Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 154/2018/00026

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

        Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Бадрахгэрэл даргалж, шүүгч Ц.Энхжаргал, шүүгч Б.Гантөгс нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Иргэдийн төлөөлөгч М.Хоролсүрэн

            Шүүх хуралдааны нарийн бичгийн  дарга Б.Батзул

             Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Оюунцэцэг

 Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батсүх нарыг оролцуулан Ховд аймгийн Булган сум дахь сум дундын прокурорын газраас Хэрэйд овогт Хашхүүгийн Сонинд холбогдуулан    2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201621010010 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцээд:

            Шүүгдэгч: Монгол улсын харъяат, эрэгтэй, 1982 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Ховд аймгийн Алтай суманд төрсөн, 36 настай, ам бүл 5 /эхнэр 3 хүүхдийн хамт/ Ховд аймгийн Мөст сумын Баянхайрхан багт оршин суух,  бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, сарын өрхийн орлогогүй, аминдаа 5 ханатай гэр зэргийн хөрөнгөтэй, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, ПА 82121019 дугаарын регистртэй Хэрэйд овогт Хашхүүгийн Сонин.

Х.Сонин нь танхайн сэдэлтээр бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ. /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/

                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

Шүүгдэгч Х.Сонин  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

           Энэ хэрэг Ховд аймгийн Мөст сумын Баянхайрхан багийн нутаг дэвсгэрт болсон юм.Би малаа маллаад байж байгаад манайд тал шил архи байсныг Э.Мөнхбаяр бид хоёр хувааж уучихаад адуугаа хайна гэж гараад замдаа Магзин гэдэг айлд орж архи уугаад буцаад гэрлүүгээ явж байгаад замдаа Ж.Төмрөөгийнд орсон.

Бид хоёрт ямар нэгэн өс хонзон байхгүй, урьд нь маргаж байгаагүй.Архинаас л болж ийм хэрэг гарлаа.Мотоциклийг Э.Мөнхбаяр барьж явсан.Э.Мөнхбаярт 2200.000 төгрөгний хохирол учруулсаныг би төлж барагдуулсан.Бид хоёр хамаатан садан хүмүүс юм гэв.

Хохирогч Баян-өндөр овогт Эрдэнэбаатарын Мөнхбаярын мөрдөн байцаалтанд мэдүүлсэн:.....2016 оны 02 дугаар сарын 19-ний  өдөр хадам ах Х.Сонингийн гэрт очиж тал шил архи уугаад дээшээ яваад 2 шил ерөөл архи авч уусан.

Дараа нь Төмрөөгийн очиход бид хоёрт шимийн архи хийж өгснийг бид хоёр уугаагүй амсаад өгсөн.Одоо миний бие зүгээр, цаашид Х. Сонингоос нэхэмжлэх зүйл байхгүй.Санал гомдол байхгүй.Бид хоёр Ж.Төмрөөгийнхөөс гарч явахаар болоод би мотоциклоо гарч асаачихаад буцаж орж ирэхэд хадам ах намайг нааш суу гэж хэлэхээр нь хажууд нь очоод суутал намайг хутгалчихсан.Би үйлдлээ сайн мэдэж байна. Ж.Төмрөөгийн гэрт эхнэр нь байсан. Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.Х.Сонин бид хоёр хамаатан садан хүмүүс гэв.

        Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэлд.....Пивор бариултай бариулын урд хэсэг хагарч муудсан хутганы ерөнхий урт нь 25 см, бариул хэсэг нь 11 см,  иртэй хэсэг нь 14 см хутганы иртэй хэсэг нь 10 см газар улаан хүрэн өнгийн цус мэт зүйлээр бохирлогдсон хутганы бариул хэсэг 2 ширхэг хадаастай гэх тэмдэглэл

Хутганы гэрэл зургийн үзүүлэлт

Гэрч Халзад овогт Жамбын Пүрэвбаатарын мөрдөн байцаалтад өгсөн ....”Мөнхбаяр нь согтуу ухаан муутай биеийн байдал хүнд цус алдалтын дараах шокын байдалтай байсан.Хүнийг үзэхэд зүүн талдаа суганы арын шугамаар 8-9 дүгээр хавирганы дундуур хутгалуулсан шархтай шархаар нь цус алдсан мөн уушигны агаар гадагшаа алдсан байдалтай байсан.

            Тэгээд газар  дээр нь шарханд даралтад боолт хийж цус алдалтын болон цус тогтоох өвчин намдаах эмчилгээнүүдийг хийж Ховд аймгийн Бүсийн эмчилгээ оношлогооны төвийн гэмтлийн тасагт шилжүүлсэн гэх мэдүүлэг

          Гэрч Хэрээдэй овогт Даваахүүгийн Хархүүгийн мөрдөн байцаалтад өгсөн....”2016 оны 02 дугаар сарын 19-ны өдөр дуудлагаар Пүрэвбаатар эмчийн хамт Төмрөө гэх айлд очиход 2 залуу нэгийгээ хутгалсан энэ хутгаар хутгалсан намайг аваад яв гэхээр би авч яваад хэсгийн төлөөлөгч Т.Мөнхцоожид өгсөн” гэх мэдүүлэг

            Гэрч Сүрэнжав овогт Тэгшээгийн Даваахүүгийн мөрдөн байцаалтад өгсөн....”Х.Сонин, Э.Мөнхбаяр нар надтай золгоод 2 шил архи өгөөч гэхээр 0.5 литрийн 2 шил ерөөл нэртэй архи 20000 төгрөг өгөөд аваад явсан” гэх мэдүүлэг

            Гэрч Хүрд овогт Лхагваагийн Нямдоржийн мөрдөн байцаалтад өгсөн....”Тэр хоёр манайд ямар нэгэн байдлаар хэрэлдэж маргалдсан зүйл байхгүй.тэд өөрсдөө тал шил архи гаргаж ирээд манайд уучихаад явсан” гэх мэдүүлэг

          Гэрч Их монгол овогт Доржхүүгийн Баасанжавын мөрдөн байцаалтад өгсөн....”Тэр өдөр 22 цагийн үед надад утсаар дуудлага ирсэн.Би уг айлд 22 цаг 30 минутын үед очиход Мөнхбаярын биеийн байдал хүнд босож сууж чадахгүй цээжиндээ 2 см орчим зүсэгдсэн нэвтэрсэн шархтай байсан.Би цус тогтоох тариа,цус сэлбэх шингэн,өвчин намдаах тариа даралт өсгөх зүрх дэмжих тариануудыг хийгээд шарханд даралттай боолт хийгээд сумын эмнэлэгт дуудлага өгсөн”  гэх мэдүүлэг

         Гэрч Пүүз овогт Нямдаваагийн Эрдэнэноровын мөрдөн байцаалтад өгсөн....” Уг хутга нь галын эхэнд тавагтай махан дотор байсан.Тэр хутга манай хадам аав Төмрөөгийн хутга юм.Юунаас болж хутгалсныг би мэдэхгүй байна.Ирээд хажууд суу гэхэд нөгөө залуу нь очоод хажууд нь суутал хутгалчихсан” гэх мэдүүлэг

         Гэрч Онгон тамгат овогт Жавзангийн Төмрөөгийн мөрдөн байцаалтад өгсөн...” Х.Сонин Э.Мөнхбаярын зүүн тал руу нэг удаа хутгалсан өөр хутгалсан удаа байхгүй”  гэх мэдүүлэг

           2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 81 тоот...

1.Э.Мөнхбаярын биед гэмтэл учирсан байна.

2. Э.Мөнхбаярын биед суганы урд шугам 8-9 хавирганы завсраар нэвтэрсэн шарх, зүүн уушигны доод дэлбэнгийн уналт, дотуур цус алдалт, өрцний цооролт гэмтэл тогтоогдлоо.

3.Э.Мөнхбаярын биед учирсан гэмтэл нь хурц үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.

4.Э.Мөнхбаярын биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарна.

5.Э.Мөнхбаярын биед үүссэн дээрх гэмтэл нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам,-ын 3.1.11-д цээж хэвлийн хөндий рүү нэвтэрсэн шарх Үүнд: дотор эрхтэнг гэмтээсэн эсэхийг харгалзахгүйгээр цээж болон хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх,түүнчлэн уг шархны улмаас үнхэлцгийн хөндий, голт цээж,хэвлийн хөндийд цус, хий, агаар хуралдах шинж илэрсэн бол энэ ангилалд хамаарна гэх шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

6.Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд удаан хугацаагаар нөлөөлөх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэх шинжээчийн дүгнэлт

           Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг болно.

           Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай  гэж шүүх үнэлэв.

           Шүүгдэгч Х.Сонинд Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч шүүгдэгч Х.Сонинг танхайн сэдэлтээр бусдын биед хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

          Шүүгдэгч нь хохирогчийг хажууд нь ирээд суух явцад цээжин тус газар нь болгоомжгүйгээр хутгалсан болох нь шүүгдэгч, хохирогч нарын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлгээр тогтоогдож байх ба харин хүч хэрэглэж довтолсон, зодсон, хүмүүсийг айлган сүрдүүлсэн, хэрцгий догшин авирлаж нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчиж, танхайрсны улмаас уг гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт нотлох баримтаар тогтоогдоогүй байна.

        Гэрч Л.Нямдоржийн мөрдөн байцаалтад өгсөн....”Тэр хоёр манайд ямар нэгэн байдлаар хэрэлдэж маргалдсан зүйл байхгүй.тэд өөрсдөө тал шил архи гаргаж ирээд манайд уучихаад явсан” гэх мэдүүлэг

        Гэрч Н.Эрдэнэноровын мөрдөн байцаалтад өгсөн....”Юунаас болж хутгалсныг би мэдэхгүй байна.Ирээд хажууд суучих гэхэд нөгөө залуу нь хажууд нь суутал хутгалчихсан” гэх мэдүүлгээр шүүгдэгч Х.Сонингийн үйлдэл нь ямар ч шалтаг шалтгаангүйгээр үйлдэгдсэн болох нь гэрч болон шүүгдэгч хохирогчийн мэдүүлгээр давхар нотлогдож байна.

        Иймд шүүгдэгч Х.Сонинд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэнийг мөн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 болгон өөрчлөх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч Х.Сонин 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 21 цагийн үед Ховд аймгийн Мөст сумын Баянхайрхан багийн нутаг дэвсгэрт согтуугаар хохирогч Э.Мөнхбаярын цээжин тус газар хутгалж бие махбодид нь хүнд гэмтэл болгоомжгүйгээр учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь: Шүүгдэгч Х.Сонингийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Э.Мөнхбаярыг ямар шалтгааны улмаас хутгалснаа мэдэхгүй байна. бид хоёр маргаагүй, ямар нэгэн өс хонзон саналгүй...” гэх мэдүүлэг, хохирогч Э.Мөнхбаярын “...Х.Сонин миний хадам ах. Бид хоёр маргаагүй. Намайг нааш суучих гэхээр нь би хажууд нь очоод суусан...” гэх  мэдүүлэг болон гэрч  Ж.Төмрөөгийн  хэрэг  бүртгэлт мөрдөн байцаалтад өгсөн “...Э.Мөнхбаяр Х.Сонингийн баруун доод талд нь ирж суутал Х.Сонин Мөнхбаярын зүүн хавирга руу цохих буюу чичих шиг  болохоор сайн лавлаад хартал Х.Сонингийн баруун гарт цустай хутга харагдахаар нь би сандраад хүн алчихлаа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, 81 тоот шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

        Шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүхийн хэлэлцүүлэгт ...Тухайн гэмт хэргийг үйлдэхэд ашигласан хутга нь хэний хутга болох нь тодорхой бус үүнийг шалгаж тогтоох шаардлагатай байна гэж мэтгэлцэж байгаа боловч гэрч Ж.Төмрөөгийн мөрдөн байцаалтад өгсөн....Манай хутга столын доод талд тавагтай махан дотор байсан манай залуу мах идэж байгаад стол доогуур хийгээд гарчихсан байсан гэх мэдүүлэг

        Гэрч Н.Эрдэнэноровын мөрдөн байцаалтад өгсөн....Уг хутга нь галын эхэнд тавагтай махан дотор байсан.Тэр хутга манай хадам аав Төмрөөгийн хутга гэх мэдүүлэг

        Гэрч Н.Сосорын мөрдөн байцаалтад өгсөн...Уг хутга нь галын эхэн дээр тавагтай махан дотор байсан.тэр хутга нь манай хутга, пивор цагаан алаг өнгийн иштэй хутга байсан гэх мэдүүлэг

        Мөн эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэлд...пивор бариултай,бариулын урд хэсэг хагарч муудсан нийт урт нь 25 см,бариул хэсэг нь 11 см, иртэй хэсэг нь 14 см гэх тэмдэглэл болон гэрэл зураг зэрэг баримтуудаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хутга нь Ж.Төмрөөгийн хутга болох нь тогтоогдож байна.

        Дээрхи нотлох баримтуудаар шүүгдэгч Х.Сонин нь хохирогч Э.Мөнхбаярын бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүйгээр учруулсан нь тогтоогдож байна.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                              Шүүгдэгч Х.Сонингийн гэм буруутай үйлдлийн шинж нь 2015 оны Эрүүгийн хуулийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан” гэсэн шинжтэй тохирч байгаа бөгөөд энэ зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага 2002 оны Эрүүгийн хуулийн 97 дугаар зүйлийн 97.1-д заасан ялаас хөнгөрч хорих ялын доод хэмжээ багассан байна.

       2017 оны 7 дугаар сарын 1-ны өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж дагаж мөрдсөн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг шүүх буцаан хэрэглэнэ” гэж, Мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж тус тус заажээ.

          Ийнхүү шинэ Эрүүгийн хууль шүүгдэгч Х.Сонингийн эрх зүйн байдлыг дээрдүүлж байх тул шүүгдэгч Х.Сонинг 2015 оны Эрүүгийн хуулийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

         Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохиролыг төлсөн, эрүүл мэндийн хувьд өвчтэй байгаа, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг ял хөнгөрүүлэх, гэмт хэргийг согтуугаар үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов. 

          Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хутгыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-д зааснаар устгаж, энэ хэргийн учир 257 хоног цагдан хоригдсон, хэрэгт битүүмжлэн ирүүлсэн эд хөрөнгөгүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2-ийн 1, 2.,3,4 дэх хэсэг,36.6, 36.7, дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3-ийн 3.1, 3.5, 36.8 дугаар зүйлийн 1-ийн 1, 2, 4, 5 дахь хэсэг, 36.10-ийн 1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ  нь:

         1.Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан прокуророос  2002 оны Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй.

         2.Шүүгдэгч Хэрэйд овогт Хашхүүгийн Сонинг хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

         3.Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.Сонинг хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

        4.Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй.

        5.Шүүгдэгч Х.Сонин нь бусдад төлөх төлбөргүй, гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, 257 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурьдсугай.

        6.Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4.5-д зааснаар шүүгдэгч Х.Сонинг тэнсэгдсэн хугацаанд хяналт тавихыг Ховд аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт даалгаж, тэнссэн хугацаанд шүүгдэгч Х.Сонин нь хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй.

          6. Шүүгдэгч Х.Сонинд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга авсныг шийтгэх тогтоол хүчинтэй болох хүртэл хэвээр хэрэглэсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан пивор иштэй цагаан алаг хутгыг  устгасугай.

           8.  Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

    ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Б.БАДРАХГЭРЭЛ

                                             ШҮҮГЧ                           Б.ГАНТӨГС                                                                

                                             ШҮҮГЧ                           Ц.ЭНХЖАРГАЛ