм хэцүү байдалд ороод байна. Тийм учраас энэ гаргасан итгэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Хариуцагч Бор-Өндөр сумын тойргийн нотариатч Б.О шүүхэд гаргасан тайлбартаа: “Миний бие “Винкапитал” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Нийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү хэмээн хүсч байна.

Учир нь  1.Хэлцэлд төлөөлөх талаар зохицуулсан Иргэний хуулийн 62 дугаар зүйлийг зөрчсөн гэж нэхэмжлэгч нэхэмжлэлдээ дурджээ. Гэвч талууд хууль ёсны эрхийн хүрээнд хэлцлийг төлөөлөгчөөр дамжуулж хийж болно гэсэн Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэг, заавал биечлэн ирэх /Иргэний хуулийн 62.2/ хууль ёсны шаардлагын дагуу биечлэн ирж итгэмжлэл хийсэн болно. Түүнчлэн итгэмжлэлийн үндсэн дээр иргэн И.Ч- нь иргэн Н.Г-ийг хувьцаа эзэмшигчтэй холбоотой тухайн компанийн дүрэмд тусгагдсан бүхий л асуудлаар төлөөлөх бүрэн эрх Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3-т заасны дагуу үүссэн бөгөөд төлөөлөгч итгэмжлэлээр олгогдсон үйл ажиллагааг биечлэн гүйцэтгээгүй /ИХ-ийн 62.4/ талаар, итгэмжлэлийг шилжүүлсэн /ИХ-ийн 62.5-7/ талаар асуудал үүсээгүй билээ. Иймд Иргэний хуулийн 62 дугаар зүйлийг зөрчсөн гэдгийг үл зөвшөөрч байна.

2. Хариуцагч намайг Иргэний хуулийн 63 дугаар зүйлийг зөрчсөн гэжээ. Төлөөлөгч И.Ч- нь иргэний эрх зүйн бүрэн чадамжтай иргэн /ИХ-ийн 63.1/ бөгөөд энэ талаар хариуцагч маргаагүй байна. Түүнчлэн төлөөлөгч нь бүрэн эрхээ шударгаар, төлөөлүүлэгчийн эрх, хууль ёсны эрх ашиг сонирхолд нийцүүлэн явуулаагүй /ИХ-63.2/ талаар болон төлөөлөгч гуравдагч этгээдтэй хийсэн аливаа хэлцлийн талаар /ИХ-63.2/, гэм хорын асуудлаар /ИХ-63.4/ нэхэмжлэлд дурдаагүй байна. Иймд Иргэний хуулийн 63 дугаар зүйлийг зөрчсөн гэснийг үл зөвшөөрч байна.

3.Итгэмжлэл нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлд дурдсан шаардлагыг хангасан тул Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийг зөрчсөн гэснийг үл зөвшөөрч байна.

4.Нотариатын хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.6 дахь хэсгийг зөрчсөн аливаа үйлдэл, эс үйлдэл итгэмжлэл хийхэд байхгүй бөгөөд энэ талаар нэхэмжлэгч тодорхой баримт, нотолгоо гаргаагүй байгаа нь дээр хэлсэн миний тайлбарыг баталж байна гэж үзэж байна.

5.Итгэмжлэл нь “Винкапитал” ХХК-ийн хүчин төгөлдөр дүрмийн хүрээнд хувьцаа эзэмшигчдэд олгогдсон эрх үүргийн хүрээнд байгуулагдсан тул Компанийн тухай хуулийн 34, 62, 68 дугаар зүйлийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна” гэжээ.

Хариуцагч Б.О- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2017 оны 05 сарын 1-ний өдөр иргэн Г- Ч- нар нотариатын ажлын байранд ирж Г нь “Винкапитал” ХХК-ийн 25 хувийн хувьцаа эзэмшигч хүн. Манай компани уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг. Компанийхаа хувьцаатай холбоотой  үйл ажиллагаанд оролцох гэхээр миний бие гадагшаа дотогшоо явдаг учраас наашаа ирэх боломжгүй. Тийм учраас намайг бүрэн төлөөлөх эрхийг Ч-т олгох итгэмжлэл олгох гэсэн юм гэж хүсэл зоригоо илэрхийлсэн. Г, Ч- нарын хувийн байдлыг нь тогтоогоод мөн компанийн 25 хувийн хувьцаа эзэмшигч нь мөн байна гэдгийг гэрээ, гэрчилгээгээр нь тогтоогоод нотариатын үйлдлийг хийсэн. Энэ олгосон эрх нь “Винкапитал” ХХК-ийн 25 хувийн хувьцаа эзэмшигч, миний нэрийн өмнөөс хувьцаатай холбоотой асуудлаар хуралд оролцож эдлэх эрх үүргийг бүрэн хэрэгжүүлэх, тооцоо нийлэх, тодорхойлолт өгөх, үйлдвэр уул уурхайн ажиллагаанд оролцох, санал өгөх, шийдвэр гаргах  үйл ажиллагаанд бүрэн төлөөлөх эрх олгосон байгаа. Нэхэмжлэгч тал Иргэний хуулийн 62, 63, 64 дүгээр зүйлийг зөрчсөн гэж байна. Энэ итгэмжлэлийг гэрчлэхдээ Монгол Улсын иргэний хуулийн 63 дугаар зүйл, 64 дүгээр зүйлд бүрэн нийцсэн итгэмжлэл гэрчилсэн учраас үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.6 дахь хэсэгт зааснаар татгалзах нотариатын үйл ажиллагааг нотариатч татгалзах ёстой гэж нэхэмжлэл дээрээ дурдсан байна. Г- гэдэг хүнээс иргэн Ч-т олгох гэрчилгээг гэрчлэх миний хувьд татгалзах ямар ч үндэслэл байхгүй. Компанийн тухай хуулийн 62-64 дүгээр зүйл, 68 дугаар зүйл гэдэг бол компанийн дүрэмдээ “Винкапипал” ХХК-ийн  хувьцаа эзэмшигч нь компанийн тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасан бүхэл эрхийг эдэлнэ гэж дүрэмдээ тусгагдсан байгаа. Дээр нь 68 дугаар зүйлд зааснаар хуралд оролцохдоо итгэмжлэх эрх нь хуулиар олгогдсон учраас нэхэмжлэгч талын нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нотариатын тухай хуулийн 27 дугаар зүйл болон үйлдэл хийх зааврын 7-д зааснаар хүчин төгөлдөр гэрчилгээг хуулийн дагуу гэрчилсэн” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Компанийн тухай хуулийн 34 дүгээр зүйлд зааснаар хувьцаа эзэмшигчийн дангаараа эдлэх эрх байгаа. Төлөөлөгчөөр ямар эрх хэрэгжүүлэх вэ гэхээр Компанийн тухай хуулийн 68 дугаар зүйлд зааснаар хувьцаа эзэмшигчийн хуралд зөвхөн төлөөлүүлэх эрхтэй. Гэхдээ тэр хуралд төлөөлүүлэх эрхдээ ямар хуралд төлөөлөх эрхтэй вэ гэдгийг тэр төлөөлөх итгэмжлэлд зааж өгөх ёстой. Компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал нь ээлжит болон ээлжит бус гэж байна гэж Компанийн тухай хуульд заасан. Тэгэхээр ээлжит хурал гэдэг бол тайлангийн жил дууссанаас хойш  4 сарын дотор компанийн гүйцэтгэх удирдлага өөрөө зарлаж байж тэр хурлын товыг хувьцаа эзэмшигчид мэдэгддэг. Энэ хурлын тов гарснаас хойш хувьцаа эзэмшигч тухайн хуралд өөрөө оролцох боломжгүй байх юм бол тэр хурлынхаа он, сар, өдөр,  хэлэлцэх асуудлыг нь заагаад энэ асуудлаар зөвхөн намайг төлөөлж болно гэж Компанийн тухай хуулийн 68 дугаар зүйд заасан байгаа. Тэгэхээр энэ эрхийг олгоогүй. Энэ итгэмжлэлд үйлдвэр уурхайн үйл ажиллагаанд оролцох, тодорхойлолт өгөх, тооцоо нийлэх, энэ нь компанийн гүйцэтгэх удирдлагын хэрэгжүүлэх эрх хэмжээ. Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д заасан хуулийн этгээд бол өөрийн удирдах байгууллагаар дамжуулан иргэний эрх зүйн харилцаанд оролцоно. Тэгэхээр компанийн өдөр тутмын үйл ажиллагааг хэн хэрэгжүүлэх вэ гэхээр “Винкапитал” ХХК-ийн дүрэмд зөвхөн гүйцэтгэх удирдах хэрэгжүүлнэ гэж тодорхой заасан. Компанийн гэрчилгээнд улсын бүртгэлд бүртгүүлсэн гүйцэтгэх удирдлага нь М.Н гэж байгаа. Гүйцэтгэх удирдлагын эрх хэмжээг хэрэгжүүлэх эрхийг хувьцаа эзэмшигчийн төлөөлөгч гэдэг хүнд итгэмжлэлээр олгосон энэ үйлдэл нь хууль зөрчсөн. Яагаад Нотариатын тухай хуулийн 34 дүгээр зүйлийг зөрчсөн гэж үзээд байгаа юм бэ гэхээр хуульд заасан бусад үндэслэл байвал нотариатын үйлдэл хийхээс татгалзана гэж байгаа. Хуульд заасан үндэслэл болон бусад үндэслэл гэдэг нь юу юм бэ гэхээр Иргэний хуульд заасан хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадвар нь хэнээр дамжаад яаж илэрхийлэх юм бэ гэдэг нь тодорхой байхад өдөр тутмын үйл ажиллагааг оролцох эрх олгосон нь Иргэний хуулийн бусад үндэслэл гэдэгт багтана. Ийм учраас татгалзах үндэслэлтэй гэж үзэж байгаа. Мөн Компанийн тухай хуулийн 68 дугаар зүйлд заасан зөвхөн хувь нийлүүлэгчийн хуралд ирэхдээ тэр хурлыг нь хэдэн сарын хэдний ямар хурал гэдгийг нь тодорхой заасан тохиолдолд төлөөлүүлнэ. Хэрвээ тэр хурал хойшилсон тохиолдолд хэлэлцэх асуудал нь өөрчлөгдөөгүй бол тэр итгэмжлэлээр тухайн хуралд оролцож болно. Хэрвээ хэлэлцэх асуудал өөрчлөгдсөн тохиолдолд тэр итгэмжлэлээр хуралд оролцохгүй гэсэн үг. Иймд хуульд заасан бусад үндэслэл гэдэгт бол Нотариатын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6-д заасан тэр үндэслэл байгаа. Ийм учраас нотариатын үйлдэл нь хууль зөрчсөн гэж үзэж байгаа. Тийм ч учраас тэр хүн үйлдвэр үйл ажиллагаанд оролцох эрхтэй гэж заачихаар компанийн өдөр тутмын үйл ажиллагааг явуулахгүй, техник тоног төхөөрөмж дээр нь гарч зогсчихоод амиа хорлоно гээд ажил хийлгэхгүй байгаа. Хэрвээ тэр хүн хувьцаа эзэмшигчийн хуралд төлөөлөх эрх олгосон юм бол энэ итгэмжлэл дээр ямар хуралд оролцох эрх нь байдаггүй. Тэгтэл Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан хувьцаа эзэмшигч ямар эрхтэй юм гэхээр хувьцаа эзэмшигч хуралд оролцож санал өгөх эрхтэй байгаа. Энэ эрхийг төлөөлүүлж байгаа юм бол хэзээний хурал вэ гэдгийг тодорхой заах ёстой. Ямар асуудлыг хэлэлцэх хурлаар тэр төлөөлөгч санал өгөх эрхтэй юм бэ, гэдгийг заах ёстой. Компанийн хувьцаа эзэмшигчийн төлөөлөх эрхийг бүхэлд нь авч үзэх юм бол Компанийн тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасан тэр эрхээр бол хувьцаа эзэмшигч ногдол ашиг авах эрхтэй, хувьцаагаа худалдах эрхтэй, бусдын хувьцааг давуу эрхээр худалдаж авах эрхтэй байгаа. Гэтэл энэ итгэмжлэлд ийм эрхүүдийг олгоогүй. Ийм учраас энэ нь Компанийн тухай хууль зөрчсөн итгэмжлэл байгаа” гэв. 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 113 дугаар шийдвэрээр: Нотариатын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Винкапитал” ХХК-ийн  нэхэмжлэлтэй Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын тойргийн нотариатч Б.О-т холбогдох нотариатын үйлдлийн 177 дугаарт бүртгэгдсэн 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн иргэн Н.Г-ээс иргэн И.Ч-т олгосон итгэмжлэлийг гэрчилсэн нотариатын үйлдлийн хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Винкапитал” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээж, улсын орлого болгохыг дурдаж тус тус шийдвэрлэжээ.

Шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Э давж заалдах гомдолдоо:  Хариуцагч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын тойргийн нотариатч Б.О-ийн 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн “иргэн Н.Г-ээс иргэн И.Ч-т олгосон “Итгэмжлэл’’-ийг” гэрчилсэн үйлдэл нь Иргэний хуулийн 62 дугаар зүйл, 63 дугаар зүйл, 64 дүгээр зүйл, Компанийн тухай хуулийн 34 дүгээр зүйл, 62 дугаар зүйл, 68 дугаар зүйл, болон Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.6 дахь хэсгийн заалтыг тус тус зөрчиж, энэ итгэмжлэлээс үүдэлтэй “Винкапитал" ХХКомпанийн үйлдвэрийн үйл ажиллагаа тасалдаж, компани олох ёстой орлогоо олж чадахгүй байдалд хүрч байгаа учир нотариатын үйлдлийн 177 дугаарт бүртгэгдсэн 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн” иргэн Н.Г-ээс иргэн И.Ч-т олгосон итгэмжлэл”-ийг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагатай “иргэний хэрэг юм.

Анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэсэн байдал:

Анхан шатны шүүх шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтаар “Нотариатын тухай” хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Винкапитал” ХХК-ийн нэхзмжлэлтэй Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын тойргийн нотариатч Б.О-т холбогдох нотариатын үйлдлийн 177 дугаарт бүртгэгдсэн 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн иргэн Н.Г-ээс иргэн И.Ч-т олгосон итгэмжлэлийг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн. 

Анхан шатны шуүхийн шийдвэр “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй талаар:

Хариуцагч Б.О- нь 2017.05.01-ний өдөр “Винкапитап” ХХК-ийн 25 хувийн хувьцаа эзэмшигч Н.Г-ээс “хувьцаатай холбоотой асуудлаар хуралд оролцож эдлэх эрх үүргийг хэрэгжүүлэх” эрхийг И.Ч-т олгосон “Итгэмжлэл”-ийг гэрчилсэн нь “Винкапитал” ХХК-ийн дүрмийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсгийн "Компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит ба ээлжит бус хурал, хувьцаа эзэмшипчдийн хурал хуралдуулах шийдвэр гаргах, хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрх, хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр хүчин төгөлдөр болох, хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцох эрх, хувьцаа эзэмшигчдийн хурлын зарыг хүргэх, хувьцаа эзэмшигчдийн хурлын хэлэлцэх асуудалд санал оруулах, хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцох журам, хувьцаа эзэмшигчдийн хурлын ирц, хурал хүчин төгөлдөр болох, эчнээ санал хуралтаар компанийн хувьцаа эзэмшигчид шийдвэр гаргахтай холбоотой асуудлыг Компанийн тухай хуулийн 59-74 дүгээр зүйлд зааснаар зохицуулна” гэсэнтэй болон Компанийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгийн “Төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/, эсхүл 61.7-т заасан этгээд хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах тухай шийдвэрийг гаргана” гэсэнтэй, 60.2 дахь хэсгийн “Хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулах тухай шийдвэрт дараахь зүйлийг заана: 60.2.1 дэх хэсгийн “хурал хуралдуулах газар, өдөр, цаг” гэсэнтэй, 60.2.2 дахь хэсгийн “хурлын хэлэлцэх асуудал” гэсэн заалт, 60.2.4 дэх хэсгийн "хурал хуралдуулах тухай хувьцаа эзэмшигчид мэдэгдэх өдөр, журам" гэсэн заалтуудтай тус тус нийцээгүй, хэдний өдөр, хэдэн цагт зарлагдсан, ямар асуудал хэлэлцэх ээлжит болон ээлжит бус хуралд төпөөлөх нь тодорхойгүй, ойлгомжгүй байхад хариуцагч энэ итгэмжлэлийг гэрчилсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох “Винкапитал” ХХК-ийн дүрэм, 2017.05.01-ний өдрийн “Итгэмжлэл”, мөн нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэгчийн тайлбар зэргээр тогтоогддог. Өөрөөр хэлбэл хариуцагч Компанийн тухай хуулийн 59-74 дэх хэсэгт заасныг үндэслэн нотариатын үйлдэл хийхээс татгалзах байтал татгалзаагүй нь Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.16 дахь заалтыг болон Хууль зүй, дотоод хэргийн Сайдын 2011 оны 171 дүгээр тушаалын хавсралт Нотариатын үйлдэл хийх зааврын 7.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн болох нь нотлогддог.

Гэтэл анхан шатны шүүх шийдвэрийнхээ Үндэслэх хэсэгт: "... Хариуцагч дээрхи итгэмжлэлийг Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.6 дахь хэсэгт заасан үндэслэлээр гэрчлэхээс татгалзах шалтгаан байгаагүй бөгөөд ... Хууль зүй, дотоод хэргийн Сайдын 2011 оны 171 дүгээр тушаалын хавсралт Нотариатын үйлдэл хийх зааврын 7.2-т “Итгэмжлэлд төлөөлүүлэгчээс олгосон бүрэн эрх нь тодорхой, ойлгомжтой байх бөгөөд олгосон бүрэн эрхийн хүрээнд хийгдсэн хэлцлээс үүсэх эрх, үүрэг нь гагцхүү төлөөлүүлэгчид бий болох бөгөөд, төлөөлүүлэгч нь хэдийд ч итгэмжлэлээ хүчинүй болгох, төлөөлөгч нь итгэмжлэлээс татгалзах эрхтэй болохыг нотариатч нь тэдгээрт тайлбарлана” гэж заасан бөгөөд хариуцагчийн гэрчилсэн итгэмжлэл дээрх зааварт нийцсэн байна” гэж дүгнэсэн нь нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үнэн зөв, эргэлзээүй талаас нь үнэлнэ гэсэн хуулийн заалтыг зөрсөн гэж үзэж байна.

Мөн Итгэмжлэлд "...үйлдвэр, уурхайн үйл ажиллагаанд оролцох, санал өгөх, шийдвэр гаргах үйл ажиллагаанд бүрэн төлөөлөх,... холбогдох бичиг баримтад гарын үсэг зурах” зэрэг эрхийг И.Ч-т олгож байгаа нь “Винкапитал” ХХК-ийн дүрмийн 7 дугаар зүйлд “Компанийн энгийн хувьцаа эзэмшигч нь Компанийн тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасан эрхийг эдэлнэ” гэж заасныг, Компанийн тухай хуулийн 34 дүгээр зүйлд “компанийн энгийн хувьцаа эзэмшигч нь “хувьцаа эзэмшигчийн хуралд оролцох, хэлэлцэх асуудлаар санал өгөх, хувьцаа зэмшигчдийн хурлаас тогтоосон хэмжээгээр ногдол ашиг авах, компанийг татан буулгах үед үлдсэн хөрөнгийг худалдсанаас олсон орлогоос хувь хүртэх, компаниас нэмж гаргах хувьцааг тэргүүн ээлжинд худалдан авах” эрхийг эдлэх тухай зохицуулалтыг зөрчсөн байдаг, Өөрөөр хэлбэл Компанийн тухай хуулиар " хувьцаа эзэмшигчид компанийн өдөр тутмын үйлдвэр, уурхайн үйл ажиллагаанд оролцох, шийдвэр гаргах үйл ажиллагаанд оролцох эрхийг олгоогүй бөгөөд хувьцаа эзэмшигч нь өөрт байхгүй эрхийг бусдаар төлөөлүүлэх хууль зүйн үндэслэл байхгүй юм “Винкапитал” ХХК-ийн өдөр тутмын үйл ажиллагаа нь төмрийн хүдрийг хуурай аргаар баяжуулах үйлдвэр бөгөөд энэ үйл ажиллагаанд оролцох, шийдвэр гаргах эрх нь компанийн дүрэм болон хуулиар гүйцэтгэх захиралд олгогдсон байдаг. Гэтэл шүүх "... хувьцаа эзэмшигч нь хувьцаа эзэмшигчдын хурлаар дамжуулан өөрийн эзэмшиж байгаа хувьцааны тоогоор компанийг удирдах үйл ажиллагаанд оролцож, Компанийн тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасан эрхийг эдэлж, мөн хуулийн 62 дугаар зүйлд заасан асуудлыг шийдвэрлэх тул Н.Г-ээс И.Ч-т олгосон итгэмжлэл нь хууль зөрчөөгүй байна гэж үзлээ” гэж хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Хэнтийн аймгийн Дархан сумын нутаг Баргилт дахь “Винкапитал” ХХК-ийн төмрийн хүдрийг хуурай аргаар баяжуулах үйлдвэр дээр болсон үйл явдлыг харуулсан “СИДИ” бичлэгээр нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргах болсон шалтгаан нотлогдож байгаа бөгөөд “Н.Г-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Ч- нь хувьцаа эзэмшигчдийн хуралд төлөөлөн оролцоогүй, харин “Винкапитал” ХХК-ийн төмрийн хүдрийг хуурай аргаар баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаанд шууд оролцохыг хүсч, энэ эрхийг итгэмжлэлээр олж авсан гээд тус компанийн гүйцэтгэх захирлыг компанийнхаа өдөр тутмын үйл ажиллагааг удирдан явуулахад нь саад учруулж, компанийн хэвийн үйл ажиллагааг тасалдуулж, үйлдвэрийг ажиллуулахгүй байгаа үйл баримт тогтоогддог. Гэтэл анхан шатны шүүх энэ нотлох баримтыг “Шүүх хуралдаанд судлагдсан СИДИ дээрхи бичлэг болон хавтаст хэрэгт авагдсан шүүхийн шийдвэр шүүхийн тогтоол зэрэг нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолгүй тул нотлох баримтаар үнэлсэнгүй” гэж нотлох баримтыг үнэлэхгүй орхисон нь ИХШХШТХ-ийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсгийн “шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэсэн заалтыг зөрчсөн.

Иймд Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 07-ны 113 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтыг өөрчилж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

Нэхэмжлэгч Винкапитал ХХК-ийг төлөөлж захирал М. Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын тойргийн нотариатч Б.О- нь 2017 оны 05 сарын 01 ний өдөр иргэн Н.Г-ээс иргэн И.Ч-т “миний нэрийн өмнөөс хувьцаатай холбоотой асуудлаар хуралд оролцож эдлэх эрх, үүргийг бүрэн хэрэгжүүлэх, тооцоо нийлэх, тодорхойлолт өгөх, үйлдвэр уурхайн үйл ажиллагаанд оролцох,санал өгөх, шийдвэр гарах үйл ажиллагаанд бүрэн төлөөлөх, бусад холбогдох бичиг баримтанд төлөөлж гарын үсэг зурах бүрэн эрхийг олгосон итгэмжлэл нь  Иргэний хуулийн 62,63,64 дүгээр зүйл, Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.6, Компанийн тухай хуулийн 34,62,68 дугаар зүйлийг зөрчсөн тул И.Ч-т олгосон итгэмжлэлийг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Бор-Өндөр сумын тойргийн нотариатч Б.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  иргэн Н.Г-ээс иргэн И.Ч-т олгосон итгэмжлэл нь хуульд заасан шаардлагыг бүрэн хангасан учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Хэргийн баримтаас үзэхэд нэхэмжлэгчээс шүүхэд  гаргасан нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус, өөрөөр хэлбэл иргэн Н.Г-ээс иргэн И.Ч-т өөрийгөө төлөөлүүлэхээр олгосон итгэмжлэлийг гэрчилсэн нотариатын үйлдлийн улмаас нэхэмжлэгч Винкапитал ХХК-ийн хуулиар хамгаалагдсан ямар эрх ашиг сонирхол зөрчигдсөн болох түүнийг сэргээх шаардлага үндэслэл нь тодорхой бус байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116-р зүйлийн 116.2-т заасантай нийцэхгүй байна.

Иймд давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-т зааснаар шийдвэрийг өөрчлөх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 08 сарын 07 ны өдрийн 113 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.      

       

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.ДЭНСМАА

 

    ШҮҮГЧИД                                               Д.БАЙГАЛМАА

 

                    Я.АЛТАННАВЧ