| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэгмидийн Дагиймаа |
| Хэргийн индекс | 146/2018/0023/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/28 |
| Огноо | 2018-04-16 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., 17.12.1., |
| Улсын яллагч | Д.Бат-Өлзий |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 2018/ШЦТ/28
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дагиймаа даргалж,
Нарийн бичгийн дарга: А.Батцог,
Улсын яллагч: Д.Бат-Өлзий,
Шүүгдэгч: *******,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Болд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн 1727000880057 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1995 оны 03 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, 22 настай, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, ээж, дүү нарын хамт амьдардаг, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд 2011 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Баянхонгор аймгийн Сум дундын шүүхийн 50 тоот шийтгэх тогтоолгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгэгдэж, шүүхийн тогтоол биелүүлэхийг 6 сарын хугацаагаар хойшлуулж байсан ******* /РД:*******/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын 01 дүгээр багийн иргэн *******ийн гэрт буюу хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлж хохирогч *******д 155.000 төгрөгийн хохирол учруулсан, 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын 1 дүгээр багийн иргэн *******ийн эмээл хазаартай, нас гүйцсэн хар хээр зүсмийн морийг хулгайлж хохирогч *******т 1.100.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би Улаанбаатарт барилгын ажил хийдэг байсан. Би ******* гэх хүнээр дамжуулан 2017 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын 1-р багийн иргэн *******ийнд мал маллахаар очсон. Би ******* гэх хүнтэй цалин мөнгөө сарын 300 000 төгрөг авахаар тохиролцоод тэр айлд 2 сар гаруй малыг нь малласан. Би *******аас цалин 2 мөнгөө авах гэж хоёр удаа асуусан боловч чи юу хийсэн гэж цалин авах гээд байгаа юм бэ манайх хүнд цалин өгдөггүй явган зайлахгүй юу гээд намайг зодсон. Тэгээд би 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр *******ийн эмээл хазаартай морийг нь унаж яваад Өвөрхангай аймгийн Бүрд суманд агт авч байгаа ******* гэх хүнд 250 000 төгрөгөөр зарсан. Надад хулгай хийх санаа зорилго огт байгаагүй. Би цалин өгөхгүй болохоор нь морийг нь унаад явсан. Хийсэн хэрэгтээ их гэмшиж байна” гэжээ.
Хохирогч *******ийн өгсөн “...Манайх тухайн үед өвөлжөөн дээр байсан гэрийн цоожийг мушгиж эвдээд хулгай орсон байсан. Тэгээд манай гэрээс 5 ширхэг дээлийн мөнгөн товч, мөнгөн ээмэг, мөнгөн бөгж, хүзүүний гинж зэрэг эд зүйлүүд алдагдсан байсан. Манай гэр цоожтой байсан. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, учир нь алдагдсан зүйлүүдээ бүрэн бүтэн хүлээн авсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-12 дугаар хуудас/
Хохирогч *******ийн өгсөн: “..Нас гүйцсэн хээр зүсний морь байсан. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Хулгайд алдсан эмээл, хазаартай морио бүрэн бүтэн авсан. Морио алдаад эргүүлээд авсан болохоор хулгай хар мөртэй гэж бодоод идшинд 500.000 төгрөгөөр зарчихсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-25 дугаар хуудас/
Гэрч *******ын өгсөн: “...2017 оны 11 сарын 01-ний өдөр танихгүй залуу орж ирээд адуу авч байгаа юу гэхээр нь авч байгаа гэхэд нэг үрээ өгье гээд гараад харсан чинь унаад ирсэн байсан. Би туранхай үрээ байна хямдхан авна гэсэн надад нэрээ хэлээд регистрийн дугаараа хэлээд байсан би санахгүй байна. 250.000 төгрөгт авсан. Мөнгөний өгөө аваа байхгүй. Соёолон насны шүдлээд бүдүүрч байгаа морь байсан. Хулгайн морь гэдгийг мэдээгүй...” гэсэн мэдүүлэг /ххийн 27-28 дугаар хуудас/,
- Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол /хх-ийн 03, 17 дугаар хуудас/,
- Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 1 дүгээр хуудас/,
- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 06, 20 дугаар хуудас/,
- Баян-Өндөр сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн хошууч Б.Цогтбаяр О.МөнгөнЭрдэнээс хохирогч *******ийн гэрээс алдсан эд зүйлд үзлэг хийж, хохирогч *******д хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 7-8 дугаар хуудас/,
- Хохирогч *******ийн гэрээс алдагдсан эд зүйлийн үнэлгээ 155.000 төгрөг /ххийн 31-32 дугаар хуудас/,
- Хохирогч *******ийн эмээл, хазаартай морины эд зүйлийн үнэлгээ 1.100.000 төгрөг /хх-ийн 34-36 дугаар хуудас/,
- Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 48, 49 дүгээр хуудас/ зэрэг хавтаст 3 хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж бэхжигдсэн яллах, өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч ******* нь 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын 01 дүгээр багийн иргэн *******ийн гэрт буюу хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлж хохирогч *******д 155.000 төгрөгийн хохирол учруулсан,
2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын 1 дүгээр багийн иргэн *******ийн эмээл хазаартай, нас гүйцсэн хар хээр зүсмийн морийг хулгайлж хохирогч *******т 1.100.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Иймд Оюунсүрэнгийн Мөнгөн-Эрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хархорин сум дахь Сум дундын прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч Оюунсүрэнгийн Мөнгөн-Эрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмыг баримтлан үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршиг, хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэрэгт нь тохирсон ял, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Оюунсүрэнгийн Мөнгөн-Эрдэнэ нь 74 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй болохыг дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6 дугаар зүйлийн 1, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.3, 2.4, 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Морьт овгийн Оюунсүрэнгийн Мөнгөн-Эрдэнийг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн,
Мөн бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Оюунсүрэнгийн Мөнгөн-Эрдэнийг 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялыг тус тус оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Оюунсүрэнгийн Мөнгөн-Эрдэнийг 2 жилийн хугацаагаар хорих ял,
Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар ялыг тус тус нэмж хөнгөн ялыг хүндэд нь багтаан нийт 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
5. Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар урьдчилан цагдан хоригдсон 74 /далан дөрөв/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
6. Шүүгдэгч *******д хилийн хориг тавигдаагүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д урьд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч нар иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ДАГИЙМАА