| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагважавын Түвшинжаргал |
| Хэргийн индекс | 154/2020/00025/Э |
| Дугаар | 154/2020/00031 |
| Огноо | 2020-05-18 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | Э.Алтанцэцэг |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 18 өдөр
Дугаар 154/2020/00031
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Түвшинжаргал даргалж,
Улсын яллагчаар хяналтын прокурор Э.Алтанцэцэг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганзориг,
Шүүгдэгч М.Отгонбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас шүүгдэгч******* овогт*******гийн*******ад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2037000000029 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
1. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Ховд аймгийн Алтай суманд 1990 оны 02 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Ховд аймгийн МТ группын ШТС-121 дүгээр салбарын хамгаалагч, түгээгч ажилтай, Ховд аймгийн Алтай сумын ******* багт оршин суух, РД:ПА90021016,******* овогт*******гийн******* гэв.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Шүүгдэгч М.Отгонбат 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Ховд аймгийн Алтай сумын Бодонч багийн нутаг дэвсгэр “Нарингийн ам” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр металл хайгч багаж ашиглан ашигт малтмалын эрэл, хайгуул, олборолт явуулсан гэмт хэрэгт холбогдож Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч М.Отгонбатын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Ховд аймгийн Алтай сумын Нарингийн ам гэдэг алт хайж очсон. 0.1 грамм орчим алт олсон. Монстер гэх өөрийн багажаар олборлосон. Уг багажыг би ахаасаа 800.000 төгрөгөөр худалдаж авсан. Мөнгийг нь бүрэн төлөөгүй байгаа. Үнэ тогтоор комисс уг багажыг 100.000 төгрөгөөр үнэлсэн. Гэм буруугаа хүлээн зөьшөөрч гэмшиж байна...” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч М.Отгонбатын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Ховд аймгийн Алтай сумын Нарингийн ам гэдэг газарт металл эрэгч багажаар алт хайж явж байгаад цагдаагийн ажилтантай тааралдсан. Баадай ах багажаа тавиад, би мөн металл эрэгч багажаа тавиад явсан...” гэх мэдүүлэг,
Хохирогч Э.Мягмарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Энэ газар нь урьд нь эвдэгдсэн нөхөн сэргээлт хийгдээгүй газар байсан учир ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг,
Х.Баадайгийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...2020 оны 4 дүгээр сарын 1-ний өглөө 10 цагийн орчимд гэрээсээ алт эрдэг металл хайгчаа аваад “Нарингийн ам” руу гарсан юм. Би “Нарингийн ам” руу явган явж очоод металл хайгчаа ажиллуулаад алтаа эрж хайгаад явж байхад манай хүү Мягмаржав ирээд манайхан гэр бүлээрээ хүрээд ирлээ. Охин Болороогийн төрсөн өдөр болж байгаа одоо гэртээ харьцгаая, машинаа доор тавьчихсан байгаа гээд ирсэн юм. Би хүү Мягмаржавдаа аав нь металл эрэгчээ жаахан тавьчихаад явъя гэж хэлээд металл хайгчаа тавиад алт хайж байтал цагдаагийн ажилчид ирсэн. ...Тэр өдөр би “Нарингийн аманд” алт хайгаад байж байхад манай хүү Б.Мягмаржав ирсний дараа Мухараагийн Отгонбат гэдэг залуу дээрээс мотоцикльтой алт эрэгч багажтай орж ирсэн. М.Отгонбат миний хажуугаар металл хайгчаа тавьж эрж хайсан юм. Би Нарингийн амнаас 0.1 грамм орчим алт олсон. М.Отгонбат мөн тэр хавиас 0.1 грамм орчим алт олсон...” гэх мэдүүлэг,
Гэрч Б.Мягмаржавын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Аав дээр очоод охины төрсөн өдөр болж байна таныг авахаар ирлээ доошоо гэрлүү бууцгаая гэж хэлээд байж байтал дээд уулнаас манай нутгийн******* гэдэг залуу мотоциклтой уулнаас бууж ирж бидний дэргэд ирээд металл эрэгч багажаа ажиллуулж алт хайсан. ...Манай аав барагцаагаар 0.1 грамм алт олсон, цагаан өнгийн эмний саванд алтаа хийсэн. М.Отгонбат мөн 0.1 грамм алт олж цагаан өнгийн эмний саванд алтаа хийсэн...” гэх мэдүүлэг,
- гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл
-хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл,
-гэрэл зургийн үзүүлэлтүүд
- эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл
- эд мөрийн баримтаар хураан авах тухай тогтоол
- эд зүйлийн үнэлгээ
-ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.
Шүүгдэгч М.Отгонбат нь 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Ховд аймгийн Алтай сумын Бодонч багийн нутаг дэвсгэр “Нарингийн ам” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр металл хайгч багаж ашиглан ашигт малтмалын эрэл, хайгуул, олборолт явуулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан гэрч Х.Баадай, Б.Мягсмаржав нарын мэдүүлэг, шүүгдэгч хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, яллагдагчаар татах тогтоол, яллагдагчийг байцаасан тэмдэглэл болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгч нарыг яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч М.Отгонбатыг 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Ховд аймгийн Алтай сумын Бодонч багийн нутаг дэвсгэр “Нарингийн ам” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр металл хайгч багаж ашиглан ашигт малтмалын эрэл, хайгуул, олборолт явуулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна.
Шүүгдэгч М.Отгонбатын үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан хүрээлэн байгаа орчны эсрэг “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулсан” гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулж байх тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч М.Отгонбатыг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан нь тогтоогдсон бөгөөд энэ гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэрэг байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас гаргуулах хохирол төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч М.Отгонбатад дээрхи зүйл, хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч М.Отгонбат нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гаргуулах хохирол төлбөргүй зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуульд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.
Хохирогч Э.Мягмарын “...энэ газар нь урьд нь эвдэгдсэн нөхөн сэргээлт хийгдээгүй газар байсан учир ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж мэдүүлсэн тул энэ хэрэгт хэлэлцэгдэх хохирол төлбөргүй байна гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч М.Отгонбат нь хууль бус үйлдэлдээ ашигласан Монстер-1000 маркийн багажны үнэ 100.000 төгрөг, 0.15 грамм шар өнгийн металл зэргийг улсын орлого болгож, ашиглах боломжгүй хүрз, илжгэн чих зэргийг устгах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч М.Отгонбат нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Нохойнхон овогт*******гийн*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Отгонбатад хорих ялыг оногдуулахгүйгээр түүнийг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.4-д зааснаар шүүгдэгч М.Отгонбатыг тэнссэн хугацаанд ашигт малтмал эрж, хайхтай холбоотой үйл ажиллагаа явуулах эрхийг хязгаарлах албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг 7.3 дугаар зүйлийн 4, 9 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хязгаарлалтыг зөрчсөн гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч М.Отгонбатад мэдэгдэж, хязгаарлалт тогтоосон этгээдэд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Шүүгдэгч М.Отгонбат нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, гаргуулах хохирол төлбөргүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-д зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Монстер-1000 маркийн багажыг хууль ёсны эзэмшигчид буцаан олгож, шүүгдэгч М.Отгонбатаас багажны үнэ 100000 / нэг зуун мянган/ төгрөг гаргуулж, 0.15 грамм шар өнгийн металлын хамт улсын орлого болгож, ашиглах боломжгүй илжгэн чих, хүрз зэргийг “Эд мөрийн баримт устгах комисс”-т шилжүүлэн устгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Отгонбатад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ТҮВШИНЖАРГАЛ