Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 115/ШШ2020/0015

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

               Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сийлэгмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

             Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар багт оршин суух, иргэн Хутаг-Уул овогт Д-ийн Б-ийн нэхэмжлэлтэй,

           Хариуцагч: ДГА-ийн Мэргэжлийн хяналтын газрын даргад холбогдох,

          Нэхэмжлэлийн шаардлага: ДГА-ийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн “Сахилгын шийтгэл оногдуулах тухай” Б/07 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, уг тушаалын дагуу суутган тооцсон 154,609 төгрөгийг гаргуулах  шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Б, түүний өмгөөлөгч З.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

        Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:  ДГА-ийн Мэргэжлийн хяналтын газрын дарга М.М нь 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Б/07 дугаартай тушаалаар надад сахилгын шийтгэл ногдуулсан. Би сахилгын шийтгэл хүлээхээр зөрчил дутагдал гаргаагүй, Төрийн албаны хууль зөрчөөгүй, үндэслэлгүйгээр сахилгын шийтгэл хүлээлгэж байгаад гомдолтой байна.

      2020 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр тус аймгийн “Ханги” боомтод хилээр нэвтэрч байгаа ачааны автомашинд болон кабинд ариутгал халдваргүйжүүлэлт хийлгүүлэхээр явуулна гэж газрын дарга М.М 4 сарын 10-ны хурал дээр хэлсэн. Гэвч намайг томилолтонд явах өдөр ээжийн бие өвдөөд зайлшгүй харж асрах шаардлагатай болсон. Түргэний эмч үзээд харвалтын шинж илэрч байна гээд даралт бууруулах тариа хийж өгөөд ажиглаж харзнаад байж бай гэж зөвлөөд явсан. Би томилолтонд явж чадахааргүй болчлоо гээд хэлтсийн даргад утсаар хэлэхэд газрын даргад хэл гэсэн. Газрын даргад өөрийнхөө явж чадахгүй болсон учир шалтгаанаа хэлэхээр утсаар залгатал утсаа ердөө авахгүй байсан. Тухайн өдөр “Ханги” боомт руу ажилчдыг авч явах авто замын улсын хяналтын байцаагч******* руу яриад...ээжийг харахаар эгч хотоос ирж яваа түр хүлээж байхгүй юу гэхэд би мэдэхгүй, дарга мэднэ гэснээс өөр зүйл хэлээгүй. Харин маргааш нь газрын дарга намайг худлаа ярилаа, сахилгын арга хэмжээ ав гэж төрийн захиргаа, эрсдэлийн удирдлагын хэлтсийн даргад үүрэг өгсний дагуу надад сахилгын арга хэмжээг авахаар болсон юм.

       2020 оны 04 сарын 03-ны өдөр Төрийн захиргаа, эрсдэлийн удирдлагын хэлтсийн дарга У.Г дарга өрөөндөө дуудаад Ханги боомт руу явж ариутгал халдваргүйжүүлэлтийн ажил гүйцэтгэн хийх талаар хэлсэн. Гэхдээ хэзээ явахыг нь тодорхой хэлээгүй, надад ямар нэгэн томилолтонд явахаар гарсан албан бичиг танилцуулаагүй. Тэгэхээр нь би 4 дүгээр  сарын 4-нд амралтын өдөр эхнэр төрөх дөхсөн болохоор хөдөө шөлний хонинд яваад 1 хоноод ирсэн. Тухайн үед утас сүлжээгүй болчихсон байсан. Маргааш нь ажилдаа ирэхэд 4 сарын 5-нд залгахад утсаа нээхгүй, санаатайгаар утсаа унтраасан, хэлж яриагүй явлаа гээд байсан. Дараа нь сонсоход 4 сарын 5-нд Ханги боомт руу явах ажилчдын томилолт бичигдсэн гэж байсан.

        2020 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын даргын “Уул уурхайн бүтээгдэхүүн экспортын тээвэрлэлтийн үйл ажиллагааг онцгой нөхцөл байдалд зохион байгуулах түр журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.2-т ...Хилийн боомт дахь мэргэжлийн хяналтын байгууллагын ариутгалын ажилтан хийж гүйцэтгэнэ. Мөн журмын 5 дугаар зүйлийн 5.9-т ариутгалын ажилтныг халдваргүйжүүлэлтэд зайлшгүй шаардлагатай тоног төхөөрөмж, хувийн хамгаалах хувцас, хэрэгслээр бүрэн хангаж, аюулгүй ажиллагааны зааварчилгааг өгсөн байна гэж заасан. Ариутгал халдваргүйжүүлэлтийг тусгай сургалтанд сууж мэдлэг эзэмшсэн ариутгал халдваргүйжүүлэлтийн ажилтан хийхээр журмаас харагдаж байна. Үүнээс харахад ч мэргэжлийн бус ажилтанг томилолтонд явуулахаасаа өмнө энэ бүгдийг зааж зөвлөж сургасан байхаар байхад ямар ч заавар зөвлөлгөөгүйгээр гэнэт томилолтонд явахыг үүрэгдэж, ар гэрийн хүндэтгэн үзэх шалтгаан нөхцлийг анхаарч үзэлгүй үндэслэлгүйгээр сахилгын шийтгэл хүлээлгэж байна. Ер нь байгууллагын дарга байнга надад ажлын байрны дарамт шахалтыг үзүүлдэг.

       Мөн байгууллагын дотоод хяналтын нэгжийн дүгнэлтийг үндэслэн сахилгын шийтгэл хүлээлгэж байгааг зөвшөөрөхгүй байна. Байгууллагын дотоод хяналтын нэгжийн дарга******* 4 сарын 09-ний өдрийн 16 цаг 50 минутын үед намайг гадуур шалгалтаар явж байх үед 4 сарын 05-ны өдөр ямар учраас Ханги хилийн боомт руу явж чадахгүй болсон талаараа тайлбараа өгөөрэй, чи 4 сарын 12-нд Ханги явахаар юм байна гэсэн зүйлийг утсаар хэлж байсан. Гэхдээ дүгнэлтэд 4 сарын 12-нд Ханги боомт руу явж чадахгүй болсон талаараа тайлбараа өгөөрэй гэж хэлээгүй байж надад удаа дараа үүрэг даалгавар биелүүлээгүй гэсэн зүйлийг тусгаж гэнэт л сахилгын арга хэмжээ авахаар дүгнэлт гаргасныг танилцуулсан бөгөөд би хүлээн зөвшөөрч гарын үсэг зураагүй. Миний ар гэрт тохиолдсон хүндэтгэн үзэх шалтгаан нөхцөл байсан эсэхийг баримт материалын бүрдлээр мэдэх боломж байсаар байхад зөвхөн нэг талыг барьж шийдвэрлэсэн, Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах түүнд гомдол гаргах журмын 2 дугаар зүйлд заагдсан ажиллагаа хийгдээгүйгээр дүгнэлт гаргасан. Мөн манай байгууллагын ёс зүйн зөвлөл шалгах ёстой асуудлыг дотоод хяналтын нэгж дүгнэлтдээ оруулсан байна.

        Миний хувьд Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 1.13-ыг зөрчсөн зүйлгүй. Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч нь хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах чиг үүрэгтэй би энэ үүргээ сайн гүйцэтгэсэн. Хөдөлмөрийн дотоод журмын 4.2-той холбогдуулан тайлбар хэлэхэд ажлын байрны тодорхойлолтод хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч яг юу хийх ёстой гэдгийг тодорхойлсон болохоос дарга намайг очоод туслах ариутгагч хий гэснийг хэлдэггүй юм.

         Мэргэжлийн хяналтын газрын төрийн захиргаа, эрсдлийн удирдлагын дарга Ганбаатарын 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр гаргасан тайлбарт “4 дүгээр сарын 03-ны өдөр хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч *******ийг түр хугацаагаар Ханги боомтод томилолтоор ажиллуулахаар томилсон” гэсэн байна. Гэтэл бичиг хэргийн ажилтан Сэлэнгээ 4 дүгээр сарын 05-ны өдөр томилолтыг нь гаргасан гэдэг. Томилолтын хуудас бол гэрээсээ хол ажиллаж байгаа албан хаагчид хоол, байрны мөнгө олгох санхүүгийн баримт болохоос тухайн албан хаагчийг удирдамжийн дагуу үүрэг гүйцэтгэ гэж заасан бичиг биш.

       Иймээс Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2020 оны 04 сарын 24-ний өдрийн Б/07 тоот тушаалыг хүчингүй болгож, 2 сарын хугацаагаар үндсэн цалинг 10% бууруулсан 154609 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

         Нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн сахилгын шийтгэл ногдуулсан Б/07 дугаар тушаалд Төрийн албаны тухай хуулийн 48.1 дүгээр зүйлийг үндэслээгүй байдаг. Уг зүйлд хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн тохиолдолд сахилгын шийтгэл ногдуулахаар заасан байдаг.  Сахилгын шийтгэл ногдуулахдаа дотоод хяналтын нэгжийн 01 тоот дүгнэлтийг үндэслэсэн. Гэтэл тэр дүгнэлтэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлж байгаа шиг Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 1.13-г зөрчсөн байна гэж дүгнэгдээгүй.

          Дотоод хяналтын нэгжийн дүгнэлтийг харахад эргэлзээтэй, үндэслэл бүхий байж чаддаггүй. 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Ганбаатар дотоод хяналтын нэгждээ мэдээлэл хүргүүлэх тухай гэсэн бичиг хүргүүлсэн. Гэтэл уг мэдээлэл хүргүүлэх тэмдэглэлдээ 2020  оны 3 дугаар сарын 25-ны өдрийн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын А/44 тоот тушаал, 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн А/17 дугаартай Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай гэсэн 2 тушаалыг ******* зөрчсөн байгаа тул байгууллагын дотоод хяналтаар хэлэлцэж шийдвэрлэнэ үү гэж тусгасан. Гэтэл энэ 2 тушаалын яг аль заалтыг зөрчсөн гэдэг нь тодорхойгүй. 17 тоот тушаал нь хариуцлагатай жижүүрийн хуваарь гаргасан тул энэ тушаалыг ******* зөрчөөгүй. Мөн А/44 тоот тушаал нь 4 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, ерөнхий болон хариуцлагатай жижүүрийн ямар үүрэгтэй ажиллахыг тусгасан учраас ******* энэ тушаалыг зөрчсөн зүйлгүй. Гэтэл *******ийг энэ 2 тушаалыг зөрчсөн гэж дотоод хяналтын нэгждээ мэдээлэл хүргүүлж уг мэдээллийн дагуу шалгаж дүгнэлт гаргасан. Дүгнэлтээс харахад 4 дүгээр сарын 05-ны өдрийн асуудал нь 4 дүгээр сарын 12-ны өдөр болсон юм шиг харагдаад байна. Гэтэл 4 дүгээр сарын 05-ны өдрийн хариуцлагатай жижүүр Нандинцэцэг 25 удаа улсын байцаагч руу залгахад холбогдох боломжгүй байсан гэсэн. Тухайн үйл ажиллагааг зохион байгуулахдаа явах боломжтой эсэх нөхцөл байдлыг тогтоогоогүй, явах боломжгүй болсон тохиолдолд хэнд хандаж хэлэх ёстой гэх мэт асуудлыг нарийн хэлэлцэж тогтоогоогүй зөвхөн нэг талын байр сууринаас буруутгаад байгаа.  Тэгээд дүгнэлтдээ ******* нь байгууллагын удирдлагаас өгсөн хууль ёсны үүрэг даалгаврыг 2 удаа биелүүлээгүй гэж бичсэн. Удирдамжгүй шаардлагыг юуг нь биелүүлээгүй гээд байгаа нь ойлгомжгүй. Ийм учраас дотоод аудитын дүгнэлт ойлгомжгүй дүгнэгдсэн гэж үзэж байна.

        Мөн сахилгын шийтгэл ногдуулахдаа тухайн байгууллагын дотоод журмын 4.2 дугаар заалтыг үндэслэл болгосон гэвч 4.2 бол сахилгын шийтгэл ногдуулах заалт биш, зөвхөн ажилтан, албан хаагчийн эрх, үүргийг тусгасан заалт. Мөн журмын 12 дугаар хэсэгт сахилгын шийтгэл болон эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэх талаар зохицуулалтууд тусгагдсан байдаг. Гэтэл үүнийг зөрчсөн эсэхийг тогтоосон зүйлгүйгээр сахилгын шийтгэлийг ногдуулж байгаа нь үндэслэлгүй юм.

        Ханги хилийн боомтод Д.Б хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчаар ажиллахаар болвол Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52-т зааснаар төлөвлөгөөт бус шалгалтаар ажиллана. Тус хуулийн 52.1-т “Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээлэл, эрх бүхий байгууллагын шийдвэрээр, түүнчлэн осол аваар, халдварт өвчин, хордлого зэрэг хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд шууд буюу шууд бусаар хор хохирол учруулсан тохиолдолд болон хууль тогтоомжид заасан бусад үндэслэлээр хийнэ” гэж, 52.3-т “Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг гагцхүү түүнийг явуулах болсон үндэслэл, удирдамжид заасан асуудлын хүрээнд хийнэ” гэж тус тус заасан. Мөн нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн Мэргэжлийн хяналтын газрын норм, стандартыг батлах тухай тушаалд зөвлөн туслах үйлчилгээ хийж байгаа нөхцөлд аймгийн Мэргэжлийн хяналтын байгууллагын дарга удирдамж баталсан байхаар стандартын шаардлага тавигдсан.

         Гэтэл Ханги боомт руу ажилчдыг явуулах талаар гаргасан байгууллагын даргын баталсан удирдамж байдаггүй бөгөөд удирдамжид заагдаагүй нөхцөлд ажиллахаар шаардах нь үндэслэлгүй юм. Нэхэмжлэл өгснөөс хойш, захиргааны хэрэг үүсгэсний дараа шүүгчээс удирдамж болон томилолтын хуудсаа хэрэгт хавсаргаж өг гэж захирамждаа тусгасан байдаг. Хариуцагч хэдийгээр томилолтын хуудсыг хавтаст хэрэгт хавсаргаж өгсөн хэдий ч удирдамж байхгүй гэдгийг анхаарч үзэх хэрэгтэй. Тэгэхээр удирдамж батлаагүй байж сахилгын шийтгэл ногдуулж байгаа нь үндэслэлгүй байна.

        Мөн Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмын 2.5 дахь хэсэгт зааснаар дотоод хяналтын нэгж сахилгын шийтгэл ногдуулах эсэх талаар дүгнэлт гаргаад, албан хаагчийг томилсон эрх бүхий албан тушаалтанд танилцуулж, сонсох ажиллагаа явуулж байж сахилгын шийтгэл ногдуулна. Гэтэл энэ шаардлагыг хангаагүй, өөрөөр хэлбэл дотоод хяналтын дүгнэлт гаргаад, уг дүгнэлтэд үндэслэн сахилгын шийтгэл ногдуулсан. Тиймээс сахилгын шийтгэл ногдуулсан тушаал үндэслэлгүй байна гэж үзэж байна.

     Гэрч Б-ийн мэдүүлэгт туслах ариутгагчаар ажиллах хуваарьтай байдаг гэж хэлсэн байдаг. Гэтэл тээвэр зохицуулалтын журмаараа энэ нь үгүйсгэгддэг. Байгууллагын даргын тушаал гараагүй байхад туслах ариутгагчаар ажиллах хуваарьтай байсан гэж мэдүүлэг өгч байгаа нь үндэслэлгүй. Гэрч Сэлэнгэ мэдүүлэгтээ алба хаагчдыг гэнэт томилж явуулдаг учраас заавал гар утсаа асаалттай байлгах ёстой гэж хэлсэн байна. Гэтэл өнөөдрийн нөхцөл байдалд утас гэнэт эвдрэх, цэнэггүй болох гээд ямар нэгэн шалтгаан гарч болно. Томилолтын бичиг тухайн өдрөө гарсан болохоос өмнөх өдөр нь гараагүй. Хурлын тэмдэглэл дээр аль чиглэлд, хаашаа явж ажиллах нь тэмдэглэгдээгүй. ******* өмнө нь сахилгын шийтгэл авч байгаагүй.  Журмын 5.1-т заасны дагуу сахилгын шийтгэлтэйд тооцоогүй байхад заавал цалин бууруулах шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй. Иймд сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэв.

       Хариуцагчийн шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Тус Мэргэжлийн хяналтын газарт Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч ажилтай Д.Б-т Мэргэжлийн хяналтын газрын даргын 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Б/07 дугаартай тушаалаар цалингийн хэмжээг 2 сарын хугацаагаар 10 хувиар бууруулах сахилгын шийтгэл оногдуулсан.

       Д.Б нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.13-т заасан албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах үүргээ биелүүлээгүй, /Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн албан тушаалын тодорхойлолтын 1 дүгээр зорилт буюу Мэргэжлийн хяналтын төв байгууллагын холбогдох бодлого, төлөвлөлтийг орон нутагт хэрэгжүүлэх зорилтын хүрээнд “Цаг үеийн шинжтэй болон онцгой нөхцөл байдалд зохих журмын дагуу ажиллах” гэсэн заалтыг зөрчсөн. Учир нь цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан Мэргэжлийн хяналтын байгууллага системийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах, МХЕГ-ын даргаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу өндөржүүлсэн бэлэн байдлын үед цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан албан хаагчид гар утсаа тогтмол нээлттэй байлгах, ажлын бус цагаар хувийн ажлаар явахдаа мэдэгдэж байхыг тухай бүр үүрэгжүүлж байхад ******* нь гар утсаа салгаж байгууллагын даргаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй/. Энэ талаар Мэргэжлийн хяналтын газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/12 дугаартай тушаал гарч нийт албан хаагчдад танилцуулж, мөрдөн ажиллаж байсан.

         Мөн байгууллагын “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.2-т заасан “Албан хаагч ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн болон ...удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг шуурхай гүйцэтгэж, биелэлтийг хугацаанд нь эргэн танилцуулж, захирах, захирагдах ёсыг чанд баримтлан ажиллана” гэсэн үүргээ биелүүлээгүй.

       Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн 2.1.7-д заасан “захирах, захирагдах ёсыг сахин биелүүлнэ гэснийг, 3.1.7.и-д заасан “удирдлагаас өгсөн үүрэг, даалгаврыг цаг тухайд нь биелүүлэх” гэснийг тус тус зөрчсөн гэж үзэж байна.

      Мэргэжлийн хяналтын газрын даргын тушаалаар “Ханги” боомтод томилолтоор ажиллах улсын байцаагч нарын хуваарийг Мэргэжлийн хяналтын газрын даргын тушаалаар баталдаг бөгөөд 2020 оны “Ханги” хилийн боомтод томилолтоор ажиллах хуваарь 01 дүгээр сарын 02-ны өдрийн А/01 тоот тушаалаар батлагдсан. Дэлхий нийтээр цар тахал буюу Covid-19 өвчин гарсантай холбогдуулан “Ханги” хилийн боомт онцгой нөхцөлд ажиллаж, байцаагч нар дээрх хуваарийн дагуу ажиллаагүй ба улсын байцаагч Д.Б-ийн хувьд томилолтоор ажиллах хуваарь нь өнгөрчихсөн байсан.

        Байгууллагын дарга нөхцөл байдлаас шалтгаалан Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас өгсөн чиглэлийн дагуу албан хаагчдын нөөц, нөхцөл бололцоог хангаж ажиллаж байсан ба улсын байцаагч нарыг хоёр, хоёроор нь ээлжлэн Ханги хилийн боомтод томилолтоор ажиллуулж, улсын байцаагч *******ийг удаа дараа томилолтоор ажиллах үүрэг өгсөн боловч ажиллаагүй. Хөдөлмөрийн  хяналтын улсын байцаагч *******ийн энэ үйлдэл нь дээрх хууль, журам, албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ биелүүлээгүй нь хангалттай нотлогдож байх тул сахилгын шийтгэл ногдуулсан болно.

         Сахилгын шийтгэлийг оногдуулахдаа Захиргааны ерөнхий хууль болон “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмын дагуу” шийдвэрлэсэн. Байгууллагын даргын хувьд төрийн албаны захирах, захирагдах ёсыг баримталж ажиллахаас илүү онцгой нөхцөл байдлын үед Төрийн албаны эрхэм зорилго болох Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг чандлан баримталж, үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан ард түмэндээ үйлчилж, төрд чин үнэнчээр зүтгэж, манай улс оронд төдийгүй дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед ард иргэдийнхээ эрүүл мэнд, аюулгүй байдлын төлөө ажиллан шийдвэр гаргахад дээрх үйлдлээр төрийн албыг хэрэгжүүлэхэд саад учруулж байгаа албан хаагчид шат дараатайгаар арга хэмжээ авсан болно.

        Иймд Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Д.Б-ийн гаргасан Мэргэжлийн хяналтын газрын даргын 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Б/07 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.

         Д.Б хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчаар явах байсан бол төлөвлөгөөт бус хяналт шалгалтын удирдамжтай явах байсан талаар өмгөөлөгч ярьж байна. Голомттой бүсээс Ханги хилийн боомтоор өчнөөн тээврийн хэрэгсэл ашигт малтмал тээвэрлэж байгаа энэ онцгой нөхцөл байдалд байцаагч нар төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус шалгалтаар яваагүй гэдэг нь тодорхой. Гэхдээ тангараг өргөсөн төрийн албан хаагчийн хувьд тэнд аваар осол гарахад ажиллах үүрэгтэй. Очсон байцаагч нар ариутгагчаар болон экспорт, импортын бичилт гэх мэт хэд хэдэн чиглэлээр ажиллаж байсан. Тиймээс Д.Б-ийг зөвхөн ариутгагчаар ажилла гэж хэлээгүй.

       Мөн түүнийг гэнэт явуулахаар томилоогүй, 3 дахь өдрийн хурал дээр нь Г дарга боомт яв гэж Д.Б-т үүрэг өгсөн. Хэлтсийн дарга Төмөрбаатарын аав нь өвдөөд сар гаруй чөлөөтэй байсан тул Ганбаатар дарга албан хаагчдаа зохион байгуулан удирдаж байсан. Ханги хилийн боомтод ариутгагчийн орон тоон дээр хүн ажиллаж байгаа, нөхцөл байдалтай холбогдуулан нэмэлтээр байцаагч нар очиж ажиллаж байгаа.

         Дэлхий нийтээр хүнд нөхцөл байдалтай байхад хувийн асуудлаа яриад байж болохгүй. Тухайн үед эхнэр нь төрөх болоогүй байсан. Ямар ч хүн хувийн ажлаа яриад ард үлдэж болно, гол нь сэтгэл дутсан. Системийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байсныг Д.Б өөрөө маш сайн мэдэж байсан. Д.Б нь хувийн харьцаа, хандлагын хувьд байгууллага дээрээ байнга өөрийгөө өмөөрсөн тайлбарыг гаргадаг.

        Өдөрт Ханги хилийн боомтоор онцгой бүсээс ашигт малтмал тээвэрлэсэн 50-60 автомашин өнгөрдөг. Тэнд ариутгал хийдэг 5 ажилтны 4 нь эмэгтэй. Тийм учраас манай байгууллагаас байцаагч нарыг хоёр, хоёроор нь явуулдаг байсан. Энэ долоо хоногоос дуусч байгаа. Бусад байцаагч нар бүгд яваад 7 хоног ажиллаад ирж байхад Д.Б ганцаараа яваагүй. Энэ жил хүнд нөхцөл байдалтай байхад удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, биеэ өмөөрсөн тайлбар шалтаг хэлдэг.

        Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийн 5.2-т тухайн албан хаагчийн дээд шатны албан тушаалтан, эсхүл уг байгууллагын дотоод хяналт шалгалт хариуцсан нэгж, албан тушаалтан ажилладаг бол тэрхүү нэгж, албан тушаалтан мэдээллийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор холбогдох журмын дагуу шалгалт явуулж шийдвэрлэнэ гэж заасан. Ёс зүйн зөвлөл шийдвэрлэнэ гэсэн заалт байхгүй тул энэ журмын дагуу дотоод хяналтын нэгж шийдвэрлэсэн. Төрийн жинхэнэ алба хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмын 3.4.1 дэх заалтад заасан “санаатайгаар зөрчил гаргасан” гэсэн нөхцөлд нийцсэн тул сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлтэй байна гэж дотоод хяналтын нэгжийн дүгнэлтэд байна. Тэгэхээр үүнийг үндэслэлгүй гэж үзэхгүй байна. Тиймээс Мэргэжлийн хяналтын газрын даргын 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн Б/07 дугаартай тушаалыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

          Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Б/07 дугаар тушаалаар[1], Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.2, байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 4.2 дахь заалт, тус газрын Дотоод хяналтын нэгжийн 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 01 тоот дүгнэлтийг тус тус үндэслэн “албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангалтгүй биелүүлж, цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг гүйцэтгэхээс татгалзаж, төрийн албаны захирах, захирагдах ёсны зарчмыг баримтлаагүй зэрэг сахилгын зөрчил дутагдал гаргасан” гэх үндэслэлээр Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Д.Б-т албан тушаалын цалингийн хэмжээг 2 сарын хугацаагаар 10 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулж, уг тушаалын дагуу түүний албан тушаалын цалинг 2020 оны 4, 5 дугаар сард тус тус 10%-иар буюу 77304 төгрөгөөр, нийт 154,609 төгрөгөөр бууруулан тооцож олгосон байна.[2]

        Нэхэмжлэгч нь дээрх тушаалыг эс зөвшөөрч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...хүндэтгэн үзэх шалтгаантай байхад түүнийг шалгаж тогтоолгүй, үндэслэлгүйгээр сахилгын шийтгэл ногдуулсан, ...дотоод хяналтын нэгж Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах журмын 2-т заасан ажиллагааг хийгээгүй, ...маргаан бүхий тушаалын үндэслэлд Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсгийг баримтлаагүй бөгөөд мөн хуулийн 37.1.13-т заасныг хангалтгүй биелүүлсэн зүйл байхгүй,  Ханги боомтод ариутгагчаар ажиллах нь ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг биш, ...журамд зааснаар ариутгагчаар ажиллахад сургалтад хамрагдахаар байхад ямар ч сургалтад хамруулаагүй гэнэт томилолтоор явахыг шаардсан, ...ерөнхий шаардлага стандартад зааснаар газрын даргын баталсан удирдамжаар томилолтоор ажиллахаар байтал  удирдамж гараагүй, ...аймгийн Засаг даргын захирамжаар батлагдсан загварын дагуу сонсох ажиллагааг явуулаагүй” гэх агуулгаар тайлбарлан маргаж байна.

          а/. “Маргаан бүхий тушаалыг гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсгийг баримтлаагүй, ...мөн хуулийн 37.1.13-т заасныг хангалтгүй биелүүлсэн зүйл байхгүй, ...Ханги боомтод ариутгагчаар ажиллах нь ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг биш” гэх үндэслэлүүдийн тухайд:

         Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулахтай холбоотой харилцааг зохицуулсан Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлүүдийг  “...энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд” хэмээн тодорхойлж, 48.1.1-48.1.4-т сахилгын шийтгэлийн төрлүүдийг хөнгөнөөс нь хүндрүүлэх байдлаар нэрлэн зааж улмаар уг шийтгэлүүдийг заавал дэс дараалан хэрэглэхгүй гэдгийг 48.2-т журамлан зохицуулжээ.

       Хариуцагч албан тушаалтнаас, маргаан бүхий тухайн захиргааны актыг гаргахдаа хууль зүйн үндэслэлд нь төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг тодорхойлсон хуулийн дээрх зохицуулалтыг буюу Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсгийг тухайлан баримтлаагүй байх боловч уг захиргааны актыг гаргах болсон бодит нөхцөл байдлын талаар хариуцагч нь “нэхэмжлэгч нь мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.13-т “албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах”-ыг буюу тус аймгийн Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн “Албан тушаалын тодорхойлолт”-ын 1 дүгээр зорилт буюу Мэргэжлийн хяналтын төв байгууллагын холбогдох бодлого, төлөвлөлтийг орон нутагт хэрэгжүүлэх зорилтын хүрээнд “Цаг үеийн шинжтэй болон онцгой нөхцөл байдалд зохих журмын дагуу ажиллах” гэснийг  биелүүлэлгүй, цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан системийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж гар утсаа тогтмол нээлттэй байлгах, ажлын бус цагаар дуудагдан ажиллахад байнга бэлэн байхыг тухай бүр үүрэгжүүлж байхад гар утсаа унтрааж улмаар байгууллагын удирдлагаас өгсөн томилолтоор ажиллах үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй” гэх тайлбарыг гаргаж хууль зүйн үндэслэлээ тодруулан тайлбарлаж байна

       ДГА-ийн Мэргэжлийн хяналтын газрын даргын “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжих тухай” 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/12 дугаар тушаалын 1 дэх заалтаар[3] БНХАУ болон дэлхийн улс орнуудад шинэ коронавирусийн тархалт эрс нэмэгдэж байгаа нөхцөлд Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон аймгийн хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй  холбогдуулан “аймгийн Мэргэжлийн хяналтын байгууллагын нийт ажилтан, албан хаагчдыг 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс мөн оны 03 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн ажлын тусгай горимоор ажиллуулах”-аар шийдвэрлэж, 4.8 дахь заалтаар[4] “Ажилтан бүр гар утсаа байнга нээлттэй байлгаж, албан ажлын шаардлагаар дуудагдан ажиллахад бэлэн байх”-ыг нийт албан хаагчдад үүрэг болгосон байх бөгөөд улмаар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2020 оны 03 дугаар сарын 03-ны А/13 дугаар тушаалаар[5] 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл, 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/17 дугаар тушаалаар[6] 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл тус тус сунгасан байна.

        Мөн энэхүү өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн тухайн цаг үед, тус аймгийн нутагт орших Ханги хилийн боомтод уул уурхайн бүтээгдэхүүний экспортын тээвэрлэлтийн үйл ажиллагааг онцгой нөхцөл байдалд зохион байгуулж байгаатай холбогдуулан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын албан хаагч /улсын байцаагч, хэлтсийн дарга нар/-дыг ээлжээр тус боомтод томилолтоор ажиллуулсан байх бөгөөд нэхэмжлэгчийн тухайд 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс болон 04 дүгээр сарын 12-ны өдрөөс тус тус томилолтоор ажиллахаар байсан боловч явж ажиллаагүй нь түүнд сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болжээ.

        Тус газрын Төрийн захиргаа, эрсдлийн  удирдлагын хэлтсийн дарга У.Г 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр буюу Баасан гаригт нэхэмжлэгчийг Ханги хилийн боомтод томилолтоор ажиллах болсныг нь мэдэгдсэн улмаар 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс Ханги хилийн боомтод томилолтоор ажиллах албан хаагчдыг 2020 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн Ням гаригт утсаар дуудан байгууллага дээр цуглуулан томилолтыг нь шууд бичиж явуулсан, тухайн үед нэхэмжлэгч *******т хэл дуулгахаар байгууллагын хариуцлагатай жижүүрээс түүний хоёр утас /скайтель, моби/ руу нийт 20 гаруй удаа залгахад холбогдох боломжгүй байснаас нэхэмжлэгч явалгүй үлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

         Улмаар нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Ханги боомтод ариутгагчаар ажиллах нь миний ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг биш, ...албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ сайн хэрэгжүүлсэн” хэмээн Төрийн жинхэнэ албан хаагчийн 2020 оны 1 дүгээр улирлын гүйцэтгэлийн тайланг нотлох баримтаар гаргаж өгсөн ба гэвч энэ нь түүний энэхүү тайлбарыг нотлохгүйн дээр тухайн маргаанд шууд хамааралгүй байна.

       Хэрэгт авагдсан Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн “Албан тушаалын тодорхойлолт”-д уг албан тушаалтныг “ариутгагчаар ажиллуулах талаарх” чиг үүрэг тухайлан тусгагдаагүй байх боловч уг тодорхойлолтын “Мэргэжлийн хяналтын төв байгууллагын холбогдох бодлого, төлөвлөлтийг орон нутагт хэрэгжүүлэх” талаарх 1 дүгээр зорилтын хүрээнд хэрэгжүүлэх  6 чиг үүргийн 5-д “Цаг үеийн шинжтэй болон онцгой нөхцөл байдалд зохих журмын дагуу ажиллах” гэж заасан, тухайн цаг үед Ханги хилийн боомтод нүүрсний экспортын тээвэрлэлт хийж байгаатай холбогдуулан тус газрын албан хаагчдыг тус боомтод хүч нэмэгдүүлэх байдлаар томилолтоор ажиллуулах үүрэг чиглэлийг хариуцагч албан тушаалтнаас өгсөн, энэ нь тухайн чиг үүргийн хүрээнд биелүүлж ажиллах үүрэг байх бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгчийг албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилтыг бүхэлд хангалтгүй биелүүлсэн гэж үзээгүй  зөвхөн тухайн чиг үүргийг биелүүлээгүй гэх үндэслэлээр түүнд сахилгын шийтгэл ногдуулсан байна. Мөн түүнчлэн нэхэмжлэгчийн гаргаж өгсөн нотлох баримтаар тухайн албан хаагчийн 2020 оны 1 дүгээр улирлын ажил 90-100 хувийн гүйцэтгэлтэй болохыг баталж байх боловч мөн оны 2 дугаар улиралд хамаарах маргааны үйл баримтад шууд хамааралгүй байна.

         Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс маргаан бүхий захиргааны актын үндэслэлд Хөдөлмөрийн дотоод журмын 4.2 дахь заалтыг баримталсан нь буруу хариуцлагын тухайд 12 дугаар бүлэгт тусгайлан зохицуулсан хэмээн маргаж байна. Хэрэгт авагдсан тус газрын хамт олны 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 01 дүгээр хурлаар баталсан “Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн дотоод журам”-ын  Нэг. Нийтлэг үндэслэл хэсгийн 1.1-д “Энэ журмаар Мэргэжлийн хяналтын газрын захиргаа, удирдлага, албан хаагч, ажилчдын хуулиар зохицуулаагүй хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн зохион байгуулалт, ...түүнийг шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулна", Дөрөв. Ажилтан, албан хаагчдын эрх, үүрэг хэсгийн 4.2-т “Албан хаагч ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн болон үр дүнгийн гэрээнд заасан чиг үүргийг хэрэгжүүлж, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг шуурхай гүйцэтгэж, биелэлтийг хугацаанд нь эргэн танилцуулж, захирах захирагдах ёсыг чанд баримтлан ажиллана” гэж тус тус заасан байх бөгөөд нэхэмжлэгч нь тухайн байгууллагад ажиллаж байгаа албан хаагчийн хувьд байгууллагын хөдөлмөрийн дотоод зохион байгуулалттай холбоотойгоор тогтоосон энэхүү үүргийг биелүүлэх үүрэгтэй тул маргаан бүхий захиргааны актын үндэслэлд журмын уг заалтыг баримталсныг буруутгах үндэслэлгүй байна.

          б/. Хүндэтгэн үзэх шалтгаантай байхад шалгаж тогтоолгүй үндэслэлгүйгээр сахилгын шийтгэл ногдуулсан, ...дотоод хяналтын нэгж Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах журмын 2-т заасан ажиллагааг хийгээгүй гэх үндэслэлийн тухайд:

          Нэхэмжлэгч нь Ханги боомт томилолтоор явалгүй үлдсэн шалтгаанаа “У.Ганбаатар дарга 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр /Баасан гариг/ Ханги боомт томилолтоор явж ажиллах уу гэж хэлж байсан боловч яг хэзээ явах талаар хэлээгүй бөгөөд тухайн үед эхнэр төрөх дөхсөн байсан тул 2020 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хөдөө шөлний хонинд яваад маргааш нь буюу 05-ны өдөр ирсэн, энэ хугацаанд утасны сүлжээ тасарч холбоо барих боломжгүй болсон, 2020 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр явж чадаагүй тухайд 11-ний өдрийн орой ээжийн бие гэнэт өвдөөд ганцааранг нь үлдээх боломжгүй харж асрах шаардлагатай болсон, энэ тухайгаа байгууллагын даргад мэдэгдэх гэсэн боловч утсаа аваагүй...” хэмээн тайлбарлаж байна.

          Хэрэгт авагдсан “жирэмсний  хяналтын карт”-ын[7] 7 дугаар хуудсанд үзлэгт орсон огноо: 4 дүгээр сарын 13, үзлэгт ирсэн жирэмсний хугацаа: 27/28, мөн 19 дүгээр хуудсанд 4 дүгээр сарын 13-ны өдрийн үзлэгээр 27-28 долоо хоног, 17 дугаар хуудсанд төрөх хугацааг 6 дугаар сарын 23, 24 гэж тэмдэглэгдсэн байгаагаас үзэхэд нэхэмжлэгчийн эхнэр тухайн үед 7 сартай жирэмсэн байсан улмаар нэхэмжлэгч нь шөлний хонинд явсан гэх асуудлууд нь маргаангүйгээр тогтоогдож байх боловч энэ нь нэхэмжлэгчийг томилолтоор ажиллахаас чөлөөлөх болон удирдлагаас өгсөн үүргийг биелүүлэхгүй байх хүндэтгэн үзэх шалтгаан болохгүй гэж үзэв.

           Нэхэмжлэгчид хувийн ажлаар хөдөө явах зайлшгүй шаардлага гарсан, тухайн өдөр нь долоо хоногийн амралтын өдөр байсан, яг хэзээ явах талаар түүнд тодорхой мэдэгдээгүй зэрэг нөхцөл шалтгаанууд байсан нь тогтоогдож байгаа улмаар эдгээрийг үгүйсгэх аргагүй ч тэрээр өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажлын тусгай горимоор ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагч болохын хувьд “гар утсаа байнга нээлттэй байлгах, албан ажлын шаардлагаар дуудагдан ажиллахад бэлэн байх” талаарх үүргийг албан тушаалын тодорхойлолтод заасан “Цаг үеийн шинжтэй болон онцгой нөхцөл байдалд зохих журмын дагуу ажиллах” чиг үүргийн хүрээндээ тухайлан биелүүлж улмаар хувийн ажил амьдралаа албаны ажлыг цалгардуулахгүйгээр зохицуулж зохион байгуулах нь тухайн албан хаагчийн хувийн хариуцлагын асуудал.

         Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч нь энэ талаараа холбогдох этгээдэд  /нэхэмжлэгч нь “хэлтсийн даргад мэдэгдэх гэсэн боловч утас нь холбогдохгүй байсан” гэх тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасан, гэтэл хэлтсийн дарга нь тухайн үед 1 сар орчим хугацаанд эзгүй чөлөөтэй байсан байх бөгөөд тус байгууллагад хариуцлагатай жижүүр 24 цагаар ажиллаж байсан/ мэдэгдэх боломжтой байтал огт мэдэгдэлгүйгээр явсан  нөхцөл байдал нь түүнийг байгууллагын удирдлагаас тушаалаар өгсөн “гар утсаа байнга нээлттэй байлгах, албан ажлын шаардлагаар дуудагдан ажиллахад бэлэн байх” энэхүү үүргийг үл ойшоосон үйлдэл гэж дүгнэх үндэслэл болж байна.

          Харин хэрэгт авагдсан Түргэн тусламжийн дуудлагын хуудас №7-д[8] дуудлага авсан: 2020 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 20 цаг 55 минут, айлд очсон: 21 цаг 10 минут, дуудлага дууссан: 21 цаг 25 минут, өвчтөний нэр: Ц.Цэндсугар, урьдчилсан болон эцсийн онош: артерийн даралт ихсэлт-I гэж тэмдэглэгдсэн, мөн тус аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгаас гаргасан Архивын магадалгаанд[9] “...эцэг Г.Доржпүрэв, эх Ц.Цэндсугар нарын хүү Батхуягийг 1977 оны 02 дугаар сарын 01-ний өдөр төрснийг ... бүртгэж...” хэмээн дурдсан байгаа зэргээс үзвэл нэхэмжлэгчийн ”ээжийн бие өвдөөд томилолтоор явж чадаагүй” гэх тайлбар үндэслэлтэй байх бөгөөд үүнээс дүгнэвэл нэхэмжлэгч нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас 2020 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Ханги боомт явж чадаагүй болох нь тогтоогдож байна.

          Мөн маргаан бүхий тушаалд үндэслэл болгосон тус Мэргэжлийн хяналтын газрын Дотоод хяналтын нэгжийн 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн №1 тоот дүгнэлтийг[10] тус газрын даргын 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн А/02 дугаар тушаалаар байгуулагдсан дотоод хяналтын нэгжээс гаргасан байх бөгөөд уг дүгнэлтэд  нэхэмжлэгчийг  “...Ханги боомтын автотээврийн ачаа шалган нэвтрүүлэх үйл ажиллагаанд 2020 оны 04 дүгээр сарын 05, 12-ны өдрүүдэд хяналт тавин ажиллах талаар байгууллагын удирдлагаас өгсөн үүргийг цаг тухайд нь биелүүлээгүй, ...Ханги боомтод ажиллах талаар 2 хоногийн өмнө буюу 4 дүгээр сарын 03, 10-ны өдрүүдэд мэдэгдсэн, ...өндөржүүлсэн бэлэн байдлын үед цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан нийт албан хаагчид гар утсаа тогтмол нээлттэй байлгах, ажлын бус цагаар хувийн ажлаар явахдаа мэдэгдэж байхыг үүрэгжүүлсэн байхад гар утасаа салгасан зөрчил гаргасан, ...байгууллагын удирдлагаас тавьсан хууль ёсны шаардлагыг 2 удаа биелүүлээгүй нь “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн 2.1.7, 3.1.7. и-д заасан зөрчлийг гаргасан нь...сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлтэй” хэмээн дүгнэжээ.

          Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан “Журам батлах тухай” 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 36/32 тушаалаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын 1.3-т “Төрийн жинхэнэ албан хаагчид Төрийн албаны тухай хууль, энэхүү журам, тэдгээрт нийцүүлсэн төрийн байгууллагын дотоод журмыг баримтлан дараахь үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулна”, 1.3.1-т “Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан нийтлэг үүргийг зөрчсөн” хэмээн тусгажээ.

         Мөн журмын 1.6-д “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалган тогтоож, өөрт нь бичгээр мэдэгдсэн байна”, 2.1-д зааснаар “Сахилгын зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйн талаар гомдол гаргасан, мэдээлсэн, эсхүл холбогдох баримтыг ирүүлсэн нь шалгалт явуулах үндэслэл болох”-оор, 2.2-т зааснаар  “...албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл байгаа эсэхийг ...тухайн байгууллагын дотоод хяналт шалгалтын нэгж...шалган тогтоох”-оор, 2.4-т “...шалгагч дараахь ажиллагааг гүйцэтгэнэ”, 2.4.1-д “...мэдээллийг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор тухайн албан хаагчаас бичгээр тайлбар авах”, 2.4.3-т “шаардлагатай мэдээллийг цуглуулах”, 2.4.5-д “цуглуулсан баримтад дүн шинжилгээ хийж, дүгнэлт гаргах”, 2.5-д “Шалгагч сахилгын зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл, баримтыг шалгаад сахилгын шийтгэл ногдуулах эсэх талаар дараахь дүгнэлтийн аль нэгийг гаргаж, албан хаагчийг томилсон эрх бүхий албан тушаалтанд танилцуулна” хэмээн сахилгын шийтгэлийг шалган тогтоохтой холбоотой харилцааг нарийвчлан журамлажээ.

         Хэрэгт авагдсан дотоод хяналт шалгалтын нэгжийн гишүүний мэдээлэл хүлээн авч танилцуулсан талаарх баримт, тус нэгжид ирүүлсэн мэдээлэл, дүгнэлт танилцуулсан баримт болон нэхэмжлэгчийн дотоод хяналтын нэгжид бичгээр гаргаж өгсөн тайлбар зэрэг бичгийн нотлох баримтууд мөн нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан ”...дүгнэлтийг зөвшөөрөхгүй, гарын үсэг зурахгүй” гэсэн гэх тайлбар болон гэрчүүдийн мэдүүлэг зэргээс үзвэл нэхэмжлэгчийн 2020 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Ханги боомт томилолтоор яваагүй буюу удирдлагаас өгсөн үүргийг биелүүлээгүй гэх зөрчлийн тухайд дотоод хяналтын нэгжээс дээрх журамд заасны дагуу шалган тогтоож, холбогдох дүгнэлтийг гаргасан  нь тогтоогдож байна.

         Харин нэхэмжлэгчийг 2020 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр байгууллагын удирдлагаас өгсөн үүргийг биелүүлээгүй гэсэн зөрчлийн тухайд дотоод хяналтын нэгжээс дээрх журмын дагуу зохих ажиллагаа явуулж шалган тогтоогоогүй, тодруулбал тухайн асуудлаар нэхэмжлэгчээс холбогдох тайлбарыг нь аваагүй, шаардлагатай баримт мэдээллийг огт цуглуулалгүйгээр дүгнэлт гаргасан нь дээрх журамд нийцээгүйн дээр тухайн албан хаагч нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас мөн өдөр томилолтоор явж чадаагүй болох нь нэгэнт тогтоогдож байх тул нэхэмжлэгчийг  2 удаа Ханги боомт явж ажиллаагүй буюу удирдлагаас өгсөн үүргийг биелүүлээгүй байна гэж үзэх үндэслэлгүй болно.

           в/. журамд зааснаар ариутгагчаар ажиллахад сургалтад хамрагдахаар байхад ямар ч сургалтад хамруулаагүй гэнэт томилолтоор явахыг шаардсан, ...ерөнхий шаардлага стандартад зааснаар газрын даргын баталсан удирдамжаар томилолтоор ажиллах ёстой боловч удирдамж гараагүй гэх үндэслэлийн тухайд:

          Нэхэмжлэгч нь Ханги хилийн боомтод томилолтоор явж ажиллаагүй нөхцөл байдлыг хүндэтгэн үзэх шалтгаантай байсан хэмээн маргаснаас гадна дээрх үндэслэлүүдээр мөн маргаж  “Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын даргын 2020 оны 03 дугаар сарын 14-ний өдөр баталсан “Уул уурхайн бүтээгдэхүүний экспортын тээвэрлэлтийн үйл ажиллагааг онцгой нөхцөл байдалд зохион байгуулах түр журам”-ын Дөрөв. Тээврийн хэрэгсэлд хийгдэх халдваргүйжүүлэлтийн үйл ажиллагаа хэсгийн 4.1-т “Монгол Улсын хилээр нэвтрэн орж буй тээврийн хэрэгсэлд коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор халдваргүйжүүлэлт хийнэ”, 4.2-т “Энэхүү журмын 4.1-т заасан халдваргүйжүүлэлтийг хилийн боомт дахь мэргэжлийн хяналтын байгууллагын ариутгалын ажилтан хийж гүйцэтгэнэ” хэмээн зааснаас үзвэл ариутгагчаар ажиллахад зайлшгүй сургалтад хамруулах ёстой байсан” гэх тайлбарыг гаргасан.

           Дээрх журамд хэдийгээр ариутгал халдваргүйжүүлэлтийг ариутгалын ажилтан хийж гүйцэтгэхээр заасан, Ханги хилийн боомтод томилолтоор ажиллах албан хаагчид буюу нэхэмжлэгчийн тухайд ариутгалын ажилд туслах үүрэгтэй байсан, энэ тохиолдолд хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны талаар зааварчилгаа зайлшгүй шаардлагатай гэдгийг үгүйсгэх аргагүй ч томилолтоор ажиллахад заавал сургалтад хамрагдсан байхыг уг журмаар шаардаагүйн дээр  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт “томилолтоор ажиллах албан хаагчдыг Ханги хилийн боомтын ахлах байцаагчаас хөдөлмөр аюулгүй ажиллагааны зааварчилгаа тухайн үед нь өгч албан хаагчдын аюулгүй байдлыг хангаж ажиллаж байгаа” талаар дурдсан. Нөгөө талаар  нэхэмжлэгчийг сургалтад тусгайлан хамруулаагүй асуудал нь түүнийг томилолтоор явж ажиллахаас татгалзах улмаар системийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажлын тусгай горимоор ажиллаж байсан тухайн үед хөдөлмөрийн дотоод зохион байгуулалтыг хийж албан хаагчдаа хилийн боомтод нэмэлтээр ажиллуулах талаарх удирдлагаас өгсөн үүргийг биелүүлэхгүй байх шалтгаан биш.       

           Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн А/67 дугаар тушаалаар батлагдсан “Мэргэжлийн хяналт шалгалтын ерөнхий шаардлага” стандартын 9.15-д зааснаар Зөвлөн туслах үйлчилгээний удирдамжийг аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга батлахаар байгаа, гэтэл Ханги боомтод ажиллуулах тухай ямар нэгэн удирдамж байдаггүй, ...батлагдсан удирдамжгүй байж томилолтоор ажиллаагүй гэж шийтгэл ногдуулж байгаа нь хууль бус” гэх тайлбарыг гарган маргаж байна.

            “Мэргэжлийн хяналт шалгалтын ерөнхий шаардлага” стандартын 1.1-д “Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн хяналт шалгалтын үйл ажиллагааны нарийвчилсан горим, үндсэн шаардлагыг тогтооход энэхүү стандартын зорилго оршино”, 2.2-т “Улсын байцаагчийн хяналт шалгалтын үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгөхөд энэхүү стандартыг баримтална” хэмээн зааснаас үзвэл энэхүү стандартаар мэргэжлийн хяналтын улсын байцаагчаас хяналт шалгалтын чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбоотой  үйл ажиллагаандаа баримтлах нарийвчилсан горим, үндсэн шаардлагыг тогтоосон байна.  Өөрөөр хэлбэл улсын байцаагчаас Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1-д зааснаар иргэн, хуулийн этгээдийн явуулж байгаа үйл ажиллагаа түүнчлэн үйлдвэрлэж байгаа болон борлуулж байгаа бараа, бүтээгдэхүүн, үзүүлж байгаа ажил, үйлчилгээ хууль тогтоомжид заасан шаардлагыг хангаж байгаа эсэхийг дүгнэхэд чиглэсэн хянан шалгах арга хэмжээг хэрэгжүүлэхдээ баримтлах шаардлагыг нарийвчлан тогтоожээ. Гэтэл нэхэмжлэгчийн тухайд Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хуулиар тусгайлан олгосон хяналт шалгалтын чиг үүргийг хэрэгжүүлэх асуудлаар биш, тухайн цаг үеийн онцгой нөхцөл байдалтай холбоотойгоор  хилийн боомтод ариутгал хадлваргүйтгэлийн ажилд туслах чиг үүрэгтэйгээр томилолтоор ажиллахаар байх тул энэ тохиолдолд байгууллагын даргын баталсан удирдамж байхыг шаардахгүй.

          г/. сонсох ажиллагааг аймгийн Засаг даргын захирамжаар батлагдсан загварт дурдагдсаны дагуу хөтөлж явуулаагүй гэх үндэслэлийн тухайд:

         Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т “...оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ” хэмээн тодорхойлсноос үзвэл сонсох ажиллагааг явуулах зорилго нь тухайн шийдвэрийг гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар холбогдох этгээдээс тайлбар саналыг нь авах буюу тайлбар, санал гаргах боломжийг тухайн этгээдэд олгох явдал байдаг. Хариуцагчаас маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа аймгийн Засаг даргын захирамжаар батлагдсан маягтын загварын дагуу сонсох ажиллагааг явуулж холбогдох тэмдэглэл, баримтыг хөтлөөгүй байх боловч тус байгууллагын дотоод хяналтын нэгжээс, нэхэмжлэгчийн 2020 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр томилолтоор яваагүй асуудлаар холбогдох тайлбарыг нь бичгээр гаргуулж авсан улмаар энэ нь сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болж буй талаарх дүгнэлтийг түүнд танилцуулсан зэргээс үзэхэд хариуцагчийг сонсох ажиллагааг явуулаагүй гэж үзэх боломжгүй байна.

         д/. Дүгнэлт:

         Дээр тогтоогдож буй нөхцөл байдлуудаас үзэхэд нэхэмжлэгч нь төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болох Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлд заасан урьдчилсан нөхцлүүдийн “...энэ хуулийн 37 ...дугаар зүйлд заасныг зөрчсөн буюу тодруулбал, мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.13-т заасан “албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах” талаарх төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүргийг онцгой нөхцөл байдалд ажлын тусгай горимоор ажиллаж байсан цаг үед буюу 2020 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр зөрчсөн болох нь тогтоогдож байх бөгөөд хариуцагчийн гаргасан маргаан бүхий тухайн захиргааны акт нь төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах хуулиар тогтоосон үндэслэл болоод холбогдох журамд нийцсэн бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн болох нь тогтоогдохгүй байх тул маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгуулж, тухайн захиргааны актын дагуу суутган тооцсон 154,609 төгрөгийг гаргуулах талаарх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

        Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн талаарх тайлбартай холбоотой гэх агуулгаар гаргаж өгсөн хавтаст хэргийн 112-115,122-125, 135-145-р хуудсанд авагдсан баримтууд нь хуульд заасан нотлох баримтын шаардлагыг хангаагүй бөгөөд тухайн хэрэгт хамааралгүй байх тул тэдгээрийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож нотлох баримтаар үнэлээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

           1. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, 48.1.2 дахь заалт, 48.9 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч *******ийн Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргад холбогдуулан гаргасан, тус газрын даргын “Сахилгын шийтгэл оногдуулах тухай” 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Б/07 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, уг тушаалын дагуу суутган тооцсон 154,609 төгрөгийг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

         2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч *******аас урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

        3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1, 114.2-т зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлээд гаргасан  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болон давж заалдах гомдлыг шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан гаргахыг дурдсугай.

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Б.СИЙЛЭГМАА

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


[1] Хавтаст хэргийн 5-р хуудас,

[2] Хавтаст хэргийн 69-70-р хуудас,

[3] Хавтаст хэргийн 36-р хуудас,

[4] Хавтаст хэргийн 37-р хуудас,

[5] Хавтаст хэргийн 103-104-р хуудас,

[6] Хавтаст хэргийн 55-р хуудас,

[7] Хавтаст хэргийн 131-134-р хуудас,

[8] Хавтаст хэргийн 7-р хуудас,

[9] Хавтаст хэргийн 110-р хуудас,

[10] Хавтаст хэргийн 39-40-р хуудас,