Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 22

 

Г.С-гийн нэхэмжлэлтэй, Төрийн банкны Хэнтий салбарт

холбогдох иргэний хэргийн талаар

 

226/2017/00022/И

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч Д.Байгалмаа, Я.Алтаннавч нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны “А” танхимд, 

   Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Цэрэндулам,

   Нэхэмжлэгч: Г.С-,

   Хариуцагчийн өмгөөлөгч: Д.О нарыг  оролцуулан,

         Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 156/ШШ2017/00452 дугаар шийдвэртэй, Г.С-гийн нэхэмжлэлтэй, Төрийн банкны Хэнтий салбарт холбогдох "2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 73 дугаартай сахилгын шийтгэл ногдуулах захирлын тушаалыг хүчингүй болгуулж, суутгасан цалинг буцаан гаргуулах тухай" иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгч Д.О-ийн давж заалдах гомдлоор 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Я.Алтаннавчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Г.С нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Төрийн банкны Хэнтий салбарын харьяа Хурх тооцооны төвийн захирлаар ажилладаг. Төрийн банкны Хэнтий салбарын захирал С.М нь 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн салбарын захирлын 73 тоот тушаалаар надад үндсэн цалинг 3 сарын хугацаатай 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан байна. Миний бие Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн банкны хөдөлмөрийн дотоод журмыг зөрчөөгүй байхад үндэслэлгүй сахилгын шийтгэл ногдуулсан тул уг тушаалыг хүчингүй болгож суутгасан цалинг буцаан олгуулж өгнө үү гэв.

Нэхэмжлэгч Г.С нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие банкны салбарт 30 гаруй жил, Хэнтий аймагт Төрийн банк байгуулагдсан цагаас эхлээд “Төрийн банк”-ны салбарын захирлаар 6 жил ажилласан юм. 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс Хурх тооцооны төвийн захирлаар ажиллаж байна. Нам улс төрийн шугамаар намайг ажлаа өг гэж байнга дарамталдаг байсан. Шинэ захирал маань ажлаа хүлээж авснаасаа хойш намайг болон манай тооцооны төвийн ажилтнуудыг сургалт семинарт хамруулаагүй. Захирлыг Улаанбаатар хот руу сургалтанд явсан гэж дуулж байсан ч сургалт хийхдээ манай хамт олныг дуудаагүй.

Байгууллагын дарга хүн ажилтан албан хаагчдадаа мэдээ мэдээллийг тогтмол хүргэж байх ёстой. 2017 оны 4 дүгээр сарын 15, 16-ны өдрүүдэд Орон нутгийн банкны газрын захирал Отгонжаргал, орон нутгийн 3 мэргэжилтэн Хэнтий аймгийн Төрийн банкны салбарт сургалт зохион байгуулсан. Уг сургалтад би 15-ны өдөр нь суугаад орой нь хүлээн авалттай байсан тул бага зэрэг архи уусан юм. М захиралтай үг сөрсөн. Үүнээс болоод миний бие өвдсөн тул маргааш 16-ны сургалтад нь суугаагүй юм. 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр эмчид үзүүлж акт авсан. Би ажлаа өгөөд сэтгэл санаа тавгүй, стресстэй байсан. Үүнээс болоод М захиралд согтоод хэдэн үг хэлсэн. Мэдээж ажлаа авсан хүн, ажил өгсөн хүн хоёр гэдэг бол сэтгэл санааны хувьд маш их зөрүүтэй байгаагаас болж маргаан гарах болсон. О захирал над руу яриад танд арга хэмжээ авна гэсэн. Би албан тушаал буурсан жирийн нэг ажилтан, арга хэмжээ авах бол салбарын захиралдаа ав, би сахилгын шийтгэлийг чинь хүлээн зөвшөөрөхгүй гээд утсаа тасалсан. Тухайн өдрийн сургалтыг надаас гадна нилээн хэдэн хүн тасалсан нь ирцийн бүртгэлээс харагддаг. Ганцхан надад арга хэмжээ авсан. 5 дугаар сарын 12-нд сахилгын арга хэмжээ авсан тушаалыг хүлээн аваад ямар ч үндэслэлгүй тушаал байна гэж хувьдаа дүгнэсэн. Би 6 жил уг байгууллагад удирдах албан тушаал хашиж байсны хувьд уг тушаалын үг үсэг, заалт бүрийг нэг бүрчлэн мэдэж байсны учраас үндэслэлгүй байна гэсэн.

Нэгдүгээрт, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2-т зааснаар 3 сарын хугацаатай цалингийн 20 хувиар бууруулах,

Хоёрдугаарт “Төрийн банкны” хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.16.3 гэсэн заалтыг тушаалд тэмдэглэсэн байсан. Уг заалт нь гүйцэтгэх захирал эрхээ шилжүүлснээр орон нутгийн салбарын захирлаар бусад асуудлыг салбарын захирлын зөвлөл шийдвэрлэх ба салбарын захирлын зөвлөлийн тушаалаар баталгаажуулна гэж заасан байдаг. Салбарын захирлын зөвлөл хуралдаагүй. Би үүнийг үндэслээд уг тушаал дээр дүгнэлт хийсэн. Үүнээс гадна “Төрийн банк”-ны хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.28.25 гэсэн заалтыг үндэслэсэн байсан. Уг заалтад банкны нэр хүнд имиджийг гутаасан авир үйлдэл гаргасан бол гэдэг.

Банкны гадаа М захиралд намайг аваад явахгүй яасан юм бэ гэж хэлэхэд Отгонжаргал захирал нэг теллерийг нь аваад яв гэсэн юм гэсэн. Тэгэхээр нь би өөрийн гэсэн толгойтой бай гэж хэлсэн. Хоёр дахь хэлсэн үг нь 15-ны оройны хүлээн авалтад би архи уусан. Хүлээн авалт дуусаад яг гарах гэж байхад М захирал төв банкны хүмүүстэй зогсож байхаар нь чамайг шуудан банкнаас яаж халагдсан гэдгийг чинь мэднэ шүү гэж хэлсэн. Архи уусан халсан байсан учраас аяархан хэлээгүй байх. Би ер нь чанга дуутай хатуу ширүүн зантай хүн. Тэгэхэд намайг хүн аваад гарсан. Сахилгын шийтгэл ногдуулан тушаалд банкны нэр хүндийг гутаасан гэж энэ хоёр үйлдлийг хэлж байгаа болов уу. Би банкны талаар үг яриа гаргаагүй, хоёр хувь хүний хооронд болсон яриа. Би ямар нэгэн хараалын үгээр доромжлоогүй. Хэрэв би банкны нэр хүндийг гутааж ажилласан бол манай тооцооны төв 20 байгууллагаас 2 дугаар байрт шалгарахгүй л байсан.

Хөдөлмөрийн дотоод журмын 5.16.3-дахь заалтанд гүйцэтгэх захирал  эрхээ шилжүүлснээр орон нутгийн салбарын захирлаас бусад ажилтны асуудлыг салбарын захирлын зөвлөл шийдвэрлэх ба салбарын захирлын тушаалаар баталгаажуулна гэж заасан. Салбарын захирлын зөвлөлөөр хэлэлцээгүй, тушаалд захирлын зөвлөлийн хурлын шийдвэр байхгүй.

Хөдөлмөрийн дотоод журмын 13.7 дахь заалтад ажилтанд сахилгын шийтгэл ногдуулах тохиолдолд сахилгын шийтгэл ногдуулах саналын хуудас хавсралт 8-ыг танилцуулж гарын үсэг зуруулна гэж байна. Салбарын захирал арга хэмжээ авах талаар танилцуулаагүй. Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалд заасан банкны нэр хүндийг гутаах, ажлын байранд танхайрах, хэрүүл маргаан үүсгэх, бусдыг өдөөн хоргоох зэргээр ажлын байранд ямар нэгэн маргаан болоогүй.

Төрийн банкны Хэнтий салбарын сахилгын арга хэмжээ авсан тушаалыг хүчингүй болгож, суутгасан хоёр сарын 20 хувийн цалин 600,000 төгрөг, цалингаа 20 хувиар хасуулаагүй бол урамшууллын 300,000 төгрөг авах байсан. Нийт 900,000 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж өгөхийг хүсье гэв.

Хариуцагч Төрийн банкны Хэнтий салбарыг төлөөлж захирал С.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

1. Төрийн банкны Хөдөлмөрийн дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.2.1 дэх хэсэгт “Төрийн банкны ажилтан нь Төрийн банкны Хөдөлмөрийн дотоод журам, Ёс зүйн дүрэм зэрэг төрийн банкны дотоодод мөрдөгдөж буй актыг судлан танилцаж, чанд сахин мөрдөж, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн үүргээ биелүүлж ажиллах үүрэгтэй, Төрийн банкны Сургалтын журмын 3 дугаар зүйлд “...хүндэтгэн үзэх шалтгаан болон ажлын зайлшгүй шаардлагаар сургалт, семинараас чөлөө авах тохиолдолд шууд удирдлагад мэдэгдсэн байх ба албан ёсоор чөлөө аваагүй бол ажилтныг ажил тасалсанд тооцон Хөдөлмөрийн дотоод журамд заасан арга хэмжээ авна” гэж заасан байдаг.

Хурх тооцооны төвийн захирлын ажлын байрны тодорхойлолтод “Банкны нийт ажилтны дунд зохион байгуулсан нэгдсэн арга хэмжээнд хүндэтгэн үзэх шалтгаангүй бол заавал оролцох үүрэгтэй”, Г.С-тай байгуулсан 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 62 дугаар гэрээний 6.2.1-д “банкны дотоодод мөрдөгдөж буй дүрэм, журам, зааврыг заавал дагаж мөрдөх үүрэгтэй” гэж тус тус заасан.

Төрийн банкны сургалтын журамд заасны дагуу банкны Төв салбарын удирдлагын баг бүрэлдэхүүн 2017 оны 4 дүгээр сарын 15, 16-ны өдрүүдэд Хэнтий аймагт “Төрийн банкны бүх ажилтнуудын сургалт”-ыг зохион байгуулсан. Уг сургалтын хоёр дахь өдрийн буюу 2017 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн сургалтанд Г.С нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр оролцоогүй тасалсан.

2. Сургалтын эхний өдөр 4 дүгээр 15-ны үдээс хойших сургалтын дундуур газрын захирал Я.Отгонжаргал, салбарын захирал С.М нар Хурх тооцооны төвийн тохижилтыг үзэж танилцахаа явахад банкны үүдэнд С өөрийг нь хамт авсангүй гэж уурлаж, салбарын захирал С.М руу дайрч давшилж хэл амаар доромжилсон.

3. Сургалтын хөтөлбөрийн дагуу хамт олны оройн зоогийн үеэр С- нь салбарын захирлаас архи нэхэж, элдвээр хашгичин хэл амаар доромжилж олон хүний өмнө нүүр рүү маажиж 2 шарх үүсгэсэн.

Хурх тооцооны төвийн захирал Г.С-гийн гаргасан эдгээр үйлдлүүд нь Төрийн банкны Хөдөлмөрийн дотоод журмын 12 дугаар зүйлд заасан ажилтны хориглох зүйлд хамаарч, мөн журмын 5.28-д “Дараах зөрчлийг “Хөдөлмөрийн тухай хууль”-ийн 40.1.4-т заасан ноцтой зөрчилтэй адилтган үзэж хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлах үндэслэл болно. Үүнд: 5.28.25-д “Банкны нэр хүнд имиджийг гутаах зан авир, үйлдэл гаргасан” гэсэн заалт, Г.С-тай байгуулсан 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 62 дугаар гэрээний 7.4.22-д “Ажлын байранд танхайрах, хэрүүл маргаан үүсгэх, бусдыг өдөөн хоргоох, айлган сүрдүүлэх, цээртэй үгээр доромжлох, маргаан үүсгэх, бусдыг өдөөн хоргоох, айлган сүрдүүлэх, цээртэй үгээр доромжлох, банкны нэр хүндийг гутаах” 7.4.26-д “Банкны нэр хүнд имиджийг гутаах зан авир, үйлдэл гаргах” зэрэг нь хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болно гэж заалтуудад хамаарч байгаа юм.

Дээрх зүй бус үйлдлүүдийг гаргаж Төрийн банкны ёс зүйн дүрэм болон бусад холбогдох дүрэм журмуудын хэм хэмжээг зөрчсөн гэж үзэн Төрийн банкны хөдөлмөрийн дотоод журмын 13 дугаар зүйлийн 13.1-д “Банкны хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ зөрчсөн ажилтанд сахилгын шийтгэл ногдуулна” гэсний дагуу Хөдөлмөрийн дотоод журмын 13.5.2-т заасныг баримтлан “Үндсэн цалинг 3 сар хүртэл хугацаагаар, 20 хүртэл хувиар бууруулах гэснийг баримтлан сахилгын шийтгэл ногдуулсан.

Төрийн банкны Хэнтий салбарын захирлын 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 73 дугаар тушаал нь Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн банкны Хөдөлмөрийн дотоод журам, холбогдох бусад журам, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан үндэслэлээр гарсан хууль ёсны шийдвэр тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэв.

Хариуцагч С.М нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 15, 16-ны өдрүүдэд Хэнтий салбарын бүх ажилчдыг хамруулсан сургалт болсон. 15-ны орой хүлээн авалтанд Орон нутгийн банкны газрын захирал О болон бусад мэргэжилтнүүдийн дэргэд С захирал зохисгүй үйлдэл гаргасан. 16-ны өдрийн сургалтад удирдлагууд өчигдрийн болсон зүйлийн талаар С захирлыг дууд гэсэн. Ингээд утас руу нь залгахад холбогдохгүй байсан. Миний бие 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр С захиралтай хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.1-д банкны дотоод дүрэм журмыг заавал биелүүлэх үүрэгтэй гэж заасан байдаг. Мөн бүх тооцооны төвийн захирлын ажлын байрны тодорхойлолтод албаны нийт ажилчдын дунд зохион байгуулсан арга хэмжээнд хүндэтгэн үзэх шалтгаангүй бол заавал оролцоно гэж заасан байдаг. Мөн бүх тооцооны төвийн захирлын ажлын байрны тодорхойлолтод албаны нийт ажилчдын дунд зохион байгуулсан арга хэмжээнд хүндэтгэн үзэх шалтгаангүй бол заавал оролцоно гэж заасан байдаг. Мөн төрийн банкны сургалтын журам гэж байдаг. Уг журамд албан ёсны сургалт, семинараас зайлшгүй тохиолдолд чөлөө авах бол шууд удирдлагад мэдэгдсэн байх ёстой гэж заасан байдаг ба албан ёсоор чөлөө аваагүй бол ажилтныг ажил тасалсан гэж тооцож хөдөлмөрийн дотоод журмын дагуу арга хэмжээ авна гэсний дагуу сахилгын арга хэмжээ авсан. Мөн үүнээс гадна 15-ны орой  хүлээн авалтын үед С-гийн ярьсан зүйл нь банкны нэр хүндийг гутаасан үйлдэл болсон. Гэхдээ энэ талаар огт дурдаагүй, үндэслэл болгоогүй. Албанаас зохион байгуулсан сургалтад ирээгүй, удирдлагад мэдэгдээгүй чөлөө аваагүй учраас арга хэмжээ авсан. Тооцооны төвийн захирлууд нь зээлийн мэргэжилтэн гэж явдаг учраас уг сургалтандаа суусан нь дээр байх гэж үзээд тооцооны төв үзэхээ явахдаа уг тооцооны төвийн нэг теллерийг авч үзээд ирье гэсэн. Орон нутгаар томилолттой яваа банкны удирдлагуудын ажлын удирдамжид зам дагуух юм уу аймагт ойрхон тооцооны төвүүдийн тохижилт үйлчилгээг үзэж танилцах чиглэлтэй байсан учраас Хурх тооцооны төвийг үзье гээд явсан. Тэгээд салбарын байранд эргээд ирэхэд үүдэнд намайг загнаад хэлчихэд яагаад болдоггүй юм, чамд өөрийн гэсэн толгой байна уу гэх янз бүрийн юм ярьсан. Би юм хэлээгүй. Хүмүүсийн дэргэд олон юм яриад хэрүүл маргаан болоод яахав гэж бодсон. Энэ нь хөдөлмөрийн дотоод журмын 5.28.25 гэсэн заалтыг зөрчсөн. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 156/ШШ2017/00452 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7-д заасныг баримтлан Төрийн банкны салбарт холбогдох, 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 73 дугаартай сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгож, суутгалын цалин 600,000 төгрөг, урамшууллын 300,000 төгрөг, нийт 900,000 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж нэхэмжлэгч Г.С-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг тул түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогоос гаргуулж буцаан олгох, хариуцагч Төрийн банкны Хэнтий салбараас 26150 төгрөгийг гаргуулж төсвийн орлогод оруулахаар дурдаж тус тус шийдвэрлэжээ.

Шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн өмгөөлөгч Д.О давж заалдах гомдолдоо: Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 156/ШШ2017/00452 дугаар шийдвэрийг үндэслэл бүхийн байх шаардлагыг хангаагүй гэж үзэж дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд:

1. Төрийн банкнаас 2017 оны 4 дүгээр сарын 15, 16-ны өдрүүдэд Хэнтий аймагт ажилладаг бүх тооцооны төвийн ажилтнуудыг хамруулсан сургалтыг Хэнтий салбарыг байранд зохион байгуулсан. Сургалтын үеэр орон нутгийн банкны захирал Отгонжаргал, салбарын захирал С.М нар “Хурх” тооцооны төвийн тохижилттой танилцаад салбарын байранд ирэхэд  Г.С- нь “надад хэлсэнгүй, өөрийн гэсэн толгойгүй юм уу” гэх мэтээр өөрийн харьяалах дээд албан тушаалтан болох салбарын захиралдаа уурлаж загнасан. Энэ нь ёс зүйн дүрэм, дотоод журмын 12.3-т заасныг зөрчсөн үйлдэл гэж, мөн 4 дүгээр сарын 16-ны өдөр сургалтанд ирэлгүй тасалсан нь Банкны сургалтын журамд зааснаар албан ёсоор чөлөө аваагүй бол ажил тасалсанд тооцно гэж, банкны дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд тус банканд мөрдөгддөг бүх журам, эрх зүйн бусад  актыг ажилтан чанд мөрдөж, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх үүрэгтэй гэсэн заалтыг зөрсөн гэж үзэж салбарын захирлын 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 73 дугаар тушаалаар цалинг бууруулах шийтгэл ногдуулсан.

Тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2 болон хөдөлмөрийн дотоод журмын сахилгын арга хэмжээ авах, хариуцлага хүлээлгэхтэй холбоотой заалтуудыг үндэслэж, банкны дотоод журмын 8.2.1, 12.3, Хөдөлмөрийн гэрээний 6.2.1-д заасныг зөрчсөн гэж, уг тушаалыг гаргах болсон бодит нөхцөл байдал, шалтгааныг тодорхой заасан.

Захиргааны акт хаяглагдсан этгээд болох Г.С-гийн овог, нэр, ажлын хаяг зэргийг тодорхой бичсэн байхад анхан шатны шүүх Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.2.2, 40.2.3, 40.2.5-д заасан шаардлагыг зөрчсөн гэж үзсэн нь буруу.

Нэхэмжлэгч өөрт нь ямар зөрчил гаргасан гэж сахилгын шийтгэл ногдуулсныг тодорхой ойлгож мэдэн шүүх хуралдаанд нэхэмжлэлээ тайлбарлахдаа тодорхой хэлсэн.

Гаргасан зөрчлөө баримтаар няцааж үгүйсгээгүй, зөрчил нь зохигчдын тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг, ирцийн бүртгэл, сургалтын хөтөлбөр зэрэг нотлох баримтаар тогтоогдож байхад, үүнд шүүх доторхой дүгнэлт хийгээгүй, зөвхөн хариуцагчийг дотоод журмын 5.28.25, 12.3-д заасан үйлдэл хэрхэн гаргасныг нотлоогүй гэж дүгнэсэн.

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2-т зааснаар цалин буруулах шийтгэлийн хэлбэрийг сонгосон байхад 131.1.1-д заасан шийтгэлийн хэлбэр нь ажилчны гэм буруу, гаргасан зөрчлийн шинж чанар үр дагаварт тохирсон эсэхийг нотлоогүй гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Шийтгэл тохирч буй эсэхийг хариуцагч баримтаар нотлох үүрэг хүлээхгүй, зөрчил нь тогтоогдож буй тул өөрийн сонголтоор цалинг бууруулах шийтгэл тохирно гэж үзсэн. Харин шийтгэл нь тохирсон эсэхэд шүүх хууль зүйн дүгнэлт өгөх ёстой. Иймд Г.С-г Хөдөлмөрийн дотоод журамд заасан ямар үйлдэл /зөрчил/ гаргасныг нотлоогүй гэсэн атлаа, шийтгэл нь гаргасан зөрчилд тохирсон эсэхийг нотлоогүй гэж хоёрдмол утга агуулгатай, ойлгомжгүй дүгнэлт хийсэн.

Мөн Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлд заасан захиргааны бичгээр гаргасан актанд тавигдах шаардлагыг зөрчсөн гэж 73 дугаар тушаалыг хүчингүй болгосон нь хэрэглэх ёсгүй хууль хэрэглэсэн. Энэ хуулийн 47 дугаар зүйлд илт хууль бус захиргааны актыг, 48 дугаар зүйлд хууль бус захиргааны актыг хүчингүй болгох шаардлагыг тодорхой заасан байдаг. 40 дүгээр зүйлийн 40.4-т “захиргааны актад уг актыг гаргах шаардлага бүхий бодит нөхцөл байдлыг тодорхой заасан”, 40.5.2-т “хаяглагдсан этгээдэд захиргааны актын үндэслэл тодорхой, ойлгомжтой байгаа, эсхүл бодит нөхцөл байдал болон хууль зүйн үндэслэлийг өмнө нь мэдэж байсан бол 40.4-т заасан заалт хамаарахгүй гэснээс үзэхэд нэхэмжлэгч өөрт нь ямар зөрчил гаргасан гэж сахилгын шийтгэл ногдуулсан талаар ойлгосон нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийнхээ үндэслэлийг тайлбарласан байдлаас нь дүгнэж, захиргааны акт буюу 73 дугаар тушаал нэхэмжлэгчид ойлгомжтой тодорхой байсан гэж үзэхээр байна.

Иймд хариуцагчийн гаргасан тушаал нь Хөдөлмөрийн тухай хууль зөрчөөгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчөөгүй гэж үзэж буй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөнөөс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангагдаагүй байна.

            Нэхэмжлэгч Г.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгуулах, суутгасан цалинг гаргуулахаар  нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч, шүүх хуралдаанд урамшууллын 300000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байхад хариуцагчийг нэхэмжлэлийг гардан авах, хариу тайлбар гаргах, нотлох баримт шүүхэд ирүүлэх эрхээр хангаагүй нь мэтгэлзэх зарчмыг зөрчсөн гэж үзэхээр байна.

            Мөн хариуцагч Төрийн банкны Хэнтий  салбар нь  хуулийн этгээдийн эрхтэй эсэх нь тодорхойгүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь буруу байна.

Иймд хариуцагчийн өмгөөлөгчийн энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 26150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй.

 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 -т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 452 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн давж зааалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 26150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

              Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.ДЭНСМАА

 

    ШҮҮГЧИД                                                   Д.БАЙГАЛМАА

 

                                                                                                          Я.АЛТАННАВЧ