| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямдоржийн Адъяа |
| Хэргийн индекс | 167/2018/0062/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/70 |
| Огноо | 2018-05-28 |
| Зүйл хэсэг | 27.10.2.2., |
| Улсын яллагч | С.ЭНХНЯМ |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 2018/ШЦТ/70
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Адъяа даргалж,
Нарийн бичгийн дарга Г.Бямба-Эрдэнэ,
Хяналтын прокурор С.Энхням,
Шүүгдэгч Э.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Эт холбогдох эрүүгийн .... дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Э.Э,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/
Яллагдагч Э.Э нь 2018 оны 03 дугаар сарын 25-ны оройн 20 цагийн орчим Дорноговь аймгийн Сайншанд сум 5 дугаар багийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй атлаа мотоцикль жолоодон замын хөдөлгөөнд оролцож Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.2-т заасан “...тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй байх...”, 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасан “...жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, ...хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан хурдыг сонгон явна...” гэсэн заалтыг зөрчсөний улмаас өсвөр насны хохирогч А.Аийг мөргөж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Э.Э шүүхийн хэлэлцүүлэгт: “...мэдүүлэг өгөхгүй...” гэв.
Хохирогч А.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...зүүн хөлөөрөө замынхаа хашлага тулаад зогсож байсан чинь миний өмнөөс гэрэлгүй мотоцикльтой хүн ирж мөргөөд би газар унасан. Тэр үед мотоцикльтой ах гэрлээрээ дохио өгөөгүй мөн сигналдаагүй гэнэт ирээд мөргөсөн... миний баруун гар бугуйгаар хугарсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас /,
Гэрч С.Оы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...Манай дүү А нь 6 настай эрэгтэй хүүхэд бөгөөд...Замын хашлагын хажууд намайг хүлээгээд зогсож байхад нь ирээд мөргөчихсөн...манай дүүг ирж мөргөөд зогссон...унадаг дугуйных нь урдаас мөргөсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26, 28 дугаар хуудас /,
Хохирогч А.Аийн биед хүндэвтэр гэмтэл учирсан талаар тогтоосон Аймгийн шүүхийн шинжилгээний албаны .. дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 39 дүгээр хуудас /,
2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн зам тээврийн ослын талаар тогтоосон шинжээчийн дүгнэлт /хх-ийн 33 дугаар хуудас /,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ий- 5- 9 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Э.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...Надад тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх гэж байхгүй... замын эсрэг урсгалаар машин ирж байсан ба уг машины гэрлийн гялбаанд ороод юм харагдах боломжгүй болсон... миний явж байсан чиглэлийн замын хажуу талын хашлагын хажууд дугуйтай хүүхэд миний урдаас хараад зогсож байсан ба би сандарсандаа тормоз гишгэсэн боловч уг дугуйтай хүүхдийг мөргөчихсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 52-53 дугаар хуудас/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-77 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Э.Э нь 2018 оны 03 дугаар сарын 25-ны оройн 20 цагийн орчим Дорноговь аймгийн Сайншанд сум 5 дугаар багийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй атлаа мотоцикль жолоодон замын хөдөлгөөнд оролцож Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.2-т заасан “...тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй байх...”, 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасан “...жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, ...хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан хурдыг сонгон явна...” гэсэн заалтыг зөрчсөний улмаас хохирогч А.Аийг мөргөж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.
Шүүгдэгч Э.Эыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж осол гаргасны улмаас хохирогч А.Аийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Хавтаст хэргийн 120 дугаар хуудаст хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Туул “... миний хохирлыг бүрэн барагдуулсан тул надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Э.Эт ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, өөрийн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрч хохирол төлбөрөө төлж барагдуулсан зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзсэний үүднээс ....... жил хорих ял шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул ..... жилийн хугацаагаар тэнсэж, түүний хувийн байдал, гэм буруугийн тал дээр маргаагүй зэргийг харгалзан үзээд үүрэг болгох албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагагүй гэж шүүх үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйл үгүй, шүүгдэгч Э.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт тус шүүхэд ирээгүй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Э.Эыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж осол гаргасны улмаас хохирогч А.Аийг мөргөж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 / хоёр / жилийн хугацаагаар хасаж, 1 / нэг / жил хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.Эт оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эт оногдуулсан 1 / нэг / жилийн хорих ялыг 1 / нэг / жилийн хугацаагаар тэнссүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйл үгүй, шүүгдэгч Э.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Н.АДЪЯА