Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Лхүндэвийн Атарцэцэг |
Хэргийн индекс | 128/2016/0935/З |
Дугаар | 108 |
Огноо | 2017-03-20 |
Маргааны төрөл | Сонгууль, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2017 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 108
Х.Батжаргалын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, Д.Мөнхтуяа, Л.Атарцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Амартунгалаг, түүний өмгөөлөгч Ш.Базаррагчаа нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 994 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 221/МА2017/0050 дугаар магадлалтай, Х.Батжаргалын нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Сонгуулийн хороонд холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Л.Атарцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 994 дүгээр шийдвэрээр: Сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7, 116 дугаар зүйлийн 116.1, 116.2, 117 дугаар зүйлийн 117.1, 118 дугаар зүйлийн 118.1, 159 дүгээр зүйлийн 159.1, 159.2, 159.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Сүхбаатар дүүргийн сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 15 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоож, Х.Батжаргалыг Сүхбаатар дүүргийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай тогтоол гаргаж, түр үнэмлэх олгохыг Сүхбаатар дүүргийн сонгуулийн хороонд даалгаж шийдвэрлэжээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 221/МА2017/0050 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 994 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Амартунгалагийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ш.Базаррагчаа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Иргэн Х.Батжаргал нь Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-т “Ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал хурааж дуустал аливаа этгээд сонгогчдын саналыг татах зорилгоор дараахь үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж заасныг удаа дараа зөрчиж, хууль бус сурталчилгаа явуулсан нь нотлох баримтуудаар тогтоогдсон.
Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.5.1, 70.5.2, 70.5.13, 70.5.14, 70.5.15 дахь хэсэгт заасныг зөрчиж, хуулиар хориглосон үйлдлүүдийг хийсэн нь тогтоогдсон тул Сонгуулийн хороо хуульд заасны дагуу нэр дэвшигчийн нэрийн жагсаалтыг хасах шийдвэр гаргаж, 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 15 дугаар тогтоол гаргасан.
Мөн Сүхбаатар дүүргийн Монгол ардын намын хорооноос болон тухайн тойрогт нэр дэвшигч болон түүний бие төлөөлөгч, шадар туслах, нар дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст Х.Батжаргалын хууль бус үйлдлийг тогтоолгохоор өргөдөл гарган, хэрэг хэрэг үүсгэн шалгаж байгаа зэргийг бүрэн тогтоогоогүй.
Түүнчлэн эрх, ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа Монгол ардын намаас нэр дэвшигчийг тухайн хэрэгт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5 дахь хэсэгт “Нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлсон захиргааны акт, захиргааны гэрээний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг гуравдагч этгээд гэнэ”, 22 дугаар зүйлийн 22.1-д “Үндсэн нэхэмжлэлийн шаардлагаар үүссэн маргааны үйл баримтын талаар бие даасан шаардлага гаргасан, эсхүл эдгээрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа гэж үзсэн гуравдагч этгээдийг тухайн этгээдийн хүсэлтээр, эсхүл шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулна” гэж зааснаар гуравдагч этгээдээр оролцуулаагүй, хэргийн бодит үнэн, үйл баримтыг мэдэх, гэрчлэх этгээдийг мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт “Хэргийн талаар ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэнэ” гэж зааснаар гэрчийн этгээдээр асуугаагүй, шаардлагатай баримтуудыг мөн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна” гэж зааснаар нотлох баримтаар хэрэгт аваагүй нь шүүх хэрэг маргааныг шийдвэрлэхдээ хэргийн бодит үнэнийг шалгаж тогтоох хуульд заасан үүргээ биелүүлэхгүйгээр илт нэг талын хүсэл зоригийг хангаж шийдвэр гаргасан тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.
Сүхбаатар дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 15 дугаар тогтоолоор тус дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд 11 дүгээр тойрогт Ардчилсан намаас нэр дэвшиж ялалт байгуулсан Х.Батжаргалыг Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн холбогдох хэсгүүдэд заасан “зөрчил” гаргасан нь “тогтоогдсон” гэсэн үндэслэлээр нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасаж, сонгуулийн дүнгээс уг нэр дэвшигчид холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.3-д “Сонгуулийн дүн гарсны дараа тухайн нэр дэвшигчийг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасах энэ хуульд заасан үндэслэл тогтоогдвол уг нэр дэвшигчийг бүртгэсэн сонгуулийн хороо нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч, сонгуулийн дүнгээс уг нэр дэвшигчид холбогдох хэсгийг хүчингүй болгоно” гэж заасантай нийцээгүй, үүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөнийг шүүхүүд зөв дүгнэжээ.
Энэ хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д “сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн болох нь тогтоогдсон” гэж сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн болохыг шүүхээс тогтоож, тухайн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байхыг”, 117 дугаар зүйлийн 117.1-д “Энэ хуульд заасан захиргааны зөрчлийг цагдаагийн байгууллага шалгана”, 117.2-д “...захиргааны зөрчлийн талаар шууд ирүүлсэн гомдол, мэдээллийг шүүгч шийдвэрлэнэ. ...” гэж тус тус заасан байна.
Дээрхээс үзвэл Сонгуулийн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчиж, захиргааны зөрчил гаргасан эсэх асуудлыг эрх бүхий байгууллага тогтоохоор хуульд тодорхой заасан, энэ асуудлыг сонгуулийн хороо шийдвэрлэх эрх хэмжээгүй, үүнээс гадна захиргааны хэргийн шүүх нь сонгуулийн хорооны шийдвэр хуульд нийцсэн эсэхийг хянан шийдвэрлэхээс бус сонгуулийн хуульд заасан захиргааны зөрчлийн асуудлыг харьяалан шийдвэрлэхгүй болно.
Өөрөөр хэлбэл, зөрчил холбогдох байгууллагаар шалгагдан, тогтоогдсон байх нь Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.3-д зааснаар шийдвэр гаргах үндэслэл болохыг дээрх хуулиар зохицуулжээ.
Нэхэмжлэгч Х.Батжаргал нь Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.5.1, 70.5.2, 70.5.13, 70.5.14, 70.5.15-д заасан зөрчил гаргасныг цагдаагийн байгууллага шалгаагүй, хууль тогтоомж зөрчсөн болохыг шүүхээр шийдвэрлэж, тогтоогоогүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байна.
Гэтэл хариуцагч нь хуулиар олгогдсон эрх хэмжээгээ хэтрүүлж, нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасах хуульд заасан үндэслэл бүрдээгүй байхад маргаан бүхий тогтоол гаргасан нь үндэслэлгүй юм.
Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нийт 35 төлөөлөгчөөс 34 төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн буюу нэхэмжлэгчийн нэр дэвшсэн 11 дүгээр тойрог 2 мандаттайгаас 1 төлөөлөгчийн бүрэн эрх баталгаажсан, маргаан бүхий тогтоол нь нэхэмжлэгч Х.Батжаргал руу шууд чиглэсэн, уг тогтоолын улмаас бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхөөргүй байна.
Иймээс “... хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрч оролцуулаагүй..., ...зөрчлийг шалгаж тогтоогоогүй..., ... гуравдагч этгээд татан оролцуулаагүй..., ... нотлох баримт дутуу бүрдүүлсэн...” гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчийн гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.
Шүүхүүд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, Сонгуулийн тухай хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 994 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 221/МА2017/0050 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Л.АТАРЦЭЦЭГ