| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Содномдаржаагийн Батжаргал |
| Хэргийн индекс | 186/2018/0266/э |
| Дугаар | 2018/ШЦТ/312 |
| Огноо | 2018-04-30 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Уранчимэг |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 2018/ШЦТ/312
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Амаржаргал, улсын яллагч Б.Уранчимэг, шүүгдэгч А.З нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Зд холбогдох эрүүгийн “1811006370262” дугаартай, 186/2018/0266/э индекстэй хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1958 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймаг Баруун бүрэн суманд төрсөн, 60 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 55-31 тоотод оршин суух бүртгэлтэй, А.З,
Холбогдсон хэргийн талаар; А.З нь 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 10 цагийн үед Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, 35 дугаар байрны 81 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүү З.Баясгаланг гэртээ архи уулаа гэсэн шалтгаанаар зодож, биед нь хамар ясны хугарал, зовхи, хамрын нуруу, шуу, сурвуунд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
А.З нь 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 10 цагийн үед Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, 35 дугаар байрны 81 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүү З.Баясгаланг гэртээ архи уулаа гэсэн шалтгаанаар зодож, биед нь хамар ясны хугарал, зовхи, хамрын нуруу, шуу, сурвуунд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь: - шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Зын өгсөн:...2018 оны 02 дугаар сарын 21- ний өдрийн 10 цагийн орчим хүүгийнхээ гэрийн гадна явж байсан. Хүүгээ ямар байгааг харах зорилгоор гэрт нь гаднаас нь түлхүүрдэж орсон. Тэгээд гэрт нь ортол эмх замбараагүй шөнөжин архидсан байдалтай байсан. Том өрөөгөөр архины шилнүүд хөглөрсөн байсан. Унтлагын өрөөнд нь ортол манай хүү танихгүй эмэгтэйтэй унтаж байсан. Тэгээд би уурлаад загнасан. Тэр эмэгтэйг нь хөөж гаргах гэтэл манай хүү танд ямар хамаатай юм гэж уурлаж өмөөрсөн. Тэгтэл нөгөө хүүхэн нь утас алга болсон байна гэж намайг хардсан. Миний хүү өөдөөс хэрэлдээд байхаар нь хамарлуу нь цохьсон. Тэгээд халтираад унасан гэх мэдүүлэг.
- мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч З.Баясгалангийн өгсөн:..2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 10 цагийн орчим найз эмэгтэй Хандаатай унтаж байсан ба тухайн өдрийн өмнөх өдөр нь би 2 найзтайгаа 2 шил архи уучихаад уусан шилээ хаяагүй байсан. Шөнө нь Хандаа манай гэрт ирж хоносон юм. Өглөө хажуу талаас цохиод байхаар нь хартал манай аав Загд өөрийн түлхүүрээрээ онгойлгоод ороод ирсэн байсан. Ширээн дээр байсан 2 шилийг харангуутаа үхсэнээ хийгээд гэр орондоо архи дарс уугаад байдаг юм гэхээр нь би архи гараагүй, согтуу байсан учир өөдөөс нь ам зөрөөд танд ямар хамаатай юм, амралтаа авсан хүн юугаа хийх нь танд ямар хамаатай юм гэж хэлсэн чинь аав намайг татаж унагаагаад нүүрлүү цохиод хавирга руу өшиглөсөн, гараараа нүүрлүү 2 удаа өшиглөсөн гэх мэдүүлэг. /хх 13-14/,
- мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ц.Оюунцэцэгийн өгсөн:...2018 оныдугаар сарын 21-ний өглөө би гэртээ байж байтал манай хүү З.Баясгалан нь надруу өөрийнхөө 91114941 дугаарын гар утсаараа залгаад ярьж байсан ээжээ та манай гэрт хүрээд ирээч сая гаднаас аав орж ирээд намайг зодоод байна цагдаа дуудсан байгаа гэхээр нь би та нар өөрсдөө учраа олоо цагдаагаа дуудахгүй юу гээд утсаа салгасан. Тэгээд хэсэг хугацааны дараагаар манай хүү эргээд надруу залгаад ээж би Чингэлтэй дүүргийн цагдаа дээр байж байна эд нар намайг энд аваад ирлээ гээд 11 цагийн үед надруу ярьсан би тэгэхээр нь би гэрээсээ гараад наашаа хэлтэсрүү ирж байсан чинь манай хүү З.Баясгалан нь гараад ирлээ гээд дахин залгаж ярьж байсан би ч өөдөөс нь явж байсан тул бид хоёр бөмбөгөр худалдааны урд замд тааралдаж уулзацгаасан. Манай хүү З.Баясгалан нөгөө эмэгтэйтэйгээ хамт явж байсан хүүгийн баруун нүд хэсэг нь хавдсан байдалтай хамраас нь жаахан цус гарсан сальфетикаар арчаад явцгаасан байсан тул би хүүгээ гэмтлийн эмнэлэг ороод үзүүлье гэсэн чинь тэгье тэгье гээд явсан би тэгээд гэртээ харьсан гэх мэдүүлэг. /хх 15-16/,
- мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч М.Хандсүрэнгийн өгсөн:...2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 19 цагаас хойш намайг утсаар хүрээд ирээч гээд залгаад байсан. Тэр үед завгүй байсан 23 цагийн үед Баясаагийн гэрт ирсэн чинь 2 найз нь надтай зөрөөд гараад явсан. Очиход Баясаа нилээд согтсон байсан. Соёрхол нэртэй хагас шил архи байсан. Нилээд согтуу байсан тул би өрөөнд нь шууд унтуулж, гэр орныг нь янзалсан, би гадуур ажилтай байсан болохоор тэндээ хоносон. 2018 оны 02 дугаар сарын 21-ний өглөө шууд нэг хүн хаалга онгойлгоод ороод ирсэн. Шууд орж ирээд муу гөлөгнууд минь юу хийж байгаа юм бэ гэхээр нь Баясааг чимхэж сэрээгээд ааваасаа та юу хийж яваа юм гэсэн чинь л аав нь гэх хүн Баясааг шууд газар унаган зодож эхэлсэн 10 гаран минут зодсон. Аав нь их худалч хүн байна лээ. Цагдаа харангуутаа худал хэлж эхэлсэн. Цагдааг аав нь дуудсан байна лээ. Миний утсыг орон доогуур шидсэн гэх мэдүүлэг. /хх-18/,
- хохирогч З.Баясгалангийн биед үзлэг хийсэн:...” хамар ясны хугарал, зовхи, хамрын нуруу, шуу сарвуунд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, гэмтэл тогтоогдлоо., дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ., уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрхи гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 22-ний өдрийн №2840 тоот акт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдов. Дээрх нотлох баримтууд нь А.З нь төрсөн хүү З.Баясгалангийн нүүрэн тус газарт цохиж, хөнгөн хохирол учруулсан нөхцөл байдлыг нотолж байна. Харин дээрх хөнгөн хохирлыг учруулсан зорилгын сэдэлт нь хохирогч З.Баясгалан гэр бүлийн буюу төрсөн эцэгтэйгээ таарамжгүй харьцаатай байсны улмаас бус харин төрсөн эцэгтэйгээ хүндэтгэлгүй хандсан, тухайн цаг үед хохирогч эхэлж эцгийнхээ хэлсэн үгийг тоохгүй, урдаас хэрүүл маргаан гаргасны улмаас шүүгдэгч хохирогчийг цохиж түүний биед хөнгөн хохирол учруулсан нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна харин гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь нотлогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ. Өөрөөр хэлбэл З.Загд нь өмнө гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан эсэх төрсөн хүү З.Баясгалантай таарамжгүй харьцаатай байсан эсэх, өмнө түүнийг дарамталж, зодож цохиж, хэл амаар доромжилж байсан талаар хавтаст хэрэгт ямар нэг нотлох баримтууд авагдаагүй, Хохирогч болон гэрчүүдийг мөрдөн байцаалтын шатанд тус бүр нэг удаа байцаасан бөгөөд ийнхүү байцаахдаа шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нөхцөл байдлуудын талаар мэдүүлэгт нь бичигдээгүй, энэ талаар мөрдөн байцаагч ч тэдэнд асуулт тавиагүй байна. Гэхдээ энэ нөхцөл байдлыг тодруулах зорилгоор мөрдөн байцаалтад буцаах шаарлагагүй бөгөөд хэрэгт холбогдогч, хохирогч, гэрч нар мэдүүлгээ өгсөн, тэднээс өөр энэхүү нөхцөл байдлыг нотлох үзсэн, харсан хүн байхгүй байгааг тэмдэглэх нь зүйтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, шүүгдэгч А.Зийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв. Хохирогч З.Баясгалан нь нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад бичгээр хүсэлт гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан байна гэж үзэх шүүх үзлээ. Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан үзлээ. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Прокуророос А.Зд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
2. Шүүгдэгч А.Зыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч А.Зыг 450 (дөрвөн зуун тавин) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч А.Зад оногдуулсан торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч А.З нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.
6. Шүүгдэгч А.З нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Зад урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАТЖАРГАЛ