Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 181/ШШ2017/03042

 

 

 

 

 

 

2017 оны 11 сарын 29 өдөр     Дугаар 181/ШШ2017/03042         Улаанбаатар хот      

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,      

 

Нэхэмжлэгч: Б овогт Э Э  /РД: /-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч:   МУБСШУСЯамнд холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Э.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.О нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

Э.Э миний бие Нийслэлийн Боловсролын газрын даргын 2014 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн Б/141 дугаартай тушаалаар Сүхбаатар дүүргийн 116 дугаар тусгай сургуулийн захирлаар ажиллаж эхэлсэн. Улмаар 2014 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Нийслэлийн Боловсролын газрын дарга Ц.Отай 1403/с3080 тоот “Хөдөлмөрийн гэрээ” байгуулсан болно.

Ажиллаж байх хугацаандаа ямар нэг зөрчил гарган сахилгын арга хэмжээ авагдаж байгаагүй бөгөөд тогтвортой сайн ажиллаж байсан.

Гэтэл 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Б/22 дугаартай Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын тушаал гарч намайг үүрэгт ажлаас чөлөөлсөн байна. Үүнийг миний бие дараах үндэслэлээр эс зөвшөөрч энэхүү нэхэмжлэлийг гаргаж байгаа болно.

1. Сүхбаатар дүүргийн 116 дугаар тусгай сургуулийн захирлаар ажиллаж байх хугацаанд буюу 2017 оны хавар манай сургуулийн багш нар ёс зүйн асуудлаар шалгагдаж, мөн сургууль дээр хэл ам гарч тэр нь олон нийтийн мэдээллийн сүлжээгээр тархаж байсан учир миний бие нөхцөл байдлыг намжаах үүднээс ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө гаргаж байсан болно.

Хөдөлмөрийн тухай хуульд ажилтан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай өргөдлөө ажил олгогчид өгсөн өдрөөс хойш 30 хоног өнгөрмөгц ажлын байраа орхих эрхтэй, энэ тохиолдолд хөдөлмөрийн гэрээ цуцлагдсанд тооцох заалт байдаг. Миний бие өргөдлөө өгснөөс хойш шийдвэрлүүлэхээр Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам руу хэд хэдэн удаа очсон боловч миний өргөдлийг яаж шийдвэрлэх талаар тодорхой хариу өгөөгүй.

Ингээд хөдөлмөрийн гэрээг цуцлах өргөдлөө өгснөөс хойш 30 хоног өнгөрсөн хэдий ч Нийслэлийн боловсролын газраас ажил хүлээлцэж аваагүй, миний гаргасан өргөдлийг тухайн үед шийдвэрлээгүй бөгөөд хуульд заасан хугацаа өнгөрсөн ч миний бие ажлын байраа орхиж яваагүй болно. Учир нь багш ажилчид амарч буй сургууль эзэнгүйдэж байсан үе, санхүүгийн хагас жилийн тайлан, төсвийн тодотголын үе, өвөлжилтийн болон хичээлийн шинэ жилийн бэлтгэл болох гадна дотор тохижилтын ажил эхэлсэн гээд ажил их байсан бөгөөд сургуулийн тамга, бичиг баримтыг эзэнгүй орхиж болохгүй учраас үүрэгт ажлаа үргэжлүүлэн гүйцэтгэж ирсэн.

Ийнхүү үүрэгт ажлаа үргэлжлүүлэн хийсэн учраас миний бие хөдөлмөрийн гэрээг цуцлагдаагүй гэж үзсэн болно. Гэтэл 4 сарын дараа Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын тушаал гарсан нь үндэслэлгүй юм.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн зорилт нь хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр хөдөлмөрийн харилцаанд оролцогч ажилтан, ажил олгогчийн нийтлэг эрх, үүрэг, тэдгээрийн хооронд үүсэх харилцааг зохицуулахад оршдог.

Миний бие хөдөлмөрийн гэрээг ажил олгогч НБГтай байгуулсан бөгөөд гэрээнд ажил олгогчийг төлөөлж Нийслэлийн Боловсролын газрын дарга Ц.О гарын үсэг зурж баталгаажуулсан. Миний бие Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамтай хөдөлмөрийн гэрээ огт байгуулж байгаагүй байхад сайдын тушаал гарч хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд миний бие ажлаас үндэслэлгүйгээр халагдсан тул урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 1,300,000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч нь шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй байна.

 

Шүүх нэхэмжлэгчээс шаардлагаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Э.Э нь хариуцагч МУБСШУСЯанд холбогдуулан  ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 1,300,000 төгрөг гаргуулах шаардлага гаргасан.

 

Шүүх нэхэмжлэлийн хувийг 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мд гардуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг нь түүнд мөн өдөр тайлбарлан танилцуулж, шүүх хуралдаан 2017 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр болох талаар 2017 оны  11 дүгээр сарын 23-ны өдөр хариуцагчийн хаягаар мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой хариу тайлбар болон нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, шүүх хуралдаанд хүндэтгэх шалтгаангүйгээр ирээгүй байна.

 

 Хариуцагчийн төлөөлөгчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, эрх үүргийг тайлбарлан өгч, шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хариуцагч нэхэмжлэлд тайлбар өгөөгүй, шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул шүүх нэхэмжлэгч талын хүсэлтээр хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж хэргийг хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4, 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3-т нийцнэ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Э.Э нь Сүхбаатар дүүргийн 116 дугаар тусгай дунд сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр 2014 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд ажиллаж байгаад Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын тушаалаар ажлаасаа чөлөөлөгдсөн байна.

 

Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Б/22 тоот тушаалаар Нийслэлийн 116 дугаар тусгай сургуулийн захирал Эрдэнэчулууны Эыг өөрийнх нь хүсэлтээр Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.4, Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.12, Бага дунд боловсролын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-т заасныг баримтлан 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

 

Нэхэмжлэгч нь энэ тушаалыг “...ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгснөөс хойш 4 сарын дараа гаргаж байгаа нь хуульд нийцээгүй, намайг ажилд томилоогүй газар чөлөөлөх тушаал гаргасан нь үндэслэлгүй” гэж эс зөвшөөрч шүүхэд энэхүү нэхэмжлэлээ гаргасан байна.

 

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 24 дүгээр зүйлийн 24.1.4, Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.12, Бага, дунд боловсролын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-т зааснаар МУБСШУСЯ нь боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болохын хувьд өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хамаарах төрийн байгууллага, албан газрын бүтэц, дүрмийг баталж, дарга /эрхлэгч, захирал/-ыг томилох, харъяа сургуулийн захирлыг сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн томилох, хуульд заасан үндэслэлээр чөлөөлөх эрхтэй тул сайдын Б/22 тоот тушаалаар 116 дугаар тусгай дунд сургуулийн захирлын түр орлон гүйцэтгэгчийг чөлөөлөх асуудлыг шийдвэрлэсэн нь хуулиар олгогдсон эрхийн хүрээнд гаргасан шийдвэр байна.

 

Нэхэмжлэгч нь ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ МУБСШУСЯанд гаргасан үйл баримт тогтоогдсон бөгөөд харин хэдийд гаргасныг нотлох бичгийн баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдөр хүсэлт гаргасныг 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр шийдвэрлэсэн гэж тайлбарласан ба үүнийг няцаах баримт байхгүй, хариуцагч тал хариу тайлбар, нотлох баримт шүүхэд гаргаагүй тул шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбарт үндэслэн дүгнэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т нийцнэ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажилтан санаачилсан, эсхүл ажил олгогч санаачилсан гэх 2 үндэслэлээр цуцлахаар заасан ба манай тохиолдолд ажилтан ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргаж байгаа явдал нь мөн зүйлийн 38.1.1-д заасан ажилтан санаачилсан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болдог байна.

 

Ажилтан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай өргөдлөө ажил олгогчид өгсөн өдрөөс хойш 30 хоног өнгөрмөгц ажлын байраа орхих эрхтэй бөгөөд энэ тохиолдолд хөдөлмөрийн гэрээ цуцлагдсанд тооцдог.

 

Нэхэмжлэгчийн тухайд хөдөлмөрийн гэрээг цуцлах өргөдлөө 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдөр өгсөн боловч ажил олгогч ямар нэг шийдвэр гаргаагүйгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д заасан 30 хоногийн хугацаа өнгөрсөн ч Э.Э ажлын байраа орхиогүй, ажил үүргээ 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хэвийн гүйцэтгэсээр ирсэн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, цалин хөлс тогтмол авч байсан баримтаар тогтоогдсон байна.

 

Нэгэнт нэхэмжлэгч ажлын байраа орхиогүй, хариуцагч түүний хүсэл зоригийг хуулийн хугацаанд хүлээн авч шийдвэрлээгүй, нэхэмжлэгч хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачилгаар цуцлах сонирхолгүй байх тул шүүх нэхэмжлэгчээс 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдөр гаргасан хөдөлмөрийн гэрээ цуцлах түүний хүсэл зоригийн илэрхийллийг 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүчин төгөлдөр хэвээр байсан гэж үзэх боломжгүй юм.

 

2017 оны 6 дугаар сарын 06-аас хойш дахин хөдөлмөрийн гэрээ цуцлах хүсэлтийг ажилтан гаргасан гэж үзэх үйл баримт тогтоогдоогүй тул ажилтны  санаачилгаар хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосныг шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8-д нийцээгүй гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч Э.Этай 2014 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Нийслэлийн засаг даргын 2013 оны А/313 тоот захирамжийг үндэслэн НБГ хөдөлмөрийн гэрээ байгуулсан байх боловч үүнээс хойш буюу Бага, дунд боловсролын тухай хуульд 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар “Тусгай сургууль нь боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын харьяанд байна.” гэсэн нэмэлт өөрчлөлт орсоноор хөдөлмөрийн гэрээний нэг тал болох ажил олгогчийн шаардах эрх Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2, 123.9-д зааснаар хариуцагч МУБСШУСЯанд шилжсэн гэж үзэх үндэслэлтэй тул хөдөлмөрийн гэрээний нэг тал биш этгээд гэрээг цуцалсан нь үндэслэлгүй гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хүлээж авах боломжгүй юм.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан ажлаас үндэслэлгүй халсан гэх гомдлыг хангаж, Э.Эыг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоох нь хуульд нийцнэ гэж дүгнэв.

 

Нийгмийн Хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан “дундаж цалин хөлс тодорхойлох журам“-ын 7 дахь хэсгийн “а”-д заасны дагуу нэхэмжлэгчийн Сүхбаатар дүүргийн 116 тусгай сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн ажлын байранд 2017 оны 5, 8, 9 дүгээр саруудад ердийн авсан цалин хөлснөөс түүний дундаж цалин хөлс /896,830 төгрөг/-ийг тодорхойлсны үндсэн дээр Э.Эын ажилгүй байсан хугацааны /2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэлх 1 сар 18 хоног/ цалин хөлстэй тэнцэх олговорт 1,300,000 /(896,830:21,5х18)+(896,830x1)=1,647,664 төгрөг гарсанаас нэхэмжлэгчийн шаардсан хэмжээгээр/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

                                                                                                ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 37 дугаар зүйлийн 37.1.8-д тус тус заасныг баримтлан Э.Эыг Сүхбаатар дүүргийн 116 дугаар тусгай сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн ажилд эгүүлэн тогтоож, МУБСШУСЯнаас 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэлх хугацааны цалинтай тэнцэх олговорт 1,300,000 төгрөг гаргуулж Э.Эд олгосугай.   

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг үндэслэн нэхэмжлэгч Э.Эын гаргасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч МУБСШУСЯнаас 35,750 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд энэхүү шийдвэрийг 7 хоногийн дараа гарснаас хойш 14 хоногийн дотор гардаж авах үүрэгтэй бөгөөд, хэрэв эс зөвшөөрвөл түүнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                 Ө.УЯНГА