Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 221/МА2015/0250

 

Иргэн Ч.М-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.М даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгч Ч.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Ч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 181 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор иргэн Ч.М-ын нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Татварын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/382 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Баянзүрх дүүргийн татварын улсын байцаагч Ч.М  нь Төрийн албаны тухай хуулийн 13.1.5-д заасан төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх гэсэн заалтыг зөрчиж, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ажлын байранд нэвтэрсэн, орон тооны бус байцаагч Э.А , Х.А , Ц.Б , Т.Б , З.М , Б.О , Д.Ө , Н.С , Б.С , Д.Х  нарыг цохиж, ёс зүй зөрчсөн үйлдэл гаргасан тул эрх бүхий албан тушаалтан хуульд заасан үндэслэлийн дагуу хариуцлага тооцсон.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ дээрх хүмүүсийн цохисон үйлдэл нь хувийн асуудал гэж тайлбарлаж байгаа ч Ч.М-ын 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн ёс зүйн хороонд гаргасан тайлбартай зөрчилдөж байна.

Нэхэмжлэгч хоёр дахь үндэслэлээрээ Татварын ерөнхий хуулийн үйлчлэлд түүний ёс зүйгүй үйлдэл хамаарахгүй гэж байгаа нь хууль бус гэдгийг онцлох нь зүйтэй. Татварын байгууллагын ажилтан албан үүргээ биелүүлэхдээ бусад ажилтан болон үйлчлүүлэгчийг хэл амаар доромжлох, үл хүндэтгэх, дарамт шахалт үзүүлэх, айлган сүрдүүлэх зэрэг зохисгүй харьцаа, үйлдэл гаргахгүй байх үүрэгТэй. Энэ үүргээ Ч.М  биелүүлж ажиллаагүй, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бүдүүлэг зан авир гаргаж, хамт ажиллагсдын тайван ажиллах нөхцөлийг алдагдуулсан ёс зүйн зөрчил гаргасан гэдгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн ёс зүйн салбар хорооны тогтоол, хурлын тэмдэглэл нотолж байна.

Нэхэмжлэгчийн 4 дэх үндэслэл нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг хэрхэн зөрчсөн талаар тодорхой нотлох баримтыг нэрлэн зааж тайлбар хийгээгүй байх тул үүнд тайлбар өгөх боломжгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож Татварын ерөнхий газрын даргын 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/382 дугаар тушаалыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 181 дүгээр шийдвэрээр: 1. Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсгийн ...тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан... гэж заасныг баримтлан иргэн Ч.М-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Татварын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/382 дугаар тушаалыг хүчингүй болгож, түүнийг урьд эрхэлж байсан Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татвар хураалтын тасгийн татварын улсын байцаагчийн үүрэгт ажилд эгүүлэн тогтоож,

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ч.М-ын ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нэг сарын 777.352 төгрөгөөр тооцон 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 2015 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийг хүртэлх хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговрыг тооцож олгохыг хариуцагчид даалгаж,

3. Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ч.М ыг ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах гомдолдоо Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т Энэ хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчид дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна гэж заасан. Дээрх хуулийн заалтыг үндэслэл болгон Ч.М-ын 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр гаргасан ёс зүйгүй үйлдэлд Татварын ерөнхий газрын дарга хариуцлага хүлээлгэхдээ Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан сахилгын шийтгэлийг заавал дэс дараалан хэрэглэх шаардлагагүй гэснийг, мөн түүний өмнө нь гаргасан ёс зүйн зөрчлийг харгалзан сахилгын шийтгэлийг ногдуулсан.

 

Энэ нь зөрчил гаргасан албан тушаалтанд эрх бүхий албан тушаалтан хуулийн хүрээнд хариуцлага тооцсон үйлдэл юм. Нэхэмжлэгч Ч.М  нь 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр ажлын байранд согтуу ирж нэр бүхий албан хаагчдыг шанаадаж цохисон гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Энэ тухай Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн ёс зүйн салбар хорооны хурлын тэмдэглэлд тусгагдсан.

 

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн зүгээс Татварын ерөнхий газрын даргын 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/382 тушаалыг хууль бус гэж үзэн хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Гэтэл шүүх хариуцлага хүндэдсэн гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагад дурдаагүй зүйлийг өөрийн санаачилгаар шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5.2-т заасан захиргааны хэргийн шүүхээс ямар шийдвэр гаргуулж зөрчигдсөн эрхээ хэрхэн сэргээлгэхийг хүсэж байгаа, түүний үндэслэл шаардлагын хүрээнд нэхэмжлэлийг хянах хуулийн шаардлагыг зөрчсөн байна.

 

Шүүхээс Ч.М ыг удаа дараалан шагнаж байсан нь төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулах нь буруу гэж үзэж байгаа нь гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагын эрх мэдэлд халдаж буй явдал гэж үзэж байна. Албан тушаалтан шагнал урамшуулал авч байсан нь түүнд хариуцлага тооцохгүй байх үндэслэл болохгүй. Харин ч төрийн албан хаагчийн хувьд үүрэг хариуцлагаа ухамсарлах, удирдлагад буй албан хаагчдадаа хууль ёсны шаардлага тавих үүрэгтэй.

 

Иймд Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 181 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгчээс Татварын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/382 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгуулах нэхэмжлэл гаргажээ.

 

Татварын ерөнхий газрын даргын 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/382 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5, Татварын ерөнхий хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.7, Үндэсний татварын албаны ажилтны ёс зүйн дүрмийн 2.2.6.б, 2.2.6.в заалтуудыг зөрчиж архи хэрэглэсэн үедээ ажлын байранд нэвтэрсэн, нэр бүхий албан хаагчдын биед хүрч, ёс зүй зөрчсөн Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн Татвар хураалтын тасгийн татварын улсын байцаагч Ч.М д төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулжээ.

 

Хариуцагчаас Ч.М ыг Үндэсний татварын албаны ажилтны ёс зүйн дүрмийн 2.2.6.в/ албан үүргээ гүйцэтгэж байх үедээ, ажлын цагаар болон ажлын байранд архи, согтууруулах ундаа ...хэрэглэхгүй байх...-ыг зөрчсөн гэж үзсэн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тухайн зөрчлийг гаргасан гэдэг нь тогтоогдоогүй, өөрөөр хэлбэл шүүх нэхэмжлэгчийн гэртээ бага зэрэг вино уусан гэх тайлбар, гэрч С.Уянгын халамцуу байсан, Н.Болормаагийн Ч.М  тэр өдөр архи уусан эсэхийг мэдэхгүй, согтуу гэж харагдаагүй гэх мэдүүлэг зэргийг харьцуулсны үндсэн дээр тухайн дүгнэлтийг хийсэн нь үндэслэлтэй байна.

 

Түүнчлэн түүний 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр ажлын цаг дууссаны дараа орон тооны бус байцаагч нартай маргаан үүсгэж, тэднийг цохих зэрэг үйлдэл гаргасан нь тогтоогдсон боловч энэ нь Үндэсний татварын албаны ажилтны ёс зүйн дүрмийн 2.2.6.б/-д татварын ажилтан албан үүргээ биелүүлэхдээ бусад ажилтан болон үйлчлүүлэгчийг хэл амаар доромжлох, үл хүндэтгэх, дарамт шахалт үзүүлэх, айлган сүрдүүлэх зэрэг зохисгүй харьцаа, үйлдэл, эс үйлдэхүй гаргахгүй байх-ыг зөрчсөн гэх үндэслэл болохооргүй байна.

 

Харин тухайн үйлдэл нь Үндэсний татварын албаны ажилтны ёс зүйн дүрмийн 2.2.6.в/-д заасан ... бүдүүлэг зан авир гаргах, хамт ажиллагсдын тайван ажиллах нөхцөлийг алдагдуулахгүй байх заалтыг зөрчсөн байна.

 

Нэхэмжлэгчээс төрийн албанд 1 жил эргэн орох эрхгүйгээр халсан нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж үзэн маргаан бүхий актыг хүчингүй болгуулах, эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоох тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасантай холбогдуулан шүүх маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийг хянахдаа Ч.М-ын үйлдсэн зөрчилд ногдуулсан сахилгын шийтгэл тохирсон эсэхэд дүгнэлт өгсөн нь Төрийн албаны тухай хуулийн 26.1 /Энэ хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчид дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна/ дэх заалттай нийцэж байна. Энэ нь нэхэмжлэлийн шаардлагад дурдаагүй зүйлийг шүүх өөрийн санаачлагаар шийдвэрлэсэн гэх үндэслэл болохгүй.

 

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэн үзэхэд нэхэмжлэгчийн шаардлагыг хангасан шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.  Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 181 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.М

 

ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР

 

ШҮҮГЧ Д.БАТБААТАР