Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 2017/ШЦТ/366

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 166/2017/0360/Э

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шүрэнчимэг,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Идэр,

Хохирогч Л.Б, түүний өмгөөлөгч Б.Чинбаатар,

Шүүгдэгч Д.А өмгөөлөгч Л.Оюунсувд,

Шүүгдэгч А.А өмгөөлөгч Ц.Майбаяр,

Шүүгдэгч А.А, Д.А нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.А Д.А нарт холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтэй ирүүлснийг 2017 оны 12 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

 

1. Монгол Улсын иргэн, А.А,  төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй,” ХХК-д худалдааны төлөөлөгч ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

 

2. Монгол Улсын иргэн, Д.А  төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт  оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч А.А, Д.А нар нь бүлэглэж 2017 оны 11 дүгээр сарын 03-ны орой Дархан-Уул ймгийн Дархан сумын 12 дугаар багт байрлах зочид буудлын хашаан дотор иргэн Л.Б зодож зүүн доод эрүүг нь хугалж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч А.А, Д.А нар нь бүлэглэж 2017 оны 11 дүгээр сарын 03-ны орой Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар багт байрлах “зочид буудлын хашаан дотор иргэн Л.Б зодож, түүний биед зүүн доод эрүүний битүү хугарал, зөөлөн эдийн няцрал, дээд уруулын тодор салстын цус хуралт, баруун, зүүн тохойд зулгаралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр үйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:           

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

 

Шүүгдэгч А.А өгсөн: 2017 оны 11 дүгээр сарын 03-ны зочид буудлын гадаа хохирогч Л.Б зодож хүндэвтэр гэмтэл учруулсандаа харамсаж байна. Хохирлоо төлж барагдуулсан. Хохирогч нийт 1.305.560 төгрөг нэхэмжилсэн. 1.200.000 төгрөгийг төлсөн. Үлдэгдлийг нь төлнө гэв. Цаашид гарах хохирлыг төлнө гэх мэдүүлэг,

 

Шүүгдэгч Д.А өгсөн буудлын хашаан дотор хохирогч Л.Б гэмтээж хохирол учруулсандаа маш их харамсаж байна. Цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлж байна гэх мэдүүлэг,

                                                           

Хохирогч Л.Б өгсөн: 2017.11.03-ны өдөр буудлын хашаан дотор шүүгдэгч нарт зодуулж эрүүний яс хугарсан. Нэгдсэн эмнэлэгт зураг авахуулаад хагалгаанд орсон. Эмчилгээний зардлаа баримттай нь хавсаргасан одоогийн байдлаар 1.100.000 төгрөг болсон. Цаашид гарах зардлыг шүүгдэгч нар төлнө гэсэн учир гомдол саналгүй гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад:

 

Гэрч Б.М өгсөн: “... хажуу талын ширээнд сууж байсан хохирогч залуу та нар чимээгүй байгаач ээ гэж хэлсэн. Тэгэхээр нь бид нар тоолгүй юм яриад сууж байгаад бүжиглэж байхад хохирогч залуу А хоёр хамт гарч харагдсан юм. *******бид хоёр тамхи татах гээд гадагшаа гарахад А байхгүй болохоор нь хайгаад цаашаа явахад гадаа хаалганы хажуу талд А нөгөө залуутай зодолдож байсан юм. Тэгэхээр нь би гүйж очоод хөөе болиоч гэж хэлэхэд нэг нэгийгээ заамдалцаад зогсож байхад нь А очоод нөгөө залуугийн өвдөг орчим өвдөглөсөн. Тэр үед нөгөө залуу уурлаад А руу дайраад чи хэн юм яах гэж байгаа юм гэж хэлэхэд А болиоч та хоёр гэж хэлэхэд нөгөө залуу заамдаж тэр хоёр барьцалдаж авад хэрэлдэж муудалцаад *******нүүрэн тус газар нь цохиход А зөрүүлээд цохих гэхэд нь нөгөө залуу бултаж хальт цохисон. Тэр үед хажуу талаас нь А орж ирээд тэр хоёр хоорондоо зодолдоход А бид хоёр дотогшоо орж ******* авъя гэж ороод А үлдээд би буцаж зодолдож үлдсэн хоёр дээр очиход хоёр эмэгтэй ирчихсэн салгах гээд оролдож байсан. Хохирогч залуугийн нүүр амнаас нь нилэнхүйдээ цус гарчихсан байсан. Тэр хоёр эмэгтэй найзыгаа салгаач гээд хэлэхэд би найзыгаа салгах гээд татаад дийлэхгүй байна гэж хэлэхэд цаанаас машинтай манай хэд ирээд А салгаж аваад бид нар явцгаасан. Мөн тэнд байсан эмэгтэй хүмүүс манай машиныг явуулахгүй гэж байгаад болиод бид нарыг явуулсан юм” гэх мэдүүлэг /хэргийн 29/,

 

Гэрч Л.Б өгсөн: 2017оны 11 дүгээр сарын 03-ны орой хамт ажилладаг Б, М.Г, Ө, С нарын хамт буудлын караокед орж дуу дуулж сууцгаасан юм. Тэгээд караоке хаах болох үед ******* алга болчихсон байхаар нь Г хамт нойлын өрөө орж үзээд байхгүй болохоор нь гадаа гарах үед  гадна хаалганы урд хүмүүс бужигнаж маргалдаж байхаар нь харахад Б хүмүүстэй маргалдаж байсан. Тэгээд Г бид хоёр хүүе гээд гүйгээд очиход намхан нуруутай залуу нь  хоёр хөлийг хамж газар унагаж байсан. Тэгээд би очоод татаж босгоход хамар амнаас нь цус гарчихсан байсан. Тэр үед эмч гэдэг утгаараа хамрынх нь цусыг тогтоогоод салъя гэж хэлэхэд Б “наад хүмүүс чинь намайг аймар зодчихлоо, ам ангайхгүй байна” гээд эрүү рүүгээ заагаад намхан нуруутай залууг барьж авахад би Б татаж харин өөр нэг дунд зэргийн нуруутай залуу нөгөө намхан нуруутай залууг салгаж авсан. Харин өндөр нуруутай залуу нь цаад талд зогсож байсан юм. Тэгээд хойноос машинтай хүн ирээд нөгөө залуучуудыг аваад явсан юм. Тэр үед би машиных нь дугаарыг нь цээжилж авсан юм” гэх мэдүүлэг /хэргийн 30/,

 

Гэрч М.Г өгсөн: “...Тэгээд Б багшийн хамт түрүүлээд Б хайгаад гарахад Б газар уначихсан хажуу талаас нь өшиглөж байх шиг харагдахаар нь явж очоод юу болоод байгаа юм бэ гэж хэлээд барьж авах гэхэд тэнд байсан залуучууд бүгдээрээ машинд суугаад явчихсан. Тэгээд бид нар цагдаад дуудлага өгсөн. ...Б нүүр ам нь нилэнхүйдээ цус болчихсон фудволк нь урагдчихсан харагдсан” гэх мэдүүлэг /хэргийн 31/,

 

-Л.Б нь бусдад зодуулан гэмтсэн, толгой өвдөнө, эрүүгээр хөндүүрлэнэ, ангайх үед зовиур нэмэгдэнэ, баруун, зүүн тохой хэсэгт зулгарсан, дээд уруул хавдсан гэх тодорхойлолт /хэргийн 13/

 

-Л.Б биед зүүн доод эрүүний битүү хугарал, зөөлөн эдийн няцрал, дээд уруулын тодор салстын цус хуралт, баруун, зүүн тохойд зулгаралт бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх 2017 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 1094 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 27/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх ба шүүгдэгч нар нь ямар нэгэн дарамт шахалтгүйгээр хэргээ хүлээн мэдүүлж, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй байна.

 

Шүүгдэгч А.А, Д.А нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч А.А, Д.А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр үйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуралдааныг явуулж, прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн хэмжээний хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Л.Б биед “зүүн доод эрүүний битүү хугарал, зөөлөн эдийн няцрал, дээд уруулын тодор салстын цус хуралт, баруун, зүүн тохойд зулгаралт бүхий хүндэвтэр хохирол учирсан бөгөөд тэрээр эмнэлэгт хэвтэж, эмчилгээ хийлгэсэн, эм тариа хэрэглэсний зардалд нэхэмжилсэн 1,200,000 төгрөгийг шүүгдэгч А.А, Д.А нар төлж барагдуулсан болох нь шүүгдэгч нар, хохирогчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүдээр нотлогдож байна.

 

Хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдах нь зүйтэй.

 

2.Ял, эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч А.А, Д.А нар бүлэглэж 2017 оны 11 дүгээр сарын 03-ны орой Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар багт байрлах буудлын хашаан дотор иргэн Л.Б зодож, түүний биед зүүн доод эрүүний битүү хугарал, зөөлөн эдийн няцрал, дээд уруулын тодор салстын цус хуралт, баруун, зүүн тохойд зулгаралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр үйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг, 2017 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 1094 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 27/ зэрэг болон бусад бичгийн баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч нарт хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй байгаа нь эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал болж байгаа бөгөөд эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шүүгдэгч А.А, Д.А нарыг ялаас чөлөөлж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч А.А, Д.А нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шүүгдэгч А.А, Д.А нарыг ялаас чөлөөлсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8-т зааснаар шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.А, Д.А нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч,  өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Я.ТУУЛ