Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 19

 

               Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Оюун даргалж, шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

               Нэхэмжлэгч: Дорнод аймгийн Дашбалбар сумын Ардчилсан намын дарга гэх Б.Ба, Б.Би нарын нэхэмжлэлтэй,

               Хариуцагч: Дорнод аймгийн Дашбалбар сумын болон аймгийн Сонгуулийн хороонд холбогдуулан гаргасан,

             Нэхэмжлэлийн шаардлага: Дорнод аймгийн Дашбалбар сумын Сонгуулийн хорооны “Бүртгэлээс татгалзах тухай”  2020.08.20-ны өдрийн 02, Дорнод аймгийн  Сонгуулийн хорооны “Маргаан хянах тухай” 2020.08.24-ний өдрийн 03 дугаар тогтоолуудыг тус тус  хүчингүй болгуулах, Б.Ба даргатай ХНТ3868,  Б.Би даргатай ХНТ1029 тамгатай Ардчилсан намыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд оролцох намаар бүртгэхийг Дашбалбар сумын Сонгуулийн хороонд даалгах шаардлага бүхий захиргааны хэргийг  хянан хэлэлцэв. 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Дашбалбар сумын Ардчилсан намын дарга гэх  Б.Ба,  Б.Би, түүний өмгөөлөгч В.Д, хариуцагч Дашбалбар сумын Сонгуулийн хороог төлөөлж  дарга  Ү.Б, аймгийн Сонгуулийн   хороог төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, гэрч У.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхнаран нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэхэмжлэгч Дашбалбар сумын Ардчилсан нам, Б.Ба шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ардчилсан намын Дорнод аймгийн Дашбалбар сумын хорооноос тус сумын Сонгуулийн хороонд хандаж “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хууль”-ийн дагуу ээлжит орон нутгийн сонгуульд оролцох хүсэлтээ гаргаж хуульд заасан баримт бичгүүдийг бүрдүүлэн 2020 оны 08 сарын 14-ний өдөр хүргүүлсэн. Гэтэл Дашбалбар сумын Сонгуулийн хорооноос 2020 оны 08 сарын 20-ны өдрийн “Бүртгэлээс татгалзах тухай” 02 тоот тогтоол,  албан бичгийг ирүүлсэн. Тус тогтоолд “Ардчилсан намаас Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн дагуу сонгуульд оролцох бүртгэлийн хүсэлтээ ирүүлэхдээ Б.Б даргатай гэх ХНТ3868 дугаартай тамгатай, мөн Б.Б даргатай гэх ХНТ1029 дугаартай тамгатай өөр өөр хүсэлтүүд ирүүлсэн тул бүртгэхээс татгалзсугай” гэжээ. 

            Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т “Энэ хуулийн 27.3-т заасан шаардлагыг хангаагүй нам, эвслийг бүртгэхээс татгалзана” хэмээн тодорхой зааж өгсөн. Гэтэл Дашбалбар сумын Сонгуулийн хорооны 2020 оны 08 сарын 20-ны өдрийн 02 тоот тогтоолд бүртгэхээс татгалзсан үндэслэл нь “...Б.Б даргатай гэх ХНТ3868 дугаар тамгатай, мөн Б.Б даргатай гэх ХНТ1029 дугаар тамгатай өөр өөр хүсэлтүүд ирүүлсэн...” хэмээн хуульд байхгүй үндэслэл зааж тогтоол гаргасан. ...намайг Дорнод аймгийн Ардчилсан намын даргын 2020 оны 06 сарын 02-ны өдрийн дугаар 33 тоот тушаалаар Ардчилсан намын Дорнод аймгийн Дашбалбар сумын хорооны даргаар батламжилж, ХНТ3868 дугаартай тамгыг албан ёсоор гардуулж өгсөн.

       Дээрхи албан ёсны шийдвэрийн дагуу миний бие Ардчилсан намын Дорнод аймгийн Дашбалбар сумын хорооны даргын хувьд Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу Дашбалбар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ гаргаж, өөрийгөө Дашбалбар сумын Ардчилсан намын хорооны дарга бөгөөд түүнийг төлөөлөх эрхтэй болох талаар албан ёсны бүх баримтуудыг  бүрдүүлэн сумын Сонгуулийн хороонд хүргүүлсэн.

            Б.Бд Дорнод аймгийн Ардчилсан намын даргын 2017 оны 06 сарын 25-ны өдрийн 06 тоот тушаалаар шийтгэл ногдуулж Ардчилсан намын гишүүнээс 8 жилийн хугацаатай хасаж, Дашбалбар сумын Ардчилсан намын хорооны даргын сонгуулийг зарлан хуралдуулах шийдвэр гаргасан. Дээрх тушаалын дагуу Ардчилсан намын  Дорнод аймгийн дотоод сонгуулийн нутаг дэвсгэрийн хорооноос Дашбалбар сумын Ардчилсан намын даргын сонгуулийг зохион байгуулж тус хорооны 2018 оны 03 сарын 25-ны өдрийн 08 тоот тогтоол түүний 5-р хавсралтад Ардчилсан намын Дашбалбар сумын хорооны даргаар сонгогдсон болохыг баталсан.

            Би 2 сар гаруйн өмнө Ардчилсан намын Дорнод аймгийн Дашбалбар сумын хороо нь Улсын Их Хурлын ээлжит сонгуульд оролцох тухай хүсэлтийг  Дашбалбар сумын Сонгуулийн хороонд гаргаж байсан бөгөөд тус хүсэлтийг хүлээн авч УИХ-ын сонгуульд оролцуулсан атлаа одоо ийм шийдвэр гаргаж байгаа нь ойлгомжгүй байна. Иймд энэхүү гомдлыг хянуулахаар Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19 дэх хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол доод шатны сонгуулийн хорооны шийдвэр сонгууль зохион байгуулах үйл ажиллагааны талаар дээд шатны сонгуулийн хороонд гомдол гаргаж болох бөгөөд зохих шатны сонгуулийн хороо гомдлыг хүлээж авснаас хойш гурван хоногийн дотор хянаж шийдвэрлэж, гомдол гаргагчид хариуг бичгээр мэдэгдэнэ” гэж заасны дагуу аймгийн сонгуулийн хороонд зохих журмын дагуу гомдлоо гаргасан. Гэтэл Дорнод аймгийн сонгуулийн хороо хуралдаж, 2020 оны 08 сарын 24-ний өдрийн 03 дугаар тогтоолоор 2020 оны 08 сарын 20-ны өдрийн 02 дугаар тогтоол нь үндэслэл бүхий болохыг тогтоосугай гэсэн хариу өгсөн.

            Дээрх хууль бус шийдвэрийн улмаас Дашбалбар сумын Ардчилсан нам бүхэлдээ орон нутгийн сонгуульд оролцох боломжгүй болж, улс төрийн нам, түүний нэр дэвшигчдийн хувьд сонгогдох эрх, мөн намын гишүүд, дэмжигчдийн сонгох эрх зөрчигдөх болоод байна. Иймд Дорнод аймгийн Дашбалбар сумын сонгуулийн хорооны “Бүртгэлээс татгалзах тухай”  2020 оны 08 сарын 20-ны өдрийн 02 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Б.Б даргатай /ХНТ3868 дугаар тамгатай/ Дорнод аймгийн Дашбалбар сумын Ардчилсан намыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд оролцох намаар бүртгэхийг Дашбалбар Сумын Сонгуулийн хороонд даалгаж өгнө үү гэв.

         Нэхэмжлэгч Дашбалбар сумын Ардчилсан нам, Б.Би шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ардчилсан намын Үндсэн дүрмийн дагуу нэхэмжлэгч Б.Ба-тай өрсөлдөж, Ардчилсан намын гишүүдийн олонхийн саналаар ялалт байгуулан, Намын хорооны 2016 оны 08 сарын 22-ны өдрийн 04 тоот тогтоолоор Дашбалбар сумын Ардчилсан намын даргаар сонгогдсон юм. Дорнод аймгийн Дашбалбар сумын Ардчилсан намын тус сумын сонгуулийн хороонд хандаж “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хууль”-ийн дагуу ээлжит орон нутгийн сонгуульд оролцох хүсэлтээ гаргаж хуульд заасан баримт бичгүүдийг бүрдүүлэн 2020 оны 08 сарын 12-ны өдөр хүргүүлсэн. Дашбалбар сумын сонгуулийн хорооноос 2020 оны 08 сарын 20-ны өдрийн “Бүртгэлээс татгалзах тухай”  дугаар 02 тоот тогтоолыг өгсөн.

          Бидний зүгээс “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай” хуулийн 81.2 дугаар зүйлд заасны дагуу Дорнод аймгийн Сонгуулийн хороонд гомдол гаргасан. Дорнод аймгийн Сонгуулийн хорооны 2020.08.24-ний 03 тоот тогтоолд: “...2020 оны 08 сарын 20-ны өдрийн 02 дугаар тогтоол нь үндэслэл бүхий болохыг тогтоосугай” гэжээ.

           Би ...Дашбалбар сумын Ардчилсан намын хорооны 2016 оны 08 сарын 22-ны өдрийн хүчин төгөлдөр бүхий 04 тоот тогтоолоор тус сумын намын даргаар сонгогдсон. Миний бие 2016 оны орон нутгийн сонгуульд сумын Ардчилсан намыг удирдан оролцож Дашбалбар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 21 суудлаас 14 суудлыг тус нам авч ялалт байгуулсан. Ардчилсан намын хуучин болон шинэ дүрмээр тухайн шатны төрийн сонгуульд ялалт байгуулсан бүх шатны намын дарга нарын бүрэн эрхийн хугацаа 4 жилээр сунгагддаг.

           Дорнод аймгийн Ардчилсан намын П.А-ийн 2017 оны 06 сарын 25-ны өдрийн 06 тоот тушаалаар надад оногдуулсан сахилгын шийтгэл гэгч нь Дорнод аймгийн Үндсэн дүрмийн салбар хорооны албан ёсны дүгнэлтгүйгээр гаргасан бөгөөд Ардчилсан намын Үндсэн дүрмийг ноцтой зөрчсөн тушаал юм. Тус дүрмийн     5.21.19 дахь заалтад: “Үндсэн дүрмийн хорооны дүгнэлтэд үндэслэн Намын дарга, Нийслэлийн намын дарга, Үндсэн дүрмийн салбар хорооны дүгнэлтэд үндэслэн анхан, дунд шатны намын дарга нар тушаал гарган гишүүнд ёс зүйн хариуцлага, сахилгын шийтгэл ногдуулна” гэж заасан байдаг. Надад оногдуулсан Үндсэн дүрмийн салбар хорооны албан ёсны намын гишүүний сахилгын шийтгэлийн дүгнэлт байхгүй бөгөөд надтай холбоотой Дорнод аймгийн Ардчилсан намын даргын тушаал гэгчийг надад огт өгөөгүй. Мөн Ардчилсан намын Үндсэн дүрмийн 6.6.1-д зааснаар “...Үндсэн дүрмийн салбар хорооны хуралд өргөдөл гомдол, хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч”-ийг заавал байлцуулдаг заалттай.

          Б.Б 2017, 2019 онуудад Ардчилсан намд дүрмийн бус материал хүргүүлэн Дашбалбар сумын Ардчилсан намын тамгыг 2 удаа хийлгэсэн байдаг. 2019 оны булхай нь Дорнод аймгийн Ардчилсан намын хорооны дэргэдэх Үндсэн дүрмийн салбар хорооны 2019 оны 04 сарын 24-ний өдрийн 01 тоот тогтоолоор тогтоогдсон. Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Ты 2019 оны А/19 тоот тушаалаар Б.Бд Дашбалбар сумын Ардчилсан намын хорооны тамга олгосон 2019 оны 03 сарын 20-ны өдрийн А/08 дугаар тушаалаа хүчингүй болгосон. Улмаар Ардчилсан намын дарга С.Эзүгээс 2019 оны 05 сарын 16-ны өдрийн 01/220 тоот албан бичгийг У.Дид хүргүүлсэн. Уг албан бичигт: “...Дорнод аймгийн Дашбалбар сумын Ардчилсан намын даргыг сонгосон Дашбалбар сумын Ардчилсан намын хорооны 2016 оны 08 сарын 22-ны өдрийн 04 дүгээр тогтоол хүчинтэй байгаа тул Б.Б нь Үндсэн дүрмийн дагуу сонгогдсон Дашбалбар сумын Ардчилсан намын дарга гэдгийг тодорхойлов...” гэжээ. Би өнөөдрийг хүртэл Дорнод аймгийн Дашбалбар сумын Ардчилсан намын албан ёсны дарга хэвээр байгаа. Гэтэл Дорнод аймгийн Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгч У.Д, сумын Засаг дарга Б.Б нар нь 2020 оны 06 сард үгсэн хуйвалдаж, Ардчилсан намын Үндсэн дүрмийг ноцтой зөрчиж ХНТ3868 дугаартай хууль бус тамгыг бидэнд мэдэгдэлгүйгээр дахин хийлгэсэн байна. 2019 онд У.Д гэж хүн үүрэг гүйцэтгэгчээр ирснээс хойш дээрх 2017 оны тушаал бий болсон. Түүнээс өмнө Алтангэрэл гэж хүн надад нэг ч тушаал шийдвэр болон Үндсэн дүрмийн салбар хорооны нэг ч тогтоол танилцуулаагүй, “...тамгаа өг...” гэсэн албан бичиг нэг ч удаа өгөөгүй гэдгийг зориуд цохон хэлье. Энэ нь Б.Б3 дахь удаагаа хийлгэж байгаа хууль бус тамга юм. Улмаар энэ тамгаараа УИХ-ын сонгуульд хүртэл оролцсон байна. Бид тухайн үед Дорнод аймгийн Ардчилсан намын Үндсэн дүрмийн салбар хороо болон Ардчилсан намаас УИХ-д нэр дэвшигч, Дорнод аймгаас Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүнээр сонгогдсон П.Бнарт асуудлыг тавьж, өргөдөл гомдлыг өгсөн.

            Тэр үед УИХ-ын сонгууль болж байсан тул Ардчилсан намын нэр хүндээ бодоод бид хүлээцтэй хандсан. Гэвч Дорнод аймгийн Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгч У.Д, Дашбалбар сумын Засаг дарга Б.Б нар нь алдаа дутагдлаа засахын оронд 2020 оны Орон нутгийн ээлжит сонгуульд оролцох хүсэлтийг хууль бус ХНТ3868 дугаар бүхий тамгаар Дашбалбар сумын Сонгуулийн хороонд өгснөөс болоод тус сумын Ардчилсан нам нь орон нутгийн сонгуульд оролцох эрхгүй болоод байна.

              Иймд тус сумын Сонгуулийн хорооны 2020 оны 08-р сарын 20-ны өдрийн 02, Дорнод аймгийн Сонгуулийн хорооны 2020 оны  08 дугаар сарын 24-ний өдрийн 03 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгуулах, Б.Б даргатай /ХНТ1029 дугаар тамгатай/ Дорнод аймгийн Дашбалбар сумын Ардчилсан намыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд оролцох намаар бүртгэхийг даалгаж өгнө үү гэв.

           Нэхэмжлэгч Б.Ба-ын өмгөөлөгч В.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  ...Өнөөдөр Дашбалбар сумын сонгуулийн хороо зөвхөн Монгол Ардын нам /МАН/-ыг бүртгэснээр тухайн нам дангаараа, ганцаарчилсан байдлаар сонгуульд оролцож, ямар ч өрсөлдөөнгүй, сонголтгүй сонгууль болж, ардчиллын зарчим алдагдана. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд явагдана гэж ойлгож байгаа. Маргаан бүхий захиргааны акт хууль бус бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол түүнийг хүчингүй болгох хууль зүйн үр дагавартай. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т “Энэ хуулийн 27.3-т заасан шаардлагыг хангаагүй нам, эвслийг бүртгэхээс татгалзана” гэж заасан. Тус хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.1-27.3.6 хүртэлх шалгуурыг тавьсан. Энэ шалгуураас өөр үндэслэл гаргаж, бүртгэхээс татгалзахыг хориглоно. Б.Б хуульд заасан эдгээр шаардлагыг хангаж, хүсэлтээ сумын сонгуулийн хороонд хүргүүлсэн. Үүнийг сумын сонгуулийн хороо хүлээж авсан бөгөөд дээр дурдсан шаардлагыг хангаагүй гэх үндэслэл огт байхгүй байхад бүртгэхээс татгалзсан. Харин Б.Б гэх даргатай ирүүлсэн бичиг баримт нь хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.2-т заасан “...сонгуульд оролцох хүсэлтийг хуульд заасан хугацаанд ирүүлсэн...” гэдэг дээр эрх зүйн зөрчилтэй.

          Намын төв байгууллагаас хүчингүй болгосон, хэрэглэхээ больсон энэхүү тамга тэмдгийг ашиглан хүсэлт гаргасан гэдгээр хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.2-т заасан шаардлагыг хангахгүй байгаа юм. Мөн сонгуулийн мөрийн хөтөлбөр боловсруулж хүргүүлээгүй, дүгнэлт гаргуулаагүй, дутуу материал хүргүүлсэн. Иймд Б.Б гэх гарын үсэг, тамгатай баримтыг хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т заасны дагуу бүртгэхээс татгалзах үндэслэл байсан. Гэтэл сонгуулийн хороо “...хоёр хүсэлт ирсэн учир...” гэж хуульд заагаагүй шаардлагыг тавьж байна. Хэн нэгэн этгээд зохиомлоор тамга тэмдэг хийлгэчихээд, түүнийгээ ашиглан тухайн этгээдийн нэрийг барьсан тохиолдолд “...хоёр байсан...” гэдэг байдлаар хууль ёсны, бүртгэх ёстой этгээдийг хохироосон шийдвэр гаргаж болохгүй. Иймд энэхүү акт хууль бус гэдэг нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 25,27 дугаар зүйлүүдэд зааснаар харагдаж байна. Энэ нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн байх ёстой. Энэхүү шаардлагын хүрээнд Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.9-д заасан “шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийн удирдах хэрэгт оролцох” үндсэн эрхийн асуудал яригдаж байгаа. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан зарчмууд нь энэхүү сонгох, сонгогдох эрхийг хангахад чиглэнэ.

          Дорнод аймгийн нэг сумын иргэдийн сонгох, сонгогдох эрх зөрчигдөхөд хүрч байгаа тул шүүх бүрэлдэхүүн хоёр талаас ирүүлсэн баримтууд нь хуульд заасан шаардлагуудыг хангасан эсэхийг харгалзан үзэж, Б.Б-ынгаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

           Хариуцагч Дорнод аймгийн Сонгуулийн хороо шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Аймгийн Сонгуулийн хорооны “Маргаан хянах тухай” 2020 оны 03 дугаар тогтоол нь үндэслэл бүхий  бөгөөд хууль зүйн хувьд маргаангүй шийдвэр юм.

          Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т “Орон нутгийн Хурлын сонгуульд оролцох хүсэлтэд тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн намын дарга гарын үсэг зурж, тамга/тэмдэг/ даран баталгаажуулсан байна” гэж заасан ба хуулийн 25.3 дугаар зүйлд намын сонгуульд оролцох хүсэлтэд хавсаргах баримт бичгийн талаар зааж өгсөн. Дашбалбар сумын Ардчилсан намын сонгуульд оролцох хүсэлт болон холбогдох баримт бичгийг нягтлан шалгахад Б.Б даргатай гэх ХНТ3868 дугаар тамгатай хүсэлт, Б.Б даргатай гэх ХНТ1029 дугаар тамгатай хүсэлтүүдийг Дашбалбар сумын Сонгуулийн хороонд ирүүлсэн байна.

          Нэхэмжлэгчийн зүгээс 2 өөр дарга, тамгатай хүсэлтүүд ирүүлсэн нь “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хууль”-ийн 27 дугаар зүйлийн 27.2-т тус тус зааснаар намыг бүртгэхээс татгалзах тухай шийдвэр гаргах үндэслэл болсон. Дашбалбар сумын Сонгуулийн хорооны “Бүртгэхээс татгалзах тухай” 2020 оны 08 сарын 20-ны өдрийн 02 дугаар тогтоолыг хянан, шалгаж үзэхэд “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хууль”-ийн 25, 27 дугаар зүйлд заасантай нийцсэн бөгөөд үндэслэл бүхий байсан тул аймгийн Сонгуулийн хорооноос 2020 оны 08 сарын 24-ний өдөр 03 дугаар тогтоолыг гаргасан болно.

           Мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ “Б.Б миний бие Дашбалбар сумын Ардчилсан намын хорооны 2016 оны 08 сарын 22-ны өдрийн 04 тоот тогтоолоор тус сумын намын даргаар сонгогдож батлагдсан ...Дорнод аймгийн Ардчилсан намын дарга П.Аийн надад оногдуулсан сахилгын шийтгэл нь албан ёсны дүгнэлтгүйгээр гаргасан тушаал..., Б.Б нь 2017, 2019 онуудад Ардчилсан намын дүрмийн бус материал хүргүүлэн Дашбалбар сумын Ардчилсан намын тамгыг 2 удаа хийлгэсэн. Дорнод аймгийн Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгч У.Д, Дашбалбар сумын Засаг дарга Б.Б нар нь 2020 оны 06 дугаар сард үгсэн хуйвалдаж, Ардчилсан намын дүрмийг ноцтой зөрчиж ХНТ3868 дугаартай хууль бус тамгыг бидэнд мэдэгдэлгүй хийлгэсэн” гэж дурджээ.

        Улс төрийн намын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.9 “намын дүрмээр зохицуулах намын дотоод зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбоотой маргааныг шүүх хянан шийдвэрлэхгүй. Энэхүү маргааныг намын эрх бүхий байгууллага хянан шийдвэрлэнэ” гэж заасан. Дээрх асуудал нь улсын намын дотоод зохион байгуулалтын асуудал байгаа тул аймгийн Сонгуулийн хорооноос тайлбар хийх боломжгүй бөгөөд хуулиар тавьсан шаардлагыг хангаж ирүүлсэн материалыг хянаж бүртгэх үүрэгтэй. Түүнчлэн дээрх маргаан бүхий асуудлын хүрээнд бүртгүүлэхээр материал ирүүлсэн Дашбалбар сумын Ардчилсан намын сонгуульд оролцох Б.Б даргатай гэх ХНТ3868 дугаар тамгатай хүсэлт, Б.Б даргатай гэх ХНТ1029 дугаар тамгатай хүсэлтүүдийг Дашбалбар сумын Сонгуулийн хороо бүртгэсэн тохиолдолд Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх заалт зөрчигдөнө. Мөн Хууль зүй дотоод хэргийн сайдын 2018 оны А/216 дугаар тушаалаар “Тамга, тэмдэг хийлгэх, үйл ажиллагаанд хяналт тавих, лавлагаа олгох журам” батлагдсан ба уг журмыг мөрдөж ажиллахыг Улсын бүртгэлийн ерөнхий газарт үүрэг болгосон байдаг. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдагдсан нэг намд 2 тамга олгогдсон асуудлаар аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтэст хандахад 2020 оны 08 сарын 21-ний өдрийн 677 дугаар албан бичгээр “намын тамга, тэмдгийг тус байгууллага бүртгэдэггүй болно” гэсэн хариуг ирүүлсэн. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

          Хариуцагч Дорнод аймгийн Сонгуулийн хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Аймгийн Сонгуулийн хорооны 2020 оны 03 дугаар тогтоол үндэслэл бүхий, хууль зүйн хувьд маргаангүй захиргааны акт гэж бид үзэж байгаа. Дашбалбар сумын Ардчилсан намаас Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд заасан хугацаанд тус сумын сонгуулийн хороонд хүсэлтээ хүргүүлж, тус сонгуулийн хороо хүсэлтийг нягталж үзээд, хуульд заасан үндэслэлээр бүртгэхээс татгалзсан байдаг. Сонгуулийн бүх шатны байгууллагад тангараг өргөсөн төрийн албан хаагчид ажиллаж байгаа. Иймд аль нэг намын эрх ашигт илүү үйлчилж, буруу шийдвэр гаргахад нөлөөлж, хэн нэгний сонгох, сонгогдох эрхэд халдаж, хязгаарласан зүйл байхгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье.

          Сумын Сонгуулийн хорооны бүртгэхээс татгалзсан тогтоолыг сумын  Ардчилсан намын дарга Б.Б эс зөвшөөрч, аймгийн сонгуулийн хороонд өргөдөл гаргасан. Аймгийн сонгуулийн хороо өргөдлийг хүлээн авч, сонгуулийн анхан шатны байгууллагын шийдвэрийг нягталж үзээд “...татгалзах үндэслэлтэй байна...” гэсэн шийдвэрийг гарган, эрх ашиг нь хөндөгдөж буй этгээдэд албан бичгээр хүргүүлсэн.

        Улс төрийн намын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.9-д “Намын дүрмээр зохицуулах намын дотоод зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбоотой маргааныг шүүх хянан шийдвэрлэхгүй. Энэхүү маргааныг намын эрх бүхий байгууллага хянан шийдвэрлэнэ” гэж заасан. Хоёр даргын хувьд намын удирдах шатны байгууллага, албан тушаалтнуудын гаргасан зөрүүтэй олон шийдвэрийг аймгийн сонгуулийн хороонд ирүүлсэн. Аймгийн Сонгуулийн хороо энэ асуудлыг нягтлах үүднээс  хоёр тамганы аль нь үнэн зөв, аль нь хуурамч тамга юм бэ, аль нь бүртгэлтэй байдгийг тодруулахаар Улсын бүртгэлийн байгууллагад хандсан. Улсын бүртгэлийн байгууллагаас “...намын тамга тэмдгийг манай байгууллага бүртгэдэггүй болно...” гэсэн хариу ирүүлсэн. Иймд намын тамгыг Улсын бүртгэлийн байгууллага бүртгэхгүй, улс төрийн намын өөрсдийн дотоод асуудал болж хувирч байгаа юм. Намын өмнөх дарга Эрдэнээс “...энэ дарга нь албан ёсны дарга мөн”, Туваан даргаас “...энэ дарга нь албан ёсны дарга мөн”, түүнчлэн Сүхбаатар даргаас “...Билгүүнд хариуцлага тооцсон актыг хүчингүй болгосон. Иймд Билгүүн албан ёсны дарга мөн” гэх энэ бүх асуудлыг аймгийн сонгуулийн хороо нягтлаад “...намын дотоод асуудалд оролцох эрх хэмжээ байхгүй” гэж үзсэн.

          Иймд аймгийн Сонгуулийн хорооны 2020 оны 08 сарын 24-ний өдрийн 03 тоот тогтоолоор “...сумын Сонгуулийн хорооны 2020 оны 02 дугаар тогтоол нь хууль зөрчөөгүй. Тухайн хоёр этгээдээс ирүүлсэн бичиг баримтыг бүртгэх боломжгүй хэмээн татгалзсан нь үндэслэлтэй...” гэж үзэж шийдвэр гаргасан. Хэрэв аймгийн Сонгуулийн хороо сумын Сонгуулийн хорооны тогтоолыг хүчингүй болгож, өөрийн дотоод итгэл үнэмшлээр аль нэгийг нь бүртгээд авчихвал энэ нь маш том зөрчлийг дагуулна. Мэдээж хоёуланг нь бүртгэх боломж байхгүй. Хоёуланг нь бүртгэчихвэл хуульд заасан мандатын тооноос хэтрэх учир энэ нь хуулийн зөрчил болно. Иймд аймгийн Сонгуулийн хороо анхан шатны сонгуулийн байгууллагын шийдвэрийг “...хуульд нийцсэн байна...” гэж үзсэн.

            Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн байр суурьтай байна гэв.

            Хариуцагч Дашбалбар сумын Сонгуулийн хорооны дарга Ү.Б шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:   Манай сонгуулийн хороонд Б.Б даргатай ХНТ3868 дугаар бүхий тамгатай албан бичгээр, мөн Б.Б даргатай ХНТ1029 дугаар бүхий тамгатай албан бичгээр сумын АН-ын сонгуульд оролцох тухай нэг намын хоёр хүсэлт ирсэн. Сумын Ардчилсан намын хороо нь 2016 оны 08 сарын 22-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор Б.Б-ийг намын даргаар сонгосон байна. Дорнод аймгийн Ардчилсан намын дарга П.Аийн 2017 оны 06 сарын 25-ны өдрийн 06 дугаар тушаалаар Б.Б-ийг Ардчилсан намын гишүүнээс  8 жилийн хугацаагаар хасах сахилгын шийтгэл ногдуулж, Дорнод аймгийн сонгуулийн нутаг дэвсгэрийн хорооны 2018 оны 03 сарын 25-ны өдрийн 08 дугаар тогтоолын 5 дугаар хавсралтаар Б.Б сумын Ардчилсан намын дарга гэж сонгуулийн дүнг баталсан байна. Гэтэл  Дорнод аймгийн Ардчилсан намын хорооны Үндсэн дүрмийн салбар хорооны 2019 оны 04 сарын 24-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор сахилгын шийтгэл ногдуулсан 2017 оны 06 сарын 25-ны өдрийн 06 дугаар тогтоол, сонгуулийн дүнг нэгтгэсэн 2018 оны 03 сарын 25-ны 08 дугаар тогтоолын 5 дугаар хавсралтыг тус тус хүчингүй болгосон байна. Мөн Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Т-ы 2019 оны 03 сарын 20-ны өдрийн А/08 дугаар тушаалаар ХНТ1029 дугаар тамга, тэмдгийг гээгдүүлсэн тул хүчингүйд тооцож, шинээр тэмдэг хийлгэх зөвшөөрөл олгосон боловч, 2019 оны 04 сарын 19-ний өдрийн А/19 дүгээр тушаалаар А/08 дугаар тушаалыг хүчингүй болгосон байна.

          Ардчилсан намын дарга С.Э нь  2019 оны 05 сарын 16-ны өдрийн 01/220 дугаар албан бичгээр Б.Бийг Дашбалбар сумын Ардчилсан намын дарга гэдгийг тодорхойлсон байна. Гэтэл Дорнод аймгийн Ардчилсан намын дарга У.Д нь 2020 оны 06 сарын 02-ны өдрийн 33 дугаар тогтоолоор Дашбалбар сумын Ардчилсан намын даргаар Б.Ббатламжлахдаа тус намын Дорнод аймгийн хорооны Үндсэн дүрмийн салбар хорооны 2018 оны 03 сарын 25-ны өдрийн 08 дүгээр тогтоолоор хүчингүй болсон тогтоол үндэслэсэн байна. Ардчилсан намын Дорнод аймгийн хороо үндсэн дүрмийн салбар хорооны дарга Л.Сүхбаатар нь 2020 оны 08 сарын 07-ны өдрийн 08 дугаар албан бичгээр “тус сумын Ардчилсан намаас 2020 оны орон нутгийн сонгуульд оролцох хүсэлт, холбогдох бичиг баримтыг тус сумын Ардчилсан намын дарга Б.Б нь ХНТ1029 дугаар бүхий хүчинтэй тамгаар хүргүүлэх болохыг анхаарна уу”, харин Дорнод аймгийн Ардчилсан намын дарга У.Д нь 2020 оны 08 сарын 15-ны өдрийн 60 дугаар албан бичгээр “Дашбалбар сумын Ардчилсан намын дарга дүрмийн хүрээнд Б.Б бөгөөд сумын намын хүчин төгөлдөр тамга нь ХНТ3868 дугаартай гэдгийг үүгээр мэдэгдэж байна” гэсэн албан тоотыг тус тус сумын Сонгуулийн хороонд ирүүлсэн. “Аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хууль”-ийн дагуу нам, эвслийг төлөөлж тухайн аймаг, нийслэл, сум дүүрэг дэх намын салбар байгууллага нь нэг байх ёстой байтал хоёр өөр хүсэлт ирүүлэхдээ хоёр өөр даргатай, хоёр өөр тамгатай, аль нь хүчинтэй эсэх талаар эцсийн шийдвэр байхгүй байсан. Дээрх шийдвэрүүд нь аль алийг нь үгүйсгэсэн, эцсийн байдлаар аль дарга, аль тамга нь хүчинтэй эсэхийг тогтоох боломжгүй байна. Тухайн намын дотоод асуудалд Сонгуулийн хороо оролцох боломжгүй. Энэ нь мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх заалтад заасан “нам эвсэл нэр дэвшүүлэхдээ тухайн орон нутгийн Хурлын сонгуулийн тойрог тус бүрд ногдсон мандатын тооноос илүүгүй хүнийг нэр дэвшүүлнэ” гэсэн заалт зөрчигдөх тул бүртгэхээс татгалзсан болно гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

             Нэхэмжлэгч  Дорнод аймгийн Дашбалбар сумын  Ардчилсан  намын дарга /гэх/  Б.Б нь Дашбалбар сумын Сонгуулийн хорооны  2020.08.20-ны өдрийн “Бүртгэхээс татгалзах тухай” 02 дугаар  тогтоолыг хүчингүй болгуулах, Б.Ба даргатай  ХНТ3868  тамгатай,  Дашбалбар сумын Ардчилсан намыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд оролцох намаар бүртгэхийг Дашбалбар сумын Сонгуулийн хороонд даалгах[1],

            Нэхэмжлэгч  Дашбалбар сумын  Ардчилсан намын дарга  /гэх/ Б.Би нь Дашбалбар сумын Сонгуулийн хорооны 2020.08.20-ны өдрийн “Бүртгэхээс татгалзах тухай” 02, Дорнод аймгийн Сонгуулийн хорооны “Маргаан хянах тухай” 2020.08.24-ний өдрийн 03 дугаар тогтоолуудыг тус тус  хүчингүй болгуулах, Б.Би даргатай ХНТ1029 тамгатай, Дашбалбар сумын Ардчилсан намыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд оролцох намаар бүртгэхийг, Дашбалбар сумын Сонгуулийн хороонд даалгах[2] шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг тус шүүхийн  2020.09.07-ны өдрийн 93 дугаар захирамжаар[3] нэгтгэсэн болно.

           Аймаг,  нийслэл, сум дүүргийн  иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2. “Орон нутгийн Хурлын сонгуульд оролцох хүсэлтэд тухайн аймаг, сум, дүүргийн  намын дарга  гарын үсэг зурж,  тамга /тэмдэг/ даран баталгаажуулсан байх бөгөөд мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.3 дахь хэсэгт заасны дагуу, 25.3.1, 25.3.2, 25.3.3, 25.3.4, 25.3.5, 25.3.6, 25.3.7-д заасан  баримт бичгийг хавсаргана” хуульчилсан.  Дашбалбар сумын Сонгуулийн хороонд  Ардчилсан намыг төлөөлж, намын хоёр  даргын хоёр тамга бүхий  гарын үсэг зурж баталгаажуулсан хүсэлт[4] ирүүлсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, хэргийн оролцогчдын тайлбараас харагдаж байна.

         Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1. “Тухайн шатны Сонгуулийн хороо сонгуульд оролцохоо илэрхийлсэн нам, эвслийг бүртгэхдээ тэдгээрийн ирүүлсэн баримт бичгийг нягтлан шалгана.

              27.3.1. нам эвсэлд нэгдэн орсон намууд нь энэ хуулийн 9.1-д заасны дагуу тухайн сонгуулийг товлон зарлахаас өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн;

              27.3.2. сонгуульд оролцох хүсэлтийг хуульд заасан хугацаанд ирүүлсэн;  

              27.3.3. сонгуульд оролцох хүсэлтэд хавсаргах баримт бичгийг бүрэн гүйцэд хавсаргасан;

              27.3.4. сонгуулийн мөрийн хөтөлбөр нь энэ хуульд заасан шаардлага хангасан тухай төрийн аудитын байгууллагын дүгнэлт гарч хавсаргасан;

              27.3.5. эвсэл байгуулах тухай энэ хуульд заасан журам, шаардлагыг хангасан;

            27.3.6. эвсэлд нэгдэн орсон  намуудын олонхи нь  бүртгэсэн тухай шийдвэр гарахаас өмнө энэ хуульд заасны дагуу эвслээс гарахаа илэрхийлээгүй ...шаардлагыг хангасан  нам  эвслийг  хуулийн 27 дугаар  зүйлийн 27.3-д  зааснаар бүртгэнэ. Мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.“Энэ хуулийн 27.3-т заасан шаардлагыг хангаагүй нам, эвслийг бүртгэхээс татгалзах” хуулийн зохицуулалттай.

            Дорнод аймгийн Дашбалбар сумын Сонгуулийн хороо нь  Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн дагуу сумын Ардчилсан намын орон нутгийн сонгуульд оролцох хүсэлт, бичиг баримтын бүрдлийг шалгаж үзээд,  Аймаг, нийслэл, сум дүүргийн  иргэдийн  Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 27 дугаар зүйлийн 27.2 дахь заалтыг үндэслэн, ...сонгуульд оролцох бүртгэлийн хүсэлт ирүүлэхдээ “Б.Ба даргатай гэх ХНТ3868,  Б.Би даргатай гэх ХНТ1029 дугаартай тамгатай” хүсэлт ирүүлсэн үндэслэлээр, 2020.08.20-ны өдрийн “Бүртгэлээс татгалзах тухай” 02 дугаар тогтоолыг[5] хүргүүлсэн байна. Энэхүү тогтоолыг нэхэмжлэгч Б.Б эс зөвшөөрч  Дорнод аймгийн Сонгуулийн хороонд хандсаны дагуу, 2020.08.24-ний өдрийн “Маргаан хянах тухай” 03 дугаар тогтоолоор[6], Сонгуулийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.12, 19 дүгээр зүйлийн 19.1, Улс төрийн намын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.9 дэх хэсэг, аймгийн Сонгуулийн хорооны хурлын тэмдэглэлийг үндэслэн, сумын Сонгуулийн хорооны тогтоолыг үндэслэл бүхий болохыг тогтоосон байна.

          Дашбалбар сумын Сонгуулийн хороо ...сонгуульд оролцох хүсэлт ирүүлсэн  намыг бүртгэхдээ тэдгээрийн ирүүлсэн баримт бичгийг, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.5 заасны дагуу  намын хоёр дарга, тамга тэмдгийн талаар  шаардагдах баримт лавлагааг /нотлох баримтыг нягтлан шалгаж/ гаргуулан авах эрхээ хэрэгжүүлээгүй татгалзах үндэслэл болгосон нь учир дутагдалтай байна.

       Нэхэмжлэгч Б.Би-ий тухайд; Дорнод аймгийн Дашбалбар  сумын Эрх чөлөөний одонт Ардчилсан намын хорооны 2016.02.22-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор[7] Б.Б нь Ардчилсан намын даргаар сонгогдсон байна.

            2017.06.25-ны тогтоол 06 тушаалаар[8] Дорнод аймгийн Ардчилсан намын даргын  шийтгэл ногдуулсан,

            2019.04.24-ний 01 дүгээр тогтоолоор[9] Ардчилсан намын Дорнод аймгийн хороо үндсэн дүрмийн салбар хорооны 2017.06.25-ны өдрийн 06 дугаар /Б.Бд холбогдох/  тушаалыг хүчингүй болгосон,

            2019.05.16-ны 01/220 дугаар  Ардчилсан намын дарга С.Э гарын үсэг бүхий албан бичигт[10]  2016.08.22-ны өдрийн 04 дүгээр тогтоол хүчинтэй байгаа тул Б.Б нь Үндсэн дүрмийн дагуу сонгогдсон, Дашбалбар сумын Ардчилсан намын дарга гэдгийг тодорхойлж, Дорнод аймгийн Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгч У.Дийн нэр дээр ирүүлсэн байна.

2020.08.07-ны өдрийн 08 дугаар Ардчилсан намын үндсэн дүрмийн салбар хорооны тодорхойлолтод[11] 2016.08.22-ны өдрийн 04 дүгээр тогтоол хүчинтэй байгаа тул Б.Б нь Дашбалбар сумын Ардчилсан намын жинхэнэ дарга, намын үйл ажиллагаандаа №8488916 ХНТ1029 дугаар бүхий хүчинтэй тамгыг хэрэглэж байгааг тодорхойлжээ.

 

              Нэхэмжлэгч  Б.Ба-ынтухайд: 2018.03.25-ны 08 дугаар тогтоолоор[12] Дорнод аймгийн дотоод сонгуулийн нутаг дэвсгэрийн хорооны явагдсан нөхөн сонгуулиар намын даргад  Б.Б нь нэр дэвшиж сонгогдсон,

              2019.04.24-ний 01 дүгээр тогтоолоор[13] Ардчилсан намын Дорнод аймгийн хороо Үндсэн дүрмийн салбар хорооны 2018.03.25-ны өдрийн дээрхи тогтоолыг хүчингүй болгосон,

               2020.06.01-ний өдрийн Ардчилсан намын 20/260 тоот албан бичгээр[14] Дашбалбар сумын Ардчилсан намын даргаар Б.Б батламжилсан,

             2020.06.02-ны 33 дугаар тушаалаар[15] Дорнод аймгийн Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгч У.Д, Ардчилсан намын даргаар Б.Б батламжлахдаа 2018.03.25-ны өдрийн 08 дугаар /хүчингүй болгосон/ тушаалыг үндэслэл болгон,

             2020.08.18-ны өдрийн Дорнод аймгийн Ардчилсан намын Үндсэн  дүрмийн салбар хорооны 03 дугаар тогтоолоор[16]: Дашбалбар сумын Ардчилсан намын дарга Б.Б-аас сумын сонгуулийн хороонд өгсөн сонгуульд оролцох тухай материал нь хүчин төгөлдөр болохыг баталсан,

            Тамга тэмдгийн тухайд: Дашбалбар сумын Ардчилсан нам нь Б.Би даргатай гэх ХНТ1029,  Б.Ба даргатай гэх  ХНТ3868 тамгатай.

            2019.03.20-ны өдрийн А/08 дугаарТамга тэмдгийг хүчингүйд тооцож, зөвшөөрөл олгох тухай” тушаалд[17] Ардчилсан намын ХНТ1029 /8488916/ дугаар бүхий тэмдгийг гээгдсэн үндэслэлээр хүчингүйд тооцсон,

          2019.04.19-ний А/19 дүгээр Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргын тушаалаар[18] дээрхи 2019.03.20-ны өдрийн “Тамга тэмдгийг хүчингүйд тооцож зөвшөөрөл олгох тухай” А/08 дугаар тушаалыг хүчингүй болгосон.

           2019.03.19-ний 03 дугаар Дорнод аймгийн Ардчилсан намын хорооны ... шинээр тамга захиалах хүсэлт[19] илгээсэн,

          2020.08.15-ны өдрийн 61 тоот албан бичгээр[20]:   Дорнод аймгийн  Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгч У.Д нь  Дорнод аймгийн Цагдаагийн газарт гомдол гаргасны дагуу, Дорнод аймгийн Прокурорын газрын 2020.08.28-ны өдрийн 4/682 тоот тогтоолоор[21] “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай хариуг ирүүлэхдээ: “Б.Б нь 2016.08.22-ны өдрийн Дашбалбар сумын Ардчилсан намын даргаар сонгогдож,  уг албан тушаалыг эрхэлж байгаа болох нь тогтоогдож байх тул  ... баримт бичиг, тамга тэмдэг ... хулгайлах, устгасан, нуусан ...” болох нь тогтоогдохгүй байна  гэжээ.   Хавтаст хэрэгт авагдсан  ...дээр дурьдсан маргаан бүхий  намын хоёр  дарга болон тамга тэмдэгтэй  холбоотой  баримтаас  дурьдах нь  зүйтэй гэж үзсэн болно.

           Нэхэмжлэгч Б.Ба, Б.Би нар нь хоёулаа сумын Ардчилсан намын дарга хэмээн тайлбарлан мэтгэлзэж байна. Улс төрийн намын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.9.“Намын дүрмээр зохицуулах намын дотоод зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбоотой маргааныг шүүх хянан шийдвэрлэхгүй.  Энэхүү маргааныг намын эрх бүхий байгууллага шийдвэрлэнэ”  Улс төрийн намын зарим зүйл заалтын тайлбарт; “Намын дүрмээр зохицуулах намын дотоод зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбоотой маргаан” гэдэгт намын дотоод зохион байгуулалт, удирдлагын тогтолцоо, намын бүх шатны байгууллага, хурлын үйл ажиллагаа, намын дүрэм хөтөлбөрт өөрчлөлт оруулах, намыг өөрчлөн байгуулах, татан буулгах, сонгуульд нэр дэвшүүлэх, боловсон хүчнийг шилж сонгох, санхүүгийн эх үүсвэр намын хөрөнгийн байдал,түүнийг захиран зарцуулах зэрэг намын дүрмийг хэрэгжүүлэх үйл ажиллагаатай холбоотой маргаанууд хамаарна. Үндсэн хууль болон бусад хууль зөрчсөн намын үйл ажиллагаатай холбоотой маргааныг  намын дотоод зохион байгуулалт үйл ажиллагаатай холбоотой маргаан гэж үзэхгүй гэжээ. Тэгэхээр Монгол Улсын үндсэн хуулиар олгогдсон  “иргэний сонгох, сонгогдох эрх” ... болон сонгуулийн хууль зөрчсөн эсэхийг  шүүх шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна.

           Монгол  Улсын Үндсэн хуулийн  Арван зургаадугаар зүйлийн 9-т  шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй, Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй” гэж заасан байгаа бөгөөд  Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 “Тухайн засаг захиргааны нэгжид байнга оршин суугчаар бүртгүүлсэн сонгуулийн эрх бүхий  Монгол Улсын иргэн үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор ялгаварлагдахгүйгээр орон нутгийн Хурлын сонгуульд оролцож, тухайн шатны Хурлын Төлөөлөгчийг сонгох эрхтэй” гэжээ.   

         Иймд нэхэмжлэгч Б.Ба, Б.Би нарын нэхэмжлэлийн шаардлагын Дорнод аймгийн Дашбалбар сумын Сонгуулийн хорооны 2020.08.20-ны өдрийн  “Бүртгэхээс татгалзах тухай” 02, Дорнод аймгийн Сонгуулийн хорооны “Маргаан хянах тухай” 2020.08.24-ний өдрийн 03 дугаар тогтоолуудыг тус тус  хүчингүй болгож, Дашбалбар сумын Ардчилсан намыг орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд оролцох намаар бүртгэхийг, Дашбалбар сумын Сонгуулийн хороонд даалгаж,  Б.Ба даргатай  ХНТ3868  тамгатай, Б.Би даргатай  ХНТ 1029 тамгатай гэх  намын  хоёр  дарга, хоёр тамганы   асуудлыг  Улс төрийн намын тухай  хуулийн дагуу ...намын дотоод зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбоотой маргаан гэж үзээд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэсэгчлэн  хэрэгсэхгүй  болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

         Захиргааны хоёр хэргийг нэгтгэн нэг ажиллагаагаар хэлэлцэж байгаатай холбогдуулан хэргийн оролцогч болон нэхэмжлэлийн тооноос хамаарахгүй нэхэмжлэлийн шаардлага хангагдсан эсэхээс хамаарч  нэхэмжлэгч, хариуцагчид хариуцуулж, илүү төлөгдсөн тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч нарт буцаан олгох нь хуульд нийцнэ.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.13, 107 дугаар зүйлийн 107.1, 107.5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 25.2, 27 дугаар зүйлийн 27.1, 27.3, 27.4,  Улс төрийн намын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.9 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан, Дорнод аймгийн Дашбалбар сумын Ардчилсан нам, Б.Ба, Б.Би нарын  нэхэмжлэлтэй, Дашбалбар сумын Сонгуулийн хороо, Дорнод аймгийн Сонгуулийн хороонд холбогдуулан гаргасан, Дашбалбар сумын Сонгуулийн хорооны 2020.08.20-ны өдрийн “Бүртгэхээс татгалзах тухай” 02, Дорнод аймгийн Сонгуулийн хорооны 2020.08.24-ний өдрийн “Маргаан хянах тухай” 03 дугаар тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, Дорнод аймгийн Дашбалбар сумын Ардчилсан намыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд оролцох намаар бүртгэхийг, Дашбалбар сумын Сонгуулийн хороонд даалгаж,  Б.Ба даргатай ХНТ3868 дугаар тамгатай, Б.Би даргатай ХНТ1029 тамгатайгаар бүртгэх шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нарын Улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 140400 төгрөгийн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдсэн 70200 төгрөгийн 35100 төгрөгийг Б.Ба-д, 35100 төгрөгийг Б.Би-д, хариуцагч Дашбалбар сумын сонгуулийн хорооноос 35100 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Ба-д 17550, Б.Би-д 17550 төгрөгийг тус тус олгосугай.

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-д  зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        Б.ОЮУН

 


[1] Хавтаст хэргийн 1-3-р хуудас

[2] Хавтаст хэргийн 139-142-р хуудас

[3] Хавтаст хэргийн 134-136-р хуудас

[4] Хавтаст хэргийн 62, 66-р хуудас

[5] Хавтаст хэргийн 6-р хуудас

[6] Хавтаст хэргийн 8-р хуудас

[7] Хавтаст хэргийн 164-р хуудас

[8] Хавтаст хэргийн 165-р хуудас

[9] Хавтаст хэргийн 170-р хуудас

[10] Хавтаст хэргийн 171-р хуудас

[11] Хавтаст хэргийн 172-р хуудас

[12] Хавтаст хэргийн 25-26-р хуудас

[13] Хавтаст хэргийн 27-р хуудас

[14] Хавтаст хэргийн 71-р хуудас

[15] Хавтаст хэргийн 32-р хуудас

[16] Хавтаст хэргийн 50-р хуудас

[17] Хавтаст хэргийн 168-р хуудас

[18] Хавтаст хэргийн 169-р хуудас

[19] Хавтаст хэргийн 52-р хуудас

[20] Хавтаст хэргийн 175-р хуудас

[21] Хавтаст хэргийн 35-36-р хуудас