| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2017/0069/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/29 |
| Огноо | 2017-03-17 |
| Зүйл хэсэг | 230.1., |
| Улсын яллагч | Г.Ганхөлөг |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 2017/ШЦТ/29
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Оюунбилэгийг суулцуулан
Улсын яллагч Г.Ганхөлөг
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Будхүү Шүүгдэгч Б.Э-ыг оролцуулан тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Э-т холбогдох эрүүгийн 201622000648 дугаартай хэргийг 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Б.Э.
Шүүгдэгч Б.Э- нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2016 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Мөрөн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 4 замын уулзварын орчимд хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн албан хаагч Ц.Э-ын тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, нүүр рүү нь цохиж, өшиглөх зэргээр хүч хэрэглэсэн гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Э- нь 2016 оны 10 дугаар сарын 08-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт байрлах 4 замын уулзварын орчимд цагдаагийн албан хаагч Ц.Э-ын хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь нүүр рүү нь цохиж, өшиглөх зэргээр хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Үүнд: Шүүгдэгч Б.Э-ын мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн "...4 замын таксины зогсоол дээр очиж такси аваад эмнэлэг рүү явах гэхэд нэг замын цагдаа энэ уулзвараар явуулахгүй гээд зогсоогоод байсан. Тэр үед би машинаас буугаад тэр цагдаа дээр очсон. Цагдаа дээр очоод эмнэлэг явмаар байна гэдгээ хэлэхэд явуулахгүй байсан. Тэгээд цагдаатай маргалдсан, маргалдаад цаашаа юу болсныг мэдэхгүй байгаа юм. Цагдааг цохиж авсан юм шиг билээ. Ээжийн бие муу байна гэхэд явуулахгүй байсан учир мөн би тухайн үед архи уусан байсан учир уур хүрч давчдаад цагдааг цохиж авсан юм шиг билээ. Би цагдааг зодсон цохисноо санахгүй байгаа юм. Тэгээд намайг цагдаа нар ирж барьж аваад эрүүлжүүлэхэд авчирч хийсэн. Тэгээд тэндээ байсаар байгаад өглөө болгосон…" гэх мэдүүлэг /хх-ийн 41 дүгээр хуудас/,
Хохирогч Ц.Э-ын мөрдөн байцаалтад өгсөн: "…орой 23 цаг 30 минутын үед 4 замын таксины зогсоол дээр хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байсан юм. Тухайн үед хамгаалалтын цуваа орж ирэх гээд байж байхад миний зогсож байсан уулзвараар ... улсын дугаартай машин цуваа өнгөрөх хөдөлгөөн хаасан зам руу орох гээд байсан. Тэгэхээр нь би уг тээврийн хэрэгслийг үүгээр явахгүй цаашаа яв гэж хэлэхэд тэр машинтай хүн цаашаагаа явж байснаа эргэж ирсэн. Тэгэхэд тэр машин зогсоод дотроос нь нэг залуу бууж ирснээ би энүүгээр явмаар байна гэснээ миний нүүр рүү гараараа хоёр удаа цохиод өшиглөөд унасан. Тухайн үед би тэр залууг чи яаж байнаа гээд барьж авсан. Тэр үед дөрвөн зам дээр үүрэг гүйцэтгэж байсан А.М-э байцаагч бид хоёр дээр ирээд тэр залууг надаас салгасан…" гэх мэдүүлэг /хх-ийн 28 дугаар хуудас/,
Гэрч А.М-ийн мөрдөн байцаалтад өгсөн: "…Тэр өдөр Ерөнхий сайдын хамгаалалтаар миний бие 4 замын уулзвар дээр хөдөлгөөн зохицуулж байтал миний дээд гарцан дээр буюу таксины зогсоолын эсрэг талын гарцны орчмоос хүн том дуугараад орилох чимээ гарсан. Тэгээд хартал манай цагдаа Ц.Э-ын урдаас нэг согтуу залуу "чи намайг явуулахгүй хэн бэ?" гээд цохиж авч байгаа харагдсан. Тэгээд тэр хоёр барилцаж аваад унахаар нь би наанаас нь очсон юм. Тэр хооронд тэр залуу Ц.Э-тай ноцолдоод унасан. Би наанаас нь очиж дундуур нь орж салгасан. Тэгээд байж байтал манай жижүүрийн машин ирээд тэр залууг аваад явсан…" гэх мэдүүлэг /ххийн 29 дүгээр хуудас/,
Гэрч Н.Д-гийн мөрдөн байцаалтад өгсөн: "…Тэр залуу машинд суугаад эмнэлэг оръё гэж байсан. Тэгэхээр нь би машинаа асаагаад уулзвар дээр очиход тэнд хамгаалалтанд зогсож байсан цагдаа ийшээгээ явуулахгүй, буцаад эргэ гэж байсан, тэгэхээр нь би буцаад ухраад зогсож байхад такси барьсан залуу маань чи наад замаараа яв гээд байсан. Тэгэхээр нь би энд цагдаа байна, явж болохгүй байна, хоёрдугаар 10 жилээрээ явъя гэхэд "би тэрүүгээр чинь явахгүй" гэснээ машинаас буугаад гүйгээд цагдаа дээр очсоноо намайг явуулаач, яагаад машин явуулахгүй байгаа юм бэ гээд орилоод байсан. Тэгээд тэр залуу цагдааг барьж аваад байх шиг байсан. Тэр үед би машинаа зогсоол дээр байрлуулж байсан болохоор тэр залууг цагдаатай яаж маргалдсаныг нь анзаарч хараагүй. Тэгээд байж байхад тэр хоёрын хажууд МөнхЭрдэнэ цагдаа ирчихсэн байсан. Удаагүй цагдаагийн фургон машин ирээд согтуу залууг аваад явсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр хуудас/,
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 570 дугаартай шинжээчийн "Ц.Э-ын биед гэмтэл тогтоогдлоо, Ц.Э-ын биед зүүн гуянд цус хуралт бүхий гэмтэл учирсан ба хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно" гэх дүгнэлт /хх-ийн 15 дугаар хуудас/ зэрэг болно.
Хэрэгт авагдсан дээрх нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлэн авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно. Иймд шүүгдэгч Б.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.1-д заасан төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Э- нь сум дундын 27 дугаар шүүхийн 2014 оны 7 дугаар сарын 07- ны өдрийн 150 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 222 дугаар зүйлийн 222.2-т зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, уг хорих ялыг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар зэргээр тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлд зааснаар ялтайд тооцогдохоор байх боловч Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт хамаарагдаж байх тул түүний ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв.
Шүүгдэгч Б.Э-т ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож үзлээ. Хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж шүүгдэгчтэй 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч Б.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.1-д зааснаар ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ болон түүний ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг зэрэг хувийн байдлыг харгалзан оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн 201622000648 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бичиг баримтгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Э- төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.1-д зааснаар шүүгдэгч Б.Э-ыг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Б.Э-т оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч Б.Э-т оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-д зааснаар Б.Э-ыг тэнсэж, хянан харгалзах хугацаанд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.
6. Эрүүгийн 201622000648 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э-т урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР