Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 221/МА2015/0177

 

 

2015 оны 4 сарын 22 өдөр Дугаар 221/МА2015/1177

 

 

Ч.Ө ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Ц.Цогт, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгч Ч.Ө , нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, Ж.А, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж, гуравдагч этгээд Ц.У-ын өмгөөлөгч Д.Х нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 632 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Жанчивын гаргасан давж заалдах гомдлоор, Ч.Ө ын нэхэмжлэлтэй СБДЗД-д холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.Ө  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Миний бие гэр бүлийн хамтаар Нийслэлийн Засаг даргын 1999 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/78 дугаар шийдвэрээр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Хандгайтын богинын аманд 500 м.кв зуслангийн газар эзэмших эрх авсан. 2001 оны зун уг газартаа 7.6x10 хэмжээтэй өвлийн байшин барьж, тасралтгүй өнөөдрийг хүртэл эзэмшиж, ашиглаж байна. Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт 2004 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр зуслангийн орон сууцаа бүртгүүлж Ү-220301343 тоот гэрчилгээ гаргуулсан... 2004 оны зун Сүхбаатар дүүргээс хүмүүс ирж газрын кадастрын зургийг хийсэн.

 

Сүхбаатар дүүргийн газрын албаны мэргэжилтнүүд хуйвалдан уг кадастрын зурагт ганцхан манай газрыг байшингийн сууриар нь талбайн хэмжээг оруулаад бидэнд мэдэгдэлгүйгээр Н.Ч  кадастр хийлгэн 2005 оны 08 дугаар сарын 23-нд зурагт бүртгүүлж, улмаар манай эзэмшиж буй газарт гэрчилгээ гаргуулсан байна... Хэрэв Н.Ч хууль ёсоор газар авсан бол өнөөдөр энэ газраа ашиглаж байх ёстой... 2005 онд хуулийн дагуу газар авсан бол 2-оос дээш жил газраа ашиглаагүй учраас хүчингүй болох хуультай гэдгээ мэдэж байх ёстой. Н.Ч газраа Ц.О-д тасалж өгсөн юм бол тэр хүн өөрийн газартаа ирж хашаагаа хатгах ёстой байсан. Н.Ч, Ц.От нар бусдын эзэмшил газрыг хуйвалдан авсан учраас газар эзэмших эрхээ өнөөдрийг хүртэл хэрэгжүүлж чадахгүй, чимээгүй явж ирсэн болох нь харагдаж байна. Манай газартай давхцуулан бусад этгээдүүд газар авсан болохыг мэдэж Сүхбаатар дүүргийн Засаг даргад хандахад таны газрыг томруулж өгч болно гэсэн хариулт өглөө. Иймд 2005 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 266 дугаар захирамжийн Н.Ч , Ц.О нарт холбогдох 2093 м.кв газар эзэмших эрхийг хүчингүй болгуулах, 2013 оны 451 дүгээр захирамжийн Ц.У  , Т.М нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч СБДЗД шүүхэд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч Ч.Ө т Нийслэлийн Засаг даргын 1999 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/78 дугаар захирамжаар 5 жилийн хугацаатай газар эзэмших эрх олгосон. Газрыг 5 жилийн хугацаатай эзэмших эрхийг аваад 2004 онд газар эзэмших эрх нь дуусгавар болсон байхад Газрын тухай хуульд заасны дагуу газар эзэмших эрхийг сунгуулах талаар Сүхбаатар дүүргийн Өмч, газрын харилцааны албаны нэр дээр гаргаж байсан хүсэлт, өргөдөл манай байгууллагын архивт байхгүй... Маргаан бүхий газар нь кадастрын зурагт Н.Ч , Ц.О нарын газартай огт давхцаагүй учраас СБДЗД-ын 2005 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 226, 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 451 дүгээр захирамж хуульд заасны дагуу өөрийн эрх хэмжээний хүрээнд гаргасан. Маргаан бүхий газар нь Ч.Ө ын ямар эрхийг зөрчиж байгаа нь тодорхойгүй, мөн газар эзэмших эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

 

Гуравдагч этгээд Н.Ч , Ц.О , Ц.У  , Т.М нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж шүүхэд гаргасан тайлбартаа: ...тухайн үед уг газар нь бусад этгээдийн эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байсан тул СБДЗД 2005 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 226 дугаар захирамжаар Хандгайтын богино зусланд 400 м.кв талбай бүхий газрыг Ц.О д эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн. Эзэмшүүлэх захирамж, гэрчилгээ нь 400 м.кв хэмжээгээр гарсан боловч 1682 м.кв хэмжээгээр кадастрын зураглал хийгдэж, кадастрын нэгдсэн бүртгэлийн санд энэ хэмжээгээр орсон байдаг... 2005 оны 226 дугаар захирамжийн 3-д заасны дагуу эрх бүхий этгээдтэй газар эзэмших гэрээ байгуулан, гэрчилгээ авч эзэмшиж байгаад Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу 2013 оны 09 дүгээр сард дүү Т.М д шилжүүлэх хүсэлт гаргасныг СБДЗД хүлээн авч зохих журмын дагуу шийдвэрлэн 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 451 дугаар захирамжаар газрын хэмжээг 700 м.кв болгон өөрчилж Т.М д шилжүүлсэн. Үүнтэй нэгэн адил Ц.У   нь Н.Ч оос маргаан бүхий газарт байрлах 700 м.кв газрыг холбогдох хуульд заасан журмын дагуу хүсэлт гарган 2013 оны 451 дүгээр захирамжаар шилжүүлэн авсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна. Дээрх үйлдлүүд хууль журмын дагуу хийгдсэн бөгөөд Ч.Ө ын нэхэмжлэлд дурдсанчлан түүний эзэмшиж буй газартай давхардуулан гэрчилгээ авсан, түүний эрхийг зөрчсөн зүйл огт байхгүй.

 

Нэхэмжлэгч зөрчигдсөн эрхээ сэргээлгэх тухай гомдлоо Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан хугацаанд харьяалах дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд гаргах нь нээлттэй байсан боловч энэхүү хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн байх тул шүүх энэ маргааныг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй... СБДЗД-ын 2005 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 226, 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 451 дүгээр захирамжууд нь нэхэмжлэгчийн ямар эрхийг зөрчсөн нь тодорхойгүй, Нийслэлийн Засаг даргын 1999 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/78 дугаар захирамжаар нэхэмжлэгчид олгосон газартай давхцаагүй... Нэхэмжлэгч маргаан бүхий газарт хууль ёсны дагуу газар эзэмших хүсэлт гаргаагүй байж Нийслэлийн Засаг даргын 1999 оны А/78 захирамжаар олгосон газраас хэтрүүлэн дур мэдэн хашаа хатгаж, түүнийгээ өөрсдийн эзэмшил газар гэж нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй, нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан байна. Иймд, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

 

Шүүхэд гаргасан бие даасан шаардлагадаа: ...Ч.Ө ын хууль бус үйлдлийг таслан зогсоож, зуслангийн газар руу орох орц, гарцын асуудлыг шийдвэрлэж өгөхийг СБДЗД болон дүүргийн Газрын албанд даалгаж өгнө үү гэжээ.

 

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 632 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 32 дугаар зүйл, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг баримтлан иргэн Ч.Ө ын нэхэмжлэлийг хангаж, СБДЗД-ын 2005 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 266 дугаар захирамжийн иргэн Н.Ч , Ц.О нарт, мөн дүүргийн Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын0 8-ны өдрийн 451 дүгээр захирамжийн иргэн Т.М , Ч.У нарт холбогдох хэсгийг тус тус хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт заасныг баримтлан гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Жанчивын гаргасан Зуслангийн газарт орох орц, гарцыг чөлөөлж өгөхгүй байгаа Ч.Ө ын хууль бус үйлдлийг зогсоож өгөхийг Сүхбаатар дүүргийн Засаг даргад даалгах бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж давж заалдах гомдолдоо: ...1. Нэхэмжлэгч Ч.Ө  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хурал дээр хэлсэн тайлбартаа ...2013 оны 09 сар хүртэл хэн ч ирж байгаагүй. Гэтэл манай газар дээр хүмүүс ирж бужигналдаад байна гэсэн..., мөн хуралдаанд ...Лагерь нүүгээд орсон өдрөөс хойш гэж хэлж байгаа. Би хэзээ гэдгээ мартсан. Шүүхэд нэхэмжлэл гаргахад урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулсан, анх Сүхбаатар дүүргийн Засаг даргад хүсэлт өгсөн огноо байгаа... хэмээн тайлбарласан зэргээс үзэхэд хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэх үндэслэлтэй.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан хугацааг хэтрүүлсэн болох нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд хэлсэн тайлбараар тогтоогдож байна.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаас харахад нэхэмжлэгч 2013 оны 09 дүгээр сард маргаан бүхий газрыг зуслангийн зориулалтаар эзэмших эрхийг СБДЗД-ын 2005 оны 226 дугаар захирамжаар гуравдагч этгээд болох Н.Ч , Ц.О нарт олгосон болохыг мэдсэн боловч дээрх захирамжийг хүчингүй болгуулах гомдлоо 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 808 тоот албан бичгээр гаргасан болох нь Сүхбаатар дүүргийн Өмч, харилцааны газрын албаны 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 1375 тоотоор нэхэмжлэгчид ирүүлсэн албан бичгээр тогтоогдож байна. Хэрэгт цугларсан нотлох баримт, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар зэрэгт дүгнэлт хийхэд нэхэмжлэгч нь маргаан бүхий захирамжийн гуравдагч этгээд нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай гомдлоо 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн дотор гаргах ёстой байсан.

 

2. ...СБДЗД-ын 2005 оны 226 дугаар захирамжаар гуравдагч этгээд нарт эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн маргаан бүхий газар нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг зөрчөөгүй. Нэхэмжлэгч шүүх хуралдаанд маргаан бүхий газрын 2005, 2012 оны сансрын зургийг нотлох баримтаар гаргаж өгсөн бөгөөд тухайн зургаас үзэхэд 2005 оны байдлаар уг газарт нэхэмжлэгч болон өөр хэн нэг этгээд хашаа хатгаагүй болох нь харагддаг. Өөрөөр хэлбэл, гуравдагч этгээд болон Н.Ч , Ц.О нарыг газар эзэмших хүсэлт гаргах үед тухайн газар бусдын эзэмшил ашиглалтад шилжээгүй буюу Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг зөрчөөгүй болох нь дээрх зургаар тогтоогдож байгаа.

 

Нэхэмжлэгч Ч.Ө  нь газар ашиглах эрхийг Нийслэлийн Засаг даргын 1999 оны А/78 дугаар захирамжаар олж авсан гэх боловч А/78 дугаартай газар эзэмшүүлэх тухай захирамж байхгүй болохыг шүүх тогтоосон. Үүнээс үзэхэд нэхэмжлэгч Ч.Ө т газар эзэмшүүлэх эрх олгосон эрх бүхий албан тушаалтны ямар нэгэн шийдвэр гаргаагүй байдаг. Мөн гуравдагч этгээд Н.Ч , Ц.О нар 2005 онд газар эзэмших тухай хүсэлт гаргах үед нэхэмжлэгчийн газар эзэмших хугацаа 2004 онд дуусгавар болсон, газар эзэмших эрхээ сунгуулах тухай хүсэлт гаргаж байгаагүй болох нь хариуцагчийн тайлбар, нэхэмжлэгчийн өөрийн шүүх хуралдаан дээр гаргасан мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдож байгаа бөгөөд гуравдагч этгээд нарын эзэмшиж буй газар нь нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээн дээрх 500 м.кв газартай ямар нэг хэмжээгээр давхацаагүй болох нь хэрэгт авагдсан кадастрын зургуудаар тогтоогдож байгаа. Иймд, гуравдагч этгээд нарын эзэмшиж буй газар нь бусдын газартай давхацсан гэх үндэслэлгүй.

 

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ гуравдагч этгээд нарын газар эзэмших, шилжүүлэх тухай хүсэлтүүд дээрх гарын үсэг зөрүүтэй, өөр болох нь нарийн мэргэжлийн шинжээчийн дүгнэлтийн шаардлагагүйгээр энгийн нүдээр харахад илэрхий байна хэмээн дүгнэж байгаа нь ойлгомжгүй. Шүүхийн дээрх дүгнэлтээс үзэхэд гуравдагч этгээд нарын газар эзэмших болон газар шилжүүлэх тухай хүсэлтүүд бичгийн хэлбэрийн хувьд өөр байгаа нь хууль зөрчсөн мэт дүгнэсэн нь шүүх хуулиар олгогдсон эрхээ хэтрүүлсэн гэж үзэхээр байна. Учир нь, гуравдагч этгээд нарын эрх бүхий байгууллагуудад гаргасан хүсэлтүүд хууль зөрчсөн эсэхийг захиргааны шүүх шууд дүгнэх боломжгүй. Гагцхүү тухайн газрыг эзэмших хууль ёсны хүсэл зориг байгаа гэдэг нь чухал болохоос, өргөдлийг хэн хэрхэн бичих нь төдийлөн ач холбогдолтой бус юм.

 

Гуравдагч этгээд Н.Ч , Ц.О нар кадастрын зургаа Монмет ХХК-аар гүйцэтгүүлсэн байхад шүүхээс Монмет инженер ХХК-аас тухайн зургийг зурж гүйцэтгэсэн эсэх талаар албан тоот явуулж тус компаниас ирүүлсэн 46/14 тоот албан бичгийг үндэслэж хэргийг шийдвэрлэсэн нь ЗХХШтХ-ийн 30 дугаар зүйлийн 30.1-д заасан журмыг ноцтой зөрчиж байна.

 

Түүнчлэн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ...Нөгөө талаас бодит байдалд нэхэмжлэгчийн хашаалсан газрын зарим хэсэг зөвшөөрөлгүй байсан гэдгийг 2005 онд Н.Ч , Ц.Ою нар хэрхэн, яаж мэдсэн нь тодорхойгүй, ийнхүү дүгнэхийн учир нь энэ талаар гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч үндэслэл бүхий тайлбарыг шүүх хуралдаанд гаргаагүй. Гэхдээ тухайн үед Газрын харилцаа, геодези зураг зүйн газарт ажиллаж байсан Ц.Ою-ийн төрсөн эгч Н.Ч ын төрсөн ахын эхнэр Ц.Ою-ийн гэрчийн мэдүүлгээс үзэхэд шууд тогтоогүй ч дээрх нөхцөл байдалд түүний оролцоо тодорхой хэмжээнд байсан гэх үзэх үндэслэлтэй... хэмээн дүгнэж байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчим ноцтой зөрчигдөж байна.

 

Иргэн, хуулийн этгээд өөрсдийн эзэмшиж, ашиглахыг хүссэн газраа бусдын эзэмшил ашиглалтад байгаа эсэхийг олж мэдэх эрхийг хуулиар хязгаарласан зүйл огт байхгүй. Шүүх гуравдагч этгээд нарыг хууль бусаар маргаан бүхий газрыг бусдын эзэмшил ашиглалтад байхгүй байгааг мэдсэн мэтээр дүгнэсэн нь гуравдагч этгээд нарын эрх, хууль ёсны ашиг сонирхолыг ноцтой зөрчсөн үйлдэл болжээ.

 

Шүүх тухайн маргаанд огт хамааралгүй этгээд болох Ц.Ою-ийг гэрчээр асуух, дүгнэлтдээ гэрчийн мэдүүлгээс шууд тогтоогүй болохыг шүүх өөрөө дүгнэсэн мөртлөө түүний оролцоо тодорхой хэмжээнд байсан гэж дүгнэж, түүнийгээ шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож байгаа нь хэт нэг талыг барьсан гуравдагч этгээд нарыг ямар нэгэн байдлаар буруутгах гэсэн явцуу оролдлого гэж үзэхээр байна.

 

Учир нь, нэхэмжлэгч Ч.Ө  нь гэрч Ц.Ою-ийг Сүхбаатар дүүргийн Газрын албанд ажилладаг мэтээр хардаж, гуравдагч этгээд нарт газар эзэмших эрх хууль бусаар олж авч өгсөн гэж шүүхэд мэдүүлсэн байдаг. Үүний дагуу шүүх Ц.Ою-ийг гэрч гэх нэрэн дор байцааж, нэг ёсондоо мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Түүгээр ч үл барам нэхэмжлэгч нь Авлигатай тэмцэх газарт өргөдөл өгч шалгуулсан байдаг. Өөрөөр хэлбэл, шүүх эрх хэмжээгээ хэтрүүлсэн, бодитой нотлогдоогүй зүйлийг шийдвэрийн үндэслэл болгосон гэж үзэхээр байна.

 

3. ...Газар эзэмшигч, ашиглагч нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-д заасан үүргийг хүлээдэг болохоос биш, өөрийн эзэмшиж, ашиглаж буй газраа тэмдэгжүүлэх, бусдаас ялгах үүргийг хуулиар хүлээдэггүй. Нөгөө талаар бусдын хууль ёсны дагуу эзэмшиж буй газар дээр хашаа хатгаж, нэг айлын ахуйн зориулалтаар эзэмших ёстой 0.07 га газраас 5 дахин том газар хашин өөрсдийн газар мэтээр аяглаж, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасныг зөрчсөн үйлдлийг зөвтгөн хэт нэг талыг барьж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

 

Гуравдагч этгээд нарын эзэмшиж буй газар нь нэхэмжлэгчийн эзэмшиж буй газартай давхацаагүй, түүний эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хөндөөгүй. Эсрэгээрээ нэхэмжлэгчийн зүгээс гуравдагч этгээдийн хууль ёсны дагуу олж авсан эзэмших эрхээ хэрэгжүүлэх боломжийг олголгүй, орох, гарах гарцыг хааж, эрх, хууль ёсны ашиг сонирхолыг ноцтой зөрчсөн үйлдлийг шүүх авч үзсэнгүй.

 

Эцэст нь нэхэмжлэгчид газар эзэмших эрх олгосон ямар нэгэн эрх бүхий албан тушаалтны захирамж, шийдвэр байхгүй, газар эзэмших эрхийн хугацаа дуусгавар болсон, маргаан бүхий газруудын хооронд давхцал байхгүй зэрэг нөхцөл байдлыг анхан шатны шүүх дүгнэсэнгүй. Иймд дээрх гомдлыг хүлээн авч Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 632 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээдийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хэргийн нөхцөл байдлыг тодруулж, дахин шинэ акт гартал маргаан бүхий захиргааны актыг түдгэлзүүлэх үндэстэй байна гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч Ч.Ө  нь СБДЗД-ын 2005 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 266 дугаар захирамжийн иргэн Н.Ч , Ц.О нарт холбогдох хэсгийг, мөн дүүргийн Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 451 дүгээр захирамжийн Т.М , Ц.У   нарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Анхан шатны шүүх дээрх хэргийг шийдвэрлэхдээ дан ганц Н.Ч , Ц.О нарт газар эзэмшүүлсэн үйл явц, улмаар дээрх иргэд газар эзэмших эрхээ 2013 онд Т.М , Ц.У   нарт шилжүүлсэн үйл явц нь Газрын тухай хуульд нийцсэн эсэх талаас нь дүгнэлт хийсэн нь учир дутагдалтай байна.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ, мөн зүйлийн 40.2-т Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж тус тус хуульчилжээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд /1хх-ийн 180-р хуудас/ Ч.Ө  нь Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, Хандгайтын богино гэх газар зуслангийн зориулалтаар нийт 6322 м.кв газрыг хашаалсан болох нь тогтоогдож байхад шүүх түүнд холбогдох нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлтийг хийгээгүй байна.

 

Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д Иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны хашаа барих зориулалтаар үнэ төлбөргүй эзэмшүүлэх газрын хэмжээ 0.07 га-гаас илүүгүй байна гэж заажээ. Өөрөөр хэлбэл, Ч.Ө  нь гэр бүлийн хамтын хэрэгцээндээ 700 м.кв газрыг л эзэмших эрхтэй юм.

 

Гэтэл тэрээр 9 иргэний гэр бүлийн хамтын хэрэгцээнд эзэмших хэмжээний газрыг хашаалсан байгаа нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасан газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах гэсэн үндсэн зарчимтай нийцэхгүй байна.

 

Нэхэмжлэгч Ч.Ө ын тайлбараас дүгнэхэд түүний уг газрыг анх эзэмшиж эхэлсэн үед буюу 1999 он болон зуслангийн байшингаа барьсан гэх 2001 онд 1994 оны Газрын тухай хууль үйлчилж байсан бөгөөд дээрх хуульд зааснаар гэр бүлийн хэрэгцээнд эзэмшүүлэх газрын дээд хэмжээ нь 500 м.кв байсан тул Ч.Ө ыг 1999 оноос эхлэн 500 м.кв газрыг эзэмшиж байсан гэж дүгнэж болохуйц байна.

 

Нэхэмжлэгчийн тайлбар болон бусад баримтаар Ч.Ө ын хашаалсан 6322 м.кв газарт түүний хамаатан Ч.А-ын зуслангийн байшин баригдсан байх бөгөөд тэрээр зуслангийн зориулалтаар ашигладаг болох нь тогтоогджээ.

 

Иймд, Ч.А нь газар эзэмших хүчин төгөлдөр гэрээ, гэрчилгээтэй эсэх, түүнд газар эзэмшүүлэхээр эрх бүхий Засаг даргын захирамж гарч байсан эсэх, хэрвээ гэрээ, гэрчилгээтэй бол түүний эзэмшил газрын хил хязгаар хаагуур байгаа болох, мөн нэр бүхий 2 иргэнд эзэмшүүлж улмаар 2013 онд Т.М , Ц.У   нарт шилжүүлсэн гэх газартай давхцаж байгаа эсэхийг тогтоох шаардлагатай.

 

Түүнчлэн дээрх Ч.Ө ын хашаалсан байгаа газраас хэдэн м.кв газар нь ойн сан бүхий газарт хамаарч байгаа болохыг нягтлан шалгахаас гадна Ч.Ө ын улсын бүртгэлийн Ү-2203010343 дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээтэй зуслангийн байшингийн суурийн хэмжээний 108 м.кв газрыг түүнд үлдээсэн гэх тул тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх бүхий этгээд хэрхэн зуслангийн байшингаа ашиглах, орц, гарцын асуудлыг шийдвэрлээгүй нь буруу байна.

 

Мөн СБДЗД-ын 2005 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 266 дугаар захирамжаар иргэн Н.Ч , Ц.О нарт тус бүр 400 м.кв газар эзэмшүүлсэн байхад 2013 онд дээрх иргэд бусдад газар эзэмшүүлэх эрхээ шилжүүлэхдээ 700 м.кв болгон ихэсгэж шилжүүлснийг, ийнхүү газар эзэмших эрхээ шилжүүлсэн байхад яагаад Н.Ч , Ц.О нарын нэр дээр одоо болтол 980 м.кв, 1339 м.кв газар эзэмшдэг гэсэн мэдээлэл кадастрын мэдээллийн санд хадгалагддаг болох зэргийг шалгаж тогтоох нь зүйтэй.

 

Иймд, хариуцагч СБДЗД дээрх 6322 м.кв газрыг Газрын тухай хуульд заасан үндсэн зарчим болон хуульд заасны дагуу хэнд ямар хэмжээтэй газар эзэмшүүлэх эсэхийг судлан дахин захиргааны акт гаргах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.    Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 632 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг 1. Газрын тухай хуулийн 31.3, 32 дугаар зүйл, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасныг баримтлан СБДЗД-ын 2005 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 266 дугаар захирамжийн иргэн Н.Ч , Ц.О нарт холбогдох, мөн дүүргийн Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 451 дүгээр захирамжийн иргэн Т.М , Ч.У нарт холбогдох хэсгийг хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулж, дахин шинэ акт гартал түдгэлзүүлсүгэй. гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсгийг баримтлан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах шатны журмаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, буцаан олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсгийг баримтлан давж заалдах шатны шүүх захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

 

ШҮҮГЧ Ц.ЦОГТ

 

ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР