| Шүүх | Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батбаярын Оюун |
| Хэргийн индекс | 116/2020/0024/З |
| Дугаар | 116/ШШ2020/0018 |
| Огноо | 2020-09-09 |
| Маргааны төрөл | Сонгууль, |
Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 09 сарын 09 өдөр
Дугаар 116/ШШ2020/0018
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Оюун даргалж, шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Дорнод аймгийн Халхгол сумын ******* намын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорнод аймгийн Халхгол сумын Сонгуулийн хороонд холбогдуулан гаргасан,
Нэхэмжлэлийн шаардлага: “Халхгол сумын ******* намын сонгуульд оролцох хүсэлтийг хүлээн аваагүй эс үйлдэл хууль бус болохыг тогтоож, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд оролцох намаар бүртгэхийг даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Халхгол сумын ******* намыг төлөөлж дарга Ц.*******, түүний өмгөөлөгч В.*******, хариуцагч Халхгол сумын Сонгуулийн хороог төлөөлж дарга А.*******, итгэмжлэгдсэн төлөөлөгч *******улмаа, гэрч Э.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхнаран нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Халхгол сумын ******* намын дарга Ц.******* шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Халхгол сумын ******* намын хорооноос сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд оролцохоор холбогдох материалаа бүрдүүлж, 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 09 тоот албан бичгээр, Дорнод аймгийн Халхгол сумын Сонгуулийн хороонд хандаж, ...хүсэлт гарган хүргүүлсэн юм. Ийнхүү хүргүүлэхдээ ...Аудитын дүгнэлт гарсан даруйд эх хувиар авч, Дорнод аймгийн төвөөс Халхгол сум руу албан ёсны шууданд хийн, материалаа явуулж, 2020 оны 08 дугаар сарын 15-ны орой тосож аваад сумын Засаг даргын Тамгын газарт байрлах Сонгуулийн хороонд хүргэж өгсөн юм. Сонгуулийн хорооны хаалгаар ороход материал хүлээн авах ажиллагааг хаасан зүйлгүй, чөлөөтэй нэвтрүүлж, материалыг хүлээн авч, ...танилцан шалгаж, сонгуулийн хорооны явсан байсан гишүүдээ дуудан танилцуулж, хүлээн авах ажиллагаа хийсэн байдаг. Ингээд материал бүрийг нэг бүрчлэн шалгаж үзсэний дараа “намын албан бичиг алдаатай байна, үүнийгээ засаад ир” гээд материалыг маань буцаасан юм. Гэтэл 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 01/02 тоот албан бичгээр “...Тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны сонгуульд сумын ******* нам ... Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх заалтын дагуу хуулийн хугацаанд ирүүлээгүй, 2020 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 00:13 цагт ирүүлсэн тул сумын Сонгуулийн хороо материалыг хүлээж аваагүй болно...” гэж хууль бус, худал, үндэслэлгүй хариу өглөө. 2020 оны 08 дугаар сарын 15-ны өдөр буюу хуульд заасан хугацаанд Сонгуулийн хороонд хүргэж өгсөн бөгөөд Сонгуулийн хороо хүлээж аваад, материалын бүрдлийг нэг бүрчлэн шалгаж үзсэн.
Сумын Сонгуулийн хорооны дээрх албан бичгийг хүлээж авмагцаа аймгийн Сонгуулийн хороонд хандаж гомдол гаргахад, 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 07 тоот албан бичгээр “...аймгийн Сонгуулийн хорооноос нөхцөл байдлыг тодруулах ажиллагааг хийж, Халхгол сумын Сонгуулийн хорооноос нотломжуудыг татан үзсэн болно. Байгалийн давагдашгүй хүчин зүйл учирсан гэдгийг аймгийн Сонгуулийн хороо тодорхойлох боломжгүй тул Захиргааны хэргийн шүүхэд хандахыг зөвлөе” гэсэн хариу өгсөн. Дээрх хууль бус шийдвэрийн улмаас Халхгол сумын ******* нам бүхэлдээ орон нутгийн сонгуульд оролцох боломжгүй болж, улс төрийн нам, түүний нэр дэвшигчдийн сонгогдох эрх, мөн намын гишүүд, дэмжигчдийн сонгох эрх зөрчигдөх болоод байна. Нэхэмжлэлийн шаардлага:
1. Дорнод аймгийн Халхгол сумын Сонгуулийн хорооны 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 01/02 дугаар албан бичгээр Дорнод аймгийн Халхгол сумын ******* намын сонгуульд оролцох хүсэлтийг хүлээн аваагүй эс үйлдэл хууль бус болохыг тогтоож,
2. ...Халхгол сумын ******* намыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд оролцох намаар бүртгэхийг Халхгол сумын Сонгуулийн хороонд даалгаж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Халхгол сумын АН-ын сонгуульд оролцох хүсэлтийг хүлээж аваагүй талаар 08 дугаар сарын 21-ний өдөр албан бичгээр хариу өгсөн. Энэхүү эс үйлдэл хууль бус гэдгийг тогтоолгоё гэж байгаа юм. Учир нь, ямар ч баримт хэдэн цагт ч ирсэн сумын Сонгуулийн хороо хүлээж авах ёстой. Ингээд хуулийн хугацаандаа хянаж шалгаад хоцроосон, баримт дутуу гэдгийг өөрсдөө нотолж, баримтжуулаад, тогтоолоо гаргах ёстой. Түүнчлэн зарим бүрдэл дутуу байгаа хэсгийг нөхөн бүрдүүлэх хүртэл боломжийг хуульд заасан.
Хариуцагч “...цаг хугацааны хувьд хоцорч ирүүлсэн...” гэсэн хариу тайлбар ирүүлсэн байсан боловч өнөөдөр шүүх хуралдаан дээр “...цаг нь ч хоцорсон, баримт дутуу, шаардлага хангаагүй байсан...” гэсэн зүйлүүдийг амаар ярьж байна. Үнэхээр 00.00 цаг болж, материал хүлээн авах ажиллагаа дууссан байсан бол хаалга хаагдаж, Сонгуулийн хорооны гишүүдээс өөр хэнийг ч нэвтрүүлэхгүй байх ёстой. Гэтэл нэвтрүүлж оруулаад, өгсөн материалыг нь шалгаад, хүлээлгээд хуралдаж хуралдчихаад, араас нь 5 хоногийн дараа хоцорсон гэсэн бичгийг явуулж байгаа нь хуульд нийцэхгүй. Нөгөө талаар өөрсдөө бүх материалыг нь буцааж өгчихөөд, өнөөдөр “...баримт дутуу байсан...” гэж ярьж байгаа нь ямар ч баримтгүй байна. Мөн хариуцагч хамгийн гол үндэслэлээ “...цаг хоцорсон...” гэж ярьж байгаа боловч сонгуулийн хорооны нэг гишүүний “Samsung” маркийн гар утсаар /юнителийн хэрэглэгч/ цаг хугацааг тохируулахгүй. Цагийг энэ цагаар явна гээд тохируулсан, түүнийгээ бичлэгээр баримтжуулсан байх ёстой. Мөн орж ирсэн цаг хугацаан дээр маргаж байгаа боловч сонгуулийн хорооны байрыг камержуулсан, эсхүл хувиараа гар утсаараа цагийг харуулж бичлэг хийж баримтжуулсан зүйл байхгүй мөртлөө өөрсдийгөө өмөөрч бичиж өгсөн гар бичмэлээр бусдын сонгох, сонгогдох эрхэд халдах хууль зүйн боломж байхгүй. Үнэхээр сонгуулийн хорооны хаалгаар цаг хугацаандаа орж ирээгүй бол ... материалын бүрдлийг нэг бүрчлэн шалгаад, алдаа дутагдлыг нь хэлж, хууль зүйн зөвлөгөө өгөх чиг үүрэг байхгүй. Мөн мэтгэлцээний явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* “...ханын цаг 23 цаг.58 минут болж байсан л даа., гэхдээ ханын цаг буруу явж байсан...” гэж байна. Хуулийн хугацаандаа багтаж ирсэн гэдгийг харуулж байгаа энэ цаг нь буруу, харин “Samsung” маркийн гар утасны /юнителийн хэрэглэгч/ цаг зөв гэдгийг нотолсон баримт байхгүй байна. Гэрч Э.О-ийн “...би 23.56 цагт орж ирээд Сонгуулийн хорооны ханын цагийг харахад 23 цаг 57,58 болж байсан...” гэсэн мэдүүлэгтэй хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******-гийн тайлбар тохирч байна. Энэ нь 00.00 цаг болоогүй байсан гэдгийг нотолж байна. Өнөөдөр хариуцагчийн өөрийнх нь гаргаж өгсөн нотлох баримтын хүрээнд асуудлыг ярих нь буруу. ... өөрсдийн яриад байгаа зүйлийг “...тэдэн цагт орж ирлээ шүү. Иймээс баримтыг хүлээж авсангүй...” гээд хөндлөнгийн хэн нэгний цагийг харуулаад, гарын үсэг зуруулж баримтжуулсан баримт ч алга байна. Хариуцагчийн өөрсдийн гаргаж өгсөн, нэг талыг барьсан баримтууд нотлох баримт болохгүй байх гэж үзэж байна. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.1-27.3.6-д заасан бүрдүүлбэрийг 5 хоногт багтаан нягталж шалгах байсан. Үнэхээр цаг хоцроосон бол мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т зааснаар бүртгэхээс татгалзах шийдвэр гаргах боломжтой байсан. Гэтэл огт хүлээн авахгүй үйлдэл гаргаж байгаа нь тус намыг сонгуульд оролцуулахгүй гэсэн туйлын хүсэл зориг, төрийн албан хаагчдын ёс зүйгүй үйлдэл харагдаж байна. Эцэст нь хэлэхэд Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.9-д зааснаар Монгол Улсын иргэн сонгох, сонгогдох эрхтэй, үүнийг төр өөрөө хязгаарлаж болохгүй. Сумын АН-ыг бүртгэхгүй байснаар намаас нэр дэвших 22 төлөөлөгч, тухайн намын дэмжигч гишүүд болох 800 гаруй иргэдийн сонгох, сонгогдох эрхэд бүдүүлгээр халдаж байгаа хууль бус үйлдэл юм. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4-т хууль дээдлэх, ил тод байдлыг хангах, шударга ёсыг сахих зарчмуудыг зааж өгсөн. Эдгээр хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******-ийн “...ханын цаг 23.58 цаг болж байсан...” гэсэн тайлбар нь шүүх хуралдаанд оролцсон гэрчийн мэдүүлэгтэй нийцэж байгааг анхаарч үзнэ үү гэж хүсэж байна гэв.
Хариуцагч Халхгол сумын Сонгуулийн хорооны дарга А.******* шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасны дагуу тухайн сонгуулийн санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө буюу 2020 оны 08 дугаар сарын 15-ны 00.00 цаг гэхэд нам, эвслийн сонгуульд оролцох хүсэлтийг хүлээж авах хугацаа дуусгавар болж байгаа. Гэтэл Халхгол сумын АН-ын төлөөлөл хоёр иргэн Сонгуулийн хорооны байранд 2020 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 00.05 цагт “...сумын АН-ны сонгуульд оролцох хүсэлтээ илэрхийлсэн материал....” гээд баримт бичгийн бүрдэл шаардлага хангаагүй баримтуудыг ил задгай барьж орж ирсэн. Тухайн үед сумын сонгуулийн хорооны дарга миний бие *******-ийн хамт жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан бөгөөд хамгийн түрүүнд цаг хоцроосон асуудлыг дуулгаж, дараа нь баримт бичгийн бүрдэл шаардлага хангахгүй, дутуу байгаа талаар хэлэхэд “...материалын маань эх хувь Дорнод аймгаас шуудангаар ирж байгаа...” гэж бидэнд тайлбарласан. Тухайн материалыг бүртгэж авах хугацаа дууссан учир бид өөрсдийн жижүүрлэж байх хугацаанд болсон үйл явцын талаар хэлэлцэх товлосон хуралдаанаа эхлүүлэх үед буюу 00.13 цагт сумын АН-ын төлөөлөл *******, ******* нар “...материал маань ирчихлээ...” гээд материалаа Сонгуулийн хорооны өрөөнд авч ирсэн. Бид материалыг албан ёсоор гардаж хүлээж аваагүй “...бид үлдсэн хоёр гишүүнээ дуудаж хуралдаанаа эхлүүлэх гэж байна, гараад байж бай...” гэхэд ширээний буланд материалаа орхиж гарсан. Бид сонгуулийн хорооны 4 гишүүний бүрэлдэхүүнтэй буюу 50 хувийн ирцтэйгээр 2 дугаар хуралдаанаа 00.25 цагт эхлүүлсэн. Энэ хуралдаан дээр тухайн өдрийн болсон үйл явц, ирсэн материалуудыг хэрхэн, яаж хадгалах талаар хэлэлцсэн бөгөөд сумын АН-ын хоцроож ирүүлсэн, албан ёсоор гардаж аваагүй байхад зөвшөөрөлгүй ширээн дээр орхиод гарсан ил задгай материалыг яах талаар ярилцаж, битүүмжлэл лац байхгүйн улмаас материал маань дутсан гэсэн асуудал гарах вий гэдгээс сэргийлж хуудсыг тоолон, нийт 62 хуудас материалыг 00.57 цагт буцааж хүлээлгэж өгсөн. Энэ бүгдийг хурлын тэмдэглэлдээ нарийн тодорхой тусгасан, ...тухайн намын даргыг томилсон шийдвэр байгаагүй, ******* намын дарга Ц.*******, албан бичиг нь огноо дугааргүй, аймгийн ******* намын даргын албан бичиг нь ч огноо дугаар байгаагүй, Аливаа нам эвсэл сонгуульд оролцох хүсэлтээ ирүүлэхдээ баримт бичгийн бүрдлээ хангах үүрэгтэй байсан. Халхгол сумын Сонгуулийн хороо нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн хэрэгжилтийг бүрэн дүүрэн хангаж, өөрсдийн чиг үүргийг хэрэгжүүлж ажилласан гэж үзэж байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Дорнод аймгийн Халхгол сумын ******* намын дарга Ц.******* нь “Халхгол сумын ******* намын сонгуульд оролцох хүсэлтийг хүлээн аваагүй эс үйлдэл хууль бус болохыг тогтоож, ...намыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд оролцох намаар бүртгэхийг Халхгол сумын Сонгуулийн хороонд даалгах” нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ******* нам бүхэлдээ орон нутгийн сонгуульд оролцох боломжгүй болж, улс төрийн нам түүний дэмжигчдийн хувьд сонгох, сонгогдох эрх, мөн намын гишүүд дэмжигчдийн сонгох эрх зөрчигдөж байна гэжээ[1].
Дорнод аймгийн Халхгол сумын сонгуулийн хороо нь 2020.08.21-ний өдрийн 01/02 дугаар албан бичгээр[2] сумын ******* нам Орон нутгийн Хурлын сонгуульд оролцох хүсэлтийг, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасны дагуу хуулийн хугацаанд ирүүлээгүй, 2020.08.16-ны өдрийн 00:13 цаг, минутад ирүүлсэн тул сонгуулийн материалыг хүлээн аваагүй талаар хариуг хүргүүлсэн байна.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Нам, эвслийг төлөөлж тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг дэх намын салбар байгууллага нь, Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг дагаж мөрдөхөө илэрхийлэн, орон нутгийн Хурлын сонгуульд оролцох тухай хүсэлтээ санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө тухайн шатны сонгуулийн хороонд ирүүлнэ” хэмээн заасан хугацаа нь 2020 оны 08 дугаар сарын 15-ны оройн 00.00 цагт дуусгавар болох байсан бөгөөд ... сонгуулийн хорооны гишүүн *******-ийн[3] “...ханын цаг 23 цаг 58 минут болж байхад орж ирсэн, ...хуулийн хугацаа дууссан...” гэхэд “...ханын цаг чинь ийм байна ш дээ...” гэсэн. Бидний цаг компьютерийн цагтай таарч байсан, гэрч Э.О-ийн[4] “...Сонгуулийн материалыг авч сонгуулийн хорооны хаалгаар ороход материал хүлээн авах ажиллагааг хаасан зүйлгүй, чөлөөтэй нэвтрүүлж байсан, орохдоо phone-6 маркийн гар утасны цагаа харахад 23 цаг 56 минут... Сонгуулийн хорооны байранд ороод ханын цагийг харахад 23 цаг 57-58 минут болж байсан” тайлбарлаж буйгаас үзэхэд цаг хугацааны хувьд зөрүүтэй байгаа нь харагдаж байна.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1. “Тухайн шатны сонгуулийн хороо сонгуульд оролцохоо илэрхийлсэн нам, эвслийг бүртгэхдээ тэдгээрийн ирүүлсэн баримт бичгийг нягтлан шалгана.
27.3.1. нам эвсэлд нэгдэн орсон намууд нь энэ хуулийн 9.1-д заасны дагуу тухайн сонгуулийг товлон зарлахаас өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн,
27.3.2. сонгуульд оролцох хүсэлтийг хуульд заасан хугацаанд ирүүлсэн,
27.3.3. сонгуульд оролцох хүсэлтэд хавсаргах баримт бичгийг бүрэн гүйцэд хавсаргасан,
27.3.4. сонгуулийн мөрийн хөтөлбөр нь энэ хуульд заасан шаардлага хангасан тухай төрийн аудитын байгууллагын дүгнэлт гарч хавсаргасан,
27.3.5. эвсэл байгуулах тухай энэ хуульд заасан журам, шаардлагыг хангасан,
27.3.6. эвсэлд нэгдэн орсон намуудын олонхи нь бүртгэсэн тухай шийдвэр гарахаас өмнө энэ хуульд заасны дагуу эвслээс гарахаа илэрхийлээгүй ...шаардлагыг хангасан нам эвслийг хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-д зааснаар бүртгэнэ. Мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.4. “Энэ хуулийн 27.3-т заасан шаардлагыг хангаагүй нам, эвслийг бүртгэхээс татгалзана” заасан. Гэтэл хэргийн оролцогчид ... сонгуульд оролцох тухай нам эвслийн баримт бичгийг хүлээн авах эсэхэд цагийн зөрүүтэй асуудлаар маргаж байгаа боловч цаг хугацааны талаар /тухайн нөхцөл байдлаа/ нотолж чадахгүй байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 9-т шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй, Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй гэж заасан байгаа бөгөөд Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 “Тухайн засаг захиргааны нэгжид байнга оршин суугчаар бүртгүүлсэн сонгуулийн эрх бүхий Монгол Улсын иргэн үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор ялгаварлагдахгүйгээр орон нутгийн Хурлын сонгуульд оролцож, тухайн шатны Хурлын Төлөөлөгчийг сонгох эрхтэй” гэжээ.
Иймд Дорнод аймгийн Халхгол сумын сонгуулийн хороо нь “Халхгол сумын ******* намын сонгуульд оролцох тухай албан бичгээр хүргүүлсэн баримт бичгийг нягтлан шалгах үүргээ хэрэгжүүлээгүй эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болохыг тогтоож, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд оролцох “намаар бүртгэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.1, 107.5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 25.3, 27 дугаар зүйлийн 27.1, 27.3 дахь хэсэгт заасныг баримтлан, Халхгол сумын ******* намын нэхэмжлэлтэй, Дорнод аймгийн Халхгол сумын Сонгуулийн хороонд холбогдуулан гаргасан, Халхгол сумын ******* намын сонгуульд оролцох хүсэлт, баримт бичгийг хүлээн аваагүй эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд оролцох намаар бүртгэхийг, Дорнод аймгийн Халхгол сумын Сонгуулийн хороонд даалгасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Халхгол сумын Сонгуулийн хорооноос 70200 гаргуулж, Халхгол сумын ******* намын дарга Ц.*******т олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-д зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ОЮУН