Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 24

 

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                       

 

 

 

 

 

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  Хэргийн индекс: 114/2020/0011/3/

 Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Энхтуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Төмөрчөдөрийг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч “Дархан Христийн Чуулган” шашны байгууллага

Хариуцагч Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд холбогдох

Нэхэмжлэлийн “Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 03 сарын 30-ны өдрийн 28 тоот тогтоолын Дархан Христийн Чуулган шашны байгууллагад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”  шаардлагатай захиргааны хэргийг  хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч                                                                       Д.Давхарбаяр

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч                                               Ц.Цэцэнбаатар, С.Базарсад                                                                        

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч                   Л.Алтанчимэг, Н.Цасчихэр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь:

Нэхэмжлэгч “Дархан Христийн чуулган” шашны байгууллагаас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:- Манай "Дархан Христийн Чуулган" шашны байгууллага Хууль зүй, Дотоод хэргийн Сайдын 2003 оны 8-р сарын 22-ны өдрийн 152 дугаар тушаалаар улсын бүртгэлд бүртгүүлж албан ёсоор үйл ажиллагаа эхэлж, энэ үеэс одоог хүртэл пастораар ажиллаж байна.

Энэ хугацаанд Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2005 оны 39 дүгээр тогтоол, 2010 оны 65 дугаар тогтоол, 2013 оны 49 дүгээр тогтоолуудаар баталсан журмуудын дагуу 2004-2015 он дуустал үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэйгээр үйл ажиллагаа явуулж ирсэн. Харин 2016-2019 он хүртэл жил бүр баг, сум, аймгийн Засаг даргад үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл сунгах хүсэлтээ холбогдох бичиг баримтын хамт өгсөн боловч тодорхойгүй байдлаар зөвшөөрөл сунгалт хийгдэхгүй байсаар эцэстээ "зөвшөөрөл сунгалт хийгдээгүй" гэсэн шалтгаанаар 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн тогтоолоор үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл цуцлах шийдвэр гаргасан. Сунгалт хийх хүсэлт, материалаа өгсөн ч ямар ч хариу тайлбар өгөөгүй.

 Манай шашны байгууллага Ковид-19 цар тахлаас шалтгаалан 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс үйл ажиллагаагаа зогсоосон. Манайд ямар зөрчил гарсан тухай, ямар ч сануулга өгөөгүй, шат дараалан арга хэмжээ аваагүйд гомдолтой байна. Манай итгэгч нарын 17-н жил хамт цугларч, залбирч нэг хамт олон болсон гишүүд, дэмжигчид, мөргөлчид гомдолтой байсан бөгөөд эцэст нь зөвшөөрөл цуцалж байгаа тогтоол гаргасан нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан Монгол улсын иргэн хүний баталгаатай эдлэх эрх болох ...шашин шүтэх, эс шүтэх...эрхийг санаатайгаар хааж, боогдуулан хууль ёсны дагуу ...эвлэлдэн нэгдэх, цуглах боломжийг эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж таслан зогсоосон үйлдэл гэж үзэж байна.

Мөн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид шийдвэр гаргахдаа Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан сүм, хийдэд зөвшөөрөл олгох заалтыг баримталсан, хуулийн 10 дугаар зүйлд сүм, хийдийн үйл ажиллагааг зогсоох 2 үндэслэлийг заасан байдаг бөгөөд энэ үндэслэлийг тогтоогоогүй, зөвшөөрлийг цуцлах эрх нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд байхгүй юм. Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 11/02 дугаар тогтоолоор батлагдсан “Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт сүм, хийд байгуулах, зөвшөөрөл олгох, хяналт тавих, сунгах, цуцлах” журмыг баримталж шийдвэр гаргасан. Энэ журмыг хэм хэмжээний акт гэж үзэж байгаа бол хэм хэмжээний актыг Хууль зүйн яамд бүртгүүлэх ёстой, лавлагаагаар бүртгэлгүй болох нь тогтоогдсон. Зөвшөөрөл сунгуулах хүсэлтээ гаргаагүй гэж нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй, шүүхээс үзлэг хийсэн тэмдэглэлээс үзэхэд үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл сунгуулахаар хүсэлт гаргасан байдаг. Тэгэхээр захиргааны байгууллагаас гаргаж байгаа шийдвэр нь бодит нөхцөл байдалд тохироогүй, логик алдаатай, сүм, хийдийн үйл ажиллагааг зогсоох, цуцлах хуулийн заалтыг үндэслээгүй, Захиргааны ерөнхий хуулийн зарчим, зорилгод нийцээгүй, Үндсэн хуульд заасан хүний шашин шүтэх, эс шүтэх эрхийг ноцтой зөрчиж байна. Мөн Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг хийгээгүй, хийгээгүй шалтгаанаа мэдээлээгүй, Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1, 28.1.2-д заасан гарцаагүй, хойшлуулшгүй нөхцөл бий болоогүй байхад шийдвэр гаргасан нь нэхэмжлэгчийн эрхийг хөндөж байна.

Иймд Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 28 дугаар тогтоолын “Дархан Христийн Чуулган” шашны байгууллагад холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс шүүхэд ирүүлсэн тайлбар болон  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Алтанчимэг, Н.Цасчихэр нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:- Улсын онцгой комиссын 2020 оны 09 дүгээр хурлын шийдвэрээр аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга нарт “ ...Тухайн аймаг, нийслэлийн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа шашны байгууллагуудын судалгааг хийж, зөвшөөрөлтэй байгууллагуудыг хяналтад авч, үйл ажиллагааг нь хязгаарлах, зөвшөөрөлгүй буюу хууль бус үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудыг хаах арга хэмжээ авах” үүрэг өгсөн.

Дархан-Уул аймгийн Онцгой комиссын 2020 оны 10 дугаар хурлаар ...Аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын даргын баталсан удирдамж, Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газрын дарга нарын баталсан “Шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээний хэрэгжилтийг хангуулах, хяналт шалгалт хийх” удирдамжийн дагуу шашин, сүм хийдийн байгууллагад хийгдэж буй хяналт, шалгалтыг эрчимжүүлэх, хууль зөрчсөн болон зөвшөөрөлгүй байгууллагуудын үйл ажиллагааг хаах, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн бүрэлдэхүүнийг татан оролцуулах, Нийгмийн бодлогын хэлтэс удирдлага, зохион байгуулалтаар хангаж аймгийн хэмжээнд бүртгэлтэй 33 сүм хийдийн үйл ажиллагаанд шалгалт хийж, дүгнэлтийг танилцуулах үүрэг өгсөн.

Шалгалтын явцад 33 шашны байгууллагаас Дархан Христийн Чуулган сүмийн зөвшөөрлийн хугацаа 2015 онд дууссан, бүртгэлтэй байршилдаа байгаагүй нь Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 09 дүгээр сарын 17-ны 11/02 дугаар тогтоолоор батлагдсан “Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт сүм, хийд байгуулах, зөвшөөрөл олгох, хяналт тавих, сунгах, цуцлах” журмын 7 дугаар зүйлийн 7.1-т Шашны байгууллага нь зөвшөөрөлд заагдсан байрлалаас өөр байршилд үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэсэн, журмын 3 дугаар зүйлийн 3.2-т... Энэ журмын 3-д заасан баримт бичгийг тухайн сүм, хийдийн үйл ажиллагаа явуулах хугацаа дуусахаас нэг сарын өмнө аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэст ирүүлнэ гэж заасныг  тус тус зөрчсөн байна.

Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа сүм, хийдийн үйл ажиллагаанд хяналт тавьж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх чиг үүрэг бүхий аймгийн Засаг даргын 2017 оны А/208, 2018 оны 01-А/367, 2019 оны 01-А/338 дугаар захирамжаар томилогдсон ажлын хэсгүүд тухайн онуудад очиход “Дархан Христийн Чуулган” сүм нь Улсын бүртгэлийн хэлтэст болон аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэст бүртгэлтэй Дархан сумын 10 дугаар баг,Тэмүүлэл авто сургуулийн түрээсийн байранд гэсэн хаяг дээрээ байдаггүй,хариуцах эзэн нь тодорхойгүй, утас нь холбогддоггүй, үйл ажиллагаа явуулаагүй, сүүлийн 2 жил Дарханд очоогүй, хотод байна гэх зэрэг хариу өгч байсан .

2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 11:29:55 цагт аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн О.Ганбаатар өөрийн 99371199 дугаарын утаснаас тус хэлтэст бүртгэлтэй байгаа 99718028 дугаар луу залгаж сүмийн зөвшөөрлийг цуцлах тухай мэдэгдэн, ямар нэгэн тайлбар, хүсэлт байвал хариу өгнө үү гэсэн. Үүний дагуу дотоод бүтцийн өөрчлөлт хийж бичиг баримтын бүртгэлээ шинэчилж байгаа, үйл ажиллагаа явуулаагүй гэсэн 2020 оны 03 сарын 18-ны өдөр Дархан Христийн Чуулганы Пастор Д.Давхарбаярын гарын үсэгтэй бичиг ирүүлсэн.

Дархан Христийн Чуулган сүм нь зөвшөөрлөө сунгуулаагүй 5 жил болсон тул Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1, 28.1.2, “Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт сүм, хийд байгуулах, зөвшөөрөл олгох, хяналт тавих, сунгах, цуцлах” журмын 3 дугаар зүйлийн 3.2, 7 дугаар зүйлийн 7.1, 8 дугаар зүйлийн 8.2, 8.3 дахь хэсэг, Улсын Онцгой комиссын 2020 оны 03 дугаар сарын 8-ны өдрийн 09 дүгээр хурлын шийдвэр, Дархан-Уул аймгийн Онцгой комиссын 2020 оны 13 дугаар хурлын шийдвэрийг тус тус үндэслэн шашны үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг цуцлах саналыг оруулснаар Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 28 дугаар тогтоолоор уг сүмийн шашны үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг цуцалсан болно. Иргэн хүний шүтэх, эс шүтэх эрхийг зөрчөөгүй, үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг сунгуулах хүсэлтээ 2016-2019 онуудад зохих газартаа гаргаагүй, ирүүлээгүй, дэлхий нийтээр цар тахалтай тэмцэж байгаа энэ үед зохих хуулийн дагуу шийдвэр гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

Иймд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 28 дугаар тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй тул Дархан Христийн Чуулган сүмийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

                                                           ҮНДЭСЛЭХ  нь:

 

Шүүх нэхэмжлэгч “Дархан Христийн Чуулган” шашны байгууллагаас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бусад холбогдох бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ. Үүнд:

1.Нэхэмжлэлийн “Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 03 сарын 30-ны өдрийн 28 тоот тогтоолын Дархан Христийн Чуулган шашны байгууллагад холбогдох хэсгийг хүчингүй болгуулахшаардлагын тухайд:

Хариуцагч Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид нь 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 28 дугаар тогтоолоор нэхэмжлэгч “Дархан Христийн Чуулган” шашны байгууллагын үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг “шашны үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл сунгуулаагүй” гэсэн үндэслэлээр цуцалсан маргаан бүхий захиргааны актыг гаргажээ. Дээрх шийдвэрийг гаргахдаа Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.10-т “ ...сүм, хийдтэй харилцах”, Төр,сүм хийдийн харилцааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Сүм, хийд байгуулах тухай иргэдээс гаргасан өргөдлийг дүрмийн хамт аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хянан үзэж, зөвшөөрөл олгох эсэхийг шийдвэрлэнэ. Олгосон зөвшөөрлийг үндэслэн сүм, хийдийг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага бүртгэнэ” гэж заасныг үндэслэсэн байх бөгөөд хуулиар Аймгийн нутаг дэвсгэрт шашны байгууллагатай харилцах, шашны байгууллагын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг олгох эрх нь хариуцагчид хуулиар олгогдсон байна. Харин зөвшөөрлийг цуцлахдаа Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 1-д “тухайн сүм, хийд өөрөө үйл ажиллагаагаа зогсоохоор шийдвэрлэсэн”, 2-т “Монгол улсын хууль тогтоомж зөрчигдсөн нь шүүхээр тогтоогдсон тохиолдолд зөвшөөрөл олгосон байгууллага тухайн сүм, хийдийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэсэн” гэсэн үндэслэлээр шашны байгууллагын үйл ажиллагааг зогсоохоор хуульчилсан байна.

            Нэхэмжлэгч “Дархан Христийн Чуулган” шашны байгууллага нь анх 2003 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр бүх гишүүдийн нэгдсэн хуралдаанаар “Дархан Христийн Чуулган” сүмийн дүрмийг баталж,  Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2003 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 152 дугаар тушаалаар “Дархан Христийн Чуулган” шашны байгууллагыг улсын бүртгэлд бүртгүүлж, РД 1043404 тоот регистрийн дугаартай 254 тоот гэрчилгээг авч үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд хамгийн сүүлд үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн  2014 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 9 дүгээр тогтоолоор 1 жилийн хугацаагаар сунгаж, 2015 оны 2 дугаар сард зөвшөөрлийн хугацаа дуусч, үйл ажиллагаа явуулах эрх дуусгавар болсон болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 09 дүгээр тогтоол, нэхэмжлэгчээс 2018 онд сунгуулах хүсэлт гаргасныг сумын Засаг даргын тамгын газрын ирсэн бичгийн бүртгэлд бүртгэсэн бүртгэл, нэхэмжлэгчээс аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэст хүргүүлсэн үйл ажиллагаа явуулахгүй байгаа тухай мэдэгдсэн 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн албан тоот /албан бичгийн дугааргүй/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

   Нэгэнт нэхэмжлэгч байгууллагын шашны байгуулагын үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийн хугацаа дуусч, үйл ажиллагаа явуулах эрх дуусгавар болсон байхад Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх заалт, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 11/02 тогтоолоор баталсан “Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт сүм, хийд байгуулах, зөвшөөрөл олгох, хяналт тавих, сунгах, цуцлах”   журмын 8 дугаар зүйлийн 8.2-д “холбогдох хууль тогтоомж, энэхүү журмыг ноцтой зөрчсөн тохиолдолд”, 8.3-д “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдээс аливаа шашны байгууллагын зөвшөөрлийг цуцалж, үйл ажиллагааг зогсоосон тухай шийдвэр гармагц ... мэдэгдэж, хэвлэл мэлээллийн хэрэгслээр нийтэд зарлана” гэснийг баримтлан зөвшөөрлийг цуцалсан нь агуулгын хувьд ойлгомжгүй, зөвшөөрлийг сунгах, цуцлах асуудлыг шийдвэрлэх нарийвчилсан хуулийн заалт биш байх ба мөн шийдвэр гаргахдаа баримталсан журам нь захиргааны хэм хэмжээний акт байх бөгөөд уг акт нь улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдээгүй, хүчин төгөлдөр бус болох нь Хууль зүй, дотоод хэргийн яамны 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 3-2/82 дугаарын лавлагааны хуудсаар тогтоогдож байна.

 Иймээс захиргааны байгууллагаас гаргасан маргаан бүхий акт нь хэрэгжих боломжгүй, захиргааны акт бодитой байх, хуульд үндэслэгдсэн байх шаардлагыг хангаагүй, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д “хуульд үндэслэх”, 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэх зарчимтай нийцэхгүй байх тул хариуцагч Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 28 дугаар тогтоолын  “Дархан Христийн Чуулган” шашны байгууллагад холбогдох хэсгийг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Монгол Улсын иргэний шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөг хангах баталгааг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 15/-д “шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөтэй” гэж тогтоож өгсөн бөгөөд шашин шүтэхтэй холбогдуулан шашны байгууллага үйл ажиллагаа явуулахдаа зохих зөвшөөрлийг олгох хүсэлтийг гаргаж шийдвэрлүүлэх, үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгох, эс олгох асуудлыг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хянан үзэж шийдвэрлэхийг Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулиар нарийвчлан зохицуулсан болно.

Иймд нэхэмжлэгч нь Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 4-т “Сүм хийд бие дааж буюу удирдах төвөөрөө уламжлан төрийн аль ч шатны байгууллагад асуудлаа тавих, харилцах эрхтэй” гэж зааснаар Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд шашны байгууллагын үйл ажиллагаа явуулах хүсэлтээ дахин гаргах эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                                                ТОГТООХ нь:

1.Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.10, Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Дархан Христийн Чуулган” шашны байгууллагын нэхэмжлэлээр хариуцагч Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 28 дугаар тогтоолын “Дархан Христийн Чуулган” шашны байгууллагад холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш  14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      З.ЭНХТУЯА