Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 2017/ШЦТ/08

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Эрдэнэцэцэг даргалж, шүүгч Ж.Байгалмаа, Ц.Алтангадас нарын бүрэлдэхүүнтэй8

 Нарийн бичгийн дарга Г.Энхбат

Улсын яллагч Б.Бүжинлхам

Иргэдийн төлөөлөгч Т.Хт

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Р.Н, С.Б

 Шүүгдэгч Л.Р, Д.Б нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Р, Д.Б нарт холбогдох 201614000*** тоот эрүүгийн хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт 1. Л.Р, Д.Б

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар 1. Шүүгдэгч Л.Р нь Д.Баар дамжуулан 2015 оны 01 сарын 12-ны өдөр “ЭҮ” ХХК-тай Trimble R10 Model 00 загварын 2 ширхэг багажийг 2 сарын хугацаагаар түрээслэн ажиллуулахаар гэрээ байгуулан авч бусдад зарж борлуулан гэрээгээр халхавчлан залилан мэхлэж 160 000 000 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-д зааснаар,

2. Шүүгдэгч Д.Б нь Л.Рг 2015 оны 01 сарын 12-ны өдөр ЭҮ ХХК-тай Trimble R10 Model 00 загварын 2 ширхэг багажийг 2 сарын хугацаагаар түрээслэх ажиллуулахаар гэрээ байгуулан “Их хаадын хишиг” ХХК-д зарж борлуулан гэрээгээр халхавчлан залилан мэхлэж 160 000 000 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, ЭҮийн захирал удирдлагуудтай урьдчилан уулзаж учрах саадыг арилган мөн багажийг компаний үйл ажиллагаанд гэрээний дагуу ашиглаж байгаа, гэрээг сунгана гэж итгэл төрүүлж залилан мэхлэх гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон гэмт хэргийг үйлдсэн гэж Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6-д заасныг журамлан тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-д зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хохирогч Б.Б-ийн “Баруун бүсийн босоо тэнхлэгийн төмөр зам” ХХК нь манай “ЭҮ” ХХК-тай 2015 оны 01 сарын 30-ны өдөр хамтран ажиллах түрээсийн гэрээг байгуулан улмаар манай үйлдвэрт шинээрээ байсан, ашиглаж байгаагүй Trimble R10 Model 00 загварын 2 ширхэг багажийг 2 сарын хугацаатай хэрэглэх гэж аваад гэрээг зөрчиж улмаар багажийг хугацаанд өгөлгүй харин ч цааш нь өөр байгууллагад худалдан борлуулж манай үйлдвэрийг залилан мэхлэж хохирол учруулсан. Уг хоёр багажийг бүртгүүлж амжаагүй шинээрээ байсан бөгөөд нэг багаж нь Геологи хайгууллын ангид нөгөө багаж нь Инженер зураг төслийн төвд байсан. Шинээрээ байсан нэг ч удаа ашиглаж байгаагүй, хэрвээ ашигласан бол баталгаажуулах ёстой байсан бөгөөд баталгаажуулж амжаагүй байсан. 2014 оны 06 сарын 16-ны өдөр худалдаж авсан гэрээн дээрээс үнийн дүнг үзэхэд Trimble R10 Model 00 загварын багаж нь 86790 ам доллараар худалдаж авсан байна. Л.Р гэж хүн багажнуудыг 2-3 газар дамжуулан зарсан байсан. Араас нь манай холбогдох мэргэжилтэнгүүд багажаа авах гэж олон удаа хөөцөлдсөн боловч хаяг нь худлаа утасны дугаарууд нь өөр байсан учраас холбогдож чадаагүй байж байгаад улмаар цааш худалдан борлуулсан байсныг нь олж мэдээд хуулийн хэлтэст хандаж манай хэлтсээс цагдаагийн газарт өргөдөл гаргасан юм. Хуулийн дагуу шийдүүлмээр байна. Одоо тэр багаж хоёр гурав дамжсан нэлээн элэгдэж хуучирсан учраас манай зүгээс шинэ багаж авах хүсэлтэй байна. Хохирол барагдуулж өгнө үү” гэсэн мэдүүлэг. / хх-ийн 64-65-р хуудас /

2. Гэрч А.Уын “Миний бие “ЭҮ” ХХК-нд геологи маркшейдерийн хэлтсийн даргаар нэг жил ажиллаж байна. 2015 оны 01 сарын 30-ны өдөр “Баруун бүсийн босоо тэнхлэгийн төмөр зам” ХХК-тай гэрээ байгуулахад “ЭҮ” ХХК-ыг төлөөлөн гэрээнд гарын үсэг зурж гэрээг байгуулж байсан. 2015 оны 01 сарын 30-ны өдөр гэрээг байгуулсан бөгөөд манай “ЭҮ”-ийн геологи хайгуулын ангид ашиглахаар авсан байсан Trimble R10 Model 00 загварын 2 ширхэг багажийг 2 сарын хугацаатай түрээслэн ажиллуулахаар харилцан тохиролцож гэрээг байгуулсан. Гэрээний дагуу тухайн хоёр багажийг хүлээлгэн өгч акт үйлдэн “Баруун бүсийн босоо тэнхлэгийн төмөр зам” ХХК-ний холбогдох гэрээ хийсэн хүмүүст хүлээлгэн өгч зохих зөвшөөрлийн дагуу үйлдвэрээс гарган өгч явуулсан. “Баруун бүсийн босоо тэнхлэгийн төмөр зам” ХХК-ийг төлөөлж захирал Д.Б, инженер Хадбаатар гэж хоёр хүн гэрээ хийж уг багажийг бүрэн бүтэн хүлээж аваад явсан. Гэрээнд заасан хугацаа буюу 2 сар нь болоод багаж авчирч өгөхгүй байсан болохоор нь Д.Б гэж хүн рүү залгаж гэрээний хугацаа дууссан багажаа авчирч өгөх талаар сануулахад “ЭҮ” ХХК-ий удирдлагуудтай уулзаж гэрээг сунгуулах хүсэлтэй байна гэсэн. Би 2015 оны 06 сард Д.Бтай ярьсан чинь манай ажил дуусах дөхөж байгаа ер нь 7 сард дуусна. Танай удирдлагуудтай ярьсан гэж хэлсэн. Би гэрээг сунгасан талаар асууж лавлахад Д.Б нь удирдлагуудтай уулзаагүй, гэрээг ямар нэгэн байдлаар сунгаагүй байсан. Сүүлд нь багаж авчирч өгөхгүй байсан учраас хөөцөлдөж багажаа авах гэж явж байхдаа багаж хариуцсан маркшейдер Дам гэж хүн Хр гэж хүнтэй уулзаж сураглаж явсан чинь Л.Р гэж уг компаний захирал болох хүн цааш нь нэг багажийг нь зарсан дам мэдээлэл олж авсан учраас хуулийн хэлтэст мэдэгдэж цагдаагийн байгууллагаар шалгуулж байгаа. Багаж нь маркшейдер геодизийн хэмжилт хийх зориулалтын багаж байгаа юм. “Баруун бүсийн босоо тэнхлэгийн төмөр зам” ХХК нь баруун бүсийн 5 аймгийг төмөр замаар холбох төсөл дээр төмөр замын хэмжилтийг хийхээр хамтран ажиллах түрээсийн гэрээ байгуулж авсан юм” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 67-68, 2-р хавтас 62-р хуудас/

3. Гэрч Б.Эын “Би Л.Ртэй 2012 онд хамтарч 1-2 ажил дээр ажиллаж байсан. Тэр цагаас хойш Л.Р ахыг таньдаг болсон. Trimble R10 Model 00 загварын багажийг худалдаж авахын тулд компаниас компани хооронд шилжүүлэх ёстой байсан тул найз Мийн “Т” ХХК-ний нэр дээр шилжүүлж авсан. Харин мөнгийг нь Л.Р ахад өгсөн. Багажийг Л.Р ахаас 52 000 000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон. 2014 онд Л.Р ах надаас Форд Ф-150 маркийн тээврийн хэрэгсэлийг маргааш мөнгийг нь өгнө гэхээр нь би итгээд тээврийн хэрэгсэлийн гэрчилгээг шилжүүлсэн. Тухайн машинаа Л.Р ахад 28 000 000 төгрөгөөр үнэлж зарсан юм. Л.Р ах худлаа яриад мөнгийг маань 1 жил өгөөгүй. Л.Р ахаас худалдаж авсан гэх Trimble R10 Model 00 загварын багажийг 52 000 000 төгрөгөөр бодож авах ёстой байсан. 24 000 000 төгрөг хасаад үлдэгдэл 28 000 000 төгрөгийг өөрийнхөө хашаа байшинг зараад бэлнээр Л.Р ахын гэрт нь очоод өгсөн. Trimble R10 Model 00 загварын багажийг ашиглаж үзээгүй шууд “М” ХХК-д 50 000 000 төгрөгөөр зарсан. Багаж одоо “М” ХХК-д ашиглагдаж байгаа. Л.Р ах багажийг ашиглаж байсан талаар мэдэхгүй” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 2-р хавтасны 55-56-р хуудас /

4. Гэрч Р.Хын “Л.Р ахыг 2014 оны 11 сараас эхэлж таньдаг болсон. Би “Кили макс рефрес” ХХК-нд геодизийн инженерээр ажиллаж байсан бөгөөд Л.Р ах надаар 1-2 удаа кадастрын зураг хийлгэж байсан. Тэгээд танилцаж танидаг болсон. Д.Б ахыг Л.Р ахаар дамжуулан 2015 оны 01 сард танилцаж байсан. “ЭҮ” ХХК-наас багаж хүлээж авахдаа хамт гэрээ хийж багаж хүлээж авч байсан. Тэгж л уулзаж танилцаж байсан, сайн таньж мэдэхгүй. Анх Л.Р ах би “Б” ХХК-нийг үүсгэн байгуулсан баруун бүсэд төмөр замын геодизийн хэмжилт трансын зургийг хийх ажилтай болсон бөгөөд хэмжилт хийх багажийг “ЭҮ” ХХК-наас авахаар болсон. Миний дүү хамт очоод ажиллаж байгаа эсэх бүрэн бүтэн эсэхийг шалгаад авч өгч тус болооч гэж гуйсан. Бид нар өөрсдөө мэргэжлийн хүмүүс биш учраас шалгаж авч мэдэхгүй байна гэсэн. Ингээд би Л.Р ахад тус болж очиж багажийг шалгаж хүлээж авч өгсөн. Л.Р ах төсөл хэрэгжихээр чи манайд ажиллаж болно шүү гэж хэлсэн бөгөөд би төсөл хэрэгжихээр ажиллана гэж бодож улмаар Л.Р ахад тус болсон. Надад тэгж явсан гэж мөнгө төгрөг өгсөн цалин өгсөн зүйл бол байхгүй гуйхаар нь би зөвшөөрч очиж шалгаж авч тусалсан. “ЭҮ” ХХК-тай Д.Б ахын хамт гэрээ байгуулж гэрээнд гарын үсэг зураад холбогдох хүмүүсээс Trimble R10 Model 00 загварын багажуудыг хүлээж авч акт хөтөлсөн. Уг багажууд нь баталгажуулаагүй хэрэглэж байгаагүй шинэ багажнууд байсан. Тэр үед уг багаж ховор өндөр үнэтэй байсан. ЭҮтэй хамтран ажиллах түрээсийн гэрээг байгуулан авсан юм. Харин сүүлд нь над руу “ЭҮ” ХХК-наас хүмүүс яриад багажаа нэхсэн. Би мэдэхгүй гэдэг учраа хэлсэн. Сүүлд зарагдсан талаар мэдсэн. Би бол очиж багаж шалгаж хүлээж авч өгөх ажиллагаанд оролцсон өөр зүйлд оролцоогүй. Ажил нь дууссан эсэх, багажаа яагаад өгөхгүй байгааг нь би бол мэдэхгүй. Л.Ргийн утасны дугаар ажлын хаяг болон гэрийн хаягыг нь зааж өгсөн. Гэрээг “Б” ХХК-ныг төлөөлж Д.Б ах бид 2 хийж гэрээнд гарын үсэг зурсан. Эхлээд багажаа авахаар тохирсон байсан. Би сүүлд нь очсон. Ажлаа хийж дуусгаад өгөх байх л гэж бодсон” гэсэн мэдүүлэг. / хх-ийн 90-91-р хуудас /

5. Эд зүйлийн үнэлгээ тогтооосон шинжээчийн 2016 оны 05 сарын 13-ны өдрийн **/** дугаартай дүгнэлтийн “Үнэлгээнд хамрагдсан 2 ширхэг Trimble R10 Model 00 загварын багажны нийт үнэлгээ 160 000 000 / нэг зуун жаран сая / төгрөг” гэсэн үнэлгээ. /хх-ийн 101-105-р хуудас/

6. “Б” ХХК-ны 2015 оны 06 сарын 17-ны А/079 дугаартай албан бичиг, / хх-ийн 85-р хуудас / “Баруун бүсийн босоо тэнхлэгийн төмөр зам” ХХКний 2015 оны 01 сарын 12-ны 001 Н 27 дугаартай албан бичиг. /хх-ийн 09-р хуудас/

7. Хамтын ажиллагааны гэрээ, тоног төхөөрөмж багаж хүлээлцсэн акт. /хх-ийн 10-15-р хуудас/ 8. Яллагдагч Л.Ргийн сэтгэцийн байдлыг тодорхойлсон шинжээчийн дүгнэлт / хх-ийн 109-р хуудас /

9. Яллагдагч Д.Бы сэтгэцийн байдлыг тодорхойлсон шинжээчийн дүгнэлт / ххийн 2-р хавтасны 142-р хуудас /

10. Яллагдагч Л.Р, Д.Б нарын мэдүүлэг болон ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 118, 126-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх үнэлэх боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Р мэдүүлэхдээ “ЭҮ” ХХК-аас авсан багажаар тодорхой ажил гүйцэтгэж, баруун бүсийн замын нарийвчилсан зураг гаргасан. Багажийг баталгаажуулалт хийлгэхийн тулд тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжийн нэр дээр шилжүүлсэн. “ЭҮ”-ийг залилан мэхлэх санаа байгаагүй. Ажлын мөнгө орж ирэхээр шинэ багаж авч өгье гэж бодож байсан” гэв.

Шүүгдэгч Д.Б мэдүүлэхдээ “Уг багажийг би хөөцөлдөж авч өгсөн нь үнэн. Зарсан эсэхийг мэдэхгүй. Багажаа баталгаажуулахын тулд тусгай зөвшөөрөлтэй компаний нэр дээр шилжүүлсэн. Тэр компани нь Л.Ргийн компани юм. “ЭҮ” багажаа нэхэх үед би ажлаасаа гарсан байсан. Багажийг залилан мэхлэж авах санаа байгаагүй. Төмөр замын төсөл нь том төсөл учир энэ ажилд оролцъё гэж бодсон юм” гэв. Шүүгдэгч Л.Ргийн өмгөөлөгч Р.Н мэтгэлцэхдээ “Б” ХХК болон “ЭҮ” ХХК-ийн хооронд байгуулсан гэрээ нь хууль ёсны хүчин төгөлдөр гэрээ юм. Энэ гэрээг байгуулахад хуурч мэхлэсэн, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, бодит байдлыг гуйвуулсан зүйл байхгүй. Гэрээний талууд зөвшөөрч байгуулсан. Энэ багажаар хийж гүйцэтгэсэн ажлын талаар танилцуулга хэвлүүлсэн нь эд мөрийн баримтаар хураагдсан байгаа. Л.Рийн үйлдэлд залилан мэхлэх гэмт хэргийн бүрэлдэхүүн байхгүй учир хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. Багажийг зарсан асуудал нь бусдын итгэмжлэн хариуцуулж өгсөн эд хөрөнгийг зарж үрэгдүүлсэн гэмт хэргийн шинж байж болох боловч эрүүгийн хариуцлагад татах хугацаа өнгөрсөн байна” гэв. Шүүгдэгч Д.Бы өмгөөлөгч С.Б мэтгэлцэхдээ “Шүүгдэгч Д.Бы үйлдэлд гэмт хэргийн бүрэлдэхүүн байхгүй. Бусдыг залилан мэхлэсэн, залилан мэхлэх санаа сэдэл байсан гэх нотлох баримт хэрэгт байхгүй байхад онц хүнд гэмт хэрэгт яллаж байгаа нь үндэслэлгүй байна. “ЭҮ” ХХК хохирогчоор тогтоогдсон учир цагдаа, прокурорын байгууллага ач холбогдол өгч шалгасан байдал энэ хэрэг харагдаж байгаа” гэв. Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч мэтгэлцэхдээ “Л.Р, Д.Б нар нь “ЭҮ” ХХК-аас дээрхи багажийг авахдаа гэрээгээр халхавчлан хуурч мэхлэх аргаар авч зарж борлуулан хувьдаа ашигласан байна. “Баруун бүсийн босоо тэнхлэгийн төмөр зам” ХХК нь уг багажийг ашиглаагүй хадгалж байгаад зарсан болох нь гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдож байна. Иймд шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэстэй” гэв. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд: 1. Шүүгдэгч Л.Р нь Д.Бд хүсэлт тавьж “ЭҮ” ХХК-ний удирдлагуудтай уулзуулан Trimble R10 Model 00 загварын 2 ширхэг багажийг 2 сарын хугацаатай түрээсээр ашиглах гэрээг 2015 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр байгуулан, багажийг авч 2015 оны 4 дүгээр сард дээрхи 2 багажны 1 ширхэгийг 2 ширхэг удирдагын эд ангийн хамт 52 000 000 төгрөгөөр тооцон Б.Эрхэмбаярт зарж, үлдэх нэг багажийг цаашид бүрэн ашиглах боломжгүй болгосон. 2. Шүүгдэгч Д.Б нь Л.Ргийн хүсэлтийн дагуу “Баруун бүсийн босоо тэнхлэгийн төмөр зам” ХХК-ийг төлөөлж “ЭҮ” ХХК-ний удирдлагуудтай уулзан Trimble R10 Model 00 загварын 2 ширхэг багажийг 2 сарын хугацаатай түрээсээр ашиглах гэрээг 2015 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр байгуулан багажийг Р.Хадбаатарын хамт хүлээж авсан. 3. “ЭҮ” ХХК нь өөрийн өмчлөлийн Trimble R10 Model 00 загварын 2 ширхэг багажийг төмөр зам тавих ажлыг дэмжих зорилгоор “Б” ХХК-д шилжүүлэн өгч, түрээс, хариу төлбөр аваагүй, хүлээлгэн өгсөн багаж нь цаашид ашиглах боломжгүй бусдад зарагдсан байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлд заасан итгэл эвдэх аргаар бусдын эд хөрөнгийг залилан мэхлэх гэмт хэрэг нь гэрээний буюу гэрээний бус харилцаагаар итгэмжлэн олгосон эд хөрөнгийг өөртөө хууль бусаар олж авахын тулд итгэмжлэлээр олгосон бүрэн эрхийг санаатайгаар зөрчиж, ашиглах замаар өмчлөгчийг төөрөгдүүлэхийг ойлгох боловч залилан мэхлэх гэмт хэргийн бүрэлдэхүүний үндсэн шинж болох субъектив санаа зорилго буюу бусдын эд хөрөнгийг буцааж өгөхгүйгээр авах шууд санаатай, шунахай сэдэлт нь өмчлөгчөөс эд хөрөнгийг авах үед өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдэж эхлэх үед үүссэн байхыг шаардана. Хавтаст хэрэгт авагдсан хохирогч гэрчүүдийн мэдүүлэг, шүүгдэгч Л.Р, Д.Б нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар бусдыг залилан мэхлэх гэмт хэргийн субъектив талын шинж нотлогдохгүй байна. Л.Р, Д.Б нар Trimble R10 Model 00 загварын 2 ширхэг багажийг “ЭҮ” ХХК-тай гэрээ байгуулж авахдаа хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар, буцааж өгөхгүйгээр зарж борлуулан ашиг олох гэсэн санаа сэдэлттэй, залилан мэхлэж авсан гэж үзэх үндэслэл бүхий нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. Шүүгдэгч Д.Б нь “ЭҮ” ХХК-тай гэрээ байгуулахдаа эд хөрөнгийг буцааж өгөхгүйгээр авах шууд санаатай, шунахай сэдэлттэй, хуурч мэхлэх итгэл эвдэх арга хэрэглэсэн гэж үзэх үнэслэлгүй, эд хөрөнгийг зарж борлуулахад оролцоогүй, уг багажийг зарж борлуулах үед “Баруун бүсийн босоо тэнхлэгийн төмөр зам” ХХК-ны гүйцэтгэх захирлын ажлаас чөлөөлөгдөж уг компанид ажиллагаагүй, багажийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээгээгүй байх тул гэм буруугүй гэж үзэж гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. Гэрээний буюу гэрээний бус иргэний харилцаагаар бусдад хадгалуулсан буюу итгэмжлэн өгсөн эд хөрөнгийг хариуцах үүрэг бүхий этгээд тухайн эд хөрөнгийг зарж борлуулж завшсан, эвдэж үрэгдүүлсэн бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээх үндэслэлтэй бөгөөд шүүгдэгч Л.Ргийн үйлдэл нь уг гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангаж байна гэж үзлээ. Иймд шүүгдэгч Д.Бд Орхон аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6-д заасныг журамлан тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатган, шүүгдэгч Л.Рд Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлийн 152.1 болгон өөрчлөхөөр шийдвэрлэв. Шүүгдэгч Л.Рг бусдын итгэмжлэн өгсөн эд хөрөнгийг завшиж, үрэгдүүлсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш зургаан сарын хугацаа өнгөрсөн байх тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. “ЭҮ” ХХК-ийг төлөөлж хохирогчоор тогтоогдсон Б.Батзориг нь мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ “Манай компани нь гэрээнд заасны дагуу шинэ багаж, эсвэл үнийг нь нэхэмжлэнэ” гэсэн нь үндэслэлтэй байх тул шинжээчийн дүгнэлтээр тогтоосон үнэлгээний дагуу шүүгдэгч Л.Ргээс 160 000 000 төгрөгийг гаргуулж “ЭҮ” ХХК-д олгуулах нь зүйтэй.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3, 88.1.7-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн 1 ширхэг номыг хэргийн хадгалах хугацааг дуустал хэрэгт хавсарган үлдээж, эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн Trimble R10 Model 00 загварын хайрцагтай ком багаж- 1 ширхэг / контроллер 1 ширхэг, модем 1 ширхэг, контроллер базагч 1 ширхэг, жижиг антен 1 ширхэг, хөл 1 ширхэг, беисний антен 1 ширхэг, таяг /хар/ 1 ширхэг, беисний кабель 1 ширхэг, аккумлятортой холбогддог тэжээлийн залгуур 1 ширхэг, контроллер цэнэглэгч 1 ширхэг, роверийн батерей цэнэглэгч, аккумлятор 1 ширхэг зэргийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэх нь зүйтэй. Мөн гэм хорын хохиролтой холбоотой иргэний нэхэмжлэлийг хангах зорилгоор хэрэгт битүүмжлэн ирүүлсэн шүүгдэгч Л.Ргийн өмчлөлийн №С7770В HEWIETT PACKARD маркийн хэвлэгч машин 1 ширхэг, i7 маркийн компьютер 1 ширхэг, Dell маркийн i3 зөөврийн компьютер 1 ширхэг, 150*70 хэмжээтэй компьютерийн ширээ 2 ширхэг, "Дархан БТ инженеринг ХХК-ний нэр дээр бүртгэлтэй 82-77 УНА улсын дугаартай FORD F-150 маркийн авто машин зэргийг битүүмжилсэн тогтоолыг хэвээр үргэлжлүүлж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246, 248, 283, 284, 285, 286, 291, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дугаар зүйлийн 24.1.1, 208 дугаар зүйлийн 208.1.1-д зааснаар Орхон аймгийн Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35.6-д заасныг журамлан тусгай ангийн 148.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож түүнийг цагаатгасугай.

2.Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Л.Рд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлийн 152.1 болгон өөрчилсүгэй.

3.Шүүгдэгч Урчуудынхан овгийн Л.Рг бусдын итгэмжлэн өгсөн эд хөрөнгийг завшиж үрэгдүүлсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1.2-т зааснаар шүүгдэгч Л.Рд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн “Б” ХХК-ний ажлын танилцуулга бүхий 1 ширхэг номыг хэргийн хадгалах хугацааг дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

6.Энэ хэрэгт битүүмжлэн ирүүлсэн шүүгдэгч Л.Ргийн өмчлөлийн №С7770В HEWIETT PACKARD маркийн хэвлэгч машин 1 ширхэг, i7 маркийн компьютер 1 ширхэг, Dell маркийн i3 зөөврийн компьютер 1 ширхэг, 150*70 хэмжээтэй компьютерийн ширээ 2 ширхэг, "Дархан БТ инженеринг” ХХК-ний нэр дээр бүртгэлтэй 82-77 УНА улсын дугаартай FORD F150 маркийн авто машин, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн Trimble R10 Model 00 загварын хайрцагтай ком багаж 1 ширхэг /контроллер 1 ширхэг, модем 1 ширхэг, контроллер базагч 1 ширхэг, жижиг антен 1 ширхэг, хөл 1 ширхэг, беисний антен 1 ширхэг, таяг 1 ширхэг, беисний кабель 1 ширхэг, аккумлятортой холбогддог тэжээлийн залгуур 1 ширхэг, контроллер цэнэглэгч 1 ширхэг, роверийн батерей цэнэглэгч, аккумлятор 1 ширхэг/ зэргийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй.

 7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Л.Ргээс 160 000 000 /нэг зуун жаран сая/ төгрөг гаргуулж “ЭҮ” ХХК-д олгосугай.

8.Шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурьдсугай.

9.Шүүгдэгч Д.Б, Л.Р нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

10.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Л.Р, Д.Б нарын гадаад улсад зорчих эрхийг түдгэлзүүлсэн тогтоолыг хүчингүй болгосугай.

11.Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл түүнийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ,                       Ш.ЭРДЭНЭЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД                                        Ж.БАЙГАЛМАА

 

                                                          Ц.АЛТАНГАДАС