Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 21

 

Т.Э-ийн нэхэмжлэлтэй, Б.Н-т

холбогдох иргэний хэргийн талаар

 

226/2017/00020/И

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч Д.Байгалмаа, Я.Алтаннавч нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны “А” танхимд, 

      Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 156/ШШ2017/00106 дугаар шийдвэртэй, Т.Э-ийн нэхэмжлэлтэй Б.Н-т холбогдох “махны үнэ 904900 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагч Б.Н-ийн давж заалдах гомдлоор 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Я.Алтаннавчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Т.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Ө, Б.Н- нар нь 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүнсний хэрэгцээнд зориулж 187.2 кг 842.400 төгрөгийн үнэ бүхий үхрийн цул мах, 32.500 төгрөгийн адуу, үхрийн хавирга, мөн бэлнээр 30 000 төгрөг нийт 904 900 төгрөгийн махыг аман гэрээгээр авсан болно. Тохирсон ёсоор 7 хоногийн дараа буюу 2016 оны 11 сарын 30-нд мөнгийг дансаар шилжүүлнэ гэсэн боловч одоог хүртэл махны үнийг төлөөч гэж шаардахаар хэл амаар доромжлон өгөхгүй намайг хохироосоор байна. Иймд Д.Ө, Б.Н- нараас махны үнэ 904 900 төгрөг гаргуулж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч Т.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Адуу, үхрийн хавирганы үнэ 32500 төгрөг, бэлэн өгсөн гэх 30000 төгрөг нийт 62500 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна. Үлдэх 842400 төгрөгийг Б.Н-ээс нэхэмжилнэ Д.Өлзийбатаас нэхэмжлэхгүй” гэв.

Хариуцагч Б.Н шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Э-ээс “анх айхтар өөхтэй биш дундын үхрийн цул мах ямар үнэтэй олдох болов уу” гэж асууж байсан. Тэгтэл хэд хоногийн дараа мах бэлэн болсон тухай хэлсэн. Ингээд би 4 хоногийн дараа очиж үзэхэд бага нь 10 кг, том нь 18 кг орчим болгоод хүнсний скочоор битүү боогоод хөлдөөсөн мах байсан.Т. Э-ээс энэ мах чинь зүгээр гайгүй мах уу гэж асуухад бид өөрсдөө шулсан гэж хэлсэн. Ингээд цаад авахаар захисан хүнтэйгээ яриад хэлтэл танай сайн таньдаг хүн бол тэгээд ч мөнгөө бэлэн өгөөгүй юм чинь зүгээр байх гэхээр нь 3 хоногийн дараа очиж Т.Э-ийн дүү В.Б-ээс жинлэж авсан. Гэхдээ Э-ийн бичсэн 187.2 кг биш, 183 кг байсан. Би уг махыг Сайншандад хүнд хүргэж өгөөд орхиод Эрээн явсан юм. Гэтэл өнөө хүн маань өнөөх мах маш их цус хурсан байна. Цусыг нь голд нь хийгээд хөлдөөсөн байна гэж ярьсан. Т. Э-т махыг буцаах тухай хэлэхэд мөнгөө авна гэсэн. Үхрийн мах 187.2 кг байлаа гэж бодоход 3500 төгрөгөөр тооцогдоно. Одоо үхрийн мах 10000 төгрөг хүрнэ үү, 7000 төгрөг хүрнэ үү хамаагүй. Тухайн сар жилийн үнэлгээгээр явдаг болохоос биш. Өмнөх жилд нь махны үнэ тартагтаа тулж байсан. Бүдүүн үхрийг 800000 төгрөгөөр авч байсан. Би 3500 төгрөгөөр бодож махны үнийг төлнө“ гэв.

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 29-ний 106 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Н-ээс 842400 /найман зуун дөчин хоёр мянга дөрвөн зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Э-т олгож,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 27110 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээж, хариуцагч Б.Н-ээс 27767 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Э-т олгохоор  шийдвэрлэжээ.

Шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч Б.Н давж заалдах гомдолдоо:  Т.Э-ийн нэхэмжлэлтэй махны үнэ 187.2x4500=842 400 төгрөг гаргуулах тухай анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй байгаа юм. Учир нь анх Т.Э-тэй махны үнийг тохирохдоо 3500х183=640 500 төгрөгөөр тохирсон. Одоо үнийн зөрүү болох 201 900 төгрөгийг миний  зөвшөөрөхгүй байгаа юм. Анх тохирсон 640 500 төгрөгийг төлөх ёстой гэж үзэж байна. Ийм учраас давж заалдах гомдол гаргаж байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай116 дугаар зүйлийн 116.2-т заасны дагуу хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангажээ. 

Нэхэмжлэгч Т.Э нь хариуцагч Б.Н-т холбогдуулан 187,2 кг үхрийн махыг нэг килограммыг 4500 төгрөгөөр худалдан авч үнийг төлөөгүй гэж  904500 төгрөг гаргуулахыг хүссэн  нэхэмжлэлийн шаардлагынхаа  62500 төгрөгөөс татгалзаж, 842500 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Б.Н нь 183 килограмм үхрийн махыг нэг килограммыг 3500 төгрөгөөр авсан тул 640500 төгрөгийг төлөхөд татгалзахгүй, 201900 төгрөгийг төлөхийг  зөвшөөрөхгүй гэжээ..

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч Т.Э нь хариуцагчид 187,2 килограмм махыг 4500 төгрөгөөр өгсөн гэдгийг хавтаст хэргийн 110 дугаар талд авагдсан тэмдэглэл болон гэрчээр  нотолсныг хариуцагч  үгүйсгэж байгаа бол “ өөрийн татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, гаргаж өгөх” үүрэг хариуцагч Б.Н-т Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар олгогдсон хэдий ч энэ талаар нотлох баримт хэрэгт байхгүй байна.

Иймд анхан шатны шүүх хэргийн үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн зөв байх тул хариуцагчийн “201900 төгрөгийг төлөхгүй” гэсэн давж заалдах гомдлыг хангах боломжгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 6707 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 06 сарын 29-ний өдрийн 106 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дүгээр зүйлийн 57.4-т зааснаар хариуцагч Б.Н-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 6707 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.ДЭНСМАА

 

    ШҮҮГЧИД                                               Д.БАЙГАЛМАА

 

                                                                                                      Я.АЛТАННАВЧ