| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Батчимэг |
| Хэргийн индекс | 135/2017/00817/и |
| Дугаар | 135/шш2017/01050 |
| Огноо | 2017-10-30 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 135/шш2017/01050
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2017/00817/и
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч Д-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Г-т холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 5.250.000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөлөөгч Г-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Д- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие нь 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Г-т 2.000.000 төгрөг, 2015 оны 06 дугаар сарын 16-нд 1.500.000 төгрөгийг барьцаат зээлийн гэрээ байгуулж, нотариатчаар гэрчлүүлэн улсын бүртгэлд бүртгүүлсэн. Г- нь одоог болтол гэрээний үүргээ үл биелүүлж төлбөр мөнгөө төлөөгүй тул барьцаа хөрөнгөнөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулж нийт 5.250.000 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.
Хариуцагч Г- нь шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөлөөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие нь энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Дансаар нэг удаа, бэлнээр тус тус төлсөн. Д- дэвтэр дээр гарын үсэг зуруулж авсан байсан. 2015 оны 6 сарын 08-нд 2,000,000 төгрөг зээлдүүлэхээр ярилцсан боловч уг өдөр 1,500,000 төгрөгийг өгсөн. Дэлгэрсайхан маргааш нь 500,000 төгрөгийг нэмж өгнө гэсэн боловч өгөөгүй. 2015 оны 06 сарын 18-нд мөнгө зээлж аваагүй. Анх 2 сая төгрөгний гэрээ байгуулсан боловч 1,500,000 төгрөг өгсөн. Манай талаас 1,250,000 төгрөгийг төлсөн учир үлдэх 250,000 төгрөгийн л асуудал байна гэж үзэж байгаа. 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн гэрээ бол 1,500,000 төгрөгийг зээлээгүй. 2,000,000 төгрөгийг аваагүй 1,500,000 төгрөгийг авсан учир амаар гэрээ байгуулсан гэж үзээд хүү алдангийг төлөх үндэслэлгүй байна гэж үзэж байна. Хүү, алданги төлөхгүй үлдэх 250,000 төгрөгний л асуудал байгаа” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Д- нь хариуцагч Ганхуягт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 3.500.000 төгрөг, зээлийн хүү, алданги 1.750.000 төгрөг, нийт 5.250.00 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргаж байна.
Нэхэмжлэгч Д- нь хариуцагч ******* 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн зээлийн гэрээгээр 2.000.000 төгрөгийг 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүртэл 1 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй зээлдүүлж, зээлийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд хоног тутам 0.5 хувийн алданги төлөх, зээлдэгч Г-ийн өмчлөлийн Улсын бүртгэлийн ******. дугаарт бүртгэгдсэн Дархан-Уул аймгийн Дархан сумын ****** дугаар баг Хүнсчид ****** тоот 503 мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар, уг газарт байрлах Улсын бүртгэлийн *******дугаарт бүртгэгдсэн 64.0 мкв талбайтай хувийн сууц зэргийг барьцаалахаар гэрээ байгуулсан болох нь зохигчийн тайлбар, талуудын хооронд байгуулсан зээлийн болон барьцааны гэрээ зэргээр тогтоогдож байна.
Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт “эд хөрөнгө буюу мөнгийг шилжүүлэн өгсөнөөр гэрээ байгуулагдсанд тооцох” –оор заасан тул нэхэмжлэгч нь хариуцагчид дээрх мөнгийг шилжүүлсэнээр талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан, нэхэмжлэгч нь гэрээний үүргийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.
Зохигчийн хооронд байгуулсан зээлийн болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.3, 156 дугаар зүйлийн 156.1-д зааснаар бичгээр байгуулж, мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т зааснаар барьцааны гэрээг нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлж, гэрээг хуульд нийцүүлж хийсэн хүчин төгөлдөр гэрээ байна.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд дээрх зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч Д- нь хариуцагч ******* 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 1.500.000 төгрөг шилжүүлсэн байх бөгөөд 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдөр нэмж 2.000.000 төгрөг шилжүүлсэн болох нь мөнгө хүлээлгэн өгсөн баримтаар тогтоогдож байна. /хх 5 /
Нэхэмжлэгч дээрх гэрээний дагуу зээлийн хүүд 2015 оны 07 дугаар сард 350.000 төгрөг, 08 дугаар сард 350.000 төгрөг, 9 дүгээр сард 350.000 төгрөг, 10 дугаар сард 200.000 төгрөг, нийт 1.250.000 төгрөгийг хариуцагч Д.Ганхуяг төлсөн гэж тайлбарлаж байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ баримтаар нотлоогүй бөгөөд хэрэгт авагдсан мөнгө хүлээлцсэн баримтаас үзэхэд зээлийн гэрээний үүрэгт 3.500.000 төгрөг шилжүүлсэн болох нь баримтаар тогтоогдож байна. /хх 5 /
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заажээ.
Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээгээр 2.000.000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүү тооцох, хугацаандаа төлөөгүй тохиолдолд хоног тутам 0.5 хувийн алданги төлөхөөр харилцан тохиролцсон байх боловч 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 1.500.000 төгрөгийг шилжүүлсэн байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 282 дугаар зүйлийн 282.3-т зааснаар 1.500.000 төгрөгийн зээлийн хэмжээнд нэхэмжлэгч хүү, алданги нэхэмжлэх эрхтэй байна. Уг гэрээний дагуу зээлдүүлсэн 1.500.000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийг тодорхойлбол, нийт 1.397.818 төгрөг байна. Тодруулбал:
| Огноо | Үндсэн зээлийн үлдэгдэл | Хүү | Алданги | Үлдэгдэл | Төлсөн |
| 2015.07.08 | 1.500.000 | 150.000 |
| 1.650.000 | 350.000 |
| 2015.08.08 | 1.300.000 |
| 201.500 | 1.501.500 | 350.000 |
| 2015.09.08 | 1.151.500 |
| 178.482 | 1.329.982 | 350.000 |
| 2015.10.08 | 979.982 |
| 151.897 | 1.131.879 | 200.000 |
| 2015.11.08-2017.07.27 | 931.879 |
| 465.939 /гүйцэтгээгүй үнийн дүнгийн 50%/ | 1.397.818 |
|
Харин 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдөр нэмж 2.000.000 төгрөг зээлдүүлэхдээ зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй тул 2.000.000 төгрөгийн зээлээс хүү, алданги нэхэмжлэх эрхгүй байна гэж үзлээ.
Иймд хариуцагч Г- нийт 3.397.818 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1.852.182 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д “Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжид барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй”, 159 дүгээр зүйлийн 159.1-д “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана” гэж тус тус заасан байх тул нэхэмжлэгч нь хариуцагчийн зээлийн барьцаанд тавьсан үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.6-д зааснаар хариуцагч шүүхийн шийдвэрийг эс биелүүлбэл барьцааны зүйлийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан дуудлага худалдаагаар борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах нь зүйтэй байна
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 119, 120 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 232 дугаар зүйлийн 232.6 дaхь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г- 3.397.818 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 1.852.182 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1, 175 дугаар зүйлийн 175.1-т заасныг баримтлан, хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн барьцааны зүйл болох Г-ийн өмчлөлийн Улсын бүртгэлийн ******. дугаарт бүртгэгдсэн Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар баг Хүнсчид 2-27А тоот 503 мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар, уг газарт байрлах Улсын бүртгэлийн *******дугаарт бүртгэгдсэн 64.0 мкв талбайтай хувийн сууц зэргийг албадан дуудлага худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаарт 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 98.950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г- улсын тэмдэгтийн хураамжид 69315 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ