Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 492/ШЦТ/2020

 

 

 

 

 

 

 

                       

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Сүхням

-улсын яллагчаар А.Азжаргал

-шүүгдэгч О.Б нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн О.Бвд холбогдох 2034000000658 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Яллагдагч О.Б нь Төв аймгийн Лүн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 14 цагийн орчимд албан үүргээ гүйцэтгэж явсан цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Сүхбатын махны гарал үүслийн гэрчилгээгээ шалгуул гэсэн хууль ёсны шаардлагыг нь эсэргүүцэн чи хийх ёстой ажлаа хий, өөр хийх ажил чамд олдохгүй байна уу, би хулгайн мах зараагүй, ганц мах зарахад гарал үүслийн бичиг 20.000 төгрөгөөр авдаг, тэрний оронд хоёр тэжээл авчихад яадаг юм ядарсан юм гэж маргаж, хоёр гараараа энгэр лүү нь түлхэж, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч О.Бын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул түүний мэдүүлгийг яллах талын нотлох баримтад тооцсон.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Үүнд:

Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-10 тал/, Б.Сүхбатын цагдаагийн үнэмлэхний хуулбар /хх-ийн 21-25 тал/, хохирогч Б.Сүхбатын мэдүүлэг \хх-ийн 21-25 тал\, гэрч А.Гэрэлтуяагийн мэдүүлэг \хх-ийн 27 тал\, гэрч Э.Ган-Эрдэний мэдүүлэг /хх-ийн 28-29 тал/, гэрч Г.Соронзонболдын мэдүүлэг /хх-ийн 30-31 тал/, гэрч Г.Дэмбэрэлсэрэнгийн мэдүүлэг /хх-ийн 33 тал/, шүүгдэгч О.Бын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 94 тал/ зэрэг болно.

Шүүгдэгч О.Б нь Төв аймгийн Лүн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 14 цагийн орчимд албан үүргээ гүйцэтгэж явсан цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Сүхбатын махны гарал үүслийн гэрчилгээгээ шалгуул гэсэн хууль ёсны шаардлагыг нь эсэргүүцэн чи хийх ёстой ажлаа хий, өөр хийх ажил чамд олдохгүй байна уу, би хулгайн мах зараагүй, ганц мах зарахад гарал үүслийн бичиг 20.000 төгрөгөөр авдаг, тэрний оронд хоёр тэжээл авчихад яадаг юм ядарсан юм гэж маргаж, хоёр гараараа энгэр лүү нь түлхэж, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь:

  • Б.Сүхбатын цагдаагийн үнэмлэхний хуулбар, /хх-ийн 52-р тал/
  • Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх-ийн 6-10 тал/
  • Хохирогч Б.Сүхбатын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: "...Би 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр буюу мягмар гаригийн 14 цагийн орчимд Төв аймгийн Лүн сумын 3 дугаар багийн төвд эргүүл шалгалт хийж байтал гудамжинд 52-53 ТӨА улсын дугаартай цагаан өнгийн портер-2 маркийн тээврийн хэрэгслийн тэвшин дээр Ган-Эрдэнэ нь эхнэр Булганчимэг, хадам ээж Баасанжав нарынхаа хамт мах зарж байхаар нь очоод "амрыг ирьө, мах зарж байгаа юм уу" гэж Булганчимэгээс асуутал "адууны мах зарж байна" гэхээр нь "махны гарал үүслийн гэрчилгээгээ шалгуулаач" гээд Булганчимэг явуулсан. Тэгтэл машины тэвшин дээр мах зарж байсан Булганчимэгийн ээж нь гэх Баасанжав гэх хүүхэн гэнэт надад уурлаад "чи битгий энүүгээр өлөн зэлмэн гээд өлбөгнөөд гүйгээд бай хийх ёстой ажлаа хий тэнд нэг хүүхэн даналзаад байна гэж хэл эгч нь инээнэ за хэсгийн төлөөлөгч Элбэгманлайг над дээр аваад ир за" гэхээр нь "та хэсгийн төлөөлөгчийг танихаар яадаг юм, та яагаад намайг өлмөн зөлмөн гээд доромжлоод байгаа юм, та өөрөө тийм байсан юм уу" гэтэл "чамд хийх ажил чинь олдохгүй байна уу цаагуур чинь согтуу үнэмлэхгүй машин унасан хүмүүс явж байна, тэр ажлаа бод манай хашаанд очоод үз арьс шир нь байгаа хулгайн юм би зараагүй" гэхээр нь би "хулгайн мах гэж хэлээгүй эгчээ" гэтэл "махны бичиг 20.000 төлдөг, тэр мөнгөөрөө наадуул чинь малдаа тэжээл ч болохнээ аваг, ганц адуу зарахын төлөө тэгэж бичиг баримт авч нааш цаашаа санжиганаад байх юм байхгүй, би хашаан дотроо зарах байсан бол зарах л байсан нэг ч болох нь хүн хямдхан мах аваг гэж бодсон юм, би хулгайн мах зардаг хүүхэн биш, юм аа үзээд эдлээд идээд дууссан хүүхэн" гэж хэлснээ буугаад ирсэн. Тэгэхээр нь би Булганчимэгээс "машиныхаа бичиг баримтыг шалгуулаач" гэтэл Баасанжав нь машины дэвшин дээрээс бууж ирээд "битгий өг, чи намайг аваад яв миний охин хөдлөөд хашаандаа ор" гээд намайг хоёр гараараа энгэрлүү түлхсэн. Тэгэхээр нь би "хүүе та яагаад байгаа юм, за тэгвэл явъя машинд суу" гэтэл "битгий хуц за юу чамтай адилхан ажлаа барсан хулгайч биш үмхий амаа угаачихаад хүнтэй ярь за юу, яачихсан юм, миний хүүхэд хулгайн мах зарсан юм уу" гээд намайг хоёр гараараа хоёр удаа энгэрлүү түлхээд баруун гараараа миний утас барьж байсан баруун гарлуу нэг удаа цохитол миний гар утас газар унасан. Тэгээд би гар утсаа авсан чинь нүүр болон ар хэсэг нь хагарчихсан байхаар нь та миний гар утсыг эвдэлчихлээ гэтэл "хохь чинь чи наад утсаа өөрөө янзлаарай" гэсэн. Архи согтууруулах ундааны зүйл уугаагүй болохоор Баасанжав гэх хүн бид хоёр эрүүл байсан. Би Баасанжав, Булганчимэг гэх хоёр иргэнтэй буруу харьцсан асуудал гаргаагүй, зарж байгаа махныхаа гарал үүслийн гэрчилгээг шалгуулаач гэсний дагуу Баасанжав нь надруу уурлаж дайраад биед халдаж миний гар утсанд эвдрэл үүсгэсэн. Баасанжав нь намайг хоёр гараараа түлхээд цохих гээд байхаар нь би хоёр гараараа өөрийгөө хамгаалж бугалаганаас нь барьсан өөр зүйл болоогүй. Миний өөрийн эзэмшлийн Рейггп А-8 маркийн ар тал нь цэнхэр өнгийн тагтай урд тал нь хар өнгийн нүүртэй, гар утасны арын шилэн цэнхэр тагны баруун дээд булан хагарсан, урд шилэн наапт нилэнхүйдээ хагарч цуурсан мөн баруун доод булангийн урд шил нь хагарсан байсан. 2020 оны 04 дүгээр сард шинээр нь 400.000 төгрөгөөр Улаанбаатар хотын ТД-ийн гар утасны дэлгүүрээс худалдаж авсан юм. Гар утасныхаа эвдэрлийг төлүүлмээр байна, гомдолтой байна....Тэгтэл мах ачсан портер маркийн автомашиныг Булганчимэг жолоодоод хөдөлөхөөр нь би араас нь машинтайгаа очоод урдуур нь орж зогсоогоод та махныхаа гарал үүслийн бичгээ үзүүлчих гэтэл юм дуугарахгүй машиныхаа рулль дээр суугаад байтал араас Баасанжав ирээд намайг хоёр гараараа цээжин хэсэгрүү нэг удаа түлхээд өөдөөс дайраад байхаар нь би хоёр гарнаас нь хоёр гараараа бариад та болиочдээ миний тавьсан шаардлагыг биелүүлээрэй гэтэл хүргэн нь Ган-Эрдэнэ өөр жижиг машинтайгаа ирээд надад хандаж чи пиздаа минь яагаад байгаа юм гэхээр нь энэ хүн шаардлага тавихаар эсэргүүцээд хэл амаар доромжлоод байна гэтэл юм дуугарахгүй машин дээрээ очоод эхнэр нь буугаад Ган-Эрдэнэ машин дотроо суусан. Баасанжав надад хандаж хийх ажил нь байхгүй байгаа байхгүй юу, чамайг ажлыг чинь хийлгээд гэснээ хэсгийн төлөөлөгч Б.Элбэгманлайгийн гар утасны дугаарыг Ган-Эрдэнээс асуутал Ган-Эрдэнэ хэд билээ хө гээд надаас асуухаар нь би хэсгийн төлөөлөгч Элбэгманлайгийн гар утасны дугаарыг хэлсэн юм. Тэгтэл Баасанжав уурлаад надад хандаж эд нар хийх ажилгүй байгаад байгаа байхгүй юу, чамд өчнөөн хийх ажил байгаа за юү та нар хийдэг үү, чамайг бол санах ч үгүй юм байна гэхээр нь би зүгээр махны бичгийг чинь үзье гэж таньд хэлсэн биздээ гэтэл Баасанжав юу гэсэн үг юм ганц мах зархад гарал үүслийн бичиг 20.000 төгрөгөөр авдаг тэрний оронд хоёр тэжээл авчихад яадын ядарсан юм, чи юуг нь бичлэг хийгээд байгаа юм лалараа хүний юм хулгайлсан уу наадуул чинь гэж хоёр удаа хэлэхээр нь би зүгээр л махны бичгийг нь үзье гэсэн биздээ гэтэл Баасанжав харин тийм аваагүй одоо аваад өгье дөнгөж ороод ирэхээр нь ажлаа бодог гээд яаруулаад адууг нь хийлгэсэн юм гэхээр нь, та энгээд зөв харьцах ёстой биздээ гэтэл битгий хуц чамайг долоочих гээд байх юм уу, чамайг хувцастай гээд долоох юм уу гээд хоёр гараа ташаан дээрээ аваад уурлаад өөдөөс дайрч байснаа би насаараа ийм амьдралаар явсан чам шиг залууг долоохгүй би зөвийн төлөө явдаг гээд байсан. Баасанжав болон Ган-Эрдэнэ эхнэрийн хамт машинтайгаа яваад өгсөн...Улсын хэмжээнд зохин байгуулагдаж байгаа "Мал, мах" нэгдсэн арга хэмжээний хүрээнд Лүн сумын төвд гудамжинд зарж байсан, махны гарал үүслийн гэрчилгээг шалгах гэтэл Баасанжав нь хэл амаар доромжилж биед халдсан юм. Баасанжав болон Булганчимэг нартай би буруу харьцсан зүйл байхгүй, хууль журмын дагуу харьцсан" гэх мэдүүлэг, /хх-ийн 21-25 тал/
  • Гэрч А.Гэрэлтуяагийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: "...Би 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 15 цаг 35 минутанд Төв аймгийн Лүн сумын 3 дугаар багийн төвд ажил дээрээ байж байтал тус сумын 1 дүгээр багийн иргэн Э.Ган-Эрдэнэ гэх залуу ганцаараа ирээд сумын төвд адууны мах зарж байсан чинь сумын цагдаа ирж шалгаад махны бичгээ аваад ир гэж байна гээд надаас 200 кг адууны махны гарал үүслийн гэрчилгээ аваад явсан. Мал, мах тээвэрлэж яваа болон зарж борлуулж байгаа 1 кг маханд ч гарал сүүлийн гэрчилгээ авах ёстой байдаг" гэх мэдүүлэг, /хх-ийн 27 тал/
  • Гэрч Э.Ган-Эрдэний мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: "...2020 оны 10 дугаар сарын 27-ны өглөө адуугаа хийгээд махыг нь жижиглээд миний өөрийн портер марзийн 52-53 ТӨА улсын дугаартай цагаан өнгийн портер маркийн автомашины ачаан дээр сумын тэвд дэлгүүрийн үүдэнд зарж байгаад ахуйн үйлчилгээний урд гудманд хадам ээж Баасанжав эхнэр Булганчимэг бид 3 зарж байсан...тухайн үед цагдаа хадам ээж Баасанжаваас махны гарал үүслийн гэрчилгээ чинь хаана байгаа юм шалгуул гээд байх шиг байсан...манай өөрийн эзэмшлийн буурал зүсмийн зөв талдаа гучндаа хүрээтэй чандмань тамгатай нас гүйцэж байгаа морио нядлаад сумын төвд жижиглэнгээр үарж байсан. Тухайн үед гарал үүслийн бичгийг аваагүй байсан. Суман дээр зарж байгаа юм чинь гайгүй байх гэж бодсон юм. Тэгээд цагдааг ирж шалгахаар нь сумын мал эмнэлгээс гарал үүслийн гэрчилгээгээ очиж авсан. Цагдаа бичиг баримтаа шалгуул гээд хадам ээж бичиг баримтаа шалгуулахгүй гээд хэрэлдээд байсан" гэх мэдүүлэг х-ийн 28-29 тал/
  • Гэрч Г.Соронзонболдын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: "...Лүн сумын цагдаа цагаан өнгийн машинтай ирээд махны бичиг баримт байна уу гэж асуусан чинь бичиг баримт нь байхгүй, бичиг баримт авах мөнгөөр нь 2 уут тэжээл авсан нь дээр биз дээ, би насаараа цагдаагийн хажууд байсан гээд Баасанжав уурлаад цагдаа руу дайраад байхаар нь би Ган-Эрдэний хүүхдийг тэврээд цаашаа явсан. Түүнээс хойш юу болсон талаар хараагүй, мэдэхгүй байна...Цагдаа дүрэмт хувцастайгаа явж байсан ба буруу харьцаагүй, зарж байгаа махны чинь бичиг баримт байна уу гэж асуусан, өөр юм яриагүй. Тэгтэл Баасанжав одоо аваад ирье гэж байсан сүүлдээ уурлаад цагдаа руу би наад ажлыг чинь насаараа хийсэн хүний хажууд байсан гээд уурлаад байсан" гэх мэдүүлэг, /хх-ийн 30-31 тал/
  • Гэрч Г.Дэмбэрэлсэрэнгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: "...2020 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн 14 цагийн үед би Төв аймгийн Лүн сумын 3 дугаа багийн төвд Хаан банкны хажуугаар морьтой явж байтал сумын Баасанжав гэх эмэгтэй аймар уурлаад Сүхбат цагдааг чи хулгайгаа барьж чадахгүй байж нэг мах зарахаар чадаг юм гээд тачигнаад загнаад байсан. Тэгээд Сүхбат цагдаа машиндаа суусан чинь жолоочийн талын хаалгыг нь очоод цонхыг нь аймар хоёр гараараа хагалах шахам нүдээд утас аваад ир гээд байсан. Тэгээд Сүхбат цагдаа утсыг нь өгсөн байх удалгүй Сүхбат цагдаа машинтайгаа явсан. Мөн Ган-Эрдэнэ гэх залуу машинтайгаа хөдөлсөн. Миний хүүтэй адилхан насаар бага цагдаагийн алба хаагч Сүхбатын мөрдөс болон цагдаагийн дүрэмт хувцасыг нь Баасанжав нь урж тасдаад хаячихийн биш байгаадаа гэж би бодож байсан юм. Түүнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байна. Сүхбат нь цагдаагийн дүрэмт хувцастайгаа гадуур нь ногоон хантаазтай байсан. Яг юунаас болж маргалдсан талаар би мэдэхгүй. Маргалдах гэж Баасанжав гэх эмэгтэй цагдаа Сүхбат руу уурлаж хашгичаад дайраад байсан. Цагдаа Сүхбат нь өөдөөс нь юу ч дуугарахгүй ямар нэгэн байдлаар буруу зөрүү харьцсан асуудал тухайн үед гараагүй" гэх мэдүүлэг./хх-ийн 33 тал/
  • Шүүгдэгч О.Бын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн: “...2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүргэн Ган-Эрдэнэ, охин Булганчимэг нар Төв аймаг Лүн суманд байдаг манай хашаанд 1 тооны адуу махлаад ихэнх махыг нь хашаандаа зараад үлдсэн махыг нь сумын төв дээр зархаао болоод Ган-Эрдэнэ, Булганчимэг бид гурав Ган-Эрдэний Портер маркийн тээврийн хэрэгсэлтэй сумын төв рүү гарсан. Тэгтэл өмнө нь харж байгаагүй танихгүй цагдаа ирээд хараад зогсоод байсан. Тэгээд малын бичгээ гэж хэлсэн, тэгээд хүргэн Ган-Эрдэнэ малын бичиг авах гээд найзынхаа гэр лүү машинаар явсан, тэр хооронд би цагдаа Сүхбаттай маргалдаад машины бичиг баримт авна гэхээр нь жолооч нь алга байнаа, өгөхгүй гэсэн, энэ асуудлаас болоод маргалдсан, би Сүхбатыг түлхсэн...би гэм буруугаа ойлгож байна, хууль сахиулагчийг эсэргүүцсэн зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 94 тал/ зэрэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад О.Б нь 2020 оны 12 сарын 18-ны өдөр яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтээ гаргажээ. /хх-ийн 93, 111 тал/,

 

Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Азжаргал нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай яллагдагчийн хүсэлтийг хүлээн авч 2020 оны 12 сарын 18-ны өдөр 189 дугаартай “хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлэх тухай” прокурорын тогтоол гаргаж, хуульд заасан хугацаанд мөрдөн байцаалт явуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн зүйчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний тухай прокурорын саналыг /хх-ийн 102, 111 тал/ 2020 оны 12 сарын 18-ны өдөр яллагдагчид танилцуулж, яллагдагч О.Б нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажсанаар, мөн өдөр яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

О.Бд холбогдох хэргийг хүлээн авч танилцаад хэргийг хянан шийдвэрлэхэд боломжтой гэж шүүх үзэж, шүүх хуралдааныг зарлан явуулахад Эрүүгийн хэрэг шийдвэрлэх тусгай журам зөрчөөгүй, хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Прокурорын тогтоол үндэслэлтэй байна.

 

Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч О.Б нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг шүүгдэгч нь ойлгосон байх тул шүүгдэгч О.Быг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 

прокурорын саналыг хүлээн авч, саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

      Бусад асуудлаар:

      Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн болон иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч О.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

      Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч О.Бвыг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Шүүгдэгч О.Бвыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.  

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг шүүгдэгч О.Бд үүрэг болгосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5-т зааснаар шүүгдэгч О.Б нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулсугай.

 

  1. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч О.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар
    зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн
    өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Ю.ЭНХМАА