| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Батчимэг |
| Хэргийн индекс | 135/2017/00903/и |
| Дугаар | 135/шш2017/01009 |
| Огноо | 2017-09-28 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 09 сарын 28 өдөр
Дугаар 135/шш2017/01009
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2017/00903/и
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг би даргалж, шүүгч Д.Оюундарь, З.Тунгалагмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: С-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Дархан-Уул аймгийн Дархан сум ****** дугаар баг ****** дүгээр хэсэг ****** тоотод оршин суух Х-/РД:*******/-т холбогдох
Гэм хорын хохирол 525.950 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Оюунсувд, хариуцагч Х-, иргэдийн төлөөлөгч М -, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шүрэнчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Д.С-шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х- нь 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр ******* ******* улсын дугаартай prius 10 маркийн машинаар Д.С-миний 2017 оны 06 дугаар сарын 09-нд Монголд орж ирсэн Toyota sai маркийн машин зүүн талын толины аяга, дохио хагалж, урд керло зурагдаж будаг нь халцарсан зэрэг эвдрэл хохирол учруулсан нь Цагдаагийн газрын замын цагдаагийн дүгнэлт, зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг тооцсон шинжээчийн дүгнэлт зэргээр төлбөр тооцогдсон. Х- нь нийт 525.950 төгрөгийн хохирол учруулсан тул гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Х- шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд
гаргасан тайлбартаа: Тухайн үйл явдал болдог өдөр бороотой байсан. Би Үйлдвэрийн замаар уруудаад явж байхад өмнөөс нэг машин зам халхлаад яваад байсан. Би 40 км цагийн хурдтай явж байсан. Тэр машины өмнө нүх харагдсан би тэр машиныг нүхийг тойроод гарах юм байна гэж бодож байтал нүхээ тойроод миний машинтай мөргөлдсөн. Тэгээд гарч ирээд маргалдсан. Тэгтэл Д.С-эгч яараад байна хоёулаа тохирчихъё чи надад толь солиод өг гэхээр нь би зөвшөөрөөгүй, цагдаа дуудаад асуудлаа шийдье гэтэл би яараад байна чи утасны дугаараа үлдээчих гээд миний утасны дугаарыг аваад салсан. Гэртээ хариад 15 минут болж байтал нэг эрэгтэй хүн залгаад чи миний машиныг шүргэсэн байна гээд залгасан. Дараа нь 20 минутын дараа цагдаагийн газраас залгаад машин шүргээд зугтчихсан байна гэхээр нь би учир байдлыг хэлсэн. 2017.08.14-ний өдөр байцаагч яриад намайг цагдаагийн газарт дуудсан. Очтол хэрэг болсон газар руу дагуулж яваад машиныг дахин шинээр байрлуулж хэмжилт хийсэн. Машиныг буруу байрлуулсан байсан учир би Д.С-эгчийг та машинаа яг тухайн үед байсан байранд нь тавьчих гэж хэлтэл ийм байрлалтай байсан гээд уурлаад байсан. Гэтэл цагдаа та 2 туханй үед цагдаа дуудаагүй байж одоо ийм зүйл яриад байх юм гээд уурлаад байсан. Д.С-эгчийн машинд тооцооны нягтлан гэх хүн хамт явж байсан би тэр хүнийг гэрчээр дуудуулсан. Тэр гэрчийг ирэхээс өмнө 2 машинаа хөдөлгөөд тэр гэрчээр заалгая гэтэл Д.С-эгч машинаа хөдөлгөөгүй. Тухайн үед хэмжилт хийгээгүй, 5 хоногийн дараа хийгдсэн хэмжилт үндэслэлгүй явагдсан тул хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Д.С-нь хариуцагч Х-т холбогдуулан гэм хорын хохиролд 525.950 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргаж байна.
Шүүх бүрэлдэхүүн талуудын тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудыг тус тус үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаас үзвэл, 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 08 цагийн орчимд Дархан сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэр Үйлдвэрээс үйлчилгээний төв рүү чиглэлд зорчих автомашины замд иргэн Д.С-нь 44-49 ******* улсын дугаартай Т.SAI маркийн автомашин баруунаас зүүн зүгт жолоодож явсан Х- нь T.Prius маркийн 46-71 ******* улсын дугаартай автомашиныг жолоодож яваад шүргэлцэн зам тээврийн осол гаргажээ.
Дээрх зам тээврийн осолд Х- нь T.Prius маркийн 46-71 ******* улсын дугаартай автомашиныг жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.1-т заасан эгнээний тоог зорчих хэсэг дээрх тэмдэглэл буюу 5.10.а,б, 5.11.а,б тэмдгээр тодорхойлно. Хэрэв эдгээр тэмдэг, тэмдэглэл байхгүй бол зорчих хэсгийн өргөн, автомашины өргөний хэмжээ, тэдгээрийн хажуугийн зайг харгалзан эгнээний тоог тодорхойлох бөгөөд эсрэг хөдөлгөөнтэй бол тухайн зорчих хэсгийн өргөний зүүн гар тал дахь тэн хагасыг эсрэг хөдөлгөөнд зориулагдсанд тооцно гэсэн заалтыг тус тус зөрчсөн болох нь зохигчийн тайлбар, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх 5-6/, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 8/, зам тээврийг ослын шийдвэрлэлтийн талаарх тэмдэглэл /хх 9-10/ зэргээр тогтоогдож байна.
Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2-т “Өөр этгээдээс бүрэн эрх олгогдсоны дагуу түүний ашиг сонирхлын үүднээс эд хөрөнгийг тухайн үед өөрийн мэдэлд байлгаж байгаа этгээдийг эзэмшигч гэж үзэхгүй. Энэ тохиолдолд бүрэн эрх олгосон этгээд эзэмшигч байна” гэж зааснаар ******* ******* улсын дугаартай Toyota Prius маркийн автомашины өмчлөгч нь Н.Эрдэнэбат болох нь хэрэгт авагдсан тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх 25/-аар тогтоогдож байх тул хариуцагч Х-ыг уг тээврийн хэрэгслийн эзэмшигч гэж үзэх үндэслэлгүй байна. Харин 44-49 ******* улсын дугаартай Toyota sai маркийн автомашины өмчлөгч нь Д.С-болох нь уг тээврийг хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх 37/-аар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт “зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан ...бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй, мөн зүйлийн 499.4-т “тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч Д.С-өөрт учирсан гэм хорын хохирлыг шаардах эрх үүссэн боловч хариуцагч Х-ыг уг тээврийн хэрэгслийн эзэмшигч гэж үзэх үндэслэлгүй тул гэм хорын хохирлыг хариуцан арилгах үүрэг хүлээхгүй юм.
Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4.-т зааснаар нэхэмжлэгч ******* хариуцагч Х-т холбогдуулан гаргасан гэм хорын хохиролд 525.950 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2., 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15.950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ
ШҮҮГЧИД Д.ОЮУНДАРЬ
З.ТУНГАЛАГМАА