Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Давагийн Алтантуяа |
Хэргийн индекс | 135/2017/01006/И |
Дугаар | 135/шш2017/01090 |
Огноо | 2017-10-25 |
Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 10 сарын 25 өдөр
Дугаар 135/шш2017/01090
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2017/01006/И
Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: М- ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Дархан-Уул аймгийн Эрүүл мэнд, ******* **************т холбогдох
Ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгээгүй үүргийн үлдэгдэл 4.147.250 төгрөг, алданги 2.073.625 төгрөг, нийт 6.220.875 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-ийн захирал Э- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Дархан-Уул аймгийн ******* ************** нь манай компаниар асдаг лед биет үсгэн хаяг, лого, түүнийг зангидах төмөр рам суурьлуулалт, хаалганы хаяг/ акриллан/, шилэн хаалган дээрх хуулган наалт зэргийг хийж гүйцэтгүүлэхээр Ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан бөгөөд гэрээний нийт материалын үнэ, ажил хөлсийг оруулан 5.005.600 төгрөг байхаар тохиролцсон. Манай “******* ******* *******” ХХК-ний зүгээс гэрээнд заасан ажлыг 2016 онд гэрээнд заасан хугацаандаа хийж гүйцэтгэн хүлээлгэж өгсөн боловч, захиалагчаас урьдчилгаа 858.350 төгрөгийг өгч, үлдэгдэл 4.147.250 төгрөгийг удаа дараа нэхсэн боловч өнөөдрийг болтол төлөхгүй байгаа нь манай компаний хэвийн үйл ажиллагаанд хохирол учруулж байна. Иймд Ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгээгүй үүргийн үлдэгдэл 4.147.250 төгрөг, Гэрээний 6.3-т заасны дагуу алданги 2.073.625 төгрөг, нийт 6.220.875 төгрөгийг Дархан-Уул аймгийн ******* ******* хэлтсээс гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Дархан-Уул аймгийн Эрүүл мэнд, ******* ******* хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.*******баяр, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б- нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн шүүхэд гаргасан “******* ******* *******” ХХК-ийн 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн №06 дугаартай гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх нь тыус хэлтсийн даргаар 2012-2016 онд ажиллаж байсан Л.Эрдэнэбилэг нь 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр “******* Тунгалаг Оргил” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, байгууллагын гадна хаяг хийлгэсэн гэх боловч тухайн үед тус компанитай байгуулсан гэрээний хувь байхгүй, ажлын гүйцэтгэлийн тайлан, уг ажлыг хүлээн авсан акт үйлдэгдээгүй, хэлтсийн үйл ажиллагааны 2016 оны төсөвт уг гэрээгээр хийлгүүлсэн зардал тайлан тэнцэлд тусгагдаагүй шалтгааны улмаас “******* ******* *******” ХХК-нь шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Харин тус компани нь гэрээгээр ажил гүйцэтгэсэн хугацаандаа ажлын доголдол гаргаж, хаягны төмөр рам суурьлуулахдаа шинээр баригдсан барилгын дээврийг цоолж, байгууллагад хохирол учруулсан. Хохиролын улмаас хэлтсийн 4 дүгээр давхарт байрлах 401,404 тоот өрөөнүүд болон цоолсон хэсгээр дамжин бусад өрөөнүүдэд бороо цас орох үед дээврээс байнга ус гоожиж, цахилгааны гэмтэл удаа дараа гарсан болно. Хэлтсийн барилга барьж гүйцэтгэсэн “Хөх бүрдний эх” ХХК-г дуудаж дээвэр дээр гагнуур хийж цоолсон хэсгүүдэд нөхөөс хийлгэсэн боловч тухайн цоолсон хэсгүүдээр ус алдсан хэвээрээ байна. Ажил гүйцэтгэгч “******* ******* *******” ХХК нь хаяг тогтоож төмөр рамаа суурьлуулахдаа дээврийг зөвшөөрөл авалгүйгээр цоолж байгууллагад хохирол учруулсан нь тус компани ажил гүйцэтгэх гэрээндээ доголдол гаргаж үүргээ бүрэн гүйцэтгээгүй нь харагдаж байна. Иймд тус хэлтсийн зүгээс ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр болон алдангийн төлбөрийг төлөх боломжгүй гэж үзэж байна гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь хариуцагч Дархан-Уул аймгийн Эрүүл мэнд, ******* **************т холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгээгүй үүргийн үлдэгдэл 4.147.250 төгрөг, гэрээний 6.3-т заасны дагуу алданги 2.073.625 төгрөг, нийт 6.220.875 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Дархан-Уул аймгийн Эрүүл мэнд, ******* ************** нь тус компани нь гэрээгээр ажил гүйцэтгэсэн хугацаандаа ажлын доголдол гаргаж, хаягийн төмөр рам суурилуулахдаа шинээр баригдсан барилгын дээврийг цоолж, байгууллагад хохирол учруулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа болно.
Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК, хариуцагч Дархан-Уул аймгийн Эрүүл мэнд, ******* **************тэй 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээ байгуулан, гэрээнд ... захиалагчийн баталсан загвар хэмжээний асдаг LED биет үсгэн хаяг, лого, түүнийг зангидах төмөр рам суурилуулалт, хаалган хаяг, шилэн хаалган дээрх хуулган наалт зэрэг ажлыг, гэрээ баталсан өдөр эхэлж, ажлын 10 өдөрт багтаан бүх ажлыг чанарын болон норм, стандартын шаардлага ханган, хийж дуусган актаар хүлээлгэн өгөхөөр, гэрээний нийт үнэ материалын үнийг оролуулан 5 005 600 төгрөгийг, ажлыг актаар хүлээлгэн өгснөөс хойш ажлын 3 хоногийн дотор төлбөрийг төлөхөөр, захиалагч нь гэрээний үнийг гэрээний 4.2-т заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувиар тооцон алданги төлөхөөр тохирсон байна.
Хариуцагч нь ажлын үр дүнгийн талаар маргаагүй бөгөөд хаягийн төмөр рам суурьлуулахдаа шинээр баригдсан барилгын дээврийг цоолж, байгууллагад хохирол учруулсан гэж нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байгаа боловч энэ талаар шаардлага гаргаагүй, нотлох баримт ирүүлээгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй” гэсэн үүргээ биелүүлээгүй байх тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохиролцсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ”, Ажил гүйцэтгэх гэрээний 6.3-д “Захиалагч нь гэрээний үнийг гэрээний 4.2-т заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувиар тооцон гүйцэтгэгчид алданги төлнө”, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “хууль буюу гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ”, 232.4-д “...Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж зааснаар хариуцагч Дархан-Уул аймгийн Эрүүл мэнд, ******* ******* хэлтсээс үлдэгдэл төлбөр 4.147.250 төгрөг, алданги 2.073.625 төгрөг, нийт 6.220.875 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-д олгох нь зүйтэй.
Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь шүүхэд төлөөлөх эрхийг итгэмжлэлээр олгосон байх бөгөөд итгэмжлэлийн дагуу Н-, хариуцагч Дархан-Уул аймгийн Эрүүл мэнд, ******* ******* хэлтсийн итгэмжлэлийн дагуу Б- нар шүүхэд төлөөлөн оролцсон болно.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Дархан-Уул аймгийн Эрүүл мэнд, ******* ******* хэлтсээс 6.220.875 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 114.490 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 114.490 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.