Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 221/МА2014/0022

 

2014 оны 01 сарын 03 өдөр                    Дугаар 22                                      Улаанбаатар хот

 

Г.Ж-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч Б.Мөнхтуяа, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал, нэхэмжлэгч Г.Ж, хариуцагч Ц.М нарыг оролцуулан хийж, Хөвсгөл аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 37 дугаар шийдвэрт нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нараас гаргасан давж заалдах гомдлын дагуу Г.Ж-ийн нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг, шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргын 2013 оны Б/74 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, сумын Засаг даргын Тамгын газрын даргын ажилд эгүүлэн тогтоолгож, шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах” гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...өмнө нь удаа дараа архидан согтуурч сахилгын арга хэмжээ авхуулж байсан. Мөн төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг ноцтой зөрчсөн. 07 дугаар сарын 09,10-нд ихэнх ажилчид ажилласан байхад Г.Ж ажилдаа ирээгүй. Мөн сарын 15-19-эд ажилдаа ирээгүй, тасалсан. Түүний эхнэр Засаг даргын тамгын газарт дотоод ажилтан хийдэг. Энэ нь Төрийн албаны болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг зөрчиж байна. Иймээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Хөвсгөл аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 37 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.6-д заасныг баримтлан Г.Ж-ийн Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргын 2013 оны Б/74 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: “...2013 оны 07 дугаар сарын 06-07-нд амралтын өдөр байсан. Энэ өдөр ажилтнуудтай тохиролцон улсын баярыг тэмдэглүүлэхээр ажиллуулсан. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 77.2, 78.2, 78.3 дахь заалтуудын хүрээнд ажилтнуудаа 9, 10-нд нөхөн амраахаар тохиролцсон. Энд захирамж шийдвэр гарах ёсгүй, мөн Засаг даргатай тохиролцсон. Миний ээлжийн амралт дутуу байсан . Би өөрөө мөн 9-10-нд нөхөж амрахаар Засаг даргаас чөлөө авсан байсан. Мөн манай сумын удирдлагуудын түвшинд ашиг сонирхлын зөрчил үүссэн. Үүнийг би сайн мэдэх тул ажлаас халах үндэслэл болсон гэж үзэж байна.”

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар давж заалдах гомдолдоо: “...Б/74, Б/75 дугаар захирамжууд хоёул хүчин төгөлдөр байхад алдааг нь шүүх засах ёсгүй, илтэд хууль бус актыг хуульд нийцүүлэн хүчингүйд тооцсонгүй. Тосонцэнгэл сум нь баяраа 2013 оны 07 дугаар сарын 08, 09-нд тэмдэглэсэн талаар маргадаггүй, харин тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга нь баяр наадмын зохион байгуулагч тул энэ өдрүүдэд үүрэгт ажлаа хийж гүйцэтгээд 09-ний өдөр амарсан. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл заалт зөрчөөгүй. Нэхэмжлэгч нь өөрийн ажлаас халсан үндэслэлийг зөвшөөрдөггүй ч, түүний эс үйлдлийг хариуцагч тал нэгэнт тогтоосон үйл баримтыг няцаах зорилгоор өөртөө ашигтайгаар гэрчийн мэдүүлэг өгүүлэх, байгаа үйл баримтыг үгүйсгэх зорилгоор эсрэг мэдүүлэг шүүхэд гаргуулах, Тамгын газрын ажилтан Б.П 07 дугаар сарын 15-ны өдрийн хуралдааны тэмдэглэл байсаар байхад хариуцагч нь өөрт ашигтай хурлын тэмдэглэлийг зориуд авч ирж үнэлүүлсэн нь шийдвэр буруу гарах үндэслэл болсон. Шүүхээс тухайн баримтуудын үнэн зөв эсэхийг өөрийн зүгээс шалгаж, магадлах ёстой. Зөвхөн ажил олгогчийн эрх мэдэлд хамааруулж, үндэслэлгүй шийдвэр гаргасан тул зөвтгөн нэхэмжлэлийг ханган шийдвэрлэсэн өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргын 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн Б/74 дүгээр захирамжаар удаа дараа ажлын цагаар архи, согтууруулах ундаа хэрэглэж, ажил тасалж, төрийн жинхэнэ албан хаагчийн нэр төр, ёс зүй, байгууллагын дотоод журмыг ноцтой зөрчсөн гэж үзэн Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5, 26 дугаар зүйл, 26.1.3, байгууллагын дотоод журмын 5.5 дахь заалтыг үндэслэн Засаг даргын тамгын газрын дарга Г.Ж-ийг ажлаас халсан бөгөөд гэрч Тосонцэнгэл сумын Засаг даргын тамгын газрын архив, бичиг хэргийн ажилтан Р.Д-ийн мэдүүлгээс үзвэл тухайн өдөр Б/74 дүгээр тушаалыг ёсчлохдоо нэг хувь дээр нь Б/75 дугаар гэсэн дугаарыг андуурч дугаарласнаас бус нэг адил агуулга бүхий хоёр тушаал гараагүй нь тогтоогджээ.

Нэг. Хариуцагч албан тушаалтан Г.Ж-ийг Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргын тамгын газрын дотоод журмын Тав-ын 5-д /Ажлын үеэр согтууруулах ундаа хэрэглэх, онц шалтгаангүйгээр ажил дээрээ согтуу байсан зөрчлийг нэг удаа давтсан бол ажлаас шууд халж гэрээг цуцална.../ гэх заалтыг зөрчсөн гэж үзсэн боловч тийнхүү зөрчил гаргасан гэдгийг нь баримтаар нотлолгүйгээр шийтгэл ногдуулжээ. Цугларсан баримтуудаас үзвэл Г.Ж-ийн ажлын цагаар согтууруулах ундаа хэрэглэж ажил тасалсан үйлдэлд урьд нь хариуцагч 2013 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн Б/30 дугаар захирамжаар албан тушаалын цалингийн хэмжээг бууруулах сахилгын шийтгэл хүлээлгэсэн бөгөөд түүнээс хойш тухайн төрлийн зөрчлийг гаргасан буюу ажлын цагаар согтууруулах ундаа хэрэглэсэн, ажлын байран дээр согтуу байсан гэх байдал тогтоогдоогүй байна. Тиймээс сахилгын шийтгэл ногдуулсныхаа дараа тухайн зөрчилд нь дахин шийтгэл хүлээлгэх үндэслэлгүй тул Хөдөлмөрийн дотоод журмын Тавын 5-д заасны дагуу Г.Ж-д сахилгын шийтгэл хүлээлгэсэн нь буруу болжээ.

Хоёр. Хариуцагчаас Г.Ж-ийг 2013 оны 07 дугаар сарын 09, 10, 15-19-ний өдрүүдийн ажил тасалсан гэж, нэхэмжлэгчээс Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сум 2013 оны 07 дугаар сарын 07, 08-ны өдрүүдэд баяр наадам тэмдэглэсэнтэй холбогдуулан Засаг даргын тамгын газрын ажилтнуудыг 09, 10-ны өдрүүдэд нөхөн амраасан, 15-19-ний өдрүүдэд ажиллаж байсан гэж маргажээ.

Шүүхэд гэрчээр асуугдсан ажилтнуудын мэдүүлэг, Засаг даргын тамгын газрын цагийн бүртгэлийн дэвтэр зэргээр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын баяр наадам нийтээр амрах өдөртэй давхацсантай холбогдуулан Засаг даргын тамгын газрын даргын зүгээс ажилтнуудад 09, 10-ны өдрүүдэд нөхөж амарч болох талаар мэдэгдсэн, зарим ажилчид болон Засаг даргын тамгын газрын дарга өөрөө 2013 оны 07 дугаар сарын 10-ны өдөр ажилдаа ирээгүй, харин тухайн өдрүүдэд Засаг даргын тамгын газрын ажилтнууд ажилласан нь тогтоогджээ. Хэдийгээр Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.3-д амралтын өдрүүдэд ажилласан ажилтнуудыг нөхөн амраах зохицуулалт байгаа боловч Засаг даргын тамгын газрын даргын тухайд Засаг даргаас нөхөн амрах өдрийг тогтоож өгөөгүй тохиолдолд өөрөө дур мэдэн амрах боломжгүй. Тодруулбал, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлд зааснаар Засаг даргаас томилогдож, түүний бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь зохион байгуулалт, эрх зүй, аж ахуйн талаар болон Тамгын газрын хэлтэс, албадын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, нутгийн захиргааны байгууллагыг чиглүүлэн удирдахад нь туслах чиг үүрэг бүхий Засаг даргын тамгын газрын даргын албан тушаалыг хашиж байгаагийн хувьд Г.Ж Засаг даргын хууль ёсны шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй. Иймд Г.Ж-ийг 2013 оны 07 дугаар сарын 10-ны өдөр ажил үүргээ гүйцэтгээгүйг зөвтгөх үндэслэлгүй.

Үүнээс гадна Цагийн бүртгэлийн дэвтэрт Г.Ж 2013 оны 07 дугаар сарын 15, 17, 18 өдрүүдэд ажилласан, 16, 19-ний өдрүүдэд ажиллаагүй талаар тэмдэглэгджээ. Гэвч Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргын тамгын газрын ажилчдын шуурхай хуралдааны 2013 оны 07 дугаар сарын 15, 22-ны өдрүүдийн тэмдэглэлээс дүгнэвэл Засаг дарга Ц.М болон Засаг даргын тамгын газрын дарга Г.Ж нар бие биедээ үл хүндэтгэлтэй хандаж, хэн аль нь төрийн албан хаагчийн ёс зүйд нийцэхгүй үйлдэл гаргаж маргалдсан, улмаар Засаг дарга Ц.М “ажлаа хүлээлгэн өгөхийг шаардаж, ажлын байрандаа ажил үүргээ хэвийн гүйцэтгэх боломжгүй болгосноос Г.Ж-ийг 16, 19-ний өдрүүдэд ажил тасалсан зөрчлийг гаргахад нөлөөлжээ. Энэ байдал Г.Ж-ийг ажлаас халахдаа хариуцагч 2013 оны 07 дугаар сарын 09, 10, 15-19 өдрүүдэд бүхэлд нь ажил тасалсан гэж үзсэнээс мөн харагдаж байна.

Тиймээс Г.Ж гурван өдөр ажил тасалсан нь тогтоогдсон боловч түүнд ногдуулсан сахилгын шийтгэл нь гаргасан зөрчлийнх нь шинж байдалд тохироогүй өөрөөр хэлбэл маргаан бүхий захиргааны акт Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “зөрчлийн шинж байдлыг харгалзах”-аар заасантай нийцэхгүй байна.

Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргын захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.2 дахь заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөвсгөл аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 37 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Г.Ж-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.3, 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргын 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн Б/74 дүгээр захирамжийг хүчингүй болгож, Г.Ж-ийг Тосонцэнгэл сумын Засаг даргын Тамгын газрын даргын ажилд эгүүлэн тогтоож, шүүхийн шийдвэр гарах хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газраас гаргуулж Г.Жамбалдоржид олгохыг хариуцагчид даалгасугай”

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээн, хариуцагч Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргаас 70200 төгрөг гаргуулж Г.Жамбалдоржид олгож, мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.