| Шүүх | Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүгэрсүрэнгийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 124/2020/0023/з |
| Дугаар | 14 |
| Огноо | 2020-09-25 |
| Маргааны төрөл | Сонгууль, |
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 09 сарын 25 өдөр
Дугаар 14
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Бух овгийн Б-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн Сонгуулийн хороонд холбогдох,
Увс аймгийн Сонгуулийн хорооны 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 11 дугаартай “Бие даан нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах тухай” тогтоолыг хүчингүй болгуулж, нэр дэвшигч Б.Б-г аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч сонгох 2020 оны сонгуулийн 12 дугаар тойрогт нэр дэвшигчээр бүртгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагч байгууллага болох Увс аймгийн Сонгуулийн хороог төлөөлөн Сонгуулийн хорооны гишүүн Э.Н, Х.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Монгол Улсын иргэн Бух овгийн Б овогтой Б би, үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ дагуу, Увс аймгийн ИТХ-ын сонгуульд бие даан өрсөлдөхөөр, сонгуулийн хуулийн хүрээнд бичиг баримтуудаа бүрдүүлэн 2020 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр Аймгийн сонгуулийн хороонд хүлээлгэн өгсөн.
Гэтэл, тус хорооноос “Аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 30.2.1-т заасан шаардлагыг хангаагүй" гэсэн үндэслэлээр, 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр "Бие даан нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах тухай" тогтоол гаргасан нь Монгол Улсын иргэн миний сонгох, сонгогдох эрхэнд халдаж, үндэслэл муутай буюу улс төрийн шалтгаанаар асуудалд хандаж, тойргийн буюу Сагил сумын дэмжигчдийн 209 гарын үсэгээс, хаягийн зөрчилтэй гэсэн 8 хүний, давхардсан 2, зөвшөөрөөгүй 1 гэсэн үндэслэлээр 11 дэмжигчийн гарын үсгийг хасчээ. Үүнээс, хаягийн зөрчилтэй хэмээх үндэслэлэээр 8 (найман) хүний гарын үсэг хасагдсан нь Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон, тухайн суманд төрж өссөн, ажиллаж амьдарч байсан, тухайн 12 дугаар тойрог буюу Сагил сумын ард иргэдийн нийгмийн асуудлыг Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд төлөөлж чадах нэр дэвшигч гэдгийг илэрхийлэн дэмжсэн гарын үсгийг үгүйсгэсэн нь, дээрхи хуулийн 5 буюу “Иргэний сонгох сонгогдох эрхийг хууль бусаар хязгаарлах сонгогчоос саналаа чөлөөтэй илэрхийлэхэд хөндлөнгөөс нөлөөлөх, саад учруулахыг хориглоно гэсэн заалтыг илтэд зөрчсөн үйлдэл гэж үзэж байна.
Иймд асуудлыг хуулийн хүрээнд хянан үзээд дээрхи тогтоолыг хүчингүй болгож Б овогтой Б намайг Увс аймгийн ИТХ-ын сонгуульд Сагил сумын 12 дугаар тойрогт нэр дэвшигчээр бүртгэхийг Аймгийн сонгуулийн хороонд үүрэг болгож даалгуулах шийдвэр гаргаж өгнө үү” гэжээ
Хариуцагч Увс аймгийн Сонгуулийн хороог төлөөлөн дарга У.Г шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Орон нутгийн хурлын 2020 оны ээлжит сонгуульд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд Сагил сумын 12 дугаар тойргоос бие даан нэрээ дэвшүүлсэн Б.Б-г бүртгэхээс татгалзсан аймгийн Сонгуулийн хорооны 2020 оны 9 дүгээр сарын 14-ны өдрийн 11 дугаартай тогтоолыг эс зөвшөөрч тус шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.
Б.Б нь сонгогчийн гарын үсэг зуруулах маягтад 209 хүний гарын үсэг зуруулж ирүүлснийг хуульд заасан 7 хоногийн дотор нягтлан шалгаж үзэхэд нэг нүд хоосон байсныг хасаж 208 сонгогчийн мэдээллийг нягтлан шалгаж гарын \үсгээ зөвшөөрөөгүй сонгогч 1, тойргийн бус сонгогч 8, давхцуулж гарын үсэг зурсан 2, мэдээлэл нь тодорхойгүй 6 гарын үсгийн зөрчил илэрсэн ба мэдээлэл тодорхойгүй гарын үсгийг хасахгүйгээр бусад зөрчлийг хассан дүнгээр тооцож, зөрчилгүй гарын үсгийн тоо 198 болж Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2.1-д заасан 201-ээс доошгүй тооны сонгогчийн гарын үсэг зуруулна гэсэн шаардлагыг хангахгүй байх тул аймгийн сонгуулийн хорооны хуралдааны 100 хувь татгалзах саналтайгаар шийдвэрлэж нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан шийдвэр гаргасан. Аймгийн сонгуулийн хороо нь намуудаас болон бие даан нэрээ дэвшүүлсэн иргэдийн материалыг хуульд заасан чиг үүргийнхээ дагуу нягтлан шалгаж, холбогдох байгууллагуудтай нягт хамтран ажиллаж бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэж 2020 оны орон нутгийн ээлжит сонгуулийг хуулийн хүрээнд зохион байгуулах үүргээ чин шударгаар гүйцэтгэж байна гэж үзэж байгаа болно.
Иймд Б.Б-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хэрзгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.Б нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 12 дугаар тойрогт бие даан нэр дэвшихээр аймгийн сонгуулийн хороонд баримт материалаа бүрдүүлэн хуулийн хугацаанд ирүүлэхдээ 209 сонгогчийн гарын үсэг зуруулсан баримтыг хүлээлгэн өгсөн.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай 30 дугаар зүйлийн 30.2, 30.2.1-д аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд бие даан нэр дэвшигч нь Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан маягтад тухайн сонгуулийн тойргийн 201-эээс доошгүй тооны сонгогчдын гарын үсгийг зуруулахаар заасан.
Б.Б-ийн баримт материалыг нягтлан шалгахад 198 сонгочийн гарын үсэг хүчинтэй гарсан тул аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай 30 дугаар зүйлийн 30.2-т, 30.2.1-т заасан болзол журмыг хангаагүй гэж үзэж аймгийн Сонгуулийн хорооны гишүүдийн 100 хувийн саналаар Б.Б-г бие даан нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзаж хуулийн хүрээнд шийдвэрлэсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа : “Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н-ын гаргасан тайлбарыг дэмжиж байна” гэв.
Шүүх хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Б-с тус шүүхэд Увс аймгийн Сонгуулийн хорооны 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 11 дугаартай “ Бие даан нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах тухай “ тогтоолыг хүчингүй болгуулж, нэр дэвшигч Б.Б-г Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны сонгуулийн 12 дугаар тойрогт нэр дэвшигчээр бүртгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Аймаг,нийслэл,сум,дүүргийн иргэдийн төлөөлөгчдын хурлын сонгуулийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.3-д “Сонгуулийн хорооны шийдвэрт холбогдох маргааныг захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэнэ” мөн зүйлийн 81.4-д “Сонгуулийн хороодын шийдвэр гарснаас хойш долоо хоногийн дотор өргөдөл, гомдол, нэхэмжлэл гаргах бөгөөд хугацаа хэтэрсэн өргөдөл, гомдол, нэхэмжлэлийг хүлээн авахгүй” гэж заажээ.
Иймд уг маргаан нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасан шүүхийн харьяаллыг зөрчөөгүй, нийтийн эрх зүйн хүрээнд үүссэн, хүлээн авч шийдвэрлэгдэх маргаан байна гэж үзлээ.
Мөн нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэлээ 2020 оны 09 сарын 18-ны өдөр ирүүлсэн тул хуулийн хугацаанд нэхэмжлэлийг гаргасан байна.
Түүнчлэн шүүхээс сонгуулийн маргааны онцлогийг харгалзан , түргэн шуурхай байх зарчмыг баримталж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан болохыг тэмдэглэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүхээс шүүх хуралдааны товыг нэхэмжлэгч Б.Б-нд мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдааныг үргэлжлүүлэх санал гаргасан, шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай нотлох баримт цугларсан гэж үзэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Шүүхээс хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагч талын тайлбар зэргийг тал бүрээс нь үнэлээд дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нь “тухайн суманд төрж өссөн,ажиллаж амьдарч байсан иргэдийн Сагил сумын ард иргэдийн нийгмийн асуудлыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд төлөөлж чадах нэр дэвшигч мөн гэдгийг илэрхийлэн дэмжсэн иргэдийн гарын үсгийг хаягийн зөрчилтэй хэмээх үндэслэлээр үгүйсгэсэн нь Үндсэн хуульд заасан иргэний сонгох,сонгогдох эрхийг зөрчсөн” гэж маргаж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлжээ.
Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс “ Б.Б-г дэмжиж 209 хүний гарын үсэг зурсан баримтыг нягтлан шалгахад гарын үсэггүй 1 хоосон нүд, тойргийн бус сонгогч 8, давхцуулж гарын үсэг зурсан 2 иргэний гарын үсэг байсан тул зөрчилгүй гарын үсэг 198 болж хуулийн 201-ээс доошгүй тооны сонгогчийн гарын үсэг зуруулна гэсэн шаардлагыг хангахгүй байгаа тул бүртгэхээс татгалзсан “ гэсэн тайлбар гаргаж нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Маргаан бүхий акт буюу Увс аймгийн Сонгуулийн хорооны 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 11 дугаартай “ Бие даан нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах тухай “ тогтоолд Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдын хурлын сонгуулийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1,31 дүгээр зүйлийн 31.9, 32 дугаар зүйлийн 32.1.2 дахь заалтыг тус тус үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн 12-р тойрогт бие даан нэрээ дэвшүүлсэн Б.Б-г Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдын хурлын сонгуулийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2.1-т заасан шаардлагыг хангаагүй гэсэн үндэслэлээр нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан байна.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2.1 дэх хэсэгт бие даан нэр дэвшигч нь тухайн сонгуулийн тойргийн 201-ээс доошгүй тооны сонгогчдын гарын үсгийг зуруулсан байх шаардлагыг заажээ.
Нэхэмжлэгч Б.Б нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн 12-р тойрогт бие даан нэрээ дэвшүүлж аймгийн Сонгуулийн хороонд 2020 оны 09 сарын 08-ны өдөр холбогдох баримтуудааа хүлээлгэн өгсөн байна.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.6-д “Сонгуулийн хороо бие даан нэр дэвшигчийн цуглуулсан сонгогчдын гарын үсэг үнэн зөв эсэхийг түүвэрлэн тулгах, тухайн иргэнтэй уулзаж нягтлан шалгана” гэж, мөн зүйлийн 31.9-д Сонгуулийн хороо нэр дэвшигчийн баримт бичгийг хүлээн авснаас хойш долоо хоногийн дотор бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэж тогтоол гаргана гэжээ.
Аймгийн Сонгуулийн хороо 2020 оны 09 сарын 14-ний өдрийн хуралдаанаараа нэр дэвшигчдийн материалыг нягтлан шалгасан дүнг хэлэлцээд нэр дэвшигч Б.Б-ийн хувьд хаягийн зөрчилтэй 8 иргэн, уг 8 иргэнээс 2 хүний гарын үсгийг дахин зуруулж давхардуулсан, гарын үсэггүй 1 байсныг зөрчилд тооцож нийт зөрчилгүй гарын үсгийг 198 байгаа талаар танилцуулагдаж нийт сонгуулийн хорооны гишүүдийн 100 хувийн саналаар нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзаж шийдвэрлэсэн нь хуралдааны 09 дугаартай тэмдэглэлээр тогтоогдож байна.
Харин аймгийн Сонгуулийн хорооны даргын ирүүлсэн тайлбарт 1 сонгогч гарын үсгээ зөвшөөрөөгүй талаар дурдсан нь алдаатай бичигдсэн байгааг итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А шүүх хуралдаанд тайлбарласан бөгөөд энэ нь дээрх хурлын тэмдэглэлээр мөн тогтоогдож байна.
Аймгийн Сонгуулийн хороо нь зарим гарын үсэг зурсан сонгогчдын хаягийн лавлагааг гаргуулсан байх бөгөөд Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 09 сарын 14-ний өдрийн 792 дугаартай албан бичгээр нэр бүхий 8 иргэний хаягийн лавлагааг ирүүлжээ.
Уг лавлагаанд Д.Э, Г.Б, Ч.Б, Г.Н нар нь Улаанбаатар хотод, Ц.Т, С.И нар нь Төв аймагт, Б.Д, М.А нар Увс аймгийн Улаангом сумын 6-р багт тус тус оршин суух хаягтай талаарх мэдээлэл авагдсан байна.
Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллгааны явцад нэр бүхий 8 иргэнийг шүүхэд дуудахаар утсаар холбогдоход Д.Э, Г.Б, Ч.Б нар нь Улаанбаатар хотод амьдардаг тул шүүхийн дуудлагад очих боломжгүй талаар тайлбар өгсөн байх ба Ц.Т, С.И нарын утас холбогдоогүй талаар шүүгчийн туслах тэмдэглэл үйлдсэн байна.
Шүүхээс М.А-ээс гэрчийн мэдүүлгийг авсан бөгөөд гэрчээс мэдүүлэгтээ “Би нөхөр хүүхдүүдийн хамт 2012 оныг хүртэл Сагил суманд амьдарч байгаад гэр бүлээрээ Улаангом сумын 6-р багт шилжин ирээд 8 жил амьдарч байна.Би Б гэдэг хүнийг дэмжиж гарын үсэг зураагүй, баримтанд зурагдсан гарын үсэг минийх биш байна. Мөн баримтын 69-р мөрөнд манай нөхөр Б.Д-ийн нэрний ард гарын үсэг зурсан нь манай нөхрийн гарын үсэг биш байна, би нөхрийнхөө гарын үсгийг танина, нөхөр маань Сагил суманд хүний мал маллахаар явсан,эзгүй байгаа” гэжээ.
Б.Б-ийн сонгогчийн гарын үсэг зуруулах маягтын 8 дугаарт Д.Эрдэнэцогт,53 дугаарт Г.Б, 54-рт Ч.Б, 115-рт Г.Н,152-рт Ц.Т,184-рт С.И, 69-рт Б.Д, 70-рт М.А нарын нэр бичигдэж гарын үсэг зурагдсан байна.Мөн 114-рт Б.Д, 115-рт М.А нарын нэрийг дахин давхардуулан бичиж гарын үсэг зурсан байна.
Гарын үсэг зурсан маягтын 64-рт Б.Дарьжав гэсэн нэр бичигдсэнээс өөр мэдээлэлгүй, гарын үсэг зурагдаагүй байна.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсэгт бие даан нэр дэвшигч нь Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан маягтад тухайн сонгуулийн тойргийн сонгогчдын гарын үсгийг зуруулахаар заасан байх бөгөөд мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д “сонгогч” гэж сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн, тухайн засаг захиргааны нэгжид байнга оршин суугчаар бүртгэгдэн оршин сууж байгаа сонгуулийн эрх бүхий иргэнийг ойлгохоор зохицуулжээ.
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 04 сарын 30-ны өдрийн А/44 дугаартай тогтоолоор Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тойрог,хамаарах нутаг дэвсгэрийг баталсан байх ба 12-р тойрогт Сагил сумын нутаг дэвсгэр хамаарахаар байна.
Иймд аймгийн Сонгуулийн хорооноос бие даан нэрээ дэвшүүлсэн нэр дэвшигч Б.Б-ийн сонгогчдын гарын үгийг цуглуулсан баримтаас Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 12-р тойргийн нутаг дэвсгэрт буюу Сагил суманд байнга оршин суугчаар бүртгүүлээгүй, тус суманд оршин суудаггүй буюу тойргийн бус 8 иргэний гарын үсэг, мөн Б.Д, М.А гэх 2 иргэний гарын үсгийг давхардуулсан,1 гарын үсэггүй хэсгийг зөрчилтэйд тооцож гарын үсгийг хасч тооцсон нь хуульд нийцсэн байна.
Нэхэмжлэгчээс нэхэмжлэлдээ тухайн суманд төрж өссөн,амьдарч байсан 8 иргэдийн гарын үсгийг хассан талаар тайлбарласан, уг 8 иргэн нь Сагил суманд оршин сууж байгаа талаар нотлох баримт ирүүлээгүй тул Улсын бүртгэлийн хэлтсээс гаргасан хаягийн лавлагаагаар нэр бүхий 8 иргэнийг Сагил суманд оршин суудаггүй нь нотлогдсон гэж үзсэн болно.
Нэр дэвшигч Б.Б-ийн цуглуулсан сонгогчдын гарын үсгээс зөрчилтэй гарын үсгийг хасч тооцоход нийт гарын үсэг 198 болж “бие даан нэр дэвшигч 201-ээс доошгүй тооны гарын үсэг цуглуулах” хуулийн шаардлагыг хангахгүй болсон тул аймгийн Сонгуулийн хорооноос Аймаг,нийслэл,сум,дүүргийн иргэдийн төлөөлөгчдын хурлын сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.2-т заасан “энэ хуульд заасан нэр дэвшигчид тавих шаардлагыг хангаагүй” гэсэн үндэслэлээр бие даан нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан нь үндэслэлтэй, нэхэмжлэгчийн Монгол Улсын Үндсэн хууль болон Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдын хурлын сонгуулийн тухай хуулиар олгогдсон “сонгогдох” эрхийг зөрчөөгүй байна гэж үзэв.
Иймд шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.2, 30 дугаар зүйлийн 30.2.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Б-ийн “Увс аймгийн Сонгуулийн хорооны 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 11 дугаартай “Бие даан нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах тухай” тогтоолыг хүчингүй болгуулж, нэр дэвшигч Б.Б г аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч сонгох 2020 оны сонгуулийн 12 дугаар тойрогт нэр дэвшигчээр бүртгэхийг даалгах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 / далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.