| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхтунгалаг |
| Хэргийн индекс | 171/2017/0265/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/266 |
| Огноо | 2017-09-08 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Л.О |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 09 сарын 08 өдөр
Дугаар 2017/ШЦТ/266
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж
Улсын яллагч Л.О
Хохирогч Г.Э-
Шүүгдэгч Х.О
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Н нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Од холбогдох эрүүгийн 1725000910046 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Х.О
Шүүгдэгч Х.О нь 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум ** багийн ** тоотод Г.Э-тэй маргалдан зодолдож Г.Э-ийн биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Шүүгдэгч Х.О-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2017 оны 06 сарын 21-ний өдөр энэ асуудал болсон. Урьд нь 06 сарын 16-ны өдөр хохирогчийн нөхөр манай хашаанд байсан ялуунуудыг ачаад явчихсан байсан. Тэгээд утасдахаар утас нь холбогдохгүй байхаар нь гэрт нь очсон юм. Тэгтэл хохирогч нь намайг гичий нохой гээд элдвээр хэлээд байсан. Нөхөр нь бид хоёрыг гарч хэрэлд гэж хэлсэн. Энэ хохирогч нь намайг модоор цохиж бариад хөөж гаргасан. Би энэ хүнийг зодоогүй. Тэгтэл хэзээ хойно гэмтэл учирч дүгнэлт гаргуулсан гээд асуудал үүссэн байсан. Уг нь цагдаа дээр байхдаа бид хоёр дахин хэрүүл маргаан болохгүй гээд баталгаа гаргаж өгсөн. Эдний нөхөр нь том машинтай болохоор хөлсийг нь өгч юм зөөлгөдөг. Гэтэл энэ хүүхэн хардаад л, урьд нь эдний хүүхэд нь намайг зодож байсан. Эдний нөхөр ч намайг хаагуур яваад байгаа юм. Хэнтэй янхандаад яваад байгаа юм бэ гээд байдаг, би ойлгодоггүй. Урьд нь Эрдэнэцэцэгтэй уулзъя ярья “танай нөхөр чинь ингээд байна” гэхээр нь утсаа авдаггүй. Тэгээд гэрт нь очихоор цагдаа дуудчихдаг байсан. Хохирогчид учирсан гэмтлийг хүлээн зөвшөөрөхгүй. Би зодуулчихаад, хүн зодсон болоод зогсож байгаад гомдолтой байна гэсэн мэдүүлэг,
-Хохирогч Г.Э-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Манай хүн 5-6 хоног гадуур яваад байсан. Энэ хүүхэн манай хүнтэй учиртай болоод 5 жил болж байна. Манай хүнийг утсаар дуудаад аваад явчихна. 2017 оны 06 сарын 20-ны өдөр манай нөхөр блок авчирсан байсан. Манай хүнийг унтаж байхад нь манайд орж ирээд шууд нөхрийг цүнхээр цохиод авсан. Би нялх хүүхэд байна гэрээс гар гэж хөөсөн. Намайг элдвээр хэлж балай авгай зайлаарай гэсэн. Бид 2 хэрэлдсээр байгаад гэрээс гараад тэгээд хашаанаасаа гаргаад хаалгаа түгжтэл нөгөө айлын хашаагаар орж ирээд намайг элдвээр хэлж, тархи толгойгүй маажаад зулгааж цохисон.Миний хувьд модоор толгойд нь 2-3 удаа тоншсон. Тэрнээс хүчтэй цохиж бариагүй. Энэ хүн 3 жил намайг зовоож байгаа. Надад “Лхамрагчаатай 8-9 жил хамт амьдарч байна .Чи зайлаарай” гэж хэлдэг. Эрүүл ч, согтуу ч ирж л байсан. Би цагдаа дуудаж өгч байсан удаа бий. 6 сарын 22-нд эмнэлэгт үзүүлсэн. Энэ хүүхэнтэй цагдаа дээр баталгаа гаргуулсан. Одоо нэхэмжлэх зүйлгүй. Гол нь манайд ирж битгий дарамтлаасай гэж хүсэж байна гэсэн мэдүүлэг,
-Гэрч С.Л мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...манай гэрт Оюунтуяа ирээд хашааны гадна намайг дуудсан. Тухайн үед би гарч уулзаагүй юм. Тэгсэн чинь гэрт орж ирээд яагаад хүний юм хэлэхгүй авдаг юм бэ гэж хэлээд цүнхээрээ нэг удаа цохисон. Тухайн үед манай эхнэр Эрдэнэцэцэг нь Оюунтуяаг гар зайл гэж хөөсөн юм. Манай гэрт бага насны хүүхдүүд байсан, тэр үед Эрдэнэцэцэг нь Оюунтуяаг хөөхдөө модоор цохиод гаргасан. Тэгээд энэ хоёр хэрэлдэж маргалдаад гэрээс гарсан. Хашааны цаанаас Оюунтуяа нь Эрдэнэцэцэг рүү 2-3 удаа чулуу шидсэн. Би тухайн үед хүүхэд тэврээд буцаад гэртээ орсон гэсэн мэдүүлэг /хх 30 ху/,
-Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 592 дугаартай дүгнэлтэнд:
1. Г.Э-ийн биед тархи доргилт үүсчээ.
2. Уг гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна.
4. Гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д заасны дагуу хөнгөн зэрэгт хамаарагдана.
5. Гоо сайхан болон хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх 23 ху/,
-Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 717 дугаартай дүгнэлтэнд:
1. Х.Огийн биед гэмтэл тогтоогдсонгүй гэсэн дүгнэлт /хх 27 ху/
-Х.О-г яллагдагчаар татах тухай, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 1-5 ху/
-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 33 ху/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжилсэн нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзэв.
Шүүгдэгч Х.О нь 2017 оны 06 сарын 21-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум ** багийн ** тоотод Г.Этэй хэрэлдэж маргалдан зодолдож Г.Эийн биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогчийн “...Бид 2 хэрэлдсээр байгаад гэрээс гараад тэгээд хашаанаас гаргаад хаалгаа түгжтэл нөгөө айлын хашаагаар орж ирээд намайг элдвээр хэлж, тархи толгойгүй маажаад зулгайж цохисон” гэсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч С.Лхамрагчаагийн мэдүүлэг /хх 30/, хохирогчийн биед тархи доргилт үүссэнийг тогтоосон 592 дугаартай шинжээчийн дүгнэлт, ял шийтгэлийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Х.О шүүхийн хэлэлцүүлэгт “...хохирогч нь намайг модоор цохиж бариад хөөж гаргасан. Би энэ хүнийг зодоогүй. ...Эдний нөхөр ч намайг хаагуур яваад байгаа юм. Хэнтэй янхандаад яваад байгаа юм бэ гээд байдаг, би ойлгодоггүй. Урьд нь Эрдэнэцэцэгтэй уулзъя ярья “танай нөхөр чинь ингээд байна” гэхээр нь утсаа авдаггүй. Тэгээд гэрт нь очихоор цагдаа дуудчихдаг байсан. Хохирогчид учирсан гэмтлийг хүлээн зөвшөөрөхгүй. Би зодуулчихаад, хүн зодсон болоод зогсож байгаад гомдолтой байна” гэж мэдүүлж байгааг буруутгах үндэслэлгүй, шүүгдэгч нь өөрийнхөө эсрэг мэдүүлэх буюу хэргийн болон өөрийн гэм бурууг нотлох үүрэггүй.
Шүүгдэгчийн дээрх мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн “...цагдаа дээр байхдаа бид хоёр дахин хэрүүл маргаан болохгүй гээд баталгаа гаргаж өгсөн” гэсэн, хохирогчийн “...манайд орж ирээд шууд нөхрийг цүнхээр цохиод авсан. Би нялх хүүхэд байна гэрээс гар гэж хөөсөн. Намайг элдвээр хэлж балай авгай зайлаарай гэсэн. Бид 2 хэрэлдсээр байгаад гэрээс гараад тэгээд хашаанаасаа гаргаад хаалгаа түгжтэл нөгөө айлын хашаагаар орж ирээд намайг элдвээр хэлж, тархи толгойгүй маажаад зулгааж цохисон” гэсэн мэдүүлгүүд, 592 тоот шинжээчийн дүгнэлт, хэргийн 53 дугаар хуудсанд авагдсан баталгаа зэрэг баримтуудаар няцаагдаж байна.
Шүүгдэгч Х.О-гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдлалд тооцож түүнд торгох ялыг сонгон хэрэглэх нь зүйтэй.
Хохирогч Г.Э шүүхийн шатанд “нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирол төлбөргүй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х.О-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.О-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Од оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь зааснаар шүүгдэгч Х.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Од урьд авсан хувийн баталгаа өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА