Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 135/шш2017/01042

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2015/00918/и

     Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Батчимэг би даргалж, шүүгч Д.Оюундарь, З.Тунгалагмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Т-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: О-т холбогдох

 

Гэм хорын хохирол 1.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Т-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э-, иргэдийн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шүрэнчимэг нар оролцов.                                                                                                                                                                                                              ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Т- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  О- нь Цахилгаан эрчим хүч хэрэглэх дүрмийн 7 дугаар зүйлийн 44 дүгээр заалтыг мөрдөөгүйгээсээ маш том хохирол учруулсан. Ер нь энэ байгууллагын ажилчид маш хүнд суртарталтай харилцааны соёлгүй мэдлэг чадвар сул дорой муутай хүмүүс байгаад иргэн би асар ихээр харамсалтай байна. Мөн илүү заалт бичиж байгааг холбогдох албан тушаалтан нь мэдсээр байгаад дур зоргоороо, байцаагч, мончёр нарыг цаг хугацаандаа, хяналтгүй ажиллуулдаг газар байгууллага юм. О- нь 3 жил хүнгүй, цоожтой эзэнгүй байхад дур мэдэн илүү заалт бичээд иргэн намайг өрөнд оруулсан. Жишээ нь 2014 оны 12 дугаар сарын 04-нд 42035 төгрөг бичээд 2014 оны 05 дугаар сарын 06-нд 188.886 төгрөг бичсэн. Тэгээд 2015 онд тэтгэвэртээ суусан байсан. ... Сар болгон нэг давхарт төмөр дөрвөлжин хайрцаганд бүх тоолуур хийгээд хэд гарч байгааг хэн ч мэдэхгүй бичсэн тоолонд нь өгдөг. Сард 25-35 мянга бичдэг шүү дээ. Иргэн би групптэй ядарсан, хөдөлмөрийн чадвараа 70% алдсан, ганцаараа амьдардаг. 2012-2017 он хүртэл гэнэт миний бие муудаад Улаанбаатар хот руу яваад ирэхэд тог тасалж, хөргөгчинд байсан бүтэн хонины мах, бусад зүйл муудаад, гал тогтооны өрөөнд байсан хивс өтсөн, надад удаа дараалан асар том хохирол учруулсан. Эрүүл мэндээр ч хохирсон. Иймд О-ээс илүү заалт бичиж иргэн намайг маш ихээр хохироосон тул 1.000.000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч О- шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “нэхэмжлэгч Т- хариуцагчаа буруу сонгосон. Нэхэмжлэгч цахилгаан эрчим хүчний заалт буруу бичигдсэнтэй холбогдуулж 1.000.000 төгрөгийг нэхэмжилсэн. Харин хариуцагч 2014.04.30-ны өдөр өндөр насны тэтгэвэрт гарсан. О-ийг өндөр насны тэтгэвэрт гарснаас  хойш 3 жилийн дараа энэ асуудал яригдаж байна. Цахилгаан эрчим хүчний заалт буруу бичигдсэн асуудал нь Цахилгаан түгээх станцтай холбоотой асуудал тул хувь хүнтэй хамааралгүй. Мөн нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээ нотлох ёстой. Гэтэл энэ нэхэмжлэлд шаардлага хангасан нотлох баримт байхгүй.  Тиймээс нэхэмжлэл ямар нэгэн баримтаар тогтоогдохгүй байна. Нэхэмжлэгч 2011-2014 оны хоорондох асуудлыг ярьж байгаа хэрнээ 2017 онд нэхэмжлэл гаргасан. Уг асуудал цахилгаан эрчим хүчээр хангах гэрээтэй асуудал. Гэрээтэй холбоотой асуудлын хувьд хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон. Иймээс дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                   ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Т- нь хариуцагч О-т холбогдуулан гэм хорын хохиролд 1.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргаж байна.

           

Нэхэмжлэгч Т- нь “... хариуцагч О- нь 2011-2017 онд Дархан-Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн тоолуурын заалт авагчаар ажиллаж байхдаа эрчим хүчний тоолуурын заалтыг буруу бичсэний улмаас эрчим хүчний төлбөрт 600.000 төгрөг илүү төлсөн, тэрээр үндэслэлгүйгээр миний эрчим хүчний хэрэглээг түдгэлзүүлж эрүүл мэндэд 300.000 төгрөг, хонины мах муудаж 100.000 төгрөг, нийт 1.000.000 төгрөгийн хохирол учирсан тул хариуцагч О-ээс гаргуулж өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийнхээ шаардлагыг өөрөө

 

баримтаар нотлох үүрэгтэй байна.

 

Нэхэмжлэгч нь “Дархан-Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн тоолуурын заалт авагчаар ажиллаж байсан О- нь эрчим хүчний тоолуурын заалтыг буруу бичиж, мөн үндэслэлгүйгээр эрчим хүчний хэрэглээг түдгэлзүүлж хохирол учруулсан” гэх боловч нэхэмжлэгчийн эд хөрөнгө, эрүүл мэндэд хохирол учирсан эсэх, уг хохиролд 1.000.000 төгрөг зарцуулагдсан эсэх, хохиролд хариуцагч О-ийн гэм буруу байгаа эсэх нь баримтаар тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчид хохирол учирсан эсэх, хэрэв хохирол учирсан бол хариуцагчийн гэм буруугийн байдалд шалтгаант холбоотой болох нь тогтоогдохгүй, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргээ биелүүлээгүй байна.

 

            Түүнчлэн Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-т “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ гэж заасан тул хариуцагч О- нь хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй гэж үзэх үндэслэлгүй, мөн О-ийг Дархан-Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн тоолуурын заалт авагчаар ажиллаж байх хугацаанд эрчим хүчний тоолуурын заалтыг буруу бичиж, мөн үндэслэлгүйгээр эрчим хүчний хэрэглээг түдгэлзүүлж хохирол учруулсан гэх байдал нь тогтоогдохгүй байна.

 

            Иймд дээр дурьдсан үндэслэлээр нэхэмжлэгч Т-ын гаргасан хариуцагч О-т холбогдох гэм хорын хохиролд 1.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                 ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар нэхэмжлэгч Т-ын гаргасан хариуцагч О-т холбогдох гэм хорын хохиролд 1.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28.550 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц

хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                 Ч.БАТЧИМЭГ

 

                                                      ШҮҮГЧИД                                                Д.ОЮУНДАРЬ

 

                                                                                                            З.ТУНГАЛАГМАА