Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 000

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар Нарийн бичгийн дарга Д.Сайннямбуу, Улсын яллагч Э.Гантулга, Шүүгдэгч******* нарыг оролцуулан Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн*******од холбогдох эрүүгийн ******* тоот хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн ******* овогт ******* *******, регистрийн дугаар /*******/

Үйлдсэн хэргийн талаар: Шүүгдэгч******* нь 2017 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт иргэн *******ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Үүнд: Шүүгдэгч Ш.Аринуболдын хэрэг бүртгэлт болон шүүх хуралдааны шатанд өгсөн: “2017 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Мөнхбат гэх залуугийн гэрт хүүхдийн даахь болсон юм. Тэдний гэрт нь ******* бид хоёр зэрэгцээд сууж байсан юм. Тухайн үед би нэлээн согтуу байсан болохоор тухайн үеийг одоо сайн санахгүй байна. Гэр дотор хүн байхгүй байсан. Намайг Гэлэгдорж одоо харь гээд цохисон юм. Ер нь би аймар согтсон байсан болохоор сайн санахгүй байна. Би өөрийнхөө үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35/

Хохирогч *******ийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “2017 оны 10 дугаар сарын 07-ны өдөр манай хүргэн ахын хүүхдийн дайх үргээх найранд ороод байж байгаад иргэн*******ыг гар гээд түлхээд унагасан чинь******* нь гэрээс гараад миний шүдийг цөм цохисон. Тэгэхээд манай эхнэр мэдээд цагдаад өгчихсөн юм. Би******* гэдэг хүнийг сайн танихгүй, манай сум дээр явж байгаа л харагддаг. Нэрийг нь муухан мэднэ. Бид хоёрын хооронд ямар нэгэн маргаан өс хонзонгийн асуудал байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21/ Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 514 дугаартай: *******ийн биед баруун зүүн дээд 1 дүгээр шүдний булгарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги 10% нөлөөлнө.

Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн 1 удаагийн үйлчиллээр үүсгэгдэх боломжтой гэх дүгнэлт /хх-ийн 28-29/ -Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3/ - Эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн санал, эд хөрөнгө битүүмжлэх ажиллагаа явуулах тухай прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 5- 9/ -Хохирогч *******ийн мэдүүлэг /хх-ийн 16-17 -Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 30-31/ -Ш.*******ын иргэний үнэмлэхний лавлагаа, Баянхонгор сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 36-37/ -Ш.*******ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40/ -Ш.******* нь хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэх хүсэлт /хх-ийн 49/ -*******, ******* нарын эвлэрлийн гэрээ /хх-ийн 50/ -Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлах тухай прокурорын тогтоол/хх-ийн 56/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв. Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна. Шүүгдэгч нь хохирогч, гэрч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл прокурорт хандах эрх нь нээлттэй юм. Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянхонгор аймгийн прокурорын газраас******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна. Шүүгдэгч******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь дээр дурдсан хохирогчийн мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

Иймд шүүгдэгч*******ын бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв. Шүүгдэгч******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, уг гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй байна. Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирлыг төлсөн, хохирогчтой эвлэрсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов. Шүүгдэгч******* нь согтууруулах ундаа хэрэглэсэн, согтуурлын байдалд байхдаа тухайн гэмт хэргийг үйлдсэн байна. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ. Шүүгдэгчийн эзэмшлийн “Мустанг-5” маркийн мотоциклийг битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт ******* Аринболд нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******од оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг хоёр сарын хугацаанд тэнцүү хуваан хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Ш.Аринуболд нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч*******ын эзэмшлийн “Мустанг-5” маркийн мотоциклийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол*******од хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч*******од хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ