Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 221/МА2016/0572

 

Иргэн Ү.Чулуунбаатарын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Хонинхүү даргалж, шүүгч Г.Билгүүн, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Даваасүрэн нарыг оролцуулан хийж, Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 16 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, иргэн Ү.Чулуунбаатарын нэхэмжлэлтэй, Булган аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 16 дугаар шийдвэрээр: Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2, 30 дугаар зүйлийг тус тус баримтлан Ү.Чулуунбаатараас Булган аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан гаргасан “тэтгэврийг буруу бодсон буруутай үйл ажиллагааг тогтоож, тэтгэврийг зөвтгөн бодож, өргөдөл гаргасан үеэс нөхөн олгохыг Нийгмийн даатгалын хэлтэст даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: “Булган аймаг дахь Захиргааны хэргийн шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 16 дугаар шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

1. Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр тэтгэмж олгох тухай хуулийн 22 дугаар зүйл.“Тэтгэвэр тогтоолгох хөдөлмөрийн хөлсийг тодорхойлох”

1. Тэтгэвэр тогтоолгох хөдөлмөрийн хөлсийг даатгуулагч тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 20 жилийн доторх аль дуртай дараалсан 5 жилд төлсөн шимтгэлээс тооцож гаргасан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос дор дурдсан журмаар бодож тодорхойлно:

1/ даатгуулагч сар бүр шимтгэл төлж байсан бол таван жилийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын нийлбэрийг мөн хугацаанд шимтгэл төлсөн нийт сарын тоонд хуваана;

2/ даатгуулагч сар бүр шимтгэл төлөх боломжгүй байсан бол таван жилийн туршид авсан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын нийлбэрийг 60-д хуваана.” гэж заасан бөгөөд Ү.Чулуунбаатарын тэтгэвэр тогтоолгох хөдөлмөрийн хөлсийг Нийгмийн даатгалын байгууллага болон шүүх буруу тооцсон, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

Ү.Чулуунбаатар нь Орхон сумын Чойбалсанч нэгдэлд Орхон үүлдрийн нарийн ноост хонь маллаж байсан үеийн буюу 1986-1990 оны цалингийн түүврээ Булган аймгийн архиваас шүүж гаргуулахад 1986 онд 7, 8, 11 сард, 1987 оны 5 сард тус тус цалин гараагүй, бусад жил саруудад зарим сард өндөр цалин гарсан нь малчны хувьд төл бойжилт, ноос ноолуур тушаалт, малын тарга хүчний нэмэгдэл, жилийн эцсийн ажлын үр дүнгийн урамшуулал зэргийг улирлын чанартай олгогдож байсантай холбоотой юм.

Дээрх хуульд заасны дагуу 1986-1990 онд авч байсан бүх цалингийн нийлбэр нь 34486 төгрөг, үүнийг Засгийн газрын 2014 оны 15 дугаар тогтоолын хавсралтаар баталсан итгэлцүүр 715-аар үржүүлэхэд 24657490 төгрөг гарч байгаа ба үүнийг 60 сард хуваахад тэтгэвэр тогтоолгох хөдөлмөрийн хөлс нь 410958 төгрөг болж байна.

Гэтэл Булган аймгийн Нийгмийн даатгалын байгууллага нь хуульд зааснаар тэтгэвэр тогтоолгох хөдөлмөрийн хөлсийг тодорхойлоогүй байхдаа, 5 жилийн цалингийн түүврийн сар бүрт Засгийн газрын 2012 оны 153 дугаар тогтоолд “2011 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөс өмнөх хугацааны тэтгэвэр тогтоолгох сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг 1,080.000 /нэг сая наян мянга/ төгрөгөөр тооцох” гэснийг хэрэглэж хязгаарлаж байгаа нь буруу байна.

Ү.Чулуунбаатарын тэтгэвэр тогтоолгох сарын хөдөлмөрийн хөлс нь 410958 төгрөг болж 1080000 төгрөгт хүрэхгүй байхад шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ “1986 оны 12 сар, 1988 он 2, 8, 12 дугаар сар,1990 он 11, 12 дугаар сард хязгаарлалт хийж 5 жилийн дундаж цалин гаргасан нь “даатгуулагч сар бүр шимтгэл төлөх боломжгүй байсан бол таван жилийн туршид авсан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын нийлбэрийг 60-д хуваана.” гэсэнд нийцсэн” гэж нэг өгүүлбэр дотроо эсрэг тэсрэг дүгнэлт хийж хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

2. Монгол Улсын Засгийн газрын тогтоолд гомдол гаргаагүй байхад шийдвэрийн үндэслэх хэсэгт 2015 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн 52 дугаар тогтоолд дүгнэлт хийж, тогтоох хэсэгтээ дээрх хуулийн 30 дугаар зүйлийг баримталсан, мөн Засгийн газрын ямар тогтоолыг баримталсныг дурдалгүйгээр. “Нийгмийн даатгалын хэлтэс Засгийн газрын тогтоолыг баримталсан нь хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй” гэх дүгнэлт нь тус тус ойлгомжгүй, Засгийн газрын 52 дугаар тогтоолд заагдсан 22000 төгрөг тэтгэвэр дээр нэмэгдэхгүй талаар шүүх хуралдаан дээр ярилцаж ойлголцсон боловч энэ талаар шүүх дүгнэлт хийгээгүй нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг шийдвэрлээгүй орхигдуулсан гэж үзэхээр байна.

Иймд нь “хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй” Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 16 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, тэтгэврийг нэмэгдүүлэн тогтоож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах гомдлын дагуу хэргийг хянаад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дүгээр зүйлийн 120.3-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

Анхан шатны шүүх Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. “Тэтгэвэр тогтоолгох хөдөлмөрийн хөлсийг тодорхойлох” гэсэн дээрх зүйлийн 1 дэх хэсгийн 2-т “даатгуулагч сар бүр шимтгэл төлөх боломжгүй байсан бол таван жилийн туршид авсан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын нийлбэрийг 60-д хуваана” гэж заажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Ү.Чулуунбаатар нь Булган аймгийн Орхон сумын Чойбалсанч нэгдэлд Орхон үүлдрийн нарийн ноост хонь маллаж байсан үеийн буюу 1986-1990 оны цалингийн түүврээ Булган аймгийн архиваас шүүж гаргуулахад 1986 онд 7, 8, 11 сард, 1987 оны 5 сард тус тус цалин гараагүй, бусад жил саруудад зарим сард өндөр цалин гарсан нь тэрээр сар бүр шимтгэл төлөх боломжгүй харин ажил, мэргэжлийн онцлогоос шалтгаалан малчны хувьд төл бойжилт, ноос ноолуур тушаалт, малын тарга хүчний нэмэгдэл, жилийн эцсийн ажлын үр дүнгийн урамшуулал зэргийг улирлын чанартай олгогдож байсан гэж үзэхээр байна. Дээрх тохиолдолд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтын дагуу тэтгэвэр тогтоолгох хөдөлмөрийн хөлсийг тодорхойлохоор байна.

Ийнхүү тооцоход нэхэмжлэгчийн тухайд “...1986-1990 онд авч байсан бүх цалингийн нийлбэр нь 34486 төгрөг, үүнийг Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 15 дугаар тогтоолын хавсралтаар баталсан итгэлцүүр 715-аар үржүүлэхэд 24657490 төгрөг гарч байгаа ба үүнийг 60 сард хуваахад тэтгэвэр тогтоолгох хөдөлмөрийн хөлс нь 410958 төгрөг болж байна. ...Ү.Чулуунбаатарын тэтгэвэр тогтоолгох сарын хөдөлмөрийн хөлс нь 410958 төгрөг болж 1080000 төгрөгт хүрэхгүй байна” гэсэн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтад “авч байгаа тэтгэврийг нь тогтооход баримталсан хөдөлмөрийн хөлсний хэмжээг дүйцүүлэн тооцох итгэлцүүрийг Засгийн газраас шинэчлэн тогтоосонтой уялдуулан хөдөлмөрийн хөлсний хэмжээ өөрчлөгдөх үндэслэлтэй болсон нь тогтоогдож тэтгэвэр авагч хүсэлтээ гаргасан бол зөвхөн нэг удаа” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь тэтгэврийг шинэчлэн тогтоолгохыг хүсэх эрхтэй юм.

Гэтэл Булган аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь хуульд зааснаар тэтгэвэр тогтоолгох хөдөлмөрийн хөлсийг тодорхойлж тооцоогүй байхдаа, урьдчилан зарим сарын хөдөлмөрийн хөлсийг хассаны дараа “тэтгэвэр тогтоолгох хөдөлмөрийн хөлсийг тодорхойлж” буй нь буруу юм.

Түүнчлэн анхан шатны шүүх шийдвэрийн Тогтоох хэсэгт хуулийн зүйл заалтыг буруу баримталсан болохыг тэмдэглэж байна.

Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.3 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 16 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 22 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 2, 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч Ү.Чулуунбаатарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, тэтгэврийг буруу бодсон буруутай үйл ажиллагааг тогтоож, тэтгэврийг зөвтгөн бодож, өргөдөл гаргасан үеэс зөрүүг нөхөн олгохыг Нийгмийн даатгалын хэлтэст даалгасугай” гэж өөрчилж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг  улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:           

          ШҮҮГЧ                                                              Н.ХОНИНХҮҮ

            ШҮҮГЧ                                                            Г.БИЛГҮҮН

            ШҮҮГЧ                                                            Э.ЗОРИГТБААТАР