Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 2020/ШЦТ/1986

 

2020.12.02                                  2020/ШЦТ/1986

 

 

 

 

 

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга  Д.Сүхбат,                            

улсын яллагч Т.М,

шүүгдэгч С.А /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан С.Аид яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2006 00058 2591 дугаартай хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч Монгол улсын иргэн С.А, 0000 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Өмнөговь аймгийн Мандал-Овоо суманд төрсөн, 00 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн доторхой ажилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Өмнөговь аймгийн Мандал-Овоо сум, 2 дугаар баг Баянхошуунд оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо Чингэлтэй дүүргийн 00 дугаар хороо, Сургуулийн 00 дүгээр гудамж 00 тоотод түр оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

Шүүгдэгч С.А нь 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 21-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сансар” нэртэй зочид буудалд иргэн Б.Аийн эзэмшлийн монетан бөгж, Самсунг эс-5 маркийн гар утас, бэлэн 60.000 төгрөг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 853.260 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч С.А шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг үнэн зөв, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлбөрийг төлж барагдуулна. Мөрдөн байцаалтын шатанд 400000 төгрөг өгөхөөр тохирсон ба 200,000 төгрөгийг нь төлсөн байгаа, төлсөн баримтгүй” гэв.

Хохирогч Б.А мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: "...2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр гэртээ байсан чинь өмнө нь зүс таних Алтанзцл гэдэг хүүхэн над руу утсаар залгаад уулзъя гэсэн. Тэгээд уулзаад байж байтал маргааш 12 цаг хүртэл байх газар хэрэгтэй байна гээд байхаар нь би Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Сансар зочид буудлын 204 тоот өрөөнд орой 21 цагийн үед орсон. Тэгээд бид 2 шилтэй тайгэр пиво уугаад би ямар ч ухаан мэдрэлгүй унтаад өгсөн байсан. Тэгээд шөнийн 01 цагийн үед сэртэл нөгөө Алтанзул гэдэг хүүхэн байхгүй миний баруун гарын дунд хуруунд байсан монетан бөгж, Самсунг эс-5 маркийн гар утас, халаасанд байсан 60.000 төгрөгийг аваад явсан байсан..." гэх мэдүүлэг. /хх-ийн 19-20/,

Яллагдагч С.А мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Гар утсыг нь авсан нь үнэн Самсунг галакси эс-5 маркийн гар утас байсан. Хүний утас авсандаа гэмшиж байна...” /хх-ийн 84-85/,

Иргэн Б.Аээс цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-ийн 17/, “Дамно” ХХК-ний алдагдсан эд зүйлийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 26/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 70/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 38/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч С.А нь 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 21-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сансар” нэртэй зочид буудалд иргэн Б.Аийн эзэмшлийн монетан бөгж, Самсунг эс-5 маркийн гар утас, бэлэн 60.000 төгрөг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 853.260 төгрөгийн хохирол учруулсан болох нь

Хохирогч Б.Аийн: "...2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр гэртээ байсан чинь өмнө нь зүс таних Алтанзцл гэдэг хүүхэн над руу утсаар залгаад уулзъя гэсэн. Тэгээд уулзаад байж байтал маргааш 12 цаг хүртэл байх газар хэрэгтэй байна гээд байхаар нь би Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Сансар зочид буудлын 204 тоот өрөөнд орой 21 цагийн үед орсон. Тэгээд бид 2 шилтэй тайгэр пиво уугаад би ямар ч ухаан мэдрэлгүй унтаад өгсөн байсан. Тэгээд шөнийн 01 цагийн үед сэртэл нөгөө Алтанзул гэдэг хүүхэн байхгүй миний баруун гарын дунд хуруунд байсан монетан бөгж, Самсунг эс-5 маркийн гар утас, халаасанд байсан 60.000 төгрөгийг аваад явсан байсан..." гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Прокуророос шүүгдэгч С.Аид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч С.Аид бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч С.А гэмт хэргийн улмаас бусдад нийт 853.260 төгрөгийн хохирол учруулсан ба сайн дураар 200.000 төгрөгийг нөхөн төлсөн ба үлдэх 653.260 төгрөгийг хохирогч Б.Ад нөхөн төлөхөө илэрхийлсэн тул хохирогчид олгохоор шүүх шийдвэрлэв.

Шүүгдэгч С.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн тул прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. С.Аийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар С.Аид 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.А нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, С.А нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар С.Ааас нийт 653.260 /зургаан зуун тавин гурван мянга хоёр зуун жаран/ төгрөгийг гаргуулж хохирогч Б.Ад олгосугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл С.Аид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                    

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Т.ШИНЭБАЯР