| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2018/1610/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/1677 |
| Огноо | 2018-12-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Эрдэнэбаатар |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 11 өдөр
Дугаар 2018/ШЦТ/1677
2018.12.11
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,
нарийн бичгийн дарга А.Уламбаяр,
улсын яллагч Ба.Эрдэнэбаатар,
шүүгдэгч Ц.Б /өөрөө өөрийгөө өмгөөлөн/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж Барга овогтой Ц.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806068431973 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн Барга овогтой Ц.Б, 1984 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Эксковаторын оператор мэргэжилтэй, "Эко Алтан Заамар" ХХК-д эксковаторын оператор ажилтай, ам бүл 3, Эхнэр, охины хамт, Баянзүрх дүүрэг 8 дугаар хороо, ********** тоотод оршин суух хаягтай, урьд нь ял шийтгүүлж байсан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн шүүхийн 2000 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 01 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1-т зааснаар 40.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, улсаас авсан гавъяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, , /РД:**************/
Шүүгдэгч Ц.Б нь 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр "Ж-айр" хотхоны Б блокын орцонд иргэн Ц.Стэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдсаны улмаас түүнийг зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч Ц.Б нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Хохирол төлбөрт 1.000.000 төгрөгийг төлж барагдуулсан” гэв.
Хохирогч Ц.С мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр бу уг барилгын "Б" блок хэсгийн 1 давхрын лифтний урд байдаг өрөө рүү орох гээд явж байтал лифтний урд зогсож байсан үл таних согтуу 30-40 гаруй насны залуу . . .аль шатандаа явж байна, айлууд хир зэрэг орж байна, надад мэдээлэл өгсөнгүй гэхээр нь би чамд мэдээлэл өгөх шаардлагагүй гэсэн чинь уг залуу шууд миний цамцны захнаас гараараа заамдаад боохоор нь би гарыг тавиулах гэсэн чинь дийлэхп/й байсан. Тэгэхээр нь би толгойных нь үснээс гараараа зулгаасан чинь уг залуу заамдаж боосон гараа тавингуутаа миний зүүн хөмсөг рүү гараараа 2-3 удаа цохисон. Тэгэхээр нь би уг залууг өөрөөсөө холдуулаад онгорхой өрөө рүүгээ түлхэж оруулаад хаалгыг нь хаагаад цагдаа руу утасдаж дуудсан. Уг залуу өрөөнөөс гарах гээд өрөөн дотор байсан компрессор аваад өрөөний бүргэд хаалга руу шидээд компрессор, хаалга хоёрыг эвдлээд цонхны салхивчийг онгойлгоод гарсан...” гэх мэдүүлэг. /хх-16-17/,
Гэрч Б.Бямбадорж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...хадам аав Сүхтөмөрийн хажууд согтуу 30 гаран насны шар царайтай, цагаан өнгийн фудболктой залуу ой хүрээгүй хүүхэд барьчихсан байсан, тэр залуу хүүхдээ 1 танихгүй эмэгтэй хүнд өгөөд хадам аав Сүхтөмөр рүү дайрахаар нь хадам аав Сүхтөмөр 1 давхрын өрөө рүү түлхээд оруулсан. Би өрөөнд тэр залуутай хамт ороод хаалга хаагдсан чинь уг залуу надаас түлхүүр асуугаад - онгойлго гэхээр нь би -надад түлхүүр байхгүй гэсэн чинь өрөөн дотор байсан компрессор аваад төмөр бүргэд хаалга руу шидсэн чинь хаалга хонхойгоод, компрессор нь хэдэн хэсэг бутарч эвдэрсэн...” гэх мэдүүлэг. /хх-19/,
Яллагдагч Ц.Б нь мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүүлэхдээ: ...Тухайн өдөр би би согтуу гэрээс хүүхдээ тэвэрч гараад юм асуухад өөдөөс нэг зүйл хэлэхээр нь би уурлаад үгийг нь даахгүй маргалдан барьцалдаж аваад Сүхтөмөр ахтай зодолдож дээрхи гэмтлүүдийг учруулсан. Тухайн өдөр манайнайз ирээд 2.5 литрийн боргио пиво хоёулаа уугаад манай найз яваад өгсөн байдан. Бид хоёр өдөр чухам хэдээс хэдэн цагийн хооронд ууснаа сайн мэдэхгүй байна. Би нилээн согтуу байсан. Архийг хор уршигтайг нь мэдсээр байж уусан миний буруу. Би дараа нь Сүхтөмөр ахаас уучлал гуйгаад хохирлын нэг сая төгрөгийг бүрэн барагдуулсан байгаа..." гэх мэдүүлэг. /хх-ийн 21/,
Батлан хамгаалахын Эмгэг судлал Шүүх эмнэлгийн амбулторийн шинжээч эмчийн № 374
1. Ц.Ст тархины доргилт, духны язарсан шарх, зулгаралт, зүүн нүдний 2 зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хэрэг болсон нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэж эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ШЭГЗТЖ-ын 2.4.1-д заасан "ХӨНГӨН" зэргийн гэмтэл болно.
3. Уг гэмтлээс болж ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдахгүй. гэсэн дүгнэлт, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсыг тус тус шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.
Шүүгдэгч Ц.Б нь 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр "Ж-айр" хотхоны Б блокын орцонд иргэн Ц.Стэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдсаны улмаас түүнийг зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.
Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч Ц.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэгт тохирч байна.
Иймд шүүгдэгч Ц.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг, хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан түүнд торгох ял оногдуулж, торгох ялын нэг нэгжийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Барга овогтой Ц.Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар Ц.Бг 500 (таван зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Ц.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин тѳгѳлдѳр болох хүртэл Ц.Бд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР