Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 2017/ШЦТ/217

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

                                                                                  Хэргийн индекс: 166/2017/0196/Э

 

Дархан Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шүрэнчимэг,

Улсын яллагчаар М.Очбадрах,

Насанд хүрээгүй хохирогч Ш.Т,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ш,

Хохирогчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаа, 

Шүүгдэгч Д.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 201 дүгээр зүйлийн 201.1-т заасан гэмт хэрэгт С овогт Д.А-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201709000329 дугаартай хэргийг 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ....-ны өдөр ...... аймагт төрсөн, .... настай, бүрэн бус дунд боловсролтой, ..... мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ..., ....хамт ..... аймаг, .... сум ....р баг .......тоотод оршин суух,  урьд ял шийтгэлгүй, С... овогт Д.А    /регистрийн дугаар: .............../

 

Холбогдсон хэргийн талаар:

Яллагдагч С овогт Д.А нь нохойгоо зохих хамгаалтгүй газар байлгасны улмаас Ш.Т-ыг хазаж биед нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Д.А нь 2017 оны 5 дугаар сарын 18-нд орчиндоо аюул учруулж болох амьтан болох нохойгоо зохих хамгаалалтгүй сул байлгаснаас насанд хүрээгүй хохирогч Ш.Т-ыг хазаж бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан болох нь:

 

Шүүгдэгч Д.А-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Манай эгч хөгжлийн бэрхшээлтэй групд байдаг. Би тухайн хэрэг гардаг өдөр буюу 2017.05.18-ны өдөр эгчтэйгээ цуг групыг нь сунгуулах гээд явсан байсан. Групын хурал өдөр 14:00 цагийн үед ороод нилээн орой гарч ирсэн. Гэтэл охин маань миний утас руу залгаад хажуу айлын хүүхэд хашаа давж орж ирээд нохойд уруулчихлаа гэсэн. Би Нийгмийн даатгалын хэлтэс орох ажилтай байсан болохоор би охиныгоо эмнэлэг ороод эмчтэй нь уулз гэж хэлсэн. Гэтэл охин маань эмнэлэг ороод эмчтэй нь уулзаад юу хэрэгтэй байна, юу авах уу? гэж асуухад эмч боолт, тосон түрхлэг хэрэгтэй, бусад зүйл нь эмнэлгээс гардаг учир өөр зүйл шаардлагагүй гэж хэлсэн гэсэн. Тэгээд манай охин лаа, бент, мөн идэх юм авч өгсөн. Ш.Т-ыг эмнэлэгт хэвтэж байх хугацаанд охин маань эргэж тойрч байсан. Ийм зүйл болсонд харамсаж байна гэх мэдүүлэг,

Насанд хүрээгүй хохирогч Ш.Т-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би хашаандаа тоглож байгаад хажуу хашааны хүүхэд хашаандаа байхаар нь би танайх руу орж болох юм уу гэсэн чинь манай нохой сул байна ш дээ гэсэн. Би нохойгоо уячих гэсэн чинь айлын хүүхэд нохойгоо уяах гээд хөтлөөд явж байсан чинь гэнэт уяа нь тасраад миний хөлнөөс хазсан” гэх мэдүүлэг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ш-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Гомдолтой байна. Эмчилгээний зардалд 553100 төгрөг нэхэмжилж, цаашид гарах эмчилгээний зардлыг мөн нэхэмжилнэ” гэх мэдүүлэг,“ 

Гэрч П.Б-гийн мөрдөн байцаалтад өгсөн: Би 2017.05.18-ны өдөр 17 цагийн үед хашаандаа хоёр зээ хүүхдүүдээ харж байгаад бага зээ маань өмдөндөө шээчихээр нь гэртээ ороод өмдийг нь сольсон. Том зээ хүү Т гаднаас орж ирэхгүй байхаар нь гараад харсан чинь хажуу айлын хашаан дотор уйлчихсан зогсож байсан. Яасан бэ? миний хүү гээд асуусан чинь нохой урчихлаа гэхээр нь харсан чинь баруун шилбэнээс нь цус гоожоод, шилбэнийх нь махыг тас татчихсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 18/,

Гэрч О. П-ын мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2017 оны 05 сарын 18-ны өдөр 16 цагийн үед хичээлээ тараад гэртээ ирсэн чинь манай хажуу айлын эрэгтэй хүүхэд хашаандаа уйлчихсан байсан. Тэгсэн чинь тэр айлын эгч танай нохой чинь хүүхэд урчихлаа гээд орилоод байсан. Манай нохой ногооны талбай дээр сул байж байсан” гэх мэдүүлэг  /хх-ийн 19/,

Гэрч Ч.Н-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би  2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр гэртээ байж байтал манай дүүгийн хүүхэд А орж ирээд хажуу айлын хүүхэд Т-ыг манай нохой урчихлаа гэсэн. Би сандраад гарсан чинь хажуу айлын эгч хашаан дотроо танай нохой манай хүүг урчихлаа, нохойгоо харахад яадаг юм гээд хараагаад байсан. Тэгээд хүүхдээ аваад эмнэлэг явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шилжилгээний албаны 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 575 дугаартай

1.  Ш.Т-ын биед баруун шилбэний шарх, баруун өгзөгний зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2.  Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр буюу нохой хазах үед үүсгэгдэх боломжтой.

3.  Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.  Цаашид эрүүл мэнд ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт, гэрэл зургууд /хх-33-34/, амбулаториор эмчлүүлэгсдийн карт зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж заасан байна.

Иймд шүүгдэгч Д.А нь 2017 оны 5 дугаар сарын 18-нд орчиндоо аюул учруулж болох амьтан болох нохойгоо зохих хамгаалалтгүй сул байлгасны улмаас насанд хүрээгүй хохирогч Ц.Т-ыг хазаж бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан болох нь нотлогдож байх тул Д.А-ыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 201 дүгээр зүйлийн 201.1-т заасан орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний бие махбодид хөнгөн гэмтэл учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогчийн биед хөнгөн гэмтэл учирсан ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгч эмчилгээний зардал 353100 төгрөг, өмгөөллийн зардал 300000 төгрөг, нийт 653100 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч нь 100000 төгрөгийг төлсөн болох нь хэрэгт авагдсан мөнгө хүлээлцсэн тэмдэглэлээр нотлогдож байна.

Иймд шүүгдэгч Д.А-аас 553100 төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна.

2. Ял, эрүүгийн хариуцлагын бусад асуудлын талаар:

2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж тус тус заажээ.

2015 оны Эрүүгийн хуулийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан ба хөнгөн гэмтэл учруулсан бол гэмт хэрэгт тооцогдохгүй болсон байна.

Иймд Дархан-Уул аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 201 дүгээр зүйлийн 201.1-т заасан гэмт хэрэг холбогдуулан яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Д.А-д холбогдох эрүүгийн 201709000329 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. 

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Д.А-ыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 201 дүгээр зүйлийн 201.1-т заасан орчиндоо аюул учруулж болох амьтан буюу нохойгоо зохих хамгаалалтгүй байлгаснаас хүний бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 201 дүгээр зүйлийн 201.1-т заасан гэмт хэрэг холбогдуулан яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Д.А-д холбогдох эрүүгийн 201709000329 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хуулийн 437 дугаар зүйлийн 437.1, 501 дүгээр зүйлийн 501.1-д зааснаар шүүгдэгч Д.А-аас 553.100 /таван зуун тавин гурван мянга нэг зуу/ төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч .... аймгийн ......сумын ... дугаар ....тоотод оршин суух Б овогт Б.Ш-т олгосугай.

4. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч насанд хүрээгүй хохирогчийг эмчлүүлэхтэй холбогдон цаашид гарах зардлыг нь жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ИХТАМИР