Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 2515

 

 

 

 

 

 

2017 оны 10 сарын 10 өдөр

  Дугаар 181/ШШ2017/02515

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, Намъян Жу гудамж ХӨСҮТ, 2А байр 401 тоотод байрлах, 2565242 регистрийн дугаартай, “И” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, Олимпийн гудамж-2, 1 дүгээр хороо, Засгийн газрын YIII байр, Эрүүл мэндийн яаманд холбогдох,

            Бараа нийлүүлэлтийн гэрээний үүрэгт 34 904 240 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.     

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Энхтуяа, түүний өмгөөлөгч Т.Төгс, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болор-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 онд Эрүүл мэндийн яам нь анхан шатны эрүүл мэндийн байгууллагын тусламж үйлчилгээг сайжруулах зорилгоор өрхийн болон сумын эрүүл мэндийн төвүүдийг түргэвчилсэн оношлуураар хангахаар төлөвлөсөн. 2014.10.17-ны өдөр “ЭМЯ-Б/2014/ОН1-багц: Бэлгийн замаар дамжих халдварыг илрүүлэх оношлуур” нийлүүлэх гэрээг Эрүүл мэндийн яам нь манай байгууллагатай байгуулж, 34 904 240 төгрөгийн үнэ бүхий барааг нийлүүлэхээр харилцан тохиролцсон. Гэрээгээр хүлээсэн үүргээ манай байгууллага нь бүрэн гүйцэтгэсэн бөгөөд 2014.12.31-ний өдөр Эрүүл мэнд Спортын сайдын 22 тоот оношлууруудыг хувиарлах тухай тушаал гарсны дагуу аймгуудад 2015 оны 01 сард оношлуурын хүргэлтийг хийсэн. Аймгуудын эрүүл  мэндийн газраас оношлуурыг хүлээн авсан акт, хариу падааныг нэгтгэн багцалж төлбөрийн нэхэмжлэхийн хамт ЭМСЯ, Санхүү, эдийн засгийн хэлтсийн мэргэжилтэн Сансармаа хүлээн авч манай асуудлыг хариуцах болсон. 2015-2016 онуудад мэргэжилтэн Сансармаатай төлбөрийн талаар хэд хэдэн  удаа уулзаж асуухад тодорхой хариу өгөөгүй. 2015.04.27-нд ЭМССайд Г.Шийлэгдамба, төрийн нарийн бичгийн дарга Г.Ганчимэг, санхүү эдийн засгийн хэлтсийн дарга Т.Баярсайхан нарт тус тус оношлуурын төлбөрийн талаар албан бичиг хүргүүлсэн. ЭМСЯ-наас 2015.03.25-ны өдөр СЭЗ-ийн хэлтсийн дарга Т.Баярсайхан, мөн 2016.09.13-ны өдөр ЭМСайд А.Цогцэцэг, 2015.05.10-ны өдөр ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат нарт тус тус оношлуурын төлбөрийн талаар албан бичиг хүргүүлсэн. Гэвч өнөөдрийг хүртэл хариуцагч байгууллага гэрээний үндсэн төлбөрийг төлөхгүй манай байгууллагыг хохироосоор байна. Иймд хариуцагч байгууллагаас бараа нийлүүлэлтийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнд 34 904 240 төгрөгийг гаргуулж өгнө гэв. 

            Хариуцагч Эрүүл мэндийн яам шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн “ЭМЯ-Б/2014/ОН1-багц: Бэлгийн замаар дамжих халдварыг илрүүлэх оношлуур” нийлүүлэх гэрээг Эрүүл мэндийн яамтай байгуулсны үндсэн дээр 34 904 240 төгрөгийн үнэ бүхий барааг нийлүүлэхээр тохиролцсоны дагуу 2015 оны 01 дүгээр сард оношлуурын хүргэлтийг хийсэн. 2015 оны 12 дугаар сард гэрээгээр хийгдсэн ажлуудын төлбөрийг бараа нийлүүлсэн байгууллагуудад олгох талаар Эрүүл мэнд, спортын сайдын тушаал гарсан боловч И ХХК нь уг тушаалд нэр нь дурдагдаагүйгээс төлбөр нь төлөгдөөгүй байна. 2016 онд Эрүүл мэндийн яамны удирдлагууд болон сайд шинээр томилогдсоны дараа 9 дүгээр сарын 13-ны өдөр И ХХК-аас Эрүүл мэндийн сайдад хандаж ирүүлсэн оношлуурын төлбөрийн талаар албан тоотын дагуу Сангийн яам руу албан тоотоор төсөвт суулгах талаар хүсэлт хүргүүлсэн юм. Сангийн яам нь тус компанийн хийсэн ажлын бичиг баримтын эх хувийг хүргүүлэхийг шаардсан боловч тухайн үед И ХХК-ийн захирал нь гадаад явсан, холбоо барих утас нь холбогдохгүй байсны улмаас Сангийн яам нь хөрөнгө оруулалтын шинж чанартай биш бөгөөд эх материал нь байхгүй гэсэн хариу өгсөн. Нэхэмжлэгчийн өмнө өгсөн хүсэлтийг хүлээн авч Эрүүл мэндийн яам нь гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу төлбөрийг олгох тал дээр арга хэмжээ авсан боловч удаа дараа материал дутуу гэдэг үндэслэлээр төлбөрийг олгох боломжгүй байгаа билээ. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг манай байгууллага хүлээн зөвшөөрч байгаа боловч 2017 оны төсөвт тусгагдаагүй учир мөнгийг нь өгөх боломжгүй байгаа юм гэв. 

Нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч “И” ХХК нь хариуцагч Эрүүл мэндийн яаманд холбогдуулан бараа нийлүүлэх гэрээний үүрэгт 34 904 240 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Зохигч талуудын хооронд 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдөр “2014 онд худалдан авах оношлуур” - “ЭМЯ-Б/2014/ОН1-багц 3: Бэлгийн замаар дамжих халдварыг илрүүлэх оношлуур нийлүүлэх гэрээ / нэмэлт –г байгуулж, нийт 34 904 240 төгрөгийн үнэ бүхий оношлуурыг худалдан авагч Эрүүл мэндийн яаманд шилжүүлэх, худалдагч “Илдэн хошуу” ХХК-д эдгээр оношлуурын үнэ 34 904 240 төгрөг нь санхүүжилтийн нийт гүйцэтгэл байхаар тохиролцсон болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан талуудын тайлбар, тэдгээрийн хооронд байгуулагдсан гэрээ, Эрүүл мэнд спортын сайдын 2014 оны 12 сарын 31-ний өдрийн 22 дугаартай “Оношлуур хуваарилах тухай” тушаал, түүний хавсралтууд, Эрүүл мэнд спортын яамны 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 4-1/1922 дугаартай “Санхүүжилтийн тухай” албан бичиг, мөн сайдын 2016 оны 11 сарын 28-ны өдрийн А/164 дүгээр “Тушаалыг шинэчлэн батлах тухай” тушаал, түүний хавсралт, Оношлуур хүлээн авсан актууд зэргээр тогтоогдож байна.

Тус гэрээний талаар зохигчид маргаагүй, тухайн гэрээ нь субъект, субъектив тал болон агуулга, хэлбэрийн хувьд хуульд нийцсэн хүчин төгөлдөр гэж үзнэ.

Дээрх гэрээний дагуу Бэлгийн замаар дамжих халдварыг илрүүлэх оношлуурын үнийг төлөх үүргээ хариуцагч Эрүүл мэндийн яам биелүүлээгүй гэсэн үндэслэлээр оношлуурын төлбөрийг гаргуулахаар нэхэмжлэгч шаардаж байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу хариуцагч Эрүүл мэндийн яам нь нэхэмжлэлийн шаардлагыг гэрээнд заасан мөнгөн дүн /34 904 240 төгрөг/-гээр хүлээн зөвшөөрч, энэ талаар маргахгүй байна.

            Иймд, нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлсон гэрээнд заасан барааг бэлтгэн нийлүүлсний үнэ 34 904 240 төгрөгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

            Тухайн маргаан бүхий харилцаа нь иргэний эрх дэх гэрээний үндсэн дээр үүсэх харилцаа бөгөөд энэ харилцаа нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар, талуудын сайн дурын үндсэн дээр, чөлөөтэй илэрхийлсэн хүсэл зоригийн хувьд хийгдэж, гэрээний агуулгаа талууд өөрсдөө тодорхойлох боломж олгодог гэрээний чөлөөт байдлын зарчимд үндэслэдэг, нэгэнт сонгосон харилцааны дагуу үүрэг, хариуцлага хүлээх үр дагавартай байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Эрүүл мэндийн яамнаас 34 904 240 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “И” ХХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 332500 төгрөгөөс 332471 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 29 төгрөгийг төсвийн орлогоос, хариуцагч Эрүүл мэндийн яамнаас 332471 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “И” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

           

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.ТҮМЭНЦЭЦЭГ