Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 1115

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2016/00017/И

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Х- нэхэмжлэлтэй,

                                                                                   

Хариуцагч: Д- холбогдох 

 

Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, 2.520.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х-, хариуцагч Д-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Х- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 2014 онд Д-тай танилцаж, гэр бүлийн харьцаатай байсан. 2016.05.15-нд аав, ээж нь манай аав, ээж дээр очиж хадаг тавьж байсан. Цэрэгт байсан учир гэрлэлтээ батлуулаагүй. Охиноо 11 сартай байхад хоёр тийшээ болсон. Охин маань одоо ой гурван сартай би одоохондоо ажилгүй оюутан болохоор тэтгэлэгээ гаргуулах хүсэлтэй байна. 2016 оны намар ээж охин хоёртойгоо хамт “Альфа таунд” байр түрээслэж байдаг байсан Д-гийн аав ирж манай аав ээжтэй уулзаж микр рүү байр байгаа гэж хэлээд тийшээ нүүсэн. Нүүж очсоноос хойш зан ааш нь эвдэрч зодож хичээлд минь хүртэл явуулдаггүй байсан. 2016 оны намар 10-н сард найзуудтайгаа явж ирээд бэлгийн замын халдварт өвчин авчирсан. Эмчилгээний мөнгийг би аав ээжээсээ авч эмчилж, хүүхдийн notebook тавиулж бас эмчлүүлсэн. Notebook-ыг лобарднаас авч өгсөн гэж хэлээд авч өгөөгүй алдсан учраас тэр хүүхэд цагдаад мэдэгдэж би хохирлын аав, ээжээсээ мөнгө авч 400.000 төгрөгөөр барагдуулсан. Хамт байхдаа зоддог. 10-н сард цэргээс халагдаж ирснээс хойш байнга зодож сүүлдээ охин луу минь хүртэл идэж байсан ясаа шидэж толгойг нь хөхрүүлж хавдуулж байсан. Цахилгаан тогтоо хүртэл шидээд өвлийн хүйтэнд үсдэж чирч гаргаад зодож байсан. Би үнэхээр охиноо бодоод л өдий хүртэл тэвчиж явсан. 2 дугаар сард бас л өөр хүнтэй унтаж байгаад баригдсан. Ажилаасаа өөрөө дурандаа ирчихээд аав, ээждээ намайг дуудсан болгож хэлээд аав нь хүртэл охин бид хоёрыг янхан, гичий, пиздаагаар нь дуудаж байсан. Ийм хүмүүстэй цаашдаа хамт байна гэдэг үнэхээр дарамттай байна. Салсан хойно утсаар ярьж уран цэцэн үг хэлж хоёулаа сайхан амьдарна охиноо бодьё гэж хэлээд буцааж өгөх нэрийдлээр мөнгө авч миний эд зүйлийг ломбардсан. Одоо холбоогүй таг чиг. Миний ломбарданд байгаа зүйлс хугацаа дуусаж байна.  Анх 2017 оны 8 дугаар сарын 15-нд гэртээ байхад дуудаж уулзаж аавынхаа 650.000 төгрөгийг үрчихсэн айгаад харьж чадахгүй байна гэж хэлээд надад манай ахын өгсөн 500.000 төгрөгний 450.000 төгрөгийг нь найзууд болох Мөнхсайхан ирээдүйтэй ирсэн. Буцааж өгөх нэрийдлээр миний монетон ээмэг, гинж, колун бөгжийг ломбардсан. Нийт 350.000 төгрөгөнд 08 дугаар сарын 21-ний өдөр Дарханд ирээд миний S6 edge утсыг 290.000 төгрөгөөр зарсан. Notebook утас ломбарданд 190.000 төгрөгөнд тавьж найзуудтайгаа архидсан. Намайг архи уу гэж шахаж дарамталдаг. Сүүлд бие өвдөөд байрандаа хоёр хоног хэвтсэн. Архи уусангүй гэж уурлаж дарамталж байгаад уурлаж уярааж байгаад эд юмыг нь тавьчихаад алга болчихдог. Одоо охиндоо тэтгэмж тогтоолгож, өөрөөс гарсан эд хөрөнгөө барагдуулж авмаар байна гэв.

 

Хариуцагч Д- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Бид 2013 онд үерхэж байгаад салаад би 2015 онд цэрэгт татагдсан. Цэрэгт татагдахаасаа өмнө ганц, хоёр удаа уулзаж байсан. Надад тангарын баяраар миний ээж, аавтай ирэхдээ хэлсэн. Тэгээд миний хүүхэд мөн гэж би хүлээн зөвшөөрсөн.  Хүүхдийн эцэг мөн эсэх дээр маргах зүйл байхгүй. Би хүүхдийнхээ тэтгэлгийг төлнө. Харин Х- бид хоёрын дунд дундын өмч гэж зүйл байхгүй. Машин авахдаа Х-ын ээмгийг 170.000 төгрөгөөр тавьж байсан. Уг мөнгийг хүлээн зөвшөөрнө. 2.520.000 төгрөгөөс бусад төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй. Би ажил хийж байхдаа хүүхдэдээ 100.000 төгрөг 200.000 төгрөг өгдөг байсан. Би 2016.10.22-ны өдөр ажлаасаа халагдсан. Х- бид хоёр намайг цэргээс халагдаж ирснээс хойш нэг сарын хугацаанд хамт амьдарсан. Х- хэнтэй уулзах гэж байгаагаа хэлдэггүй байсан. Харин дэлгүүр ороод ирье гэж хэлчхээд 2-3 цаг алга болдог. Над руу шөнө, орой танихгүй хүн залгаад эхнэрийнхээ зээлсэн мөнгийг өг гэж хэлдэг байсан гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Х- нь хариуцагч Д-д холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах, 2.520.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Д- нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, 465.000 төгрөгийг зөвшөөрч үлдэх шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч Х- нь хариуцагч Д- нар нь 2014 онд танилцаж, гэр бүлийн харьцаатай байх хугацаандаа 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдөр охин Д.Золзаяаг төрүүлсэн болох нь зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн тайлбар мэдүүлэг, хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа, МЭДС ТОБ өрхийн эрүүл мэндийн төвийн өрхийн эмчийн тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 7-8 дугаар хуудас/

 

Зохигчид нь гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй боловч эрх бүхий бүртгэлийн байгууллагад хандаж охин Золзаяаг эцэг Д-гаар овоглосон болох нь тогтоогдож, энэ талаар маргаагүй байна.

 

Зохигчид нь цаашид хамтран амьдрах боломжгүй гэж тайлбарлаж байгаа бөгөөд хүүхдийн асрамжийн талаар маргаагүй тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар эх Х-ын асрамжинд үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг Д-гаар тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч Х- нь хариуцагч Д-гаас хамтран амьдарч байх хугацаанд авч хэрэглэсэн эд зүйлийн үнэ 2 520 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нь шүүх хуралдаанд ээмэгний 300 000 төгрөг, эмчилгээ хийлгэсний 120 000 төгрөг, буудлын 35 000 төгрөг, хоолонд орсны 10 000 төгрөг нийт 465 000 төгрөгийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг нотолж, нотлох баримт ирүүлэх үүргээ биелүүлээгүй тул үлдэх 2.055.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

       

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2, Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-д дахь хэсэгт заасныг баримтлан 2016 оны 7 дугаар сарын 01-нд төрсөн охин Д.Золзаяаг эх Х-ын асрамжинд үлдээж, 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл /суралцаж байгаа нөхцөлд 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг Д-гаар тэжээн тэтгүүлж, 2.055.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүргээ хэрэгжүүлж байхыг эцэг Д-, эх Х- нарт даалгасугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар хариуцагч Д- нь 465.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1–д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 55270 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 4.550 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид,  хариуцагч Д-гаас нэг жилийн хугацаанд төлбөл зохих хүүхдийн тэтгэлэгийн үнийн дүнгээр тооцож улсын тэмдэгтийн хураамж 28.209 төгрөг гаргуулж төрийн сангийн орлогод оруулсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.    

 

    

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Д.АЛТАНТУЯА