Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 394/ШЦТ/2019

 

 

 

 

 

 

   2019            12             20                                            2019/ШЦТ/394

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

-нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ

-улсын яллагчаар И.Мөнхцэцэг

-орчуулагч Г.Болормаа

-шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Цэцэгмаа

-шүүгдэгч Ж.Бнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ж.Б-д холбогдох 1934010850548 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

         

Холбогдсон хэргийн талаар:

Яллагдагч Ж.Б нь Төв аймгийн Жаргалант сумын Тал булаг 3 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Тэн хун ХХК-ний байранд 2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр иргэн Э.Т-г хэвлийн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүгдэгч Ж.Б-г хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул түүний мэдүүлгийг яллах талын нотлох баримтад тооцсон.

 

Шүүгдэгч Ж.Б нь Төв аймгийн Жаргалант сумын Тал булаг 3 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Тэн хун ХХК-ний байранд 2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр иргэн Э.Т-г хэвлийн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

  • Хохирогч Э.Т-ын нэхэмжилсэн хохирлын баримтууд, хохирол хүлээлгэн өгсөн баримт /хх-ийн 9-11 тал/
  • Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 48 тал/
  • Хохирогч Э.Т “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай” хүсэлт /хх-ийн 08 тал/
  • -2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Төв аймгийн шүүхийн шинжилгээний албаны № 807 дугаартай “...1.2.Э.Т-ын биед тархи доргилт, зүүн бөөрний суналт гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн, хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй. 5.Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 37-44 тал/,
  • Хохирогч Э.Т-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 21 цаг 15 минутын үед би Төв аймгийн Жаргалант сумын нутагт байх Тэн хун гэх нэртэй Алтны уурхай дээр хяналт шалгалт хийж явж байгаад саармагжуулах цех дотор ороод дулаацаад байж байтал Ж.Б гэх нэртэй хятад удсын ажилтан араас ирээд намайг тэврээд тоглоомоор гал асч байсан зуух руу өргөж оруулах гээд айлгаад байсан. тэгэхээр нь би газар байсан төмөрийг аваад нуруу хэсэгт нь нэг удаа цохиход миний гарт байсан төмөрийг авч шидээд намайг түлхэж унагаасан. Би босч ирээд гараараа гараараа цохих гэтэл намайг хэвлий тус газар ажлын төмөр хамгаалалттай гутлаараа 1 удаа өшиглөхөд би газар унасан...би бөөр сав хэсэгтээ өшиглүүлж доргисон, мөн цаашид хүүхэдтэй болохоор айдастай байна. эрүүл мэнд сэтгэл санаагаараа хохирсон мөн ажил алдагдсан, хятад ажилчдаас айж байна, би энэ асуудлыг ингээд орхичих юм бол хяатад ажилчид давраад монгол ажилчдыг дээрэлхэж болдог юм байна гэж боддог, уг Тин хун Нарантолгойн алтны уурхай нь монгол ажилчдаас ямар нэгэн гомдол санал ирэх юм бол шууд ажлаас халаад хаячихдаг. Ж.Б миний хохирлыг барагдуулсан тул надад гомдол санал байхгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү..” гэх мэдүүлэг /хх-ийн 22-25 тал/,
  • Гэрч Женг овогтой Женжиегийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...би 2019 оны 11 дүгээр сарын 17-ны орой мэдсэн ба манай уурхайн дэд дарга над руу утсаар яриад Ж.Б хүнтэй муудалцсан байна, хурдан уулзаж эвлэр гэж хэлсэн...Ж.Б над руу залгаад үйлдвэрийн ажилтантай тоглож  байтал нуруу руу нь Монгол ажилтан цохиод, савааг нь салгаж авах гэж Ж.Б өшиглөж салгасан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 28 тал/
  • Шүүгдэгч Ж.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн: “..2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Төв аймгийн Жаргалант сумын Тал булаг 3 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Тэн хун ХХК-ний баяжуулах үйпдвэр дотор ажлаа хийгээд байж байтал манай үйлдвэрийн монгол ажилтан Т нь надтай тоглож намайг өдөж эхэлсэн. Тэгээд бид хоёр тоглож байтал Т газраас төмөр аваад миний нуруу руу 2-3 удаа цохисон, тэгэхээр нь би цохиод байсан төмрийг нь салгаж авах гэж байгаад хэвлий гэдэс хэсэг рүү 1 удаа өшиглөсөн. Тэгтэл Т надад уурлаад газраас нүүрсний хэсэг авч над руу шидэж миний уруулыг онож цус гарсан, би Түмэнцогтыг офисс дээрээ оч гэж хэлээд явуулсан, би орчуулагч дуудад Т дээр очоод уучлалт гуйгаад гар барьж эвлэрсэн..." гэх мэдүүлэг /хх-ийн 52 тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Шүүгдэгч Ж.Б-ийн ял шийтгэлийн тэмдэглэл, иргэний үнэмлэхийн лавлагаа болон бусад хувийн байдлыг тогтоосон баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт судласан болно.

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байна.

            Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ж.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол үйлдэж, ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон байна.

          Улсын яллагчаас Ж.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжээр буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх журмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжээр буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргаж шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүгдэгч Ж.Б-ийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

     Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын сонгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон хуульд заасан нөхцөл байдлыг хангасан байх тул шүүх шүүгдэгч Ж.Б-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж,

      Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, согтуугаар гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ж.Б торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ж.Б-д сануулав.

 

         Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Э.Т “...миний бие эмчилгээний зардалд 1.500.000 төгрөг бэлнээр хүлээн авсан. Хохирол бүрэн төлөгдсөн тул гомдол санал нэхэмжлэх зүйлгүй. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэх бичгээр гаргасан хүсэлт /хх-ийн 08 тал/, шүүхээс хохирогч Э.Т-д шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “гомдол саналгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх гэм хорын асуудал байхгүй бөгөөд шүүгдэгч Ж.Б нь бусдад төлөх хохирол төлбөргүй байна.

            Бусад асуудлаар:

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, бусдад төлөх  төлбөргүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Бд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авах нь зүйтэй байна.

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 1 хоногийг түүнд оногдуулсан ялаас хасч тооцох нь зүйтэй байна.

           

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Ж.Ббусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Харагчууд Ж.БЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Бцагдан хоригдсон 1 хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож /1х15000=15000 түүнд оногдуулсан найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөс хасч долоон зуун наян таван нэгжтэй тэнцэх буюу 785.000 /долоон зуун наян таван мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулахаар тооцсугай.

 

  1. Шүүгдэгч Ж.Б-д оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг харъяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ж.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар долоон зуун наян таван нэгжтэй тэнцэх буюу 785.000 /долоон зуун наян таван мянга/ төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Ж.Бнь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Б-д хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус авсугай.   

 

  1. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор  шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

  1. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  1.  Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, Ж.Б-д урьд авсан хувийн таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ю.ЭНХМАА