Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 23

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                Хэргийн индекс: 114/2019/0013/З

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Нарантуяа би даргалж, нарийн бичгийн дарга Т.Төмөрчөдөрийг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэг 10 дугаар хороо, 7 дугаар хорооллын 31 дүгээр байрны 34 тоот  “Монрок” ХХК-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч:Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох

 

Нэхэмжлэлийн “Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 16/07 тоот “Шарын гол сумын унд, ахуйн цэвэр усны эх үүсвэр, усны нөөц газрын зориулалтаар орон нутгийн хамгаалалтад авах тухай” тогтоолын “Монрок” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай  шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч           Б.Анхбаяр, Х.Балсандорж, Г.Мягмардорж                                                                                                                                                                                                                                                                                                         Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч             Л.Алтанчимэг, Б.Лхамсүрэн

            Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч   Г.Бадамгарав    нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Монрок” ХХК-иас шүүхэд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Анхбаяраас шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: “Монрок” ХХК-нь Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн нутаг Бууртын хөндийд орших доод зоолуу хар гэдэг ашигт малтмалын хайгуулын лицензийг 2003 онд шилжүүлж авсан бөгөөд үйл ажиллагаа явуулж байгаад 2007 онд ашиглалтын тусгай зөвшөөрлийг 30 жилийн хугацаатай авч хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж одоо хүртэл ашиглалтын тусгай зөвшөөрөл хүчинтэй хэвээрээ байгаа.Энэ хугацаанд тус компаниас 2,9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн. Гэтэл Аймгийн ИТХурлын 2020 оны 16/07 тогтоолоор тус компанийн ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайн 90 гаруй хувийг оролцуулан орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан. Дээрх маргаан бүхий актыг гаргахдаа сонсох ажиллагаа хийх шаардлага хангаагүй, холбогдох хууль тогтоомжид нийцсэн үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, бодит нөхцөл байдалд тохирсон шийдвэр гаргаж чадаагүй гэсэн 3 хуулийн зохицуулалтыг хангаагүй.

Захиргааны байгууллагаас аливаа этгээдийн эрх ашигтай холбоотой асуудлыг шийдвэрлэхдээ сонсох ажиллагаа явуулж тухайн гаргах гэж байгаа шийдвэртэй холбогдуулан эрх ашиг нь хөндөгдөж байгаа этгээдээс тайлбар, мэдүүлэг авч шийдвэр гаргах захиргааны хуулийн үндсэн шаардлагыг хангаагүй. 2020.05.14-ний өдөр цахим шуудангаар мэдэгдэх хуудас явуулсан бөгөөд уг мэдэгдэх хуудаст 2020.05.18-ны өдөр 18:00 цагт ирэхээр дуудсан байсан. 10 гаруй жилийн бүтээн байгуулалтын ажлаа 4 хоногийн дотор тайлбарлах хугацаа өгсөн нь хэлбэрийн төдий сонсох ажиллагааг хэрэгжүүлсэн болж, бодит байдал дээр тайлбар мэдүүлэг өгөх нотлох баримт гаргаж өгөх боломжит хугацаагаар хангаагүй юм. Захиргааны ерөнхий хуульд  сонсох ажиллагааг шийдвэр гаргаж байгаа этгээд өөрөө хэрэгжүүлэхээр заасан байтал Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газрын ажилтан мэдэгдэх хуудсыг явуулсан нь хууль зөрчсөн ба шийдвэр гаргасан байгууллага нь тусдаа статустай байгууллага байдаг. 2020.05.18-ны өдөр “Монрок” ХХК-аас ирж уулзаад та нар сонсох ажиллагаа хийх гэж байгаа бол эхнээсээ хуулийн дагуу хийх хэрэгтэй оролцохгүй, бид уулзалтын арга хэмжээ явуулбал оролцоно гэдэг хүсэлтээ тавьсан боловч энэ үйл ажиллагаагаа сонсох ажиллагаа явуулсан гэж үзээд байгаа, сонсох ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй хэлбэрийн төдий хийсэн учраас тухайн захиргааны акт хүчин төгөлдөр бус болох нь тогтоогдож байна.

Бодит байдалтай нийцэж гараагүй гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар Шарын гол сумын цэвэр усны хэрэглээний өнөөдрийн бодит байдлыг тогтоосон бөгөөд  одоо ашиглаж байгаа хүчин чадлаараа 25 жил цэвэр усаар хангах тухай тодорхой зааж өгсөн 2019 оны шинжээчийн тайлан байхад нэг жилийн хугацаа өнгөрч амжаагүй байхад орон нутгийн тусгай хамгаалалтад авсан нь бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Балсандоржоос шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шарын голын цэвэр усны эх үүсвэрийн асуудал 2008 оноос яригдсан бөгөөд бид нар олон жилийн хугацаанд судалгаа хийж үзэхэд Шарын голын цэвэр усны нөөц 2008, 2009 оны үед цэвэр усны нөөц багассан нь буянтын хөндийн газрын гүний ус хомсдсоны улмаас цэвэр усны нөөц багасаагүй, техникийн үйл ажиллагааны улмаас багассан нь тогтоогдсон. Шарын гол суманд үйл ажиллагаа явуулж буй Дулаан шарын гол компани төрийн захиргааны байгууллагаас баталсан усны ашиглалтын зааврыг мөрдөж ажиллаагүйгээс болж өөрөөр хэлбэл жилд 2 удаа цэвэрлэгээ үйлчилгээ хийх ёстой, жилд нэг удаа угааж цэвэрлэх үйлчилгээ хийх ёстой байтал хийгээгүйгээс болж цооногуудад их хэмжээний элс хайрга гадны биет орсноос болж цооногийн шүүр бөглөрч цооногт орж ирэх усны хэмжээ багассаны улмаас усны нөөц багассан механик шалтгаантай юм. Дархан ус суваг ХХК-аас үйлчилгээ хийж 30 гаруй жил угаагаагүй цооногийг угааж өгсөн эвдрэл гэмтэлтэй насосыг засварлаж үйл ажиллагааг хэвийн болгож өгсөн байдлаар тогтоогдож байна. Мөн 2016, 2019 онд байгаль орчны яамны захиалгаар хийгдсэн ажлуудын үр дүнд Шарын гол сумын Буянтын хөндий гүний усны нөөц шавхагдах болоогүй 25 жилийн хугацаанд нөөц байгааг тогтоосон. 2008 оноос хойш шинэ эх үүсврийн асуудал гарч ирсэн бөгөөд уг шинэ эх үүсвэртэй холбоотойгоор холбогдох хуулиудыг зөрчин явагдсан үйл ажиллагаа байдаг бөгөөд улсын төсвийн хөрөнгөөс нөөц батлагдаагүй байхад түүнтэй зэрэгцээд улсын төсвөөс 2012, 2014 онд мөнгө гаргаад  эхэлсэн байсан. 2019 онд хайгуул хийгээд 25 жил усаар хангах боломжтой гээд байхад 2020 онд өөр газрыг орон нутгийн хамгаалалтад авсан үйлдэл нь үндэслэлгүй юм гэв.

 

               Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мягмардоржоос шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчаас маргаан бүхий акт гаргахдаа хэд хэдэн хууль тогтоомжийн удиртгал болгосон байдаг. Өөрөөр хэлбэл үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Засаг захиргааны нэгж түүний удирдлагын тухай хууль, Усны тухай хууль, Захиргааны ерөнхий хуульд заасан сум, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хуулиар олгогдосон бүрэн эрхийн хүрээнд хууль зүйн үндэслэлээр актыг гаргасан гэж тайлбарлажээ. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 28.3, Усны тухай хуулийн 11.1.3-т заасан эрхийн хүрээнд хариуцагчийн зүгээс тогтоол гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24.1, 25.1.1, 25.1.2-т заасан хууль зүйн шаардлагуудыг хангаж шийдвэр гаргах ёстой байтал дээрхи шаардлагыг хангахгүй шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох үүрэгтэй. Мөн захиргааны шийдвэр гаргахад нөхцөл байдлыг тогтоох шаардлагатай нотлох баримтыг цуглуулах, оролцогчид тайлбар гаргах боломжоор хангах үүргийг хэрэгжүүлээгүй захиргааны акт гаргасан. Мөн тус захиргааны актыг гаргах хууль зүйн үндэслэл болсон Усны тухай хуулийн холбогдох хууль заалтууд нь актын өөрийнх нь гол чиглэл болсон агуулгатай зөрчилдсөн. Өөрөөр хэлбэл Усны тухай хуулийн 22.2-т “Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно”, 22,3-т “Усны сан бүхий газрын эргээс 200 метрээс доошгүй зайд энгийн хамгаалалтын бүс, ус хангамжийн эх үүсвэрээс 100 метрээс доошгүй зайд эрүүл ахуйн бүс тогтооно” заасан заалтууд нь маргаан бүхий акттай хамааралгүй юм. Захиргааны ерөнхий хуулийн 27.5, 27.1.3-т заасныг өөрөөр тайлбарлаж шууд захиргааны акт гаргасан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хөндсөн байдаг. Хариуцагчийн зүгээс маргаан бүхий актыг гаргахдаа үндэслэсэн нотлох баримт, шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаан гаргасан тайлбарууд нь маргаан бүхий актыг гаргах ач холбогдолтой нотлох баримт болж чадаагүй байна. Тодруулбал Байгаль орчны яамны төрийн нарийн бичгийн даргын албан тоот, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020.04.06-ны өдрийн хүсэлт гаргах тухай албан бичиг, Хонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хариу хүргүүлэх тухай албан бичиг зэрэг баримтуудыг тодорхойлон заасан байдаг боловч эдгээр нь нийтдээ маргаан бүхий актыг гаргах хууль зүйн үндэслэл болохгүй байгаа тул Захиргааны ерөнхий хуулийн 25.1, 25.1.1-т заасны зөрчсөн агуулгаараа акт хүчин төгөлдөр бус болох хууль зүйн үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагч Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал шүүхэд ирүүлсэн тайлбар болон  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхамсүрэнгээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Аймгийн Засаг дарга аймгийн иргэдийн хурлаас томилогддог. Аймгийн иргэдийн хурлаас аймгийн Засаг даргад үүрэг даалгавар чиглэл өгсний дагуу сонсох ажиллагаа явуулсан боловч Монрок компаниас оролцогчид ирээд оролцохгүй гэдгээ хэлсэн нь сонсох ажиллагаа явуулсанд тооцох нөхцөл байдал юм. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлд заасны дагуу нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөх бол иргэн, хуулийн этгээдийн гомдлыг хангаж шийдвэрлэж байгаа бол  сонсох ажилллагаа хийхгүй байх талаар бүрэн эрхийнхээ хүрээнд сонсох ажиллагаа хийхгүйгээр шийдвэрлэх эрхтэй учир энэ заалтаа баримталсан.

 Нэхэмжлэгч 2008 онд усны нөөц багассан учраас 3 газарт хайгуулын ажил хийгдсэнээс бууртын хөндийд боломжтой байна гэж нөөцийг тогтоогоод түүнийн дагуу Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас албан бичиг гараад Монрок, Очир ундраа ХХК-ууд үйл ажиллагаа явуулж болохгүй талаар чиглэл өгсөн ба Монрок ХХК, Очир ундраа ХХК-уудыг давхцалтай талбайгаа хасуул гэсэн Төрийн нарийн бичгийн дарга Цэнгэл гэдэг хүний гарын үсэгтэй албан бичиг ирсний дагуу уг байгууллагууд өөрсдөө уг давхцалтай газраа хасуулах болон байгаль орчны яаманд хандаж хохирлоо барагдуулах ёстой байтал өнөөдрийг хүртэл хасуулаагүй явж байна. Үүнтэй холбогдуулаад газрын дарга Мягмараас дахин албан бичиг ирсэн.  Буянтын хөндийд анхаарал хандуулаагүй байж бууртын хөндийрүү шилжүүлэх талаар ярилаа гэж тайлбарлаж байх боловч тийм шилжүүлэхтэй холбоотой үйл ажиллагаа огт явагдаагүй. Бид бууртын хөндийг тусгай хамгаалалт хэрэгцээнд авсан бөгөөд уг талбайд ашиглалтын болон хайгуулын түгээмэл тархацтай ашигт малтмалын гэх мэтчилэн үйл ажиллагаа бүрэн явагдахгүй зогссон. Хайгуулын ажлын дүгнэлтэд ашиглалтын нөөцийн тооцоог одоогийн ус олборлож байгаа ус авах байгууламжийн дээр гидравликийн аргаар тооцож 25 жил ашиглах боломжтой гэж тооцсон боловч одоогийн байдлаар сумын усны хэрэглээ 1500-2000м3/хоног байгаа нь ашиглалтын хугацааг богиносгох магадлалтай байна. Одоогийн унд ахуйн цэвэр усны нөөц багасах эрсдэлтэй тул сумын ирээдүйн цэвэр усны нөөцийг хамгаалалтад авах шаардлагатай байгаа. Бид өнөөдрийн Шарын гол сумын усны хэрэглээ ямар хэмжээнд байгаа талаар Дулаан шарын гол ХК-ийн албан бичигт дурдснаар хэрэглээ өсснөөр 25 жил хангах байсан нь хугацааны хувьд нааш татагдах эрсдэлтэй байгаа ба ирээдүйд усаа хамгаалах талаар яригдаж байна. Энэ хүмүүс алтаа аваад яваад өгнө, 25 жиийн дараа сум оршин тогтнох үгүйн тухай яригдаж  ундны усны асууудал сөхөгдөх учраас бид усны нөөцөө хамгаалж өнөөдрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд асуудал тавиад шийдвэрлүүлээд явж байна гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Алтанчимэгээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 16/07 дугаар тогтоол нь хууль зүйн хувьд Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3 дугаар зүйлд аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эрх хэмжээг тусгасан байдаг. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25.1-т “Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн болон баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн саналаар тус тус батална” гэж заасны дагуу иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2020.05.20-ны өдөр хуралдаж шийдвэрээ гаргасан. Өөрөөр хэлбэл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуульд заасан эрхийнхээ хүрээнд шийдвэрээ гаргасан гэж үзэж байна. Сонсох ажиллагааны хувьд Захиргааны ерөнхий хуулийн 27.4-т зааснаар биечлэн уулзах зорилгоор хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогын хэлтсээс Монрок ХХК-д мэдэгдэл хүргүүлсэн бөгөөд тухайн байгууллага хүлээж аваад сонсох ажиллагаанд ирсэн талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар ярьсан. Шийдвэр гаргах түвшний албан тушаалтан сонсгох ажиллагааг хэрэгжүүлэх ёстой гэж заасан байдаг боловч аймгийн Засаг даргын тамгын газар нь аливаа асуудлыг төлөвлөж, бэлтгэж иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд оруулдаг учраас хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогын хэлтсээс мэдэгдэх хуудсыг явуулсан бөгөөд Монрок ХХК нь сонсох ажиллагаанд оролцсон оролцохдоо өөрсдийн саналаа өгсөн болохоор сонсох ажиллагаанд оролцсон гэж үзэж байгаа  учир тогтоол үндэслэлтэй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Гуравдагч этгээд “Дархан-Ус трейд” компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бадамгараваас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2005.04.20-ны өдрөөс Дархан-Уул аймаг, Хонгор сумын бууртын хөндийд газар тариалан эрхлэн хүнсний ногоог тариалан ард иргэдийн хэрэгцээнд нийлүүлсээр ирсэн. 2005 оноос өнөөдрийг хүртэлх хугацаа буюу 15-16 жил газар тариалан эрхэлж байхад миний мэдэхийн 1 удаа өрөмдлөг, хайгуулын ажил хийсэн байдаг, түүнээс хойш нэг ч компани ирж байгаагүй.Сая хавраас л хүн юм хийж харагдах болсон. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал газрыг тусгай хэрэгцээнд авахдаа манай компанид мэдэгдээгүй ба газар тариалан эрхлэх нь усны нөөцтэй холбоогүй учраас мэдэгдээгүй байх гэж ойлгож байгаа.Харин алт олборлохоор алтны уурхай ажиллуулж байгаа Монрок ХХК нь үйл ажиллагаагаа явуулж эхэлбэл манай компанийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөхөөс гадна Монгол улсын ард иргэдэд нийлүүлэгдэж байгаа хүнсний аюулгүй байдалд нөлөөлөхөөр байгаа. Алт олборлолт явуулснаас хойш нутгийн минь газар шороо, гол мөрөн яаж эвдэгдэж байгааг харж байгаа байх, ашигт малтмал олборлох нэрээр байгаль, дэлхий газрын хөрсийг бохирдуулж, усны эх үүсвэр устан, экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулдаг, ашигт малтмал олборлох нь зөвхөн тухайн компанийн хувьд ашигтай байдаг, тухайн нутагт оршин суугч ард иргэдэд ихээхэн хор хөнөөл учруулдаг тул Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор тус газрыг  аймгийн тусгай хамгаалалтад авсан нь зөв байх гэж үзэж байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгчээс Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 16/07 тоот “Шарын гол сумын унд, ахуйн цэвэр усны эх үүсвэр, усны нөөц газрын зориулалтаар орон нутгийн хамгаалалтад авах тухай” тогтоолын “Монрок” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай  нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

Шүүх хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтуудыг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Хариуцагч Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 16/07 дугаар тогтоолоор Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3 дугаар зүйлийн 3.5, 3.5.1, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3, Усны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.3, 22 дугаар зүйлийн 22.7 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг Бууртын хөндийн 274,3 га газрыг  Шарын гол сумын унд, ахуйн цэвэр усны эх үүсвэр, усны нөөц газрын зориулалтаар орон нутгийн хамгаалалтанд авахаар шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч нь: “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд хамаарч буй газрыг хариуцагчаас орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан маргаан бүхий захиргааны акт хууль эрх зүйн үндэслэлгүй, Захиргааны ерөнхий хуульд зааснаар мэдэгдэх сонсгох ажиллагаа хийгээгүй хууль зөрчсөн” хэмээн нэхэмжлэлийнхээ үндэслэлийг тайлбарлаж байна.

Хариуцагч нь:Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь газар нутгийг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах асуудлыг шийдвэрлэх бүрэн эрхээ хуулийн дагуу хэрэгжүүлсэн, Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1, 28.1.3-д зааснаар сонсох ажиллагааг хийх шаардлагагүй” гэж тайлбарлан маргаж байна.

Нэхэмжлэгч “Монрок” ХХК нь Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 багийн нутаг Бууртын хөндий гэдэг газарт орших Доод зоолуу хар нэртэй ордын ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг 2003 онд хууль журмын дагуу шилжүүлэн авсан ба 2003-2005 онуудад хайгуулын ажлыг үргэлжлүүлэн ордын нөөцийг тогтоож, 2009 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Ашигт малтмал ашиглалтын тусгай 15091/А дугаар зөвшөөрлийг 30 жилийн хугацаатайгаар авснаар Хонгор сумын Зоолуу хар нэртэй газарт орших 98.61 гектар талбай бүхий уурхайн талбайд үйл ажиллагаагаа явуулж байгаа болох нь нэхэмжлэгчийн тайлбар,  “Монрок”ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, ашигт малтмал ашиглалтын 15091/А дугаар тусгай зөвшөөрөл, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний 1, 2 дугаар хавсралт, шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэл болон  хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.

Хариуцагч нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 “Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн болон баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн саналаар тус тус батална”, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3 “Нутаг дэвсгэрийнхээ тодорхой хэсгийг орон нутгийн хамгаалалтад авах тухай шийдвэр гаргах, түүний хилийн зааг, хамгаалалтын горимыг тогтоох”, Усны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.3 “Засаг даргын саналыг үндэслэн усны эх үүсвэрийг орон нутгийн хамгаалалтад авах шийдвэр гаргах, хамгаалалтын бүсийн заагийг тогтоох, хамгаалах” гэж хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлж  дээрх тогтоолыг гаргасан боловч Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 ”Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно” 25 дугаар зүйлийн 25.1-т “Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг захиргаааны байгууллага дараах байдлаар цуглуулна” 25.1.1 ”ач холбогдол бүхий мэдээлэлийг цуглуулах” 25.1.2 “оролцогчийг сонсох, тайлбар гаргуулах” гэж хуульчилснаар  захиргааны байгууллага нь захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох, нотлох баримтуудыг цуглуулах, оролцогчид тайлбар гаргах боломжаар хангах үүргээ биелүүлээгүй, хэрэгжүүлээгүй, сонсгох ажиллагааг хуулийн дагуу явуулаагүйгээс нэхэмжлэгчийн ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломжийг хангаагүйгээс гадна Захиргааны ерөнхий  хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 4.2.6 “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” гэж  заасан зарчимтай нийцэхгүй байна.

Тодруулбал: Хариуцагчаас сонсох ажиллагааны тэмдэглэл, мэдэгдэх хуудас зэргийг нотлох баримтаар ирүүлсэн байх боловч нэхэмжлэгчийн ашиглалтын талбайг тусгай хэрэгцээнд авах тухай шийдвэр гаргах тухайгаа танилцуулаагүй, мэдэгдэх хуудсыг хэзээ хэнд хэрхэн ямар аргаар мэдэгдэж гардуулсан, тайлбар, баримтыг гаргаж өгөх хугацааг хэрхэн тогтоож өгсөн нь тодорхойгүй, хүлээн авсан хүний гарын үсэг зурагдаагүй байдал болон нэхэмжлэгчийн тайлбараас үзэхэд хуульд зааснаар сонсох ажиллагааг явуулсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна, мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1 “нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр бол”, 28.1.3 “Иргэн, хуулийн этгээдийн өргөдөл,гомдлыг ханган шийдвэрлэж байгаа тохиолдолд” сонсох ажиллагаа хийх шаардлагагүй гэж зааснаар сонсгох ажиллагааг хийлгүйгээр шийдвэрлэсэн гэх боловч энэ хуулийн заалт нь энэхүү тохиолдолд хэрэглэгдэхгүй буюу хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээд байхгүй тохиолдолд хэрэглэх боломжтой байх бөгөөд хариуцагчаас сонсох ажиллагааг хийхгүй байх тохиолдолд хамруулж тайлбарлаж байгаа нь ойлгомжгүй байна.

 Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Дархан-Уул аймгийн Шарын гол, Хонгор сумдын нутагт орших Буянтын голын хөндий, Бууртын хөндийд ажилласан мэргэжлийн шинжээчдийн багийн 2016 оны дүгнэлт, Монгол Улсын Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 02/3540 дугаартай албан бичгүүдэд “Монрок”ХХК-ийн 1-01, 2-В,3-В,-В, 5-В, 6-В, 7-В, 8-С1 блокууд нь усны нөөц тогтоогдсон ордын дотоод хуримтлалын талбайтай давхцалтай байгаа тул олборлолт явуулах боломжгүй, давхцалтай талбайгаа хасуулах тухай дурьдсан байх бөгөөд хариуцагчаас Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгч Ч.Оюунчулууны 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 01 тоот албан бичиг, Шарын гол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 27 тоот албан бичиг, Хонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн болон Засаг даргын  47, 1/335, Хараа-Ерөө голын сав газрын захиргааны 51,52  Байгаль орчин, аялал жуучлалын газрын 128, Байгаль орчин, аялал жуучлалын яамны 2016 оны 02/3540,  Дархан-Уул аймгийн Засаг даргын 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн  1-10/275 тоот албан бичгүүд, Байгаль орчин, аялал жуучлалын яамны 2019 оны А/489 дугаар тушаал зэргийг тус тус үндэслэн дээрх тогтоолыг гаргасан гэж тайлбарлаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.Учир нь

Шарын гол сумын ус хангамжийн өнөөгийн бодит нөхцөл байдал 2019 онд одоо ашиглаж буй хүн амын унд ахуйн усан хангамжийн Буянтын эх үүсвэрийн талбайд газрын доорх усны ордын ашиглалтын хайгуулын ажлыг Байгаль орчин, аялал жуучлалын яамны санхүүжилтээр хийлгэсэн тайланд Буянтын усны эх үүсвэрийн доорх усны ордны нөөцийг үйлдвэрлэлийн А зэргээр 5 л/сек буюу 432м3/хоног, В зэргээр 10л/сек буюу 864 м3 хоног, нийт А+В зэргээр 10л/сек буюу 1296м3/ хоногоор баталсан. Хайгуулын ажлын дүгнэлтэд ашиглалтын нөөцийн тооцоог одоогийн ус олборлож байгаа ус авах байгууламжийн дээр гидравликийн аргаар тооцож 25 жил ашиглах боломжтой гэж тусгагдсан, мөн Хонгор сумын Засаг даргын 2010 оны 57 дугаар захирамжаар Бууртын орчимд унд, ахуйн цэвэр усны эх үүсвэрийн зориулалтаар 37,27 га газрыг “Дулаан шарын гол” ХК-д олгохоор шийдвэрлэсэн захирамжаа 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 11 дүгээр захирамжаар хүчингүй болгосон зэргээс үзвэл цэвэр усны эх үүсвэрийн нөөц нь хомсдож шавхагдах болоогүй нь тогтоогдож байх тул  өнөөдрийн байдлаар сумын усны хэрэглээ 1500-2000м3/ хоног байгаа нь ашиглалтын хугацааг богиносгох магадлалтай, одоогийн унд ахуйн цэвэр усны нөөц багасах эрсдэлтэй тул сумын ирээдүйн цэвэр усны нөөцийг хамгаалалтад авах шаардлагатай байна гэсэн тайлбар нотлогдохгүй байна.                                                                                                                                          

       Мөн гуравдагч этгээд “Дархан-Ус трейд” ХХК нь Хонгор сумын Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 122 дугаар захирамжаар Хонгор сумын 2 дугаар багийн нутаг  Бууртын орчимд 130 га газрыг газар тариалангийн зориулалтаар  10 жилийн хугацаатайгаар эзэмшиж, улмаар 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 69 дүгээр захирамжаар тухайн газар эзэмших эрхийн гэрчилгээг 15 жилийн хугацаагаар сунгаж шийдвэрлэсэн болох нь сумын Засаг даргын захирамж, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн 0174403, 000013624 дугаар гэрчилгээ, иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын тайлбараар тус тус нотлогдож байна.

     “Дархан-Ус трейд” компанийн эзэмшлийн 18.7 га газар нь нэхэмжлэгчийн газартай давхцаж байх бөгөөд нэхэмжлэгчээс гуравдагч этгээдэд газар эзэмших эрх олгосон захирамжтай маргаагүй тул шүүхээс дүгнэлт өгөх шаардлагагүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

         Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэхэд хариуцагчаас Шарын гол сумын цэвэр ус хангамжийн одоогийн буюу Буянтын голын эх үүсвэрийн гүний усны нөөцийн эрэл, хайгуул, судалгааны ажлыг бүрэн гүйцэд хийж тооцоо гаргаагүй, судалгаагаар тогтоогдоогүй, хуульд зааснаар усны мэргэжлийн байгууллагын дүгнэлт гараагүй байхад хариуцагчаас бүрэн эрхийнхээ хүрээнд тогтоол гаргаж шийдвэрлэсэн нь хууль бус байх бөгөөд энэхүү аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 16/07 дугаар тогтоолын улмаас нэхэмжлэгч  “Монрок” ХХК-ийн тусгай зөвшөөрөлтэй 98,6 га газрын ашиглах эрх зөрчигдөж байх тул  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.                                                                                                        

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.12 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

                                                      ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6, 24 дүгээр зүйлийн 24.1, 27 дугаар зүйлийн 27.1, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3, Усны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.3-т заасныг баримтлан “Монрок” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 16/07 дугаар тогтоолын “Монрок” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч “Монрок” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

           3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108  дугаар зүйлийн 108.4 дэх хэсэгт заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

        4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4 дэх хэсгүүдэд зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш  14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай. 

 

 

   ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Д.НАРАНТУЯА