Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 130

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Б, Г.Б нарт холбогдох

  эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Зориг, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Мөнгөнсүх,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Л.Ганчимэг,

шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч А.Бүдханд,

нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарантуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 842 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч А.Бүдханд, шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Л.Ганчимэг нарын гаргасан давж заалдах гомдлоор Б.Б, Г.Б нарт холбогдох эрүүгийн 1802003670213 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. ............ овгийн ................... ......................., 19...... оны .. дугаар сарын ..-ны өдөр ............. аймагт төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “...........” дээд сургуулийн Олон улсын бизнесийн харилцааны ангийн... дугаар курсэд сурдаг, ам бүл 3, эгч, эмэг эх нарын хамт ................. дүүргийн 3 дугаар хороо, 8-28 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:....................../;

2. .............. овгийн .................... ........................., 19... оны .. дугаар сарын ..-ны өдөр ........ аймагт төрсөн, .. настай, эмэгтэй, дээд боловсролтой, Солонгос хэлний орчуулагч мэргэжилтэй, “.......” банкинд мэдээлэгч ажилтай, ам бүл 4, эцэг, эх, ах нарын хамт ........... дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 52-607 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:......................./;

Б.Б нь 2018 оны 7 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 8а байрны ертөнцийн зүгээр зүүн тийш харсан 1 дүгээр орцны гадна хаалганы зүүн талаас НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтанд хамаарах дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай ургамлыг, мөн Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 69 дүгээр байрны 1 дүгээр орцны гадна талаас дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай ургамлыг тус тус худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 13-05 тоотод хар ногоон өнгийн хуванцар савтай, шүдэнзний мод бүхий 6.7 грамм, гялгар ууттай 1.2 грамм хар ногоон өнгийн каннабис гэх сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

Г.Б нь өөрийн түр оршин суух Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 13-05 тоотод иргэн О.Энхмөнх, Б.Б, Л.Онон, Г.Амарбаясгалан нарыг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хэрэглэх орон байраар хангасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Нийслэлийн прокурорын газраас: Б.Б-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Г.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д заасан мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд, Г.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.8 дугаар зүйлийн 1-д заасан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хэрэглэх орон байраар хангасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д зааснаар Б.Б-ыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.8 дугаар зүйлийн 1-д зааснаар Г.Бийг 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар Б.Б-д оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг, Г.Б-т оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар ногоон өнгийн хуванцар савтай, шүдэнзний мод /9 ширхэг хугархай, шатаж бохирлогдсон/ бүхий 6.9 грамм каннабис, nail 50 PCS гэсэн улаан өнгийн бичиглэл бүхий гялгар ууттай 1.2 грамм хар ногоон өнгийн каннабис, улаан, цайвар өнгийн хослол бүхий дотор талдаа ямар нэгэн эд зүйлгүй капсултай эмийн сав мэт зүйл 1 ширхэг, ямар нэгэн зүйлээр бохирлогдоогүй мөнгөлөг өнгийн тунгалаг цаас 1 ширхэг, хуйлсан бортого мэт болгосон мөнгөлөг өнгийн тугалган цаас 1 ширхэг, салаалсан хар ногоон өнгийн каннабис ургамал навчны хамт 2.6 грамм зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, Б.Б, Г.Б нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, Б.Б, Г.Б нарт хилийн хориг тавьсныг хүчингүй болгож, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2018 оны 7 дугаар сарын 31-ний өдөр буюу хэрэг гарах тухайн үед би хууль зүйн ямар ч мэдлэггүй байсан тул өөрийн санамсар болгоомжгүй байдлаасаа болоод миний таних тэдгээр хүүхдүүдийг мансууруулах эм сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэх орон байраар хангаж буй эрүүгийн гэмт хэрэг үйлдэж байгаагаа үнэхээр мэдээгүй. Одоо бол туйлийн их харамсаж байна. Миний бие одоо хууль зүйн ба ялангуяа эрүүгийн гэмт хэргийн талаар тодорхой хэмжээний мэдлэгийг олж авсан тул мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодистой холбоотой гэмт хэрэг болон өөр бусад эрүүгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, шууд тэр дор нь таслан зогсоох нь хамгийн зөв үйлдэл гэдгийг маш сайн мэдэж авсан. Мөн хувь хүний нийгэмшилд ч, эрх зүйд ч эерэгээр нөлөөлөх гол хүчин зүйл болохыг маш сайн ойлгож ухаарлаа. Миний бие дахиж хэзээ ч ийм алдаа гаргахгүйн тулд хууль ёсоо мөрдөн дээдлэж амьдарна гэдгээ амлаж байна. Миний бие нь нийгэмд болон бусад хүмүүст учруулсан гэм хорын хохирол, төлбөр байхгүй, анх удаа эрүүгийн гэмт хэрэгт холбогдож байгаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа зэргийг харгалзан үзэж, хорихоос өөр ял шийтгэл оногдуулж өгнө үү. Би энд байгаа хугацаанд элэг маань өөрчлөлттэй гарсан. Миний хувьд ахиж хэзээ ч ийм үйлдэл гаргахгүй гэдэг маш итгэлтэй болсон. Дахиж ийм үйлдэл хэзээ ч гаргахгүй нь тулд маш их хичээж амьдарна. Иймд шүүхээс надад торгуулийн ял оногдуулж өгөхийг хүсэж байна.” гэв.

 

Шүүгдэгч Г.Б-ийн өмгөөлөгч А.Бүдханд давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүх шийтгэх тогтоол гаргахдаа Г.Б-ийг өөрийн түр оршин суух хаягтаа бусдыг мансууруулах эм, сэтгэцэт нөлөөт бодисыг хэрэглэх орон байраар хангасан, үр дагавартаа шууд санаатай хандсан гэж дүгнэсэн нь хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй байна. Г.Б нь 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдөр гэртээ хэнийг ч дуудаагүй, тухайн өдөр гэрт нь ирсэн хүмүүс түүнийг түрээсийн байрандаа ганцаар амьдардагийг мэдээд өөрсдөө ирсэн тул гэртээ оруулсан. Анх ирэхдээ өвс гэж нэрлээд байгаа тамхийг хэрэглэх талаар огт ярилцаагүй. Б.Б-г өвс авчирах гэж байгааг ч мэдээгүй байдаг нь түүний хавтас хэргийн 50, 52, 55, 124 дүгээр хуудсанд өгсөн мэдүүлэгээр тогтоогдсон байдаг. Гэрч Б.Б-ы “Амарбаясгалан фэйсбүүкээр орой юу хийх гэж байна, завтай байвал уулзалдая гэсэн, би хаана уулзах юм гэхэд Б-ийнх хүнгүй байгаа, тэнд уулзая гэсэн. Ингээд би Б-гийнд очиход түүний гэрт Амарбаясгалан намайг очихоос өмнө түрүүлээд оччихсон сууж байсан. 2018 оны 7 дугаар сарын 31-ний шөнө Б гэх охины түрээслэн амьдарч байсан байранд найз нартайгаа хонох үедээ гэрт өвс нэршилтэй ургамал, хатаагаад хадгалж байгаа талаараа хэлж, хэрэглэх талаар Амарбаясгалан, Энхмөнх нартай ярилцаад орой нь гэртээ харьж, буцаж ирэх үедээ ууттай өвсөө авч ирсэн.” гэх, гэрч Г.Амарбаясгалангийн “би 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдөр гэртээ байж байгаад орой 21 цагийн үед гэрээсээ гараад Пийсмолийн ард байдаг найз Мануулын гэрт очиход Экү, Онон, Болдсайхан, Мануул 4 тойроод суучихсан юм ярьж байсан.” гэх, гэрч Л.Ононгийн “2018 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Б-ийн гэрт ганцаараа 17-18 цагийн үед Амарбаясгалан фэйсбүүк чатаар хүрээд ирээч гээд байхаар нь очсон, Амарбаясгалан л Мануулынд гялс хүрээд ирээч гэж байсан, пиво ууцгаах тухай ярилцсан, дэлгүүр дотор Амарбаясгалан, Агарнинжинтэй фэйсбүүк чатаар холбогдож байгаад дуудаад нэг цаг орчим хүлээж байхад тэр ирсэн.” гэх,  гэрч М.Агарнинжингийн “би 2018 оны 7 дугаар сарын 31-нээс 08 дугаар сарын 01-нд шилжих шөнө гэртээ кино үзээд шөнийн 03-04 цаг хүртэл байсан. Тэгтэл манай найз Амарбаясгалан фейсбүүкээр чаат бичээд “хаана байгаа юм, гараад ирээч гэрийн чинь ойрхон байна” гэж хэлсэн. Тэгээд бид 2 Пийсмолл худалдааны төвийн тэнд ойрхон байна гэж хэлсэн. Амарбаясгалан өөрийн найз Ононтой цуг ирсэн, цагдаа нар Онон, Амарбаясгалан нарыг бариад авсан.” гэх, гэрч О.Энхмөнх “2018 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн үдээс хойш Бадамцэцэгийн гэрт орхиод явсан шүхэрээ авахаар Сүлжмэлийн үйлдвэрт байдаг гэрээсээ такси бариад очсон. Б гэртээ цуйван хийчихсэн ганцаараа сууж байсан. 21 цаг өнгөрч байхад Амарбаясгалан нь эхэлж ирээд араас нь удалгүй Болдсайхан, Онон нар цуварч орж ирсэн” гэх тус тус мэдүүлгүүдээр Д.Б эдгээр гэрч нарын хэнийг ч гэртээ ирэхийг дуудаж уриагүй, мөн тэд нарыг гэртээ тамхи татлаа гэж гэрээсээ явахыг шаардаж байсан нь тогтоогдож байна. Анхан шатны шүүх гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэрийг буруу тогтоож, хуулийг жинхэнэ агуулгаас зөрүүтэй буруу ойлгож хэрэглэсэн байна. Иймд Г.Б-ийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгч Б.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие шүүх бүрэлдэхүүний өмнө үнэн зөвөөр мэдүүлсэн бөгөөд буруутан гэдгээ ойлгож, үйлдсэн хэргийнхээ хор уршгийг цаашлаад гэр бүл, найз охиноо шууд бусаар хохироож байгаадаа харамсаж байна. Сургуулиа төгсөж, иргэний үүрэг хариуцлагыг ухамсарлан зорилгынхоо төлөө ажиллах хүсэлтэй байгааг минь харгалзан үзэж, боломжтой бол ялыг минь хорихоос өөрөөр шийдэж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Б.Б-ы өмгөөлөгч Л.Ганчимэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй. Учир нь, анхан шатны шүүх шүүгдэгч Б.Б-д ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ гэж дүгнэсэн. Гэтэл оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлсэн нь бодит байдалтай нийцээгүй гэж үзэхээр байна. Б.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн хэргийн талаар үнэн зөв, шударга мэдүүлж өөрийгөө илчилсэн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болж байх ба хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна. Мөн Б.Б нь хувийн байдлаар сайн, өөрөөр хэлбэл гэрийн суурь хүмүүжил сайтай буюу хагас өнчин хүүхэд байдаг. Ээж нь өөр хүнтэй суугаад орхиод явсан байдаг бөгөөд нагац эгчтэйгээ гурвуулаа амьдардаг, ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд “Эм Ай Ю” гэх сургуульд сурч байсан боловч жилийн чөлөө авч, гэртээ байж байгаад гэмт хэрэгт холбогдсон байдаг. Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог. Б.Б нь 1997 онд төрсөн, 21 настай, үйлдсэн гэмт хэргийн улмаас бусдад учруулсан бодит хохирол байхгүй, үйлдсэн гэмт хэргийн гэм бурууг ойлгон гэмшиж байгаа болно. Цаашид суралцаж байсан сургуулиа төгсөж, мэргэжил эзэмшиж нийгэмдээ хэрэгтэй хүн болж төлөвших зорилготой залуу хүн юм. Мөн Б.Б-ы үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-т зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна. Иймд Давж заалдах шатны шүүхээс хүсэхэд, хуулийн энэрэнгүй ёсны зарчмыг үндэслэн залуу хүнийг алдсан алдаагаа засаж залруулж, хүмүүжих боломжоор хангаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т заасныг хэрэглэж, оногдуулсан хорих ялыг тэнсэж өгнө үү.” гэв.

 

Прокурор Н.Мөнгөнсүх тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 842 дугаартай шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан тул хэвээр үлдээж, давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгуулах саналтай шүүх хуралдаанд оролцож байна. Давж заалдах гомдолд, Б.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэнсэх боломжтой байна гэх зүйлийг өмгөөлөгч болон Б.Б тайлбарлаж байна. Ял хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдлын тухайд, илтгэгч шүүгчтэй санал нэг байна. Эрүүгийн хуульд заасан 1-5 жилийн хорих ялтай гэмт хэрэгт хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлуудыг харгалзан 1 жилийн хорих ял оногдуулсан. Энэ нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн Б.Б-ы тухайд ял шийтгэл тохирсон байна гэж үзэж байна. Г.Б-ийн хувьд ч гэсэн мөн адил саналтай байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал тул прокуророос тайлбар байхгүй. Гэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг, нийгмийн аюулын шинж чанарт нь тохирсон ялыг оногдуулсан нь үндэслэлтэй байна. Мөн өмгөөлөгч А.Бүдхандын гаргасан давж заалдах гомдолтой холбогдуулан тайлбар хэлэхэд, Г.Б гэх хүн дээрх хүмүүсийг гэртээ дуудаж, цуйван хийж өгөөд, дээрх залуучуудтай хамт хөзөр тоглож байсан. Үнэхээр хар тамхи хэрэглээгүй бол энэ байдал нь эргэлзээтэй байхаар байсан. Гэтэл өөрөө хар тамхи хамт хэрэглэсэн буюу хар тамхи хэрэглэх үед нь үйлдлээрээ санаатай нэгдэж байгаад нь анхан шатны шүүх дүгнэлт хийсэн. Энэ шийдвэрийг ч прокурорын зүгээс үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх гомдлыг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад хэргийн оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил гаргаагүй байна гэж үзэв.

Б.Б нь 2018 оны 7 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 8а байрны ертөнцийн зүгээр зүүн тийш харсан 1 дүгээр орцны гадна хаалганы зүүн талаас НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтанд хамаарах дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай ургамлыг, мөн Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 69 дүгээр байрны 1 дүгээр орцны гадна талаас дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай ургамлыг тус тус худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 13-05 тоотод хар ногоон өнгийн хуванцар савтай, шүдэнзний мод бүхий 6.7 грамм, гялгар ууттай 1.2 грамм хар ногоон өнгийн каннабис гэх сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн нь:

гэрч Г.Амарбаясгалангийн “...2018 оны 7 дугаар сарын 31-ний өдөр гэртээ байж байгаад орой 21 цагийн үед гэрээсээ гараад Пийсмоолын ард талд байдаг найз Мануулын гэрт очсон. Намайг ороход Экү, Онон, Б, Мануул дөрөв тойроод суучихсан юм ярьж байсан. Намайг ороод сууж байтал тэд нар витсамо ундааны савтай зүйл гаргаж ирээд сороод утаа гаргаад байсан.” /1хх-56/, гэрч О.Энхмөнхийн “...Б гэр рүүгээ очиж хоол идчихээд ирье гэж хэлж яваад буцаж ирээд өмднийхөө халааснаас уутанд боосон өвс гаргаж ирээд, өвс тахах уу гээд бусад нь зөвшөөрөөд тамхины оронд үйрүүлж хийж байгаад хуваагаад татацгаасан.” /1хх-60-61/, гэрч Л.Ононгийн “...Б ууттай өвс гаргаж ирээд энийг татаж үзье гээд л бүгдээрээ татацгаасан.” /1хх-63/ гэх мэдүүлгүүд, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-36-39/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-40-44/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 8097, 8098, 8976 дугаартай дүгнэлтүүд /1хх-80, 85-86, 90/ зэрэг хэрэгт цугларсан, анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Б.Бы мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, хадгалсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт үндэслэл бүхий байх бөгөөд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаар зөв дүгнэсэн байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь түүний гэм буруу, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирчээ.

Г.Б нь өөрийн түр оршин суух Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 13-05 тоотод иргэн О.Энхмөнх, Б.Б, Л.Онон, Г.Амарбаясгалан нарыг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хэрэглэх орон байраар хангасан гэмт хэрэг үйлдсэн нь:

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-7-11/, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-29-31/, гэрч Г.Амарбаясгалан /1хх-56/, О.Энхмөнх /1хх-60-61/, Л.Онон /1хх-63-64/ нарын мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 8097 дугаартай дүгнэлт /1хх-80/ зэрэг хэрэгт цугларсан, анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хэрэглэх орон байраар хангасан түүний үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

 Мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаар зөв дүгнэлт хийжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заажээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.8 дугаар зүйлийн 1-д заасан “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хэрэглэх орон байраар хангасан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь түүний хувийн байдал, нийгмийн аюулын шинж чанарт тохироогүй, түүнд заавал хорих ял оногдуулах шаардлагагүй гэж шүүх үзлээ.

 

Иймд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж, хүндрүүлж болно.” гэж зааснаар анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Б-т оногдуулсан хорих ялыг хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр хөнгөрүүлж, хуульд заасан торгох ял болгон шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзсэн ба шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Л.Ганчимэг нарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 842 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д зааснаар Б.Б-ыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.8 дугаар зүйлийн 1-д зааснаар Г.Б-ийг 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д зааснаар Б.Б-ыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.8 дугаар зүйлийн 1-д зааснаар Г.Б-ийг 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.” гэж,

3 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар Б.Б-д оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг, Г.Б-т оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар Б.Б-д оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2-д зааснаар Г.Б-ийн энэ хэрэгт цагдан хоригдсон 77 хоногийн нэг хоногийг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгөөр тооцож, түүнд оногдуулсан 5.400.000 төгрөгийн торгох ялаас 1.155.000 төгрөгийг хасч, үлдэх 4.245.000 төгрөгийн торгох ялыг эдлүүлсүгэй.” гэсэн заалт,

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-ийн эдлэх торгох ялыг биелүүлэх хугацааг 6 сараар тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.” гэсэн заалт тус тус нэмсүгэй.

3.  Г.Б-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, нэн даруй суллаж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Л.Ганчимэг нарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

                                   

 

ДАРГАЛАГЧ,

                                   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Т.ӨСӨХБАЯР

 

                                   ШҮҮГЧ                                                         Б.ЗОРИГ

 

                                    ШҮҮГЧ                                                          Д.МЯГМАРЖАВ