Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 129

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Ө-д холбогдох

  эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Зориг, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Мөнгөнсүх,

шүүгдэгч Б.Ө, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт,

нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дашдондов даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1105 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Ө-ын өмгөөлөгч Н.Намжилцогтын гаргасан давж заалдах гомдлоор Б.Ө-д холбогдох эрүүгийн 1802004650255 дугаартай хэргийг 2019 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

............. овгийн ................. ............., 19... оны .. дугаар сарын ....-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгаан системийн инженер мэргэжилтэй, “..........” ХХК-нд зөөгч ажилтай, ам бүл .., эцэг, эх, .. дүүгийн хамт ............. аймгийн .......... сум, ... дүгээр баг 4-6-87 тоотод оршин суух бүртгэлтэй, Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 187 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 251 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн, /РД:........................../;

Б.Ө нь 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрээс хориглосон сэтгэцэд нөлөөт бодис болох НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан “дельта 9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай 988.8 грамм ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн, уг бэлтгэсэн ургамлаа хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Б.Ө-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “Б.Ө-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хориглосон сэтгэцэд нөлөөт бодис болох Дельта 9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Ө-ыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Ө-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар Б.Ө-ын урьдчилан цагдан хоригдсон 2 хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цаасны хамт 1.2 грамм жинтэй нунтаг ургамлын тос мэт зүйл, 993.3 грамм жинтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай нунтаг ургамал,  сэтгэцэд  нөлөөт ургамлаас тос гаргаж авахдаа ашигладаг гэх 8 ширхэг “Best butane gas” гэсэн бичиглэлтэй ахуйн хэрэглээний газ зэргийг устгахыг Цагдаагийн ерөнхий газрын Хар    тамхитай тэмцэх газарт даалгаж, Б.Ө-ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж  ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, хэрэгт хураагдан ирсэн 3 ширхэг камерын бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Ө-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Ө-ын өмгөөлөгч Н.Намжилцогт гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж тус тус заасан. Эрүүгийн хуулийн энэ хоёр заалтыг шүүхээс өргөн хэрэглэж байгаа бөгөөд шүүгдэгчид ашигтай, эрх зүйн байдлыг дээрдүүлсэн тухайн заалтыг шүүгдэгч Б.Ө-д хэрэглээгүй. Өмгөөлөгч миний бие Эрүүгийн хуулийг иргэдэд тэгш хэрэглэх ёстой гэж үзэж байна. Шүүгдэгч Б.Ө-ын хувьд, тухайн хуулийн заалтын бүх шаардлагыг бүрэн хангаж байсан. Мөн Б.Ө нь тухайн өвс гэх ургамлыг таньж мэдэх гэсэн сониуч, саваагүй зангаасаа болоод тохиолдлоор дайралдсан өвсийг Дархан хотын вокзал дээрээс түүсэн байдаг. Шүүгдэгч Б.Ө нь өвс гэх ургамлыг урьд өмнө нь огт хэрэглэж байгаагүй, ийм төрлийн гэмт хэрэгт холбогдож, шалгагдаж байгаагүй, өвсийг бусдад өгсөн, худалдсан, түгээсэн, сурталчилсан нөхцөл байдал байгаагүй бөгөөд урьд өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй. Мөн үйлдсэн гэмт хэрэгтээ чинь санаанаасаа гэмшиж байгаа зэрэг нөхцөл байдал болон хувийн байдлуудыг харгалзан үзээгүйд нь өмгөөлөгч миний хувьд гомдож байна. Дээрх байдлуудыг харгалзан үзэж ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байсан. Мөн Б.Ө нь цагдаагийн байгууллагад шалгагдаж байхдаа өвс гэх ургамлын хор уршгийн талаар болон эрүүгийн хариуцлага, ял шийтгэлийн талаар бүрэн ойлгож ухамсарлаж дахин ийм зүйлтэй огт холбогдохгүй байж чадна гэдгээ удаа дараа буюу мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд илэрхийлж байсан. Өмгөөлөгч миний хувьд Б.Ө-ыг амьдралдаа нэг удаа алдсан гэж бодож байна. Тийм учраас шүүгдэгч Б.Ө-д нэг удаа боломж олгож, заавал хорих ял оногдуулж нийгмээс тусгаарлахгүйгээр тодорхой хугацаагаар тэнсэх боломж байсан. Эрүүгийн хариуцлагын зорилго нь шийтгэл оногдуулахаас гадна нийгэмшүүлэх зорилготой байдаг. Өмгөөлөгчийн зүгээс заавал хорих ял оногдуулах шаардлага байхгүй гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйл, мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг хэрэглэж ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авч өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгч Б.Ө тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би өөрийн болчимгүй үйлдлээсээ болж ийм хэрэг үйлдсэндээ одоог хүртэл маш их гэмшиж, харамсаж байна. Би энэ хэрэгт холбогдсоноор өвс гэх ургамлын талаар маш сайн ойлгож, мэдэж авсан. Би өвс гэх ургамалтай дахиж хэзээ ч холбогдохгүй байж, түүнээс өөрийгөө хол байлгаж чадна гэдгээ амлаж байна. Мөн миний үерхдэг найз охин маань бие давхар юм. Тийм учраас эцэг, эх болох тэр хугацаа, нандин мөчид гэр бүлийнхээ дэргэд байхыг маш их хүсэж байна. Мөн би цагдан хоригдох 2 сарын хугацаанд өөрийн гэм бурууг ухаарч, маш их зүйлийг ойлгож авсан. Цагдан хорих байранд байхад надад муугаар нөлөөлөх хүмүүс ч цөөнгүй байсан. Надад нэг удаа итгэл хүлээлгэж, боломж олгон намайг нийгмээс тусгаарлахгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэж шүүх бүрэлдэхүүнээс хүсэж байна.” гэв.

 

Прокурор Н.Мөнгөнсүх тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1105 дугаартай шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх гомдлыг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 

Б.Ө нь 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрээс хориглосон сэтгэцэд нөлөөт бодис болох НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан “дельта 9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай 988.8 грамм ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн, уг бэлтгэсэн ургамлаа хадгалсан гэмт хэргийг үйлдсэн нь:

 

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-3-9/, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл /хх-11-12/, шүүгдэгчийн үүргэвчинд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-16-18/, эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-29-32/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 10622 дугаартай дүгнэлт /хх-45/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 10623 дугаартай дүгнэлт /хх-50/, шинжээч А.Батбаярын мэдүүлэг /хх-58-59/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-86-89/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогджээ.

 

          Анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасантай,

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэсний дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад нотлох баримтад тулгуурлаж, шүүгдэгч Б.Ө-ыг сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай тус тус нийцжээ.

 

            Шүүгдэгч Б.Ө-ын мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг бэлтгэсэн, хадгалсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүхээс Б.Ө-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял оногдуулсан нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх тул “хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэсэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

 

Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1105 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Намжилцогтын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Анхан шатны шүүх хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтыг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт устгахыг даалгасан нь зохимжгүй байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1105 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтын “Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цаасны хамт 1.2 грамм жинтэй нунтаг ургамлын тос мэт зүйл, 993.3 грамм жинтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай нунтаг ургамал,  сэтгэцэд  нөлөөт ургамлаас тос гаргаж авахдаа ашигладаг гэх 8 ширхэг “Best butane gas” гэсэн бичиглэлтэй ахуйн хэрэглээний газ зэргийг устгахыг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгасугай.” гэснийг “Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цаасны хамт 1.2 грамм жинтэй нунтаг ургамлын тос мэт зүйл, 993.3 грамм жинтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай нунтаг ургамал,  сэтгэцэд  нөлөөт ургамлаас тос гаргаж авахдаа ашигладаг гэх 8 ширхэг “Best butane gas” гэсэн бичиглэлтэй ахуйн хэрэглээний газ зэргийг устгахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.” гэж өөрчилж, тогтоолын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч Б.Ө-ын өмгөөлөгч Н.Намжилцогтын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 ДАРГАЛАГЧ,

                                     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Т.ӨСӨХБАЯР

 

                                     ШҮҮГЧ                                                        Б.ЗОРИГ

 

                                     ШҮҮГЧ                                                        Д.МЯГМАРЖАВ