Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 221/МА2015/0272

 

ОН ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Халиунбаяр даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б , Д.О , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 239 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор ОН ХХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын татварын улсын байцаагч Ц.Н , Н.Ч нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Татварын ерөнхий газрын татварын улсын байцаагчийн 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 210303 дугаар актын тогтоох хэсгийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх заалтыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.9-т заасны дагуу Монгол Улсын иргэн, хуулийн этгээдийн захиалгаар Монгол Улсын нутаг дэвсгэрт байрладаггүй оршин суугч бус этгээдээс Монгол Улсын хуулийн этгээдэд үйлчилгээ үзүүлсэн бол энэ хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.4, 7.2, 7.6 дахь заалтуудыг баримтлан 16 дугаар зүйлийн 16.1.2-т заасны дагуу оршин суугч бус этгээдийн орлогод ногдох нэмэгдсэн өртгийн албан татварыг уг ажил, үйлчилгээний үнэ дээр нэмж авч төсөвт төлнө.

... Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартад заасны дагуу үйлчлүүлэгчдэд үйлчилгээг үзүүлсэн үед нь дуусгавар болох буюу үйлчилгээ үзүүлж дууссан гэж үздэг тул Монгол Улсын нутаг дэвсгэрт интернетийн үйлчилгээг борлуулах үйл ажиллагаа эрхэлж байгаа Монгол Улсын хуулийн этгээд болох ОН ХХК-ийн захиалгаар Канад Улсын Т  компанийн интернетийн үйлчилгээг үзүүлж олсон орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулж, төсөвт төлнө.

... ОН ХХК-ийн хувьд Канад Улсын Т  компаниас худалдан авсан интернетийг Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад борлуулахдаа энэхүү нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох орлого олох үйл ажиллагаанд зориулсан худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг хасаж тооцох эрхтэй.

Харин Канад Улсын Т  ХХК-ийн хувьд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.2-т заасны дагуу оршин суугч бус этгээдийн орлогод ногдох нэмэгдсэн өртгийн албан татварыг уг бараа, ажил, үйлчилгээний үнэ дээр нэмж авч шууд төсөвт төлөх бөгөөд 16.1.2 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын хуулийн этгээд нь бараа, ажил, үйлчилгээний худалдан авалтад нэмэгдсэн өртгийн албан татвар төлөхгүй тул татвар төлөгчийн төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасаж тооцохгүй.

Оршин суугч бус этгээдийн Монгол Улсад олсон орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулсан бол хасалт хийх хуулийн зохицуулалт байхгүй байна гэж татвар төлөгч тайлбарласан байна. Энэ нь Монгол Улсын татварын хуулиар зохицуулагдсан байдаг ба тухайлбал татварын хувь хэмжээг олон улсын жишиг татвараас доогуур тогтоох, давхар татварын гэрээгээр хөнгөлөх зэрэг хуулийн зохицуулалт хийгдсэн байгаа болно.

Татварын хуулийн дагуу татварыг ногдуулдаг ба татвар төлөгчийн дурдаад байгаа Сангийн сайдын 2009 оны 283 дугаар журмын заалтыг татвар төлөгчийн зүгээс буруу ойлгож, зөрүүтэй тайлбарлаж байсныг залруулан хууль, журмыг нэг мөр ойлголтоор хэрэгжүүлэх зорилгоор Сангийн сайдын 2012 оны 78 дугаар тушаалаар өөрчлөлт оруулсан ба энэхүү журмын өөрчлөлт нь хууль зөрчөөгүй бөгөөд оршин суугч бус этгээдийн орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулж төсөвт төлөх тухай заасан байна гэжээ.

 

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 239 дүгээр шийдвэрээр: Татварын ерөнхий хуулийн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.9, 16 дугаар зүйлийн 16.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн ОН ХХК-ийн Татварын ерөнхий газрын татварын улсын байцаагчийн 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 210303 дугаар актын тогтоох хэсгийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх заалтыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б  давж заалдах гомдолдоо: Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.3-д заасан Захиргааны хэргийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болон хуульд үндэслэсэн байна гэж заасныг тус тус зөрчиж нэг талыг барьсан дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн.

Нэг. Оршин суугч бус этгээдийн орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар нэмж авч төсөвт төлөөгүй зөрчил гаргасан гэх тухайд;

1.1. Маргаан бүхий татварын улсын байцаагчийн 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 210303 дугаар актын Тогтоох хэсгийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгээр нэхэмжлэгч компанийн Канад Улсын Т  компаниас сансрын өгөгдөл дамжуулах үйлчилгээний төлбөрийг 2010 онд шилжүүлэхдээ нэмэгдсэн өртгийн албан татвар нэмж авч төсөвт төлөөгүй зөрчил гаргасан гэж тооцож 195,329.5 мянган төгрөгийн нөхөн татвар, торгууль, алданги ногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4-д Дор дурдсан үйл ажиллагааг үйлчилгээ үзүүлсэн-д хамааруулна, 7.4.9-т Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугч бус этгээдээс Монгол Улсын иргэн, хуулийн этгээдийн захиалгаар ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх гэж заасны дагуу оршин суугч бус этгээд Канад Улсын Т  компани нь Монгол Улсын хуулийн этгээд болох ОН ХХК-ийн захиалгаар сансрын долгион дамжуулах үйлчилгээ үзүүлсэн тул үйлчилгээ үзүүлсэнд хамааруулж нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах бөгөөд оршин суугч бус этгээд Т  компани нь Монгол Улсад татвар төлөгчөөр бүртгүүлээгүй, тайлан гаргах боломжгүй тул энэхүү компанийн Монгол Улсын нутаг дэвсгэрт үзүүлсэн үйлчилгээний орлогод ногдох нэмэгдсэн өртгийн албан татварыг уг орлогыг олгож байгаа Монгол Улсын ОН ХХК нь төсөвт төлөхөөр хуулийн 7.6, 16.1.2 дахь заалт хэрэгжсэн байна гэж дүгнэхээр байна гэжээ.

Өөрөөр хэлбэл, шүүхийн зүгээс Монголын хуулийн этгээдийн захиалгаар гүйцэтгэсэн ажил бөгөөд орлого хүлээн авагч нь гадаад улсын хуулийн этгээд тул ОН ХХК-ийг суутгагчийн үүрэг гүйцэтгэж хууль хэрэгжүүлсэн байна гэж хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Учир нь хуулийн эдгээр заалт нь Монгол Улсын нутаг дэвсгэрт гадаадын хуулийн этгээд бараа борлуулах, үйлчилгээ үзүүлсэн тохиолдолд хэрэглэж нэмэгдсэн өртгийн албан татвар нэмж төлөх татвар төлөгчийн үүрэг юм. Гэтэл сансрын интернэтийн үйлчилгээ нь гадаад улсад гүйцэтгэгдсэн буюу Монгол Улсын нутаг дэвсгэрт ирж үйлчилгээ үзүүлээгүй тул Монгол Улсад нэмүү өртөг үүсээгүй. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэсэн буюу борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулахад энэ хууль үйлчилнэ гэж аливаа хуулийн үйлчлэх нутаг дэвсгэрийн хязгаарыг ерөнхий үйлчлэлээр нь зохицуулсан бөгөөд харин 7 дугаар зүйлийн 7.1.4-д Монгол Улсын нутаг дэвсгэрт гүйцэтгэсэн ажил, үйлчилгээ-нд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулахаар заасан байх тул нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах бараа, ажил үйлчилгээний тодорхойлолтод хамаарахгүй юм.

Тус хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-д Монгол Улсад байрладаггүй гадаадын хуулийн этгээд, түүнчлэн оршин суугч бус хувь хүний Монгол Улсын нутаг дэвсгэрт гүйцэтгэсэн ажил, үйлчилгээний үнийн дүн 10.0 сая төгрөг ба түүнээс дээш байвал энэ хуулийн 7.1.4 дэх заалт нэгэн адил хамаарна гэж заасан заалтаар 7.1.4-т заасан Монгол Улсын нутаг дэвсгэрт гэсэн заалт энд хамаарч, гадаадын хуулийн этгээд Монгол Улсын нутаг дэвсгэрт ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх тохиолдолд хамаарахаар нарийвчилсан зохицуулсан байна.

Монгол Улсын хилийн тухай хуулийн 3 дугаар зүйлд Монгол Улсын нутаг дэвсгэрийн хязгаарыг газрын гадаргуу, усны мандал дээр хил залгаа улсын нутаг дэвсгэрийн хязгаараас зааглаж Монгол Улсын олон улсын гэрээгээр тодорхойлж, тогтоосон шугамыг Монгол Улсын хил гэнэ. Уг шугамаас эгц дээш агаарын, мөн шугамаас эгц доош газрын хэвлийн хил байна гэж Монгол Улсын нутаг дэвсгэрийн хил хязгаарыг заасан байх ба сансрын хиймэл дагуулаас авч байгаа сансрын долгион дамжуулах үйлчилгээ нь Монгол Улсын нутаг дэвсгэрт хамаарахгүй тул Монгол Улсын нутаг дэвсгэрт гүйцэтгэсэн ажил үйлчилгээ бус болох нь нотлох баримтаар хангалттай нотлогдож байгаа юм.

Анхан шатны шүүхийн хэрэгт нотлох баримтаар авагдсан Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын 2014 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн албан бичигт дурдсан ...Дэлхийн бүх улсууд эрх тэнцүү сансрын уудам орон зайг ашиглах, ... хиймэл дагуулаа байрлуулах боломжтой ... уг хиймэл дагуул болон түүний байрлах орон зай нь тухайн эзэмшигч улсын өмч байх юм. ОН ХХК-ийн түрээсээр ашиглаж буй Канад Улсын Т  компанийн кю зурвасын сансрын хиймэл дагуул байрлаж буй орон зай нь Монгол Улсын нутаг дэвсгэрт хамаарахгүй гэснийг нотлох баримтын хэмжээнд үнэлж үзэлгүйгээр ОН ХХК-ийн Монгол Улсад байрладаггүй этгээд болох Т  компаниас ажил, үйлчилгээ худалдан авахдаа Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд зааснаар нэмэгдсэн өртгийн албан татварыг уг ажил, үйлчилгээний үнэ дээр нэмж авч төсөвт төлөх үүргээс чөлөөлөхгүй юм гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна.

Нөгөө талаар анхан шатны шүүх ...сансрын хиймэл дагуул байрлаж байгаа орон зай нь Монгол Улсын нутаг дэвсгэрт хамаарахгүй гэдгийг нотолж байгаа боловч гэж Монгол Улсын нутаг дэвсгэрт хамаарахгүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн атлаа ОН ХХК нь Т  компаниас ажил, үйлчилгээ худалдан авахдаа нэмэгдсэн өртгийн албан татварыг ажил, үйлчилгээний үнэ дээр нэмж авахаар заасан Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.2-т заасан үүргээс чөлөөлөгдөхгүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болсон байна. Харин Т компанийн кю зурвасын сансрын хиймэл дагуул байрлаж байгаа орон зай нь Монгол Улсын нутаг дэвсгэрт хамаарч байх тохиолдолд л ОН ХХК-д Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16.1.2 дах заалт хамааралтай болох юм.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн үйлчлэлд буюу тус хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д хамаарахгүй тул үүнд нэмэгдсэн өртгийн албан татварын хууль үйлчлэхгүй юм болж байна. Канадын Т  ХХК нь Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлчилгээ үзүүлээгүй бөгөөд Монгол Улсад нэмүү өртөг бий болоогүй. Өөрөөр хэлбэл гадаад улсын хуулийн этгээдийн гадаад улсын нутаг дэвсгэрт хийгдсэн ажил үйлчилгээ юу?, гадаад улсын хуулийн этгээдийн Монгол Улсын нутаг дэвсгэрт гүйцэтгэсэн ажил үйлчилгээ юу? гэдгийг шүүхийн зүгээс нотлох баримтад үндэслэж ялгамжтай хандсангүй. Татварыг зөвхөн хуулиар бий болгодог тул хуулийг төсөөтэй хэрэглэхгүй, утгыг буруу тайлбарлаж хэрэглэхээс аль болох сэргийлэх зорилгоор хуульд энэ талаар тодорхой зохицуулж өгдөг. Анхан шатны шүүхээс Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд 2011 оны 11 дүгээр сараас нэмэлтээр оруулсан шинэ зохицуулалт болох Монгол Улсаас эх үүсвэртэй орлого гэдгийг нэмэгдсэн өртгийн албан татвар авахад хамааралтай гэж тайлбарласан хэрэглэсэн нь хуулийг буруу тайлбарласан гэж үзэж байна. Энэ нь зөвхөн Монгол Улсаас эх үүсвэртэй орлого олж байгаа тохиолдолд уг орлогоос Орлогын албан татвар авахтай холбоотойгоор үүссэн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын объектыг тодорхойлж байгаа хуулийн зохицуулалт юм. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх Канад Улсын Т  компанийн олсон тухайн орлогыг Монгол Улсаас эх үүсвэртэй гэж үзэж Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.9 дэх заалт, Монгол Улс, Канад Улсын Засгийн газар хооронд байгуулсан давхар татварын гэрээтэй холбон тайлбарласан нь энэ маргаанд хамааралгүй юм.

Хоёр: Нэмэгдсэн өртгийн албан татварт хасалт хийх хуулийн зохицуулалтыг хэрэглэх тухайд:

2.1. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх заалт нь нэмэгдсэн өртгийн албан татварыг үйлчилгээний үнэ дээр нэмж авч төсөвт төлөхөөр зохицуулсан. Энэ нь өөрийн худалдан авч байгаа бараа, ажил үйлчилгээний үнэ дээр нэмэгдсэн өртгийн албан татварыг нэмж төсөвт төлж байгаа Татвар төлөгч-ийн үйлдлийг зохицуулж байгаа бөгөөд Татвар суутгагч-ийн үйлдэл биш юм. Тиймээс Татвар төлөгч-ийн хувьд хамааралтай аливаа хууль, дүрэм, журам нь ОН ХХК-д хамааралтай юм. Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ ...Монгол Улсын иргэн, хуулийн этгээд нь энэ хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т Монгол Улсын нутаг дэвсгэрт ...үзүүлсэн үйлчилгээ ..., 7.2-т Монгол Улсад байрладаггүй гадаадын хуулийн этгээд,...Монгол Улсын нутаг дэвсгэрт ...үзүүлсэн үйлчилгээний үнийн дүн 10.0 сая төгрөг ба түүнээс дээш энэ хуулийн 7.1.4 заалт нэгэн адил хамаарна..., 7.6-т Энэ хуулийн 7.5.1 дэх заалтад 7.3.5, 7.4.9 дэх заалт хамаарахгүй гэснийг тус тус баримтлан мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.2-т Монгол Улсад байрладаггүй этгээдээс энэ хуулийн 7.3.5, 7.4.9-д заасан бараа, ажил үйлчилгээний үнэ дээр нэмж авч төсөвт төлөх гэж заасан. Үүний дагуу оршин суугч бус Т  компанийн орлогод ногдох нэмэгдсэн өртгийн албан татварыг сансрын долгион дамжуулах үйлчилгээ-ний үнэ дээр нэмж авч төсөвт төлөх бөгөөд 16.1.2 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын хуулийн этгээд ОН ХХК нь ажил, үйлчилгээний худалдан авалтад нэмэгдсэн өртгийн албан татвар төлөхгүй тул татвар төлөгчийн төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасаж тооцохгүй болно гэж дүгнэжээ. Өөрөөр хэлбэл Татвар төлөгч биш гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3.5-д Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугч бус этгээд Монгол Улсын иргэн, хуулийн этгээдийн захиалгаар бараа борлуулах, 7.4.9-д Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугч бус этгээдээс Монгол Улсын иргэн, хуулийн этгээдийн захиалгаар ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх гэж заасан бараа борлуулах, ажил үйлчилгээнд тус хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 -д Энэ хуульд өөрөөр заагаагүй бол нэмэгдсэн өртгийн албан татварыг импортлосон болон үйлдвэрлэсэн, борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний албан татвар тооцох үнэлгээний 10 хувиар ногдуулна гэж зааснаар оршин суугч бус этгээдээс авсан ажил үйлчилгээний орлогоос албан татвар ногдуулахаар байна.

Мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.2-д Монгол Улсын иргэн, хуулийн этгээд нь оршин суугч бус буюу Монгол Улсад байрладаггүй этгээдээс энэ хуулийн 7.3.5, 7.4.9-д заасан бараа, ажлын үйлчилгээг худалдан авахдаа нэмэгдсэн өртгийн албан татварыг уг бараа ажил, үйлчилгээний үнэ дээр нэмж авч төсөвт төлөх, 16.1-д Албан татвар төлөгч нь бараа, ажил, үйлчилгээнд ногдох нэмэгдсэн өртгийн албан татварыг дор дурдсан журмаар дараа сарын 10-ны дотор төрийн сангийн нэгдсэн дансанд шилжүүлж, батлагдсан маягтын дагуу тайлангаа харьяалах татварын албан тушаалтан хэмээн зааснаар уг бараа, ажил үйлчилгээний үнэ дээр нэмж авч төсөвт төлөх боловч тус хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх заалт болон Сангийн сайдын 2009 оны 283 дугаар тушаалын дагуу хасалт хийхээр зохицуулсныг анхан шатны шүүх буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

2.2. Хэрэв оршин суугч бус этгээдээс худалдан авсан ажил үйлчилгээнд Монгол Улсын нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль хамаарна гэж тооцвол нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7, 8 ба 11 дүгээр зүйлийн дагуу нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах боловч энэ нь эргээд татвар төлөгчийн хувьд үндсэн үйлдвэрлэл, үйлчилгээнд зориулан хийсэн худалдан авалт тул тус хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д Иргэн, хуулийн этгээд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлснээсээ хойшх хугацаанд энэ хуулийн 7, 8, 11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн дор дурдсан нэмэгдсэн өртгийн албан татварыг түүний төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцно, 14.1 Аж үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд төлсөн, 14.1.2-т худалдах, түүнчлэн үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар өөрөө шууд импортлосон бараа, ажил үйлчилгээнд төлсөн хэмээн заасны дагуу Монгол Улсын хилийн гаднаас оруулж ирж байгаа үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авалт хийсэн бараа, гүйцэтгэсэн ажил үйлчилгээнд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг хасч тооцохоор заасан байна.

Иймд татвар ногдох орлогоос хасагдах тул татвар ногдуулахгүй бөгөөд 0 төгрөгийн татвар ногдох орлогод нөхөн татвар ногдуулж, торгууль, алданги ногдуулж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

2.3. Сангийн сайдын 283 дугаар тушаалаар баталсан Нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийх, буцаан олгох, тэдгээрийн нягтлан бодох бүртгэлд тусгахтай холбогдсон харилцааг зохицуулах журам-ын 6.3-д нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчдөөс бараа, ажил, үйлчилгээндээ энэ журмын 2.1-д дурдсан падааныг заавал бичүүлж авах бөгөөд уг падааны дагуу худалдан авалтын дэвтрийг хөтөлж, тухайн тайлангийн хугацаанд хасагдах нэмэгдсэн өртгийн албан татварын хэмжээгээр тодорхойлно. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7.3.5, 7.4.9, 14.1.4-д заасан худалдан авалтаас бусад худалдан авалтад нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлсэн борлуулагчийн бичсэн нэмэгдсэн өртгийн албан татварын падаангүй бол хасалт хийхгүй гэж падаангүйгээр хасалт хийж болохыг заасан болно.

Энэхүү Сангийн сайдын 2009 оны 283 дугаар тушаалаар баталсан журам нь 2012 он хүртэл мөрдөж, хасалт хийж ирсэн бөгөөд уг журмын 6.3 дахь заалтын 7.3.5; 7.4.9 гэснийг Сангийн сайдын 2012 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 78 дугаар тушаалаар журамд өөрчлөлт оруулан нэмэгдсэн өртгийн албан татвар хасалт хийхгүй болсон бөгөөд 2012 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 78 дугаар тушаалын үйлчлэл нь уг өдрөөс хойш үйлчлэх бөгөөд үүнээс өмнөх 2010 онд Монгол Улсад оршин суугч бус этгээдийн Монгол Улсад олсон орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах нь хууль эрх зүйн үндэслэлгүй юм. Энэ нь хууль тогтоомжийг буцаан хэрэглэж байгаа хууль хэрэглээний алдаа юм.

2.4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт дурдсан нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулахад Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт-18-ыг хэрэглэх тухай дурдсан нь үндэслэлгүй байна. Учир нь Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйл Татвар төлөгчийн үүрэг, 18.1.3 анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журам болон нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу хөтөлж, санхүү аж ахуйн үйл ажиллагааны тайлан тэнцэл гаргах; гэж заасан байна. Тус компани нь Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартыг мөрддөг бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрт дурдсан Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт-18-ын дагуу тодорхойлогдсон орлого нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар тооцоход хамаарах бөгөөд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах хугацаанд хамааралгүй ойлголт юм. Нэмэгдсэн өртгийн албан татварыг хэрхэн ногдуулах талаар Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 8, 9, 10 дугаар зүйлд тусгайлан тодорхой заасан байна.

Иймд дээрх үндэслэлээр Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.3-т зааснаар Татварын ерөнхий газрын татварын улсын байцаагчийн 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 210303 дугаар актын тогтоох хэсгийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх заалтыг хүчингүй болгож, Захиргааны хэргийн анхан шатны 2015 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 239 дүгээр шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын улсын байцаагчид 2008-2012 оны татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийгээд 2010 онд 1,299,597.2 мянган төгрөгийн Монгол Улсад оршин суугч бус этгээдийн Монгол Улсад олсон орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулж төсөвт төлөөгүй зөрчил гаргасан гэж үзэн 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 210303 дугаар актын 2.1 дэх заалтаар 129,959.7 мянган төгрөгийн нөхөн татвар, 64,979.9 мянган төгрөгийн торгууль, 389.9 мянган төгрөгийн хүү ногдуулсныг эс зөвшөөрч ОН  ХХК шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 

Нэг. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д Монгол Улсын нутаг дэвсгэрт гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулахаар, мөн зүйлийн 2-д Монгол Улсад байрладаггүй гадаадын хуулийн этгээд... Монгол Улсын нутаг дэвсгэрт гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний үнийн дүн 10.0 сая төгрөг ба түүнээс дээш байвал энэ хуулийн 7.1.4 дэх заалт нэгэн адил хамаар...-хаар заажээ.

 

ОН  ХХК Канад Улсын Т  Канада компанитай Т ын сансрын долгион дамжуулах үйлчилгээний гэрээ байгуулснаар 2010 онд тухайн компаниас хиймэл дагуулын сансрын долгион дамжуулах 1,299,597.2 мянган төгрөгийн үйлчилгээ авчээ.

 

Канад Улсын Т  Канада компани нь Монгол Улсын нутаг дэвсгэрт сансрын хиймэл дагуулын долгион дамжуулах үйлчилгээ үзүүлснийхээ төлөө олсон орлогодоо Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн дээрх 7 дугаар зүйлийн 7.2 дахь заалтын дагуу нэмэгдсэн өртгийн албан татварыг төлөхөөр байна.

 

Тодруулбал, Канад Улсын Т  Канада компани хиймэл дагуулаар дамжуулан ОН  ХХК-д үйлчилгээ үзүүлж, үйлчилгээний орлогоо Монгол Улсын нутаг дэвсгэр дээрх тухайн компаниас авснаараа Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлчилгээ үзүүлсэн гэх үндэслэл болно. Өөрөөр хэлбэл аль ч улсын нутаг дэвсгэрт хамаарахгүй орон зай буюу сансрын уудамд оршиж, эзэмшигч улсынхаа өмчид тооцогддог хиймэл дагуултай холбогдуулж сансрын долгион дамжуулах үйлчилгээг Монгол Улсын нутаг дэвсгэрт хамаарахгүй гэж дүгнэх боломжгүй.

 

Канад Улсын Т  Канада компани үзүүлсэн үйлчилгээндээ нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх тохиолдолд гадаадын тухайн компаниас үйлчилгээ авсан ОН  ХХК нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.2 /Монгол Улсын... хуулийн этгээд нь оршин суугч бус буюу Монгол Улсад байрладаггүй этгээдээс ...үйлчилгээг худалдан авахдаа нэмэгдсэн өртгийн албан татварыг уг... үйлчилгээний үнэ дээр нэмж авч төсөвт төлөх/, Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.6 /бусдад олгох хөдөлмөрийн хөлс, шилжүүлсэн орлогод ногдох татварыг үнэн зөв суутгаж тооцож, тогтоосон хугацаанд төсөвт төлөх/-д заасны дагуу үйлчилгээний хөлснөөс ногдох татварыг суутган авч төсөвт төлөх үүрэгтэй.

 

Хоёр. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д Иргэн, хуулийн этгээд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлснээсээ хойшхи хугацаанд энэ хуулийн 7, 8, 11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн дор дурьдсан нэмэгдсэн өртгийн албан татварыг түүний төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцно: 14.1.1.үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд төлсөн гэж заажээ.

 

Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл Канад Улсын Т  Канада компани Монгол Улсын төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасалт хийх боломжгүйгээс гадна ОН  ХХК тухайн гадаадын компани хасалт хийх эсэхийг тодорхойлолгүй зөвхөн ногдох нэмэгдсэн өртгийн албан татварыг үйлчилгээний хөлснөөс нь авч төсөвт төлөх үүрэгтэй байна. Нэгэнт хуулиар хасалт хийх боломжгүй тул Сангийн сайдын 2009 оны 283 дугаар тушаалаар батлагдсан Нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийх, буцаан олгох, тэдгээрийг нягтлан бодох бүртгэлд тусгахтай холбогдсон харилцааг зохицуулах журам-ын 6.3-т 7.3.5, 7.4.9 дэх заалтыг тусгасан байсан нь тухайн хасалтыг хийх үндэслэл болохгүй.

 

ОН  ХХК-ийн тухайд, татварын улсын байцаагчид тухайн компанийг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.2, Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.6-д заасан үүргээ биелүүлээгүйтэй нь холбогдуулж хариуцлага хүлээлгэсэн бөгөөд маргаан бүхий актын тухайн заалтаар ОН  ХХК-ийг өөрийг нь нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч болохынх нь хувьд хариуцлага хүлээлгээгүй байна. Тиймээс ОН  ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д заасны дагуу нэмэгдсэн өртгийн албан татварт хасалт хийх эрхтэй эсэх асуудал нь Татварын ерөнхий газрын татварын улсын байцаагчдын 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 210303 дугаар актын 2.1 дэх заалтыг хянахад хамааралгүй.

 

Дээрх нөхцөл байдлуудыг дүгнэн үзээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.  Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 239 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

 

 

ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР

 

ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ

 

ШҮҮГЧ Д.БАТБААТАР